Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 01210

 

     “Х” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00121 дүгээр шийдвэртэй, “Х” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Г.Г, Д.З нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 39 076 080,77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Г.Г, шүүх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г, Д.З нар 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус банктай ЗГ-ВСС2014050217-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, ЗГ-ВСС2014050217-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 35 280 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,6 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан. Иргэн Г.Г, Д.З нар “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн 002185509 тоот дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203029003 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 хороолол, оюутны гудамж 17 байрны 609 тоот хаягт байрлах 25,43 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай зээлдэгч нарт сануулж зээлийн зөрчлийг арилгуулах бодит боломжийг олгож байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцны зээлийн гэрээний 9.2-т заасан үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа нэмэгдүүлсэн байдлаар тооцвол 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 31 333 174,48 төгрөг, зээлийн үндсэн хүү 7 588 250,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 135 660,04 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 19 000 төгрөг, нийт 39 076 080,77 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн баталгаа болгож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж 17 дугар байрны 609 тоот хаягт байрлах 25,43 м.кв бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууцны гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардсан байна. Банк нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд үүнд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэгдэж ажиллагаа явагдаж байх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан. Банкны зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан гэж ойлгож байна. Хуульд зааснаар гэрээг цуцалснаар талуудын гэрээтэй холбоотой бүх үүрэг цаашид дуусгавар болдог үр дагавартай. Иймд талууд гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болох бөгөөд гэрээг цуцлах өдөр хүртэлх талуудын эрх, үүрэг хүчин төгөлдөр байх хэдий ч цаашид гаргах шаардлага эрх, үүрэг дуусгавар болдог. Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот зөвлөмжид "шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан өдрөөр харин шүүхэд гэрээг цуцлах шаардлага гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана” хэмээн тодорхой заасан байдаг. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр талуудын хооронд эрх, үүрэг үүсгэдэг онцлогтой. Үүний үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд талуудад эрх, үүргийг бий болгодог. Харин гэрээг цуцлах нь гэрээг дуусгавар болгох үр дагавартай. Улмаар гэрээг цуцалж, дуусгавар болгосноор талуудын ирээдүйд бий болох эрх, үүргийг дуусгавар болгодог. Иймд Х өөрсдийн буюу нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тул үүргийн харилцаа дуусгавар болж үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх болох шүүхэд хэрэг хянан шийдвэрлэлгүй удаж байгаа гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2017оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хуримтлагдсан хүү 3 951 019,65 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд банкны эрх ашгийг хамгаалсан зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан заалт тусгагдаагүй залилсан, төөрөгдүүлсэн орон сууцны зээлийн гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны нэхэмжлээд байгаа хүү 7 сая төгрөгөөс 3 791 760 төгрөгийг ойлгосон, үлдэгдэл төлбөрийг ойлгосонгүй. 3 667 230,64 төгрөг бол хууль бус залилангийн шинжтэй мөнгө. Бид нарын гаргаж байгаагаар үндсэн зээл 31 333 174,48 төгрөг гэж бодвол 3 сарын хүү 1 391 853,78 төгрөг бодогдоод шударгаар Х нэхэмжлэх ёстой тул 32 725 024,26 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 1 900 000 төгрөгийн зээлийн хүүг чөлөөлж өгөөч гэсэн албан тоотыг Г.Г гаргасан нь үнэн гэж тайлбарлаж байна. Шүүхэд гарсан нэхэмжлэлд 1 200 000 төгрөгт зээлийн хүү нэмэгдээд банк нэхэмжлээд байгаа нь хууль бус. Бид нарын “Х-д хүүгийн хүүг чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлтийг шийдвэрлэсэн. Захирлын зөвлөлөөр орж шийдвэрлээд энэ хүний хүсэлтийг хүлээж авлаа холбогдох 2 зээлийн эдийн засагчийн дуудаж авчраад уулзсан. 5 дахь өдөр ажил тарсан чинь мөнгө төлөх боломжгүй болохоор хагас бүтэн сайн ороод 3 хоногийн мөнгийг тооцоод нэхэмжилсэн байна. Х анх 0,8 хувийн хүсэлт тавьсан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк 8 хувийн санхүүжилт дууссан, та түр хугацаагаар бизнесийн зээлд хамрагд, тодорхой хугацааны дараа таныг 8 хувийн зээлд оруулж өгье гэж хэлээд залилсан.

      Х 1-2 хоногийн хүүг таслалаар тооцоод намайг хохироож болохгүй. Миний ажилгүй, нялх хүүхэдтэйг ойлгоод нэг өдөр цэг таслалаар тооцохгүйгээр дараагийн зээлийн хүү бодох хүртэл хугацаагаар хойшлуулж өгөх боломж байна гэж хариуцсан захирал нь шийдсэн. Захирлын зөвлөл нь хүүгийн хүү гэж яриад байгаа хүсэлтийг хүлээж авлаа банкнаас үүнийг хас гэсэн ерөнхий шийдвэр гарсан. Тэр хүсэлтийг Х-д гаргасан боловч тэр хүсэлтэд хариу өгсөн баримтыг Х гаргаж өгөхгүй байна. Тэр албан тоотыг нуугаагүй бол нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 1 900 000 төгрөгийг оруулж өгөх ёстой байтал 41 000 төгрөг гэж оруулаад байна. Нийт 20 гаруй сая төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7 716 515,95 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 90 хоног гэж үзэхээр 10 дугаар сарын 17-ноос 3 сар нь 2017 оны 01 дүгээр сарын 17-нд дуусч байгаа. Гэтэл энэ хугацааны мөнгийг нэхэмжлэх ёстой байтал 7-8 сарын мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн хүүг үндсэн зээлийн хүү мэтээр оруулж 4 сая төгрөг нэхэмжилсэн байна.

     2016 оны 7 дугаар сарын мөнгө төлсөн баримтын хавсралт байхгүй. Яагаад байхгүй болгосон гэхээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х намайг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн найдваргүй зээлдэгчээр оруулснаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тэр үед хүү зогсох ёстой байсан. Тэрнээс хойш Х төсвийн гадуурх дансаараа мөнгө авсан. Төсвийн гадуурх дансанд төлөгдсөн баримтыг банк гаргаж өгөхгүй байна. Х 17 сая төгрөг, би 20 гаруй сая төгрөг төлсөн байгаа. Хуримтлагдсан хүү 7 сая төгрөг нэхэмжлээд байна. Гэтэл 3 сарын дотор 4 сая төгрөгийн хүү бодогдох үндэслэлгүй.

   Зээлийн үлдэгдэл төлбөр 31 333 174,48 төгрөгт 90 хоногийн хүү 1 500 000 төгрөг нэмж 32 725 024,26 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусад төлбөрийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 227 дугаар зүйлийн 227.1, 453 дугаар зүйлийн 453.1., 453 дугаар зүйлийн 453.1., 453.2.-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Д.З, Г.Г нараас 37 738 466,12 /гучин долоон сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун жаран зургаа төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, шаардсан дүнгээс үлдэх 1 337 613,88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

       Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 37 738 466,12 /гучин долоон сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун жаран зургаа төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө 002185509 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203029003 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 11-р хороолол, оюутны гудамж 17 байрны 609 тоот хаягт байрлах 25,43 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 741 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.З, Г.Г нараас 346 642 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгож шийдвэрлэжээ.

      Хариуцагч Г.Г, Д.З нар давж заалдах гомдолдоо: Зээлдэгч бид нар Х банкны гаргасан нэхэмжлэл нь нууцлаг, төөрөгдүүлсэн, тодорхой бус, залилсан гэмт хэргийн шинж агуулж байгаа. Банк нь нэхэмжлэлээ нэг бүрчлэн задалж, өөрсдөө тайлбарлаж чадахгүй байхад, шинжээч томилж, Монгол банкны Хяналт шалгалтын газраар шалгуулах, нягтлуулах хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад хүлээн авахгүй мэтгэлцэх, адил тэгш эрхтэй оролцох зарчмыг алдагдуулж, зээлдэгч бидний эрх ашгийг хохироож байгаад харамсаж байна. /хх 53, 54, 91, 92, 100, 106, 107, 147,148/

   3ээлдэгч Д.З миний бие дутуу төрсөн нялх хүүхдээ, хөдөө эрүүл агаарт асарч байгаа тул зарласан шүүх хуралд, цаг хугацааны хувьд оролцох боломжгүй байгаа тул түр   хойшуулах хүсэлт гаргасан боловч Д.З "Үндсэн зээлдэгч биш, зөвхөн баталгаа гаргагч” гэж үл тоомсорлосон тайлбарыг үндэслэн мөн гэр бүлийн хүн нь хуралд оролцож байгаа тул заавал хуралд оролцох шаардлагагүй гэж бүдүүлэг, хууль бус шийдвэр, шаардлага тавьж, түүнийг шүүхээр бүрэн хангуулж, Монгол улсын Үндсэн хуульд "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхийи шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, буцаах үндэслэлтэй. Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд, нөхөр Г.Г гардан авсан гэж шүүх худал зохиож бичсэн байна. Би зөвхөн өөрийнхөө Г.Г гэсэн мэдэгдэх хуудсьг хүлээн авсан бөгөөд Д.З гэсэн мэдэгдэх хуудсыг хүргэж өгөх, цаг хугацааны хувьд тулсан, тодорхой өөрийн гараар бичиж өгсөн. Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баяндөхөм 10 дугаар гудамж задгай гэсэн хаягт бичигдээгүй байсан тул хүлээж аваагүй, шуудан зөөгч шүүхэд буцааж өгсөн байдаг. Мөн Д.З шүүх хуралдааныг түр хойшуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх 130, 132/

        Х нь бид нарыг Монгол банкны төвлөрсөн Монгол улсын мэдээллийн санд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Найдваргүй зээлдэгч"-ээр бүртгүүлж Монгол улс болон олон улсын тавцанд нэр хүндийг минь унагах, хохироох үйл ажиллагаа хийгдэж, дахин зээл авах боломжгүй болгож зарласан тул автоматаар гэрээ цуцлагдаж, зээлийн хүү зогссон. Үүнийг Х 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6/1734 тоот албан бичгээр ирүүлсэн хариу гэрчилж байгаа болно. Гэтэл зээлдэгч биднийг дарамтлаж хууль бусаар зээлийн хүү, хүүгийн хүү /нэмэгдүүлсэн хүү/ авч байсан нь хууль бус гэж үзэж байгаа тул хасч тооцох ёстой. Үүнийг нэг бүрчлэн шалгуулахаар олон удаа хүсэлт гаргасан боловч шүүх зээлдэгч бидний хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх 149/

          Мөн Х нь 2016 оны 07 дугаар capын 20-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү буюу хүүгийн хүү 1 295 835,35 төгрөгийг бид хүсэлт гаргаж хасуулахаар шийдвэрлэж, хариуцсан захирал нь дараагийн хүү татагдтал тэр хооронд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй, хүүгийн хүү тооцохгүй байхаар, захирлуудын зөвлөл ч тэгж шийдвэрлэж, зээл анх авсан салбарт чиглэл өгсөн түүнийг Х зөвшөөрдөг. /хх 92,113, 128, 129, 148/ Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл буюу хүүгийн хүү 2016 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 1 298 835,35 төгрөг байсан, өшөө нэмэгдсэн байх ёстой атал Х 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 41 453,22 төгрөг гэж хэд дахин багасгаж тавьсан нь хууль бус болохыг нотолж, залилсан, төөрөгдүүлсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байна. Х 2015 оны 12 дугаар сарын 26-нд зээлдэгч бид нарыг Монгол банкны мэдээллийн санд “Найдваргүй зээлдэгчээр” бүртгүүлсэн, автоматаар зээлийн гэрээ дуусгавар болж, зээлийн хүү зогссон, банкны захирлуудын зөвлөл болон үээл хариуцсан захирал нь дараа зээлийн хүү татах хүртэл хугацаа, хүү тооцохгүй байхаар шийдвэрлэгдэж хүүгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 1 298 835,35 төгрөг хасагдаж, цаашид хүүгийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү тооцогдохүй болсон тул 7 588 250,25 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.

      Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 17ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07ны өдрийг хүртэл хугацааны алданги, хүү, торгууль, хуримтлагдсан хүү 3 951 019,77 төгрөгийг хасах хууль зүйн үндэслэл байхал шүүх хасч шийдвэрлээгүй. Банк зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан гэж ойлгож байна. Иймд талууд гэрээг цуцалснаар гэрээ дуусгавар болох бөгөөд гэрээг цуцлах өдөр хүртэл талуудын эрх, үүрэг хүчин төгөлдөр хэдий ч цаашид гарах эрх, үүрэг дуусгавар болно. Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлээгүй удаасан гэх торгууль, адданги нийт 6 196 396,47 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудаас ирүүлсэн нотлох баримт хуулийн шаардлага хангасан байх боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

          Нэхэмжлэгч “Х ХХК нь хариуцагч Г.Г, Д.З нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, үндсэн зээл 31 333 174,48 төгрөг, зээлийн үндсэн  хүүгийн үлдэгдэл 7 588 250,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135 660,04 төгрөг, нотариатын зардал 19 000 төгрөг, нийт 39 076 080,77 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар нийт 32 725 024,26 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

    Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ”Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээ” тус тус байгуулагдаж, 35 280 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс 0,32 хувийн нэмэгдүүлсэн хүүг сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж 17 дугаар байрны 609 тоотод байрлах 25,43 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна. /хх 8-17/

    Нэхэмжлэгч “Х” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд, талууд зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, мөнгөн хөрөнгийг хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон уг тохиролцоо нь банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний агуулгатай нийцжээ. Хариуцагч буюу зээлдэгч нар зээлийн төлбөрийн хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байхын зэрэгцээ хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

  Хариуцагч нар  үндсэн зээлийн төлбөрт 31 333 174,48 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа  талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү төлөх тухай гэрээний заалтыг буруу тайлбарласан байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

       Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалсан байна. Тиймээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд төлөх хүү, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний хуваарийн дагуу үндсэн зээл төлөх үүрэг зөрчсөнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү төлөх шаардлагын хэмжээнд үзэхэд үндсэн зээл 31 333 170,48 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 731 437,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41 453 22 төгрөг, нотариатын зардал 19 000 төгрөг нийт 35 125 061,12 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй.

    Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т “нэмэгдүүлсэн хүүг хугацаанаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно” гэж заасан бөгөөд гэрээ цуцлагдсанаар гэрээний үүрэг дуусгавар болох тул түүнээс хойшхи хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөхгүй, харин гэрээ цуцлагдах хүртэл  хугацаанд зээл төлөх хуваарийн дагуу нэмэгдүүлсэн хүүг 41 453 22 төгрөгөөр тооцон гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, талууд үндсэн зээлийн төлөх хуваарь зөрчигдвөл түүнээс сарын 0,32 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсоны дагуу төлөгдсөн мөнгөнөөс нь үндсэн зээлд хүрэлцэхгүй байгаа тэр хэсэгт нэмэгдүүлсэн хүүг гэрээ цуцлах хүртэл хугацаанд тооцон үзвэл 41 453 22 төгрөгтэй дүйцэж байна.

     Хариуцагч Д.З нь шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж  өгсөн боловч  уг эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлйн 76.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

     Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00121 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“37 738 466,12 /гучин долоон сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун жаран зургаа төгрөг арван хоёр мөнгө/” гэснийг “35 125 061,12” гэж, “1 337 613,88” гэснийг “3 951 019.65” гэж, 3 дах заалтад “346 642” гэснийг “333 575” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 092 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА