Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 38

 

Г.Б-, Б.Д-, Т.А-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      У.Дэндэвдорж

Хохирогч                                       М.Н-

Хохирогчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

Яллагдагчийн өмгөөлөгч             Д.Оюунчимэг, Ж.Эрдэнэбаатар

                                                      А.Мөнхбат

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаар захирамжтай Т-ийн А-, Г-ийн Б-,  Б-ын Д- нарт холбогдох, 1918002660539  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Э- овогт Б-ын Д-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, С- овогт Т-ийн А-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х- овогт Г-гийн Б-.

Яллагдагч Б.Д-, Т.А-, Г.Б- нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, “Ө- Г-” ХХК-ийн гурилын үйлдвэрийн байранд операторын ажилтай танилцаж байсан М.Н- гурилын шигшүүрний ханцуйвч руу гараа хийж зүүн сарвууны 4 хуруу тасарч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Д-, Т.А-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 1918002660539 дугаартай 2 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэг  Прокурорын газарт очтол яллагдагч Б.Д-, Т.А-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөтөлбөргүй нотлоогүй, Шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй харилцан адилгүй байх тул шинжээчийн дүгнэлтийн зөрүүг гаргах шаардлагатай гэжээ.

Хохирогч М.Н- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Ө- Г-” ХХК-н гурилын үйлдвэрт 2019 оны 04 сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж гараа гэмтээсэн үйлдэлд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 313 тоот “ ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 4 хурууны үений тасрал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө “ гэсэн  дүгнэлт гарсан.

Дүгнэлт эргэлзээтэй байсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 743 дугаартай "... М.Н-гийн зүүн сарвууны 2,3,4,5 дугаар хурууны тасрал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4.т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 4 хурууны тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 45 % тогтонги алдагдуулна. 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан.

           Энэ  дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй ба дүгнэлтийг гаргахдаа холбогдох эрх зүйн баримт бичгийг удирдлага болгосон ба тухайлбал “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4-р бүлгийн хүснэгтийн 93.4-т эрхий хуруунаас бусад 4 хуруу тасрах /2+3+4+5/ ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 45 хувь алдагдуулна гэж тогтоож заасантай нийцэж байна.

Иймд шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтийг өмнөх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 313 тоот үндэслэлгүй гаргасан буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4-р бүлгийн хүснэгтийн 93.4-т заасныг баримтлаагүй, энэ заалтанд нийцээгүй гаргасан дүгнэлттэй зөрүүтэй байна гэж үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлгүй байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан асуудалд зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоож оролцуулаагүй байна гэжээ.

Хэрэгт “Ө- Г-” ХХК-н захирал Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байхад иргэний хариуцагчаар давхар татах шаардлагагүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2.т иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсний дагуу шүүхийн шатанд иргэний хариуцагчаар “Ө- Г-” ХХК-н эрх бүхий албан тушаалтныг иргэний хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан эсэргүүцэл бичив. Прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Аймгийн прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Н- тайлбартаа:

Эрүүл мэндээрээ хохироод нэг жил өнгөрч байхад өнөөдөр хэрэг ийм байгаад гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Н-гийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Миний бие прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж байгаа нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. “Ө- Г-” ХХК-н зүгээс хохирогчийн хохирлыг огт барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Шинжээчийн сүүлийн дүгнэлт нь үндэслэлтэй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Шүүх тухайн компанийг шууд иргэний хариуцагчаар татах бүрэн боломжтой байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаад маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцлаа. Анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэдэгт эргэлзэж байгаа. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоох нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Г.Б-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм хэрхэн яаж зөрчигдсөнийг нарийн тогтоох нь зүйтэй. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:

Прокурор миний гаргасан хүсэлтийг тухайн үед хүлээж аваагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх, Б.Д-гийн ажлын байртай танилцуул гэдэг үүрэг өгсөн нь гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тайлбарлаж магадлалдаа тусгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос  Б.Д-, Т.А-, Г.Б- нарыг  хууль, түүнд нийцүүлэн гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, “Ө- Г-” ХХК-ийн гурилын үйлдвэрийн байранд операторын ажилтай танилцаж байсан М.Н- гурилын шигшүүрний ханцуйвч руу гараа хийж зүүн сарвууны 4 хуруу тасарч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэд хэдэн үндэслэл зааж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан  нь  үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл:

Хохирогч М.Н- нь 2019 оны 04 сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж зүүн сарвууны 4 хурууны тасрал гэмтэл учирсан бөгөөд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-04 -09-ний 313 дугаар дүгнэлтээр  ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна., зүүн сарвууны 4 хурууны үений тасрал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө ... гэсэн., дараа нь  3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  хийсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-06-07-ны 743 дугаар дүгнэлт нь ... М.Н-гийн зүүн сарвууны 2,3,4,5 дугаар хурууны тасрал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4.т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 4 хурууны тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 45 % тогтонги алдагдуулна.,  313 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна... гэжээ.

Эрс зөрүүтэй 2 өөр дүгнэлт гарсан байх тул аль дүгнэлт нь үндэслэлтэй талаар дахин дүгнэлт гаргах шаардлагатай.

Мөн мэргэжлийн хяналтын шинжээч  нарын гаргасан осол яагаад гарсан,  ямар дүрэм журам зөрчсөн, хэн буруутай талаар 2019-05-01-ний 19/04 дүгнэлт, 2 дахь буюу 209-05-30-ны өдрийн 05-078/17 дүгнэлт гарсан бөгөөд Прокурор 2019-08-16-ны өдөр дээрх 2 дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд нэмэлт шинжилгээ хийх тогтоол гаргаж үүний үндсэнд 2019-09-02-ны өдөр 05-078/30 дугаартай нэмэлт дүгнэлт гарчээ. /1-р  х.хийн 217-р хуудас /

Гэтэл энэ дүгнэлт нь дээрх 2 дүгнэлтийн  аль  нь үндэслэлтэй эсэх талаар  мөн     аль дүгнэлтийн ямар заалтыг тодорхой болгож нэмэлт тайлбар хийсэн эсэх нь ойлгомжгүй,  мөн дүгнэлтэнд ...хохирогчид  ажил олгогч зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан нотлогдож байна... гэсэн атлаа  ...хөдөлмөрийн гэрээ хийгээгүй тул ажил олгогч хариуцлага хүлээхгүй... гэсэн утга бүхий  хоёр өөр  агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Эдгээрээс үзвэл шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь   хэргийн бодит байдлыг тогтооход шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал үүсэхээс гадна энэ талаарх байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх  боломжгүй.

Шүүх  хэрэгт нотлох баримтаар авагдсан өөр, өөр агуулгатай эсхүл зөрүүтэй дүгнэлтүүдийн аль нэгийг сонгон хэрэглэх боломжгүй бөгөөд эхний дүгнэлт үндэслэлгүй бол хоёр дахь дүгнэлт гарах, энэ хоёр дүгнэлт зөрүүтэй бол заавал  дахин гурав дахь дүгнэлт гарах нь хуульд нийцэх бөгөөд мөн дүгнэлтийн ямар зүйл, заалт нь ойлгомжгүй, эргэлзээтэй байгаа эсэхийг тодорхой болгох зорилгоор нэмэлт дүгнэлт гарах болохыг анхаарах нь шаардлагатай.

Иймд анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул  захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                                     ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР