Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1165

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         11            20                                     2023/ШЦТ/1165

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.А,

Улсын яллагч: Б.Сарантуяа,

Хохирогч: Д.А, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

Шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, ... захын цайны газарт ажилладаг, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжинд байх журмын хашаанд хохирогч Д.А рүү чулуу шидэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд няцарсан шарх, дух, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Цэцээ гүн их сургуулийн ойролцоо машинаа тавиад бичиг хэрэг орж 2,3 минут болоод гарч ирэхэд машин ачаад явсан байсан. Нэлээн бухимдалтай 32-ын шинэ замын ойролцоо журмын хашаанд очсон. Хүмүүс овоорсон байсан. Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг гэх 2 дүүргийн журмын хашаа байсныг нь мэдээгүй хүн ихтэй байгаа руу нь очсон. Машин аччихлаа гэж уурлаж бухимдаад, машинаа аваад гарахдаа чулуу аваад цонхыг нь хагалъя гэсэн бодолтой очсон. Цонхыг нь 2 удаа цохисон. Эргэж хараад хүн байхгүй болохоор нь нүхээр нь чулуугаа шидсэн. Хохирогч эгчийг би огт хараагүй, ярьж үзээгүй. Цонхыг нь 2,3 удаа цохиход хүн харагдаагүй, “гараад явчихсан юм байх даа” гэж бодоод буруу харсан байдалтай цонхоор нь шидсэн. Чулуу шидэх хохирогч өндийх таарсан. Тэгэхээс энэ эгчийг цохьё гэ бодож шидээгүй...” гэв.

 

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би ажлын байр дээрээ ажлаа хийж байсан. Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг учраас тайлан гаргах ажилтай байсан. Би энэ компанид ажиллаад 5 жил болж байгаа учраас бүх ажлаа мэддэг. Тайлан, санхүү тооцоо, компьютер дээр хийх бүх ажлыг би өөрөө хийдэг. Тэр өдөр их ачаалалтай ажиллаж байсан. Энийг эмэгтэйг орж ирэхийг хараагүй, харьцаж үзээгүй. Б гэдэг залуу хүмүүстэй харьцдаг. Манай 2 хүн ажилладаг. Би тайлан тооцооны ажлаа хийгээд, Б хүмүүст бичлэг үзүүлэх зэрэг ажлаа хийдэг. Тэр үед Б машины бичлэг үзүүлнэ гээд гараад явсан байсан. Би ганцаараа сууж байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний бичиг баримтыг өгөөд суухад, М зөрөөд орж ирсэн. Хүн үйлчилгээ аваад гарч байгааг харсан. Намайг суух үед цонхыг цохиод байсан. Эхлээд ажил ихтэй байсан учраас юм хэлээгүй. Бүүр хүчтэй цохиод байхаар нь “хөөе болиоч” гэж хэлэхээр босох үед чулуу шидчихээд гарсан. Нүдний ойролцоо 7 оёдол тавиулсан. Цусаа дараад “наад хүүхнээ бариад аваарай” гэж хэлэхэд М машиндаа суугаад хөдлөх гэж байсан. “Чи яаж байгаа юм бэ” гэхэд эхлээд “би шидээгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр үедээ маш их бухимдаад цохисон. Манай ажлын хүн гарч ирээд “та яаж байгаа юм бэ? нүдийг нь сохоллоо шүү дээ” гэхэд юу ч болоогүй юм шиг сууж байсан. Цус их гарсан учраас амрах өрөөндөө ороод, 103 дуудаж, эмнэлэг рүү явсан. Хүний уур бухимдал 5 минут байдаг гэж бидэнд сургалт орж байсан. Энэ хүний хувьд надаас уучлалт гуйх хугацаа байсан. Уучлалт огт гуйгаагүй. Эмнэлэг дээр очиж оёдол тавиулж, шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгосон. 5 сарын дундуур Сүхбаатар дүүргийн байцаагч над руу ярьж мэдүүлэг авч байсан. Би маш их гомдолтой. Яагаад гэвэл надаас огт уучлалт гуйгаагүй. Би сэтгэл санаа, эрүүл мэнд, ажил бүх зүйлээр хохирсон...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-75 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 94-95 дугаар хуудас/, 

 

            Гэрч Ө.Бы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

            Хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №5024 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 77, 85 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-84 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ө.Болормаагаас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 12 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 21 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжинд байх журмын хашааны байранд “автомашиныг журамлаж авч явлаа” хэмээн уурлан улмаар “Б” ХХК-ийн бүртгэгч ажилтай хохирогч Д.А рүү чулуу шидэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд няцарсан шарх, дух, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Тухайн хохирогчийн сууж байсан гэх өрөөний өргөн нь 132.5 см өргөнтэй байв. Өрөөний баруун хананд газрын 147.5 см өндөртэй цонх бүхий тавцан байх ба тавцангийн өргөн нь 48.5 см, урт нь 1м байв... мөн тухайн үед байсан гэх цонхны өнгөгүй циллотыг хохирогч Д.Аээр заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авахад ямар нэгэн эвдрэлгүй байв. Тухайн өрөөний баруун шалан дээр 8смх6см хэмжээтэй чулууг хэрэг гарсан үед Д.А над руу шидсэн чулуу гэж гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хохирогч Д.Аийн “...Би Б гэх нэртэй ачилтын компанид бүртгэгч хийдэг юм тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед ... дүгээр хороо ... тоотод байх журмын хашаанд ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал үйлчлүүлэгч харьцдаг целлюлотон хаалт байдаг тэрийг юмаар их хүчтэй цохиод байсан тэгэхээр нь юугаар цохиод байгаа юм бол гэдгийг харах гээд дээшээ өндийтөл мөнгө өгч авалцдаг цоорхой нүхээр урдаас чулуу орж ирээд миний баруун талын хөмсгөн дээр оноод миний хөмсөг задраад цус гарсан юм. Тэгээд би чулуу шидсэн машиныг зогсоогоорой гээд гүйгээд гартал цагаан өнгийн RХ маркийн 81-68 гэсэн дугаартай машинтай 50 орчим насны эмэгтэй хүн яг хөдлөх гээд машиндаа сууж байсан. Тэгээд би тэр хүн рүү яаж байгаа юм, яагаад намайг цохиж байгаа юм гэж асуухад тэр эмэгтэй юу яриад байгаа юм би чулуу шидээгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг зүүн гараараа хацар руу нь 1 удаа алгадсан. Тэгтэл манай ажилчид ирээд бид хоёрыг салгасан... Хүн үйлчилгээ аваад гарч байгааг харсан. Намайг суух үед цонхыг цохиод байсан. Эхлээд ажил ихтэй байсан учраас юм хэлээгүй. Бүүр хүчтэй цохиод байхаар нь “хөөе болиоч” гэж хэлэхээр босох үед чулуу шидчихээд гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ө.Бы “...2023 оны 04 сарын 12-ны өдөр 16-17 цагийн орчим 100 айлын эндээс машинаа ачуулсан гээд нэг иргэн ирсэн тэгээд манай дүүрэгт хамааралгүй Сүхбаатар дүүрэг рүү ороорой гэж хэлсэн яагаад гэвэл ТС-13 буюу Сүхбаатар дүүргийн журмын хашаа нь манай тс-2 хашаатай нэгдсэн байсан тэгтэл тэр хүн Сүхбаатар дүүргийн журмын хашаанд орж мөнгөө тушаагаад буцаж гарахынхаа алдад манай ресепшиний цонхыг тогшиж байгаад манай ресепшин өндийхөд тэр эмэгтэй чулуу шидсэн тэгээд манай ресепшин Аийн зүүн хөмсөгний дээд талд чулуугаар онож А нь гэмтэл рүү 103-аар явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №5024 дугаартай дүгнэлт “...1. Д.Аийн биед тархи доргилт, духанд язарсан шарх, дух, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023.04.12-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Шүүгдэгч М.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед машинаа Цэцээ гүн сургуулийн тэндээс ачуулсан. Тэгээд авах гээд Шинэ зам дагуу байдаг машин ачлагын компани дээр ирээд 2 тусдаа ачилтын компани байсныг нь мэдээгүй. Би машинаа авчихаад уур хүрээд байхаар нь цонхыг нь чулуугаар цохисон чинь хагардаггүй материалаар хийсэн байсан. Би явахдаа нөгөө чулуугаа шидсэн чинь текний цаана байсан хүнийг оночихсон. Тэндээс эмэгтэй хүн орилоод эхэлсэн. Чулуунд оногдсон эмэгтэй миний мөр рүү хоёр удаа цохиж авсан тэрнээс өөр цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 8х6 см хэмжээтэй чулууг эд мөрийн баримтаар тооцсугай... 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай... ” гэсэн мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Тухайн Си диг тоглуулж үзэхэд дотор талд ТС-2, ТС-2 1 гэсэн бичигтэй хоёр бичлэг байх бөгөөд бичлэг дээрх цагаар 2023.04.12 17:05:04 гэх цагт хаалгаар хар хувцастай үсээ дээрээ боосон эмэгтэй хүн орж ирж байгаа бичлэг байх бөгөөд цагаан өнгөтэй цонхыг тогшоод 8161 орж ирсэн үү, эрэгтэй хүний хоолойгоор хаанаас ачуулсан юм, цэцээ гүн, Цэцээ гүн чинь аль билээ Сүхбаатар дүүрэг ш тээ юун аймар хулчгар нохой шиг хурдан авч явдаг юм бэ 8161-ээ аан ирсэн байна шүү, ямар хурдан авч явдаг юм бэ 5 хан минутын дотор би лав би мөнгө төгрөгийг өгч чадахгүй надад мөнгө алга, түр буюу удаан зогсохыг хориглосон тэмдэгтэй газар зогссон байна эгчээ, хуцаад бай зөндөө л байсан байна лээ шүү дээ, за за тэр чинь хүнтэй машин биш үү дээ хүнгүй л машинуудыг ачиж байгаа шүү дээ, бүгд л хүнгүй машин байсан шүү дээ хөөе алив хурдан өгөөдөх хаанаас яаж авах юм бэ, 60,000 төгрөг төлөөд авна шүү дээ. Юу гэж байгаа нь ойлгогдохгүй үг хэлсний дараа үхэж байсан хар бузрын хар хир шингэсэн хулгайчууд чинь гэж хэлээд мөнгө халааснаасаа гаргаж ирээд шидэж байгаа бичлэг байв... Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад 2023 оны 04 дүгээр сарын 12-ны 17:59:22 гэх цагт тухайн цонхны цаана байсан эмэгтэй зүүн гараараа шилэн хаалтыг 3 удаа баруун гараараа 1 удаа цохиод баруун гараараа нэг зүйл шидэж байгаа бичлэг байх бөгөөд тухайн шидсэн зүйл нь компьютерын ард сууж байсан хүний нүүр хэсэг рүү онож байх ба юм шидсэн гэх хүн гараад явж байгаа бичлэг байв..” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь хохирогч Д.Аийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь зүй зохисгүй үйлдэл гарган  улмаар түүн рүү чулуу шидэж хүч хэрэглэсэн болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хэргийн газрын үйл явдал нь эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт тодорхой тусгагдаж, шүүгдэгчээс хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч М.М нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.Аийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...М.М нь автомашинаа ачуулсандаа уурлаж, цонхыг нь хагалъя гэсэн бодлоор чулуу шидсэн байх ба харин хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулах санаа байгаагүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн байх ба хохирогч Д.Аийн “...Хүн үйлчилгээ аваад гарч байгааг М.М харсан. Намайг суух үед цонхыг цохиод байсан. Эхлээд ажил ихтэй байсан учраас юм хэлээгүй. Бүүр хүчтэй цохиод байхаар нь “хөөе болиоч” гэж хэлэхээр босох үед чулуу шидчихээд гарсан...” гэсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчээс журмын хашаанд байрлаж буй автомашинаа авах зорилгоор хариуцсан тухайн бүртгэлийн ажилтантай харьцахаар хэрэг болсон газарт орж улмаар бүртгэлийн ажилтан болох хохирогч Д.Аийг харсаар атлаа чулуугаар хаалт бүхий эд зүйлийг хэд хэдэн удаа цохиод зогсохгүй дахин хохирогчийн нүүрэн тус газарт нь чулууг шидэж цохьсон шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А нь “...хохиролд 5.063.550 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: “Сувд” бариа засал 1.950.000 төгрөг, тархины MRI 700.000 төгрөг, тархины цахилгаан бичлэг, үзлэг 130.000 төгрөг, хэрэгт авагдсан эмчилгээний зардал 307.550 төгрөг, 26 хоног ажил хийгээгүй 1.976.000 төгрөг болно...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Сувд” бариа засал хийлгэсэн 1.950.000 төгрөг, хэрэгт авагдсан 289.550 төгрөгийн /хх-ийн 29-30 хуу/ нийт 2.239.550 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч М.М нь хохирогч Д.Ат 2.239.550 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч Д.Аийн 2.824.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах талаар шүүгдэгчийг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэмэлт дүгнэлтийн төгсгөлд санал гаргасан боловч хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоогоогүй, энэ талаар хохирогчоос хүсэлтээ илэрхийлээгүй.

 

Гэсэн хэдий ч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах талаар талаар хохирогчоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуульд зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.М нь дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, ... захын цайны газарт ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэм хорын хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн болохыг тэмдэглэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулах боломжгүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг чулууг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 2.239.550 төгрөгийг төлсөн, нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Хохирогч Д.Аийн 2.824.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хохирогч Д.Аээс өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгч М.Мд холбогдуулан гаргуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдсугай. 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН