Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 37

 

                                                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд

Нэхэмжлэгч: Л.Н

Хариуцагч: ОАУБХ

“Улсын бүртгэлийн 000..... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлээс хасч хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны 119/2016/0031/3 тоот индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд Л.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 945 тоот шийдвэрээр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа №000236377 дугаар бүхий Л.Ж, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба тус шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь сайн дураараа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ОАУБХ-т холбогдох Улсын бүртгэлийн 0002........ дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлээс хасч хүчингүйд тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л.Н нь 2017 оны 06 дугаар сарын 09, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрүүдэд иргэн Х.О-д тус захиргааны хэрэгт өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг /1 жилийн хугацаатай/ олгосон бөгөөд тус итгэмжлэлд[1] нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгчийн нэгэн адил бүрэн хэрэгжүүлэх эрхтэй байхаар олгосон тул түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах нь хуульд харшлаагүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь хэргийн бусад оролцогчийн тухайлбал хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс шалтгаалахгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, ОАУБХ-т холбогдох Улсын бүртгэлийн 000...... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлээс хасч хүчингүйд тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт хүргүүлэхийг нарийн бичгийн дарга Д.Оюунбилэгт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] ХХ-ийн 217 дугаар тал