| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0752/З |
| Дугаар | 221/МА2026/0387 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2026/0387
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантогтох
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл
Гуравдагч этгээд: “С” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны “С” ХХК-ийн гомдлын тухай 43 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, Б.О, Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, өмгөөлөгч Ц.Ц нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0752/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны “С” ХХК-ийн гомдлын тухай 43 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12, 27 дугаар зүйлийн 27.1.4, 36 дугаар зүйлийн 36.1, 49 дүгээр зүйлийн 49.13, Газрын тухай хуулийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 601 дүгээр зүйлийн 601.1, 601.1.1, 601.1.3, 603 дугаар зүйлийн 603.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдааны “С” ХХК-ийн гомдлын тухай 43 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “... Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулснаас өөрөөр буюу танилцуулаагүй үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн танилцуулаагүй үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тус хэргийн шүүх хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болсон бөгөөд шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа “шүүхээс энэ маргааныг хүлээж авах болсон шалтгаан нь маргаан таслах зөвлөлийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн, дүгнэлтээсээ гадуур үр дагавар үүсгэсэн, нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг хянах эрхтэй болохоос дүүгийн Засаг даргын шийдвэртэй маргааныг хянах эрхгүй, хууль давсан журам хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр хэргийн шийдвэрлэсэн тухайгаа хэргийн оролцогч нарт танилцуулсан.
Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа гуравдагч этгээд болох “С” ХХК-ийг газар ашиглах гэрээгүй, тус эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуульд заасан үүргээ зөрчсөн гэх зэргээр дүгнэсэн бол “М” ХХК-ийг давхцал бүхий газрыг шударгаар олж авсан шударга эзэмшигч этгээд тул түүний газарт оруулсан хөрөнгө ч мөн хамгаалагдах талаар дүгнэж, Газрын тухай хуулийн 27.1, 60.1.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулснаас өөрөө буюу танилцуулаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтын талаар буюу гуравдагч этгээдийг газар ашиглах гэрчилгээтэй байх ёстой талаар дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана.
Түүнчлэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн чиг үүрэг, хуулиар олгогдсон эрх хэмжээний талаар шүүх хуралдааны турш тайлбарлан мэтгэлцэж байхад анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан дууссаны дараа “Энэ талаар, хууль зүйн үндэслэлийн талаар огт шүүх дээр ярьсангүй” гэж байж боломжгүй зүйлийг хэлсэн.
Захиргааны хэрэг үүссэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрыг ашиглах эрхтэй болох, уг эрх нь хэрхэн, хэзээнээс үүссэн гэж
үзэж байгаа талаарх тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гарган өгч тайлбарласан боловч анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.
Тодруулбал, манай компани нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Налайхын уурхайн баруун жигүүр” гэх нэртэй газарт 199 гектар талбайг ашигт малтмалын ашиглалтын MV-000221 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ашиглах эрхтэй уг эрх олгогдсоноор буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор тухайн зөвшөөрөл эзэмшигчид газар болон хэвлийг уурхайн олборлолтын зориулалтаар ашиглах эрх шууд бий болох бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” авахыг шаардахгүй. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл нь өөрөө газар эзэмших, ашиглах эрхийг шууд агуулдаг болно.
Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь газрын хэвлий, гадаргыг ашиглах эрх болон түүнийг олборлохын тулд шаардлагатай газар ашиглах эрхийг хамтад нь олгож байгаа эрх зүйн баримт бичиг юм.
Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн дээрх тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй атлаа гуравдагч этгээд газар ашиглах гэрээ байгуулаагүй, газар ашиглах эрхээ эрхийн улсын бүртгэлт бүртгүүлээгүй, энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй гэх огт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна.
Гуравдагч этгээдийн хувьд газрын давхцалтай холбоотой маргаан үүсэх үед уг харилцаанд буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг эзэмших эрхтэй байхын тулд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ үйлчлэх эсэх, тус хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардах эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай байсан.
Улсын дээд шүүхийн тогтоолуудаас үзэхэд Газрын тухай хууль, Монгол Улсад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий хууль бол, Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах тусгай хууль байна. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрлөөс үүсэх эрхийг авч үзэхдээ Газрын тухай хуулийн ерөнхий зохицуулалтаас бус, Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зохицуулалтыг шууд хэрэглэх нь зүйтэй байна.
Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн зөвшөөрөл эзэмшигчид газар болон хэвлийг олборлолтын зориулалтаар ашиглах эрх шууд бий болохоор байх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” авахыг шаардахгүй бөгөөд зөвшөөрөл нь өөрөө газар эзэмших, ашиглах эрхийг шууд агуулдаг болно. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн газар ашиглах эрхтэй холбоотой тайлбар, уг тайлбараа дэмжиж үндэслэл болгож буй баримтуудад ямар ч үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй болно.
Манай компани газрын давхцалтай холбоотой асуудлыг 2022 ондоо огт мэдээгүй байхад анхан шатны шүүхээс газрын давхцалын асуудлыг 2022 онд мэдсэн, тухайн үедээ гомдол гаргаагүй зэргээр дүгнэж, гуравдагч этгээдийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... танай байгууллагын талбайн эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу газрын кадастрын мэдээллийн системд шалгаж үзэхэд дүүргийн Засаг даргын 2008 оны 94 дүгээр захирамжаар үйлдвэрийн барилга, байгууламжийн зориулалттай 82846 м.кв газрыг “М” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцалтай байна” гэсэн албан бичгийг ирүүлсэн ба уг албан бичгийн агуулгаас газрын давхцалын асуудлыг мэдсэн юм.
Тус албан бичгийг манай зүгээс эс зөвшөөрч Газрын тухай хуулийн 601.1.1-д “Газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба” гэж заасны дагуу Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан юм.
Дээрх гомдлын хариуг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/909 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн бөгөөд тус албан бичигт “... “М” ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 94 дүгээр захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар 824 м.кв газрыг эзэмшүүлсэн байна... тухайн эзэмшил газартай байгууллагын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ашиглах газар давхцал үүссэн бөгөөд маргаан бүхий байршилд барилга барьсан байгаа нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.
Анхан шатны шүүх гуравдагч этгээдийг газрын хэвлий ашиглах эрхтэй, харин газрын гадаргууг ашиглахын тулд газар ашиглах эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж дүгнэж, газрын гадаргуу болон түүний хэвлийг ашиглах эрхийг ялгаж, салгаж, тусдаа эрх мэтээр тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдэд төрөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь газар түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох эрхийг буюу уг газрыг энэ зорилгоор ашиглах эрхийг олгож байгаа хэрэг юм. Харин эрх бүхий этгээдээс нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэрт буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад газар ашиглах тухай гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах, уг гэрээний дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа үүсэх зохицуулалттай юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй атлаа тус этгээдийг газрыг шударгаар олж авсан, шударга эзэмшигч, түүний газар дээрх хөрөнгө хамгаалагдах ёстой гэж дүгнэж байгаа нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй байна.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөг баталсан тогтоол авагдсан ба тогтоолын хавсралтын 2.4-т “Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт байршил хэмжээ” гэсэн хэсэгт нэхэмжлэгчийн давхцуулан авсан газар хамаарах боломжтой буюу бусад хэсэгт хамаарахгүй юм. Мөн хэрэгт тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15-22/746 дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт “М” ХХК-ийн хүсэлтийн дагуу 1261600461 нэг талбарын дугаартай 82846 м.кв газрын хэмжээг 158084 м.кв болгож нэмэгдүүлсэн. Иймд дээр дурдсан 1261600461 нэгж талбарын дугаартай газарт дуудлага худалдаа явуулаагүй өргөдлийн дагуу олгогдсон болно” гэж хариуг шүүхэд иргүүлсэн.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан эсэх, дуудлага худалдаа явуулах журмыг баримталсан эсэх нь эргэлзээтэй, эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг шударга эзэмшигч болон гуравдагч этгээдэд хамгаалагдах хөрөнгө байхгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий газарт үзлэг хийсэн, мөн хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд нь ашигт малтмал ашиглалтын лицензийн хавсралтад заасан талбайн солбицлын цэгүүдээр өөрийн эзэмшил газрын хилийн заагийг тэмдэгжүүлсэн, тухай тэмдэгжүүлсэн газрыг давж нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилга байгууламж барьсан нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлээгүй атлаа мөн л гуравдагч этгээдийг буруутгасан нь шүүх нотлох баримтад үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 60.1.1 дэх заалтыг дурдаж, тогтоох хэсэгтээ буюу энэхүү маргааныг шийдвэрлэхдээ баримталсан нь шүүх уг маргаанд хамааралгүй заалтыг хэрэглэсэн болохыг харуулж байна.
Мөн анхан шатны шүүх тус хуулийн 601.1.1, 601.1.3 дахь заалтуудыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгтээ баримтлан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг шийдвэрлэх эрх хэмжээгүй, өөрийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь буруу.
Анхан шатны шүүхээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийг дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, шийдвэрлэсэн нь хууль бус, мөн хуулиас давсан журмыг баримталсан гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Учир нь Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл”-ийг байгуулан ажиллуулахаар хуульчилсан бөгөөд тус зөвлөл нь батлагдсан ажиллах журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хэм хэмжээний акт гэдэг нь эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль болон хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актыг ойлгоно. Гэтэл анхан шатны шүүх “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ыг хуулиас давсан журам гэж үзэн тухайн маргаанд хэрэглэхээс татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Ман Газрын тухай хуульд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийг гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаар тодорхойлсон бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасан гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын шинжийг агуулж байна. Иймд тус зөвлөлийн гаргасан дүгнэлтийг холбогдох этгээдүүд биелүүлэх үүрэгтэй.
Тус зөвлөлийн гаргасан дүгнэлт нь Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрийг шууд хүчингүй болгосон, эсхүл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд дуусгавар болгосон агуулгагүй байна. Тухайлбал 2 дахь заалтаар газрын зөрчил, давхардлыг газар дээр нь тогтоон арилгаж, нөхцөл байдалд нийцүүлэн шинэ акт гаргахыг Налайх дүүргийн Засаг дарга болон газрын албанд даалгасан байна.
Өөрөөр хэлбэл, газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь өөрөө нэхэмжлэгчийн эрхийг шууд дуусгавар болгосон бус, харин эрх бүхий байгууллагад дахин шийдвэр гаргах ажиллагаа явуулах чиглэл өгсөн шинжтэй байна. Түүнчлэн уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эсхүл Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон бодит захиргааны акт хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэнэ гэж үзсэн нь бодит нөхцөл байдал болон эрх зүйн үр дагаварт нийцээгүй байна.
Энэхүү захиргааны маргаан үүсэх болсон шалтгаан нь 2022 оны дүүргийн Засаг дарга нь “М” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлснээр газрын давхцал үүссэн ба энэхүү нөхцөл байдал нь маргаан үүсэх шалтгаан болсон. Харин газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь газрын давхцалын асуудлыг шийдвэрлэж, дүгнэлт гаргасан болно.
Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндсөн эцсийн захиргааны акт бус, харин дахин шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх шинжтэй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг шууд дуусгавар болгосон мэтээр дүгнэж, хүчингүй болгосон нь хууль хэрэглээний болон эрх зүйн үр дагаврын хувьд үндэслэлгүй гэж үзэхээр байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. “М” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “Б” ХХК-иас “М” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтай 82,912.0 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлж, улмаар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар газрын хэмжээг 13,000.0 м.кв-р нэмэгдүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн А/42 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” тухай захирамжаар дээрх нэмэгдүүлсэн 13,000.0 м.кв газрыг “О-У” ХХК-д шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан байх боловч тус захирамжийн хавсралтын 15-д тус “газрыг шилжүүлсэн” болон “өмнө эзэмшиж байсан” гэх хүснэгтэд “М” ХХК гэж тэмдэглэгдсэн, мөн хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/228 дугаар захирамжаар газрын хэмжээг 62,172.0 м.кв-р нэмэгдүүлж газрын нийт хэмжээ 158,084.0 м.кв болсон байна.
4. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн тухайд, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр Налайх дүүргийн Налайх нэртэй газарт 198.84 гектар талбай бүхий MV-000221 тоот тусгай зөвшөөрлийг “Э С Ж Т” ХХК-иас шилжүүлж авсан.
5. Хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “... ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ байгуулах тухай” хүсэлт гаргаж байсан байх боловч уг хүсэлт нь дугаар, огноо байхгүй байна.
Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14/713 дугаар албан бичгээр “С” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ний 01/08 дугаар хүсэлтэд “... танай байгууллагын талбайн эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу газрын кадастрын мэдээллийн системд шалгаж үзэхэд дүүргийн Засаг даргын 2008 оны 94 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай 82,846.0 м.кв газрыг “М” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцалтай байна” гэх,
“С” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 24/10-14 дүгээр “... ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх гомдолд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/909 дүгээр албан бичгээр “... газар давхцал үүссэн бөгөөд маргаан бүхий байршилд барилга барьсан байгаа нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг тус тус өгсөн байна.
6. Гуравдагч этгээдээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/12-02 дугаар албан бичгээр гомдол гаргасныг тус зөвлөл хянаад, маргаан бүхий 43 дугаар дүгнэлтийг гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
7. Тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 33.1.2-д “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.
8. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/04 дүгээр “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтаар “Налайх дүүргийн 3 дугаар хороо Тоньюкукийн хөшөө, Налайхын гол, Үйлдвэрлэлийн бүс, Баян-Уул орчимд үйлдвэрлэлийн зориулалтаар газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлж, ашиглуулах”-аар төлөвлөгөө баталсан, мөн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15-22/746 дугаар албан бичгээр “... “М” ХХК-ийн хүсэлтийн дагуу 82,846 м.кв газрын хэмжээг 158,084 м.кв болгож нэмэгдүүлсэн... газрын дуудлага худалдаа явуулаагүй өргөдлийн дагуу олгогдсон” гэх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
9. Нэхэмжлэгч “М” ХХК нь маргаан бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан дуудлага худалдаагаар эзэмшээгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “М” ХХК-ийг маргаан бүхий газрыг шударгаар эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь буруу байна.
10. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд маргаан бүхий Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлийн 43 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/228 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн дүгнэлт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
11. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 7.1.1-д “Захиргааны актыг өөрчлөх”, 7.1.2-т “Захиргааны актыг хүчингүй болгох” 7.1.3 “Захиргааны актыг хэвээр үлдээх” гэж заасан.
12. Тодруулбал, журамд зааснаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл гомдлыг хянаад Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/228 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “... Газрын зөрчил, давхардлыг газар дээр нь тодорхойлох, арилгах, нөхцөл байдлын дагуу дахин шинэ акт гаргахыг Налайх дүүргийн Засаг дарга болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж... ” шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
13. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2/3407 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын давхцалыг харуулсан зураг, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн хамгийн сүүлд 2022 онд нэмэгдүүлсэн газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай хэсэгчлэн давхцалтай байх бөгөөд тус газарт нэхэмжлэгчийн эзэмшлийн барилга байгууламж баригдсан болох нь тогтоогдож байна.
14. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж , Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ”, 7.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ”, 7.2.1-д “Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох”, 7.2.2-т “Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох”, 7.2.3-т “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх” гэж тус тус заасан боловч Налайх дүүргийн Засаг дарга нь “М” ХХК-д эзэмшүүлэх газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ хээрийн судалгаагаар хийх үйл ажиллагааг гүйцэтгээгүй, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэхийг нягталж тогтоолгүй шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна.
15. Анхан шатны шүүхээс “С” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 12 жилийн дараа нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг үйлдсэн гэж дүгнэсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн газрын хэмжээг дээрх хууль, журмыг зөрчиж нэмэгдүүлсэн дүүргийн Засаг даргын А/228 дугаар захирамжийг зөвтгөх үндэслэл болохгүй.
16. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэмжээг 2022 онд нэмэгдүүлснээр гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай хэсэгчлэн давхцалтай болсон байх бөгөөд нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг дуудлага худалдааны журмын дагуу нэмэгдүүлж аваагүй, харин гуравдагч этгээдийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газраа кадастрын нэгдмэл санд бүртгүүлээгүй зэрэг бодит нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гаргахыг дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд даалгасан хариуцагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “Үр нөлөөтэй байх”, 4.2.5-т “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
17. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15-22/719 дүгээр “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “... “С” ХХК нь ашиглалтын талбайн хил хязгаар, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах замаар нөөц бүхий газраа ашиглах талаар холбогдох байгууллагад хандах нь зүйтэй” гэснээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь буруутай үйл ажиллагаа байхаас гадна нэхэмжлэгчийн газрын хэмжээг нэмэгдүүлж газрын давхцлыг бий болгосон Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/228 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй байх тул түүнийг хүчингүй болгож, эдгээр зөрчлийг арилгаж, бодит нөхцөл байдалд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн хариуцагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Харин дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг сайтар нягталж, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлж дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
18. Дээр дурдсанаар Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснээс дүгнэхэд энэ нь хариуцагч Засаг даргад хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул тус үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд гуравдагч этгээдээс 2024 онд гомдол гаргах хүртэл төрийн захиргааны эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу нэхэмжлэгч уг маргаан бүхий газрыг зориулалтын дагуу эзэмшиж, дээр нь барилга байгууламж барьж, газрын төлбөрөө төлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч дүүргийн Засаг даргын 2022 оны А/228 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх ашиг зөрчигдөх учиргүй тул талуудын газрын давхцалын асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчтой зөвшилцөх байдлаар Газрын тухай хууль, журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргахаар байна.
19. Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлд “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” 601.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 601.1.1-д “Газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба”, 601.3-т “... нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно” гэж заасан.
20. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж хооронд үүссэн нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбоотой маргааныг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болохоор буюу гомдол гаргагчид сонгох боломжийг олгосон хуулийн зохицуулалттай байна.
21. Гуравдагч этгээд “С” ХХК-иас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай “М” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалтай гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хянаад хариу хүргүүлснийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлөөс Газрын тухай хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэснийг хууль зөрчсөн, эрх хэмжээгүй гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн “... Налайх дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
22. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна” гэж зааснаас үзвэл энэхүү хууль нь дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан, харин Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.2-т “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална… ” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг баталсан” тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т зааснаар Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2024 оны №41 нийтлэгдсэн, хүчин төгөлдөр, газартай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх, гаргах шийдвэрийн төрөл зэргийг тусгасан, нарийвчилсан хэм хэмжээний акт байна.
23. Гэтэл анхан шат анхан шатны шүүхээс Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг үндэслэн “... Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргааны удирдлагын эрх хэмжээ, хоорондын харилцааг зохицуулсан зохицуулалт тул нийгмийн суурь зохицуулалт учраас энэ хуулийн зохицуулалтыг Засгийн газраас гаргасан журмаас дээд эрэмбээр эрэмбэлж дагаж мөрдөнө...” гэж маргаан бүхий 43 дугаар дүгнэлтийг илт хууль бус гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Монгол Улсад хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, хэм хэмжээний актыг шүүх хэрэглэхээс татгалзах эрхгүй.
24. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 601.1.1, 601.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулсан гаргасан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН