| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/148 |
| Огноо | 2023-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Э.Мөнх-Оргил,
Шүүгдэгч А.Насанжаргал,
Шүүгдэгч Л.Оргилжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарт холбогдох 2323000000175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 39 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баруун бүсийн худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Товцог баг барилгачдын хэсэг 127 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайж овогт Лувсанцэдэнгийн Оргилжаргал, регистрийн дугаар ИЙ85060309.
2. Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 23 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг ХААХ 813 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тээдээ овогт Амгаланбаатарын Насанжаргал, регистрийн дугаар ИЙ00280821.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Оргилжаргал, А.Насанжаргал нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Барилгачдын 127 тоотод хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож бие биеийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Л.Оргилжаргал нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Барилгачдын 127 тоотод хохирогч А.Насанжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт маажих, хөлөөс хазах, толгой хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны урд хэсэг, баруун гуянд зулгаралт, баруун гуяны дотор талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Насанжаргал нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Барилгачдын 127 тоотод хохирогч Л.Оргилжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү нь цохиж, өшиглөж, үснээс зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хэсэгт шарх, баруун нүд, дагз, зүүн бугалаг, нурууны ард цус хуралт, зүүн бугалаг, чигчий хурууны ард зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Л.Оргилжаргалын хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр би дэлгүүр орохоор явж байсан юм. Тэгсэн Насанжаргал Ёндко гэх 1 залуутай хамт явж байгаад надтай таарсан. Тэгээд бид 3 дэлгүүр орсон. Дэлгүүрээс Насанжаргал, Ёндко нар 3 том пиво аваад манай гэрт бид очсон. Гэрт очоод би хоол хийх зуур Насанжаргал, Ёндко нар пиво уугаад сууж байсан. Би хоолоо хийж дуусаад Насанжаргал, Ёндко нартай Пиво уугаад сууж байхад Насанжаргалын найз залуу болох Лхагважаргал манайд ирсэн. Ирээд хоол идчихээд бид нар үлдсэн пивоо ууж дуусаад Ёндко дэлгүүр явж 1 архи авч ирсэн. Бид нар тухайн архинаас ууж сууж байхад Насанжаргал нөхөр рүүгээ агсам тавиад эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах санаатай дундуур нь орсон чинь Насанжаргал намайг чамд хамаагүй янхан минь гэж хэлээд үснээс зуураад авсан. Тэгээд Насанжаргал бид 2 хоорондоо зодолдсон. Зодолдож байгаад би дундуур нь утсаа аваад өөрийн хадам ээж Л.Янжмаа руу цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тухайн зодооны талаар Янжмаа ямар 1 зүйл мэдэхгүй. Би зөвхөн цагдаа дуудуулсан. ...Миний толгой доргисон. Баруун нүд хөхөрсөн, толгой шалбарсан оёдолтой, дагз хэсэг шалбарсан, хавдсан. Уг гэмтлийг А.Насанжаргал нүүр рүү өшиглөж, гараараа цохиж, ус зулгаасан, үнсний саваар толгой хэсэгт цохиж үүсгэсэн. Тухайн өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- А.Насанжаргалын хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би Ёндко гэх залуутай хамт Товцог багт явж байгаад Оргилжаргал эгчтэй таарсан. Тэгээд бид 2 танайд очиж болох уу? гэж Оргилжаргал эгчээс асуухад болно гэж хэлсэн. Тэгээд Оргилжаргал эгч Ёндко бид нар дэлгүүр ороод 3 том пиво аваад Оргилжаргал эгчийн гэрт очсон. Тэднийд очоод пиво уугаад, хоол идээд байж байхад манай найз залуу Лхагважаргал ажлаа тарсан гээд над руу ярихаар нь би Оргилжаргал эгчийнд байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Лхагважаргал хүрээд ирсэн. Ирээд бид нар үлдсэн пивоо ууж байхад Ёндко дэлгүүр явж 1 архи авч ирсэн. Тэгээд архиа тойруулж байх үед би найз залуу болох Лхагважаргалтай ойр зуур асуудлаас болоод маргасан. Тэгсэн чинь Оргилжаргал эгч Лхагважаргалыг өмөөрөөд тэгээд бид 2 хоорондоо маргаж, хэрүүл хийгээд сүүлд нь зодоон болсон. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. ...Миний нүүр хэсэгт маажсан, баруун гуя хэсэгт хазсан. Үс зулгааж, толгой хэсэгт цохисон. Уг гэмтлийг Оргилжаргал нь гараараа болон шүдээрээ үүсгэсэн. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
- Гэрч М.Лхагважаргалын: “...Тухайн өдөр би ажилтай байсан. Ажлаа тараад гэртээ ирэхэд манай найз охин байхгүй байсан. Тэгээд утсаар ярихад Оргилжаргал эгчийн гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би Оргилжаргал эгчийн гэрт очиход Ёндонжамц болон Насанжаргал, Оргилжаргал эгч нар пиво ууж байсан. Би очоод тухайн пивоноос ууж байхад Ёндонжамц архи аваад ирсэн. Тэгээд тухайн архинаас бид нар тойруулж байхад Насанжаргал бид 2 чи архи бага уу гээд хоорондоо муудалцсан. Тэгээд би гараад ороод ирсэн Оргилжаргал эгч Насанжаргал нар хоорондоо үсдэлцээд, зодолдож байсан. Тэгээд Ёндонжамц бид 2 тэр хоёрыг салгасан. Удаагүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. ...Уг асуудал болох үед Оргилжаргал эгч Насанжаргал, Ёндонжамц бид 4 байсан. Бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Оргилжаргал, Насанжаргал нар нэгнийхээ нүүрийг маажсан гэж бодож байна. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Оргилжаргал, Насанжаргал нар хоорондоо зодолдож, нэгэндээ гэмтэл учруулсан. Өөр зодоонд оролцсон хүн байхгүй. Намайг гаднаас ороод ирэхэд тэр 2 зодолдож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Отгонбаярын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай “...Л.Оргилжаргалын биед учирсан тархи доргилт, баруун чамархайн хэсэгт шарх, баруун нүд, дагз, зүүн бугалаг, нурууны ард цус хуралт, зүүн бугалаг, чигчий хурууны ард зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Отгонбаярын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 377 дугаартай “...А.Насанжаргалын биед учирсан тархи доргилт, духны урд хэсэг, баруун гуянд зулгаралт, баруун гуяны дотор талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж дүгнэлээ.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нар нь өөрсдийн холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нар нь бие биеийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэн хэнээсээ нэхэмжлэх хохирол байхгүй гэдгээ илэрхийлэв. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Лувсанцэдэнгийн Оргилжаргал, Тээдээ овогт Амгаланбаатарын Насанжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Насанжаргал, Л.Оргилжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ