Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1071

 

  

185/2023/0946/Э

 

 

 

 

 

 

2023           10           26                                     2023/ШЦТ/1071

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Сарантуяа,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан эрүүгийн 2309000001768 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О.Б 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, дүү, найз охины хамт Нийслэлийн улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.Б нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Фокус зочид буудалд Э.Г маргалдан улмаар толгойн тус газарт олон тооны удаа цохисон, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зүүн хацар, хамар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Г-ийн  мэдүүлэг, шүүгдэгч О.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Б нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Фокус зочид буудалд Э.Г-тэй маргалдан улмаар толгойн тус газарт олон тооны удаа цохисон, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зүүн хацар, хамар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч О.Б нь хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би их хэмжээний согтолттой байсан. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

 

хохирогч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2023 оны 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 02-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Focus” нэртэй зочид буудалд 22 цаг 30 минутад 201 тоот өрөөнд найз Ө, М нарын хамт ороод 2 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 3-ыг 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архийг тал хүртэл нь уугаад байж байтал Ө-ын эхнэр Ц 01 цагийн орчим 201 тоот өрөөнд орж ирээд унтсан. Би 00 цаг орчим өнгөрөөд унтсан. Ө, М нар тал шилтэй архиа ууж байсан. Би унтаж байгаад сэрэхэд гэгээ орчихсон байсан тэгээд утсаа цэнэглүүлэхээр М-ын хамт доошоо ресейпшн хэсэг рүү буусан. Би ресейпшн дээр очоод утас цэнэглээд өгөөч гэж хэлсэн. Нэг мэдэхэд М-ыг нэг залуу хавирч унагасан. Би болиулах гээд яваад очтол нэг цээж нүцгэн гар цээж хэсэгтээ шивээстэй залуу бас нэг хар футболктой халимаг хар үстэй нэг залуу, саарал өнгийн гадуур хувцастай намхан залуу байсан. Би тухайн үед юу болсон тухай сайн санахгүй байна. Би тухайн үед юу болсон тухай сайн санахгүй байна. Би зодуулаад ухаан алдаад сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 4/,

гэрч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…тэгээд намайг нэг анзаарахад намхан, бор цээж нүцгэн залуу газар уначихсан байсан. Тэр залуугийн уруул нь хавдсан байсан. Тэр үед манай найзын эхнэр нь ирчихсэн байсан. Би найзыгаа машинд суулгаад явуулсан..." гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №8503 тоот актын “….Э.Г-ийн биед уруул, эрүүнд язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, дагз хэсгийн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Шинэ гэмтэл  байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 12-13/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.Б-ын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Фокус зочид буудалд Э.Г-тэй маргалдан улмаар толгойн тус газарт олон тооны удаа цохисон, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зүүн хацар, хамар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.Б-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Э.Г  нь шүүгдэгчээс баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч   О.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.    

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР