Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

              

          Шүүгдэгч И.Гантөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Талийгаачийн ар гэрээс та бүхний өмнө чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй. Энэ болсон зүйлд чин сэтгэлээсээ гэмшиж байна. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 96 дугаар сургуулийн хашаанд Эрдэнэбаатар, Гантөмөр, Мөнх-Эрдэнэ, Нэргүй, Нэрэнхүү нартай уулзсан. Гэтэл Нэрэнхүү шартаж үхлээ гэхээр нь өөрт байсан 10000 төгрөгөө өгөхөд тэр 1 шил 0.75 литрийн хараа архи, том цэвэр устай авчирсан. Энэ архийг бид зургуулаа хувааж ууж байхад Эрдэнэбаатар утсаар ярьсан. Би Эрдэнэбаатараас хэнтэй ярьсан талаар асуухад “Сарантай яриад дуудчихлаа” гэж хэлсэн. Удалгүй талийгаач хоёр найзын хамт ирсэн. Бид уулзаад найрсгаар гар бариад юм ярилцаж байсан. Гэтэл талийгаач “лалраа ганц юм ууя, пизда минь” гэж надад хэлсэн. Би тухайн үед яагаад тэгж хэлж байгааг нь гайхсан. Гэтэл талийгаач огт тоглоогүй шинжтэй байсан. Би гэрээрээ ороод ээжээсээ 20000 төгрөг аваад хажуугийн дэлгүүрээс нэг шил хараа, архи цэвэр устай аваад талийгаачид аваачиж өгсөн. Тэр архийг бид есүүлээ хувааж уусан. Тэр үед тэнд байсан уур амьсгалыг талийгаачийн яриа эвдэж эхэлсэн. Талийгаач дэргэдээ сууж байсан Нэрэнхүүг “чи хэзээ ийм байсан лалар вэ” гээд нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь  би “муудалцаад яах вэ” гээд тэднийг салгасан Талийгаач намайг “чи муу хэн бэ” гээд элдэв үгээр дайрч доромжлоод миний төмсөгнөөс базсан. Тэгэхээр нь би хойшоо нэг алхаж гарыг нь тавиулсан. Тэр үед миний футболкноос заамдаж авч унагаагаад, зүүн гараараа намайг зодсон. Энэ үед би боолтонд орсон. Тэгээд Эрдэнэбаатар талийгаачийг салгаж холдуулсан. Би талийгаачийг аргадаж тайвшруулаад, бид 2 гар бариад автобусны хажууд очиж ярилцсан. Тэгэхэд талийгаач “чи хэн бэ, би хэн бэ. чи битгий андуураад байгаарай” гээд байсан. Би талийгаачид “хоёулаа муудалцаад яах вэ, чамайг хорооллын атаман гэдгийг хүн бүр мэднэ. Манай ээжийн бие муу байгаа. Найз нь явлаа” гэж хэлээд гар барихад “нааш ир” гээд миний халааснаас гар утсыг минь аваад “архи авчраад утсаа аваарай. Манай найз Энх-Амгалантай хамт яв” гэж хэлсэн. Би талийгаачийн найз Энх-Амгалан, байрны Мөнх-Эрдэнэтэй хамт архинд явсан. Надад мөнгө байхгүй учраас гэртээ ороод ээжээс дахин мөнгө аваад хажуугийн дэлгүүрээс 1 шил хараа архи, цэвэр устай аваад талийгаачид авчирч өгөөд хувааж уусан. Талийгаач намайг “Баянхошуу явъя. Би тэнд жинхэнэ атаман. Би байнга дарамталж байгаа. Чи итгэхгүй байна уу. Цуг явъя”гэсэн. Би тухайн үед намайг өөр тийшээ дагуулж яваад зодох гэж байна гэж бодоод айж, болгоомжилсон. Гэтэл талийгаач намайг уулзаадахъя гээд толгойгоороо дохисон. Тэгээд автобусны араар ороод “май энэ ямбийгаа ав” гээд гар утсыг шидэж өгсөн. Би “миний утас ямбий биш. Чи юу яриад байна” гэтэл “ална шүү” гээд намайг нэг удаа цохиж унагаасан. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан. Талийгаач намайг маш хүчтэй цохисон. Би тархи толгойн өвчтэй, зүрх судасны эмчийн хяналтанд группд байдаг. Тэгээд талийгаач миний дээрээс өвдөглөөд гараараа цохиж байхдаа “чи намайг юу гэж бодоод байна. Одоо чамайг хошногодоно. Миний эрхтнийг хөх. Чи гоё хөхдөг гэсэн биз дээ. Авгай хүүхэдтэй чинь хамт хошногодоно” гэх зэргээр хэлж миний өмдтэй ноцолдож байсан. Би тухайн үед маш их айж, сандарч намайг алах гэж байна гэж бодсон. Би цочирдож амь тэмцсэн. Тэгээд цааш юу болсныг санадаггүй. Надад байцаагч камерийн бичлэг үзүүлэхэд юу болсныг ойлгож хэргээ хүлээн зөвшөөрсөн. Цагдаа нарыг очих үед би гэртээ ороод зүрхний эмээ уугаад ус уугаад байж байсан. Толгой маш их өвдөж байсан болохоор толгойгоо барьтал нүдний шил, малгай маань байхгүй байсан. Би нүдний шил, малгайгаа хайж олох гээд гартал энгийн хувцастай хүн цагдаа байна гээд үнэмлэхээ үзүүлээд, биед үзлэг хийгээд намайг аваад явсан. Би өөрийгөө өмөөрөх гэж байгаа юм биш. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хэрвээ тэр өдөр би архи уугаагүй бол энэ хэрэг гарахгүй байсан. Мөн талийгаач намайг хэл амаар доромжилж, зодож цохиогүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Бид нар эрх чөлөөт хүмүүсийн адил ажиллаж хөдөлмөрлөөд, элэг бүтэн явж байх байсан. Өөрийн гэм бурууг  ойлгож хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            “2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ажлаа хийхээр хамт гарсан. Тэгээд очоод инженертэй уулзахад “цемент байхгүй өнөөдөр ажиллаад хэрэггүй. Маргааш хүрээд ир” гэсэн. Бид хоёр Хуягаа, Энхээнээ, Лхамхүү нартай хамт ажилладаг байсан. Тэндээс гараад талийгаач “хороолол ороод ирье” гэсэн. Тэгэхээр нь би “яахын хоёулаа гэртээ харьж амръя. Баяраар амарч чадаагүй” гэхэд манай талийгаач хамт явж байсан хоёр хүнтэй хамт яваад ирье гээд явсан. Би гэртээ хариад байж юмаа угаагаад байж байтал 15 цагийн үед Мод гэдэг хүний дугаарыг асуухаар нь би тэмдэглэлийн дэвтрээс хараад хэлж өгсөн. Тэр үед талийгаач согтсон зүйл надад мэдэгдээгүй. Талийгаач өөрөө утасгүй явж байсан. Дараа нь 17-18 цагийн үед Хуягаагийн утсаар над руу залгаад “намайг ирээд ав” гэсэн. Би “чи такси бариад ир” гэхэд “үгүй ирээд ав” гэсэн. Би нэгжгүй байсан учраас дэлгүүрээс нэгж аваад эргээд Хуягаа руу ярьтал “бид 1000 нэрийн барааны урд талын өндөр 9 давхар байрны урдхан талд 96 дугаар сургууль дээр байна” гэсэн. Тэгээд талийгаачтай ярихад “намайг хурдан хүрээд ир” гэсэн. Би автобусанд суугаад Москва рестораны автобусны буудалд буугаад 9 давхар байрны тэнд явж байгаад Хуягаа над руу залгаад Хуягаа “чи хурдан ирээч. Нөхөр чинь сонин болчихлоо. Бид сургуулийн хашааны урд талд байна” гэсэн. Би сандраад намайг очтол ямар ч хүн харагдаагүй. Би дахин Хуягаа руу залгаад хаана байгааг нь асуухад “сургуулийн хашаан дотор 2 автобус байгаа тэнд байна” гэсэн. Намайг гүйгээд очтол цагдаа нар ирсэн, уяа татсан байсан. Би тэр уяан доогуур ороод нөхөр дээрээ очиход намайг ойртуулахгүй байсан. Би Хуягаагаас юу болсон талаар асуухад “Гантөр гэдэг залуу уулзаадахъя гээд автобусны цаагуур дагуулж ороод пир пар гэх чимээ гарсан. Намайг ирэхэд ингээд байж байсан” гэж гэсэн. Би нөхөртэйгөө хашаа, байшин авах гээд 6 сараас хойш айлын юмыг өдөр шөнөгүй хийж байсан. Би одоо 6, 10 настай 2 охинтой. Би бага охиноо сургуульд зөөгөөд ажил хийж чадахгүй байгаа. Охины минь багш манай охины сурлага муудаад байна гэж надад хэлсэн. Би охиноосоо яагаад байгаа талаар нь асуухад охин минь “аавыгаа санаад байна” хэлсэн. Би  хашаандаа ганц гэрээрээ байдаг байсан. Ахынхаа нэг хүүхдийг хажуудаа бараа болог гэж бодоод буулгасан байгаа. Бид өөрийн гэсэн хашаа байшинтай болж чадаагүй. Гантөрийн ар гэрээс 9.340.000 төгрөг оршуулгын зардалд авсан. Ажил явдлын үеэр 500.000 төгрөг бидэнд өгсөн. Би өөрийн гэсэн гэр оронтой болмоор байна. Бид хашаандаа байгаа байшинг авъя гэж бодож байсан. Тэр байшин 10.000.000 төгрөгийн үнэтэй. Би ажил хийж чадахгүй надад мөнгө олох боломжгүй байна. Би маш их гомдолтой байна” гэв.  

 

            Шүүгдэгч И.Гантөр нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17-19 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ Д.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодолдож түүний толгой тус газар нь олон удаа цохих, өшиглөх зэргээр хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:        

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-15 дугаар хуудас/

Мэдээлэл шуурхай удирдлагын төв 102-д ирсэн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл “... дуудлага хүлээн авагч “аль сургууль дээр вэ” гэхэд эрэгтэй хүн “96 дугаар сургуулийн үүдэн дээр” гэхэд дуудлага мэдээлэл хүлээн авагч “96 дугаар сургуулийн үүдэн дээр юм уу яасан бэ юу болсон бэ” гэхэд “миний найзыг хүн алчихлаа ш дээ” гэхэд дуудлага мэдээлэл хүлээн авагч нь “хүүе ээ та хэн гэж хүн бэ” гэхэд дуудлага өгөгч нь “айн Батхуяг гэж хүн байна”, ... “дуудлага хүлээн авагч “тэр  зодсон хүнийх нь нэрийг хэн гэдэг юм бэ” гэхэд “Гантөр гэдэг юм” гэхэд дуудлага хүлээн авагч “Гантөр байна уу” гэхэд Батхуяг “ийшээ зугтаагаад явчихлаа” гэж ярьсан байсныг үзлэг хийж тэмдэглэл болгон хөтлөв” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас/

Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“ ... IMG_4229 гэж хадгалсан бичлэгийн 00:16 дахь секундэд цагаан хувцастай эрэгтэй хар бараан өнгийн хувцастай эрэгтэйг баруун гараараа нэг удаа цохиж байгаа харагдах бөгөөд цохиулсан бараан өнгийн хувцастай эрэгтэй нь цохиулаад автобус налан унаж байгаа харагдах ба харин цагаан өнгийн хувцастай эрэгтэй унасан хүний дээрээс нь тонгойж байгаа харагдав. Цохиж унагаасаны дараа газар унасан хар бараан өнгийн хувцастай эрэгтэйгийн дээрээс цагаан өнгийн хувцастай эрэгтэй тонгойн зууралдаж байгаа мэт хөдөлгөөн харагдах  бөгөөд яг ямар үйлдэл хийж байгаа нь харагдах боломжгүй бүдэг байлаа.

Бичлэгийн 00:41 дахь секундэд цагаан хувцастай эрэгтэй хар бараан өнгийн хувцастай эрэгтэйгийн дээрээс тонгойхоо болиход хар бараан өнгийн хувцастай эрэгтэй газар гараараа тулан босож байгаа хүмүүсийн сүүдэр харагдаж байх бөгөөд босоод тэдгээр хоёр залуу өөд өөдөөсөө харан зогсож байгаад хар бараан өнгийн хувцастай эрэгтэй нь цагаан өнгийн хувцастай эрэгтэйгийн нүүр толгой хэсэгт баруун гараараа нийт 3 удаа цагаан хувцастай эрэгтэй цохиж 3 дахь цохилт дээр цагаан хувцастай эрэгтэй газар унахад хар хувцастай эрэгтэй цагаан хувцастай эрэгтэйгийн дээрээс нь биеэрээ дарж унан зүүн гараараа толгой хэсэгт 4 удаа цохиж байгаа харагдав. Зүүн гараараа цохьсоны дараа гараа солин цагаан хувцастай эрэгтэйг босголгүй дээрээс нь дарсан байдалтайгаар толгой хэсэгт нь 6 удаа цохиж байгаа нь сүүдэрт харагдаж байв.

Хар өнгийн хувцастай эрэгтэй хүн цагаан өнгийн хувцастай хүнийг дээрээс нь дарж цохиж байгаад бичлэгийн 01:04 дахь минутанд босож цагаан өнгийн хувцастай газар унасан хүний яг улаан нүүрэн хэсэгт баруун хөлөөрөө маш хүчтэйгээр өшиглөх ба тэгэхэд газар унасан хүний толгой савж байгаа харагдав” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 27-33 дугаар хуудас/    

Эд мөрийн баримтаар нэг ширхэг цагаан өнгийн компакт дискийг хэрэгт хавсаргах тогтоол. “БГД-н 18-р хороо 96-р сургууль” гэсэн бичигтэй нэг ширхэг компакт диск. /хэргийн 1 дүгээр хавтас, 25, 34 дүгээр хуудас/

Гэрч С.Батхуягийн “... 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... Болдбаатар, Энх-Амгалан, Тэмүүжин, Гантөмөр бид тав Гантөмөрийн машинтай 96 дугаар сургуулийн гадаа очсон. Тэр үед 96 дугаар сургуулийн гадаа үүдэн дээр Эрка /Энх-Амгалан/, Угтах, Дуламцэрэн, Өөмөө /Гантөмөр/, Жагар, Гантөр нар байсан ба бид нар бөөнөөрөө уулзаад Эрка, Дуламцэрэн бид 3 мөнгөө нийлүүлж байгаад архи авахаар ойролцоо дэлгүүр лүү орж 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд тухайн архийг ууж байх үед Болдбаатар, Гантөр хоёр хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсан талаар нь мэдээгүй. Хоорондоо барьцалдаж аваад Болдбаатар Гантөрийн өмсөж явсан футболкных нь захыг урчихсан тэр үед Гантөр футболкоо тайлаад бид нар тэр хоёрыг салгасан ба тэр хоёр ч хоорондоо хэрэлдэхээ больё гээд больсон.

... Нэг шил архи авч ирэхээр нь түүнийг нь хувааж ууж байх үед Болдбаатар миний утсыг аваад эхнэртэйгээ яриад өөрийнхөө байгаа газрыг хэлээд эхнэрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд сууж байх үед Гантөр босоод Болдбаатарыг “хоёулаа уулзаадахъя” гээд сугадаж аваад 96 дугаар сургуулийн хашаанд байсан 2 автобусны араар дагуулаад орсон. Тэгээд удалгүй хоорондоо зодолдож байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод ганцаараа тойроод очтол миний урдаас Гантөр гарч ирэхээр нь би Гантөрийг барьж аваад “юу болов” гэтэл намайг түлхэж өөрөөсөө холдуулаад хажуу талаар гараад зугтсан. Тэр үед нь автобус тойроод хартал Болдбаатар дээшээ харсан, хамраас нь цус гарсан, хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би очоод сэрээх гэж хацар луу нь гараараа алгадаж “зүгээр үү” гэж асуухад ямар нэгэн хөдөлгөөнгүй нүд нь хараатай мөртлөө хөдлөхгүй болохоор нь буцаж ... цагдаа дуудсан санагдаж байна. Тэгээд удалгүй цагдаа ирсэн ба цагдаа ирэх үед Гантөр байхгүй байсан.

Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй, нэг мэдсэн л хоорондоо барьцалдаж аваад хэрэлдэж байсан.

Гантөр Болдбаатартай “уулзъя” гэж аваад хоёулаа орсны дараа удалгүй хоорондоо зодолдож байгаа юм шиг чимээ гараад нэгнийгээ газарт унагаад өшиглөөд байгаа юм шиг чимээ гарахаар нь би ганцаараа босоод тойроод очтол миний өөдөөс Гантөр гараад ирсэн. ...

... Болдбаатарын унасан байсан газар нь цементэн гадаргуутай сургуулийн гадаах талбай байсан. Болдбаатарыг харахад, дээшээ харсан байдалтай, хамраас нь цус гарсан, нүүрэндээ өшиглүүлсэн бололтой гутлын оромны мөрөөр шороо болж зурагдаж хөхөрсөн байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өглөө уулзахад Болдбаатарын биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 129-132 дугаар хуудас/

“... И.Гантөр тухайн үед хар өнгийн богино ханцуйтай футболктой байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас/

Гэрч Ц.Эрдэнэбаатарын “... Тэр үед Гантөр Болдбаатарыг тэврээд “намайг уучлаарай, орхичихооч” гээд хүмүүсийн нүдэн дээр гуйгаад байсан.

... Тэгээд сандал дээр сууж байгаад би унтчихсан байна лээ. Гэтэл Хуягаа намайг сэрээгээд нөгөө Гантөр, Болдбаатар хоёр хэрэлдээд явсан, хойноос нь очъё гэсэн. Хуягаа бид хоёр Гантөр, Болдбаатар нарын араас гражийн булан тойроод очиход Болдбаатар дээшээ хараад хэвтэж байсан. Гантөр байхгүй байсан. Тэгээд Хуягаа цагдаа, түргэн тусламж хоёрт дуудлага өгсөн. Тэгээд Гантөр лүү залгахад Гантөр гар утсаа авахаар нь би хаана байна гэхэд Гантөр би гэртээ байна ... гэсэн. ... Цагдаа нартай байх үедээ Гантөртэй ярих үед Гантөр нь “би тэр Болдбаатар бандийг нам цохиод унагаасан, унадаг л байхгүй юу” чи хаана байгаа юм хүн амьтан дагуулж ирээд хэрэггүй  гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 136 дугаар хуудас/

Гэрч Ц.Энх-Амгалангийн “... Бид нарыг ирээд хэсэг сууж байтал И.Гантөр, Болдбаатар нар маргалдсан, юу гэж маргалдсаныг би одоо хэлж мэдэхгүй байна. Тэгээд маргалдаж байгаад барьцалдаж авсан ба бие биенээ харилцан заамдалцсан. Тэгэхэд Гантөр футболкоо тайлсан дээгүүрээ цээж нүцгэн болсон байсан ба Гантөр нь Болдбаатарыг хоёулаа ийшээ ороод уулзаадахъя гэж дагуулан автобусны араар орж хэсэг байж байгаад “эвлэрчихлээ” бидэнд тийм юм байхгүй гээд л гарч ирсэн.

... Гэртээ 18 цагийн үед орж ирээд байж байтал Батхуяг над руу утсаар залгаад” И.Гантөр, Д.Болдбаатарыг цохисон, Д.Болдбаатар амьсгалахгүй байна, үхчих шиг боллоо” гэхээр нь би гэрээсээ гараад ирсэн. Тэгэхэд л Болдбаатар нас барсан байдалтай байсан ба цагдаагийнхан ойртуулаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 146-147 дугаар хуудас/

Гэрч Ж.Олзвойн “ ... Би 96 дугаар сургуульд 1997 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байгаа. Би 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилтай байсан. ... Тухайн өдөр би ажил дээрээ байж байсан. ... Тэгээд ... гараад хартал манай сургуулийн сурагчдыг зөөдөг 2 автобусны голд үл таних 4-5 хүн архи ууж байсан. ... Тэгээд би өрөөндөө ороод 10 орчим минут болсон, тэгэхэд ямар  нэг зүйлийг цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь сандраад эргээд гараад хартал нэг ногоон өнгийн богино шорттой залуу “найзыг маань алчихлаа” гэж хэлээд орилж байсан. Тэгэхэд цагаан өнгийн футболктой эрэгтэй хүн ямар ч хөдөлгөөнгүй дээш харан хэвтсэн байсан. энэ үеэр хар бараан өнгийн футболк өмссөн залуу гүйгээд явж байсан юм. Тэгээд би 102 дугаарт өөрийнхөө 88932020 гэсэн дугаараас дуудлага өгсөн. ... Тэгээд цагдаагийнхан ирсэн.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 156 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1348 тоот Д.Болдбаатарын цогцост хийсэн задлан шинжилгээний актын:

“1. Талийгаачийн биед их тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал, баруун доод зовхи, баруун хацар шанаа дээд уруулын баруун хэсэг, доод уруулын баруун хажуу хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн хацрын төвгөр, баруун чихний ар болон урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.  Дээрхи гэмтлүүд нь талийгаачийн амьд үед үүссэн байна.

5. Дээрхи их тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Баруун доод зовхи, баруун хацар шанаа дээд уруулын баруун хэсэг, доод уруулын баруун хажуу хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн хацрын төвгөр, баруун чихний ар болон урд хэсэгт цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Талийгаач 2 дугаар бүлгийн цустай  байна.

8. Талийгаачийн гарын сарвууны гадар хэсэгт гэмтэл бэртэл байхгүй байна.

9. Үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шинжээч эмч Т.Номинцэцэг” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 162-167 дугаар хуудас/

Шүүх сэтгэц, эмгэг судлалаас 2016 оны 7 сарын 26-ны өдрийн 717 тоот дүгнэлтэнд:

“И.Гантөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ энгийн согтолттой байсан байна.

И.Гантөр нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 207-208 дугаар хуудас/

Шинжээч Т.Номинцэцэгийн “ ... Талийгаач Д.Болдбаатарын биед учирсан их тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал, баруун доод зовхи, баруун хацар шанаа, дээд уруулын баруун хэсэг, доод уруулын баруун хажуу хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн хацрын төвгөр, баруун чихний ар болон урд хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд нь 1 болон олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Бүх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн. Тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтлүүд нь талийгаачийг үхэлд хүргэсэн. Дээрхи гэмтлийг авсан хүн авсан даруйдаа нас барна. Эмнэлгийн тусламж авах боломж багатай. ... Яллагдагч Гантөрийн ... цусанд 5.0 промилли спиртийн агууламж нь хүнд зэргийн согтолтыг илэрхийлдэг. Ийм хэмжээний согтолттой хүн бол биеэ авч явах, хянах чадвар сул боловч идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийж чадна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 170-171 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг цуглуулах”, 93 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг бэхжүүлэх” зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан тул хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч И.Гантөрыг бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “И.Гантөрийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргаж бичгээр өгсөн болохыг дурдаж байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс  шүүхийн хэлэлцүүлэгт “И.Гантөрийн үйлдэл нь санаа сэтгэл нь  хүчтэй цочирон давчидсан үед бусдыг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэжээ.

          Шүүгдэгч И.Гантөр нь талийгаач Б.Болдбаатарт хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй харин И.Гантөр нь талийгаач Б.Болдбаатартай маргалдаад улмаар өөрөө түүнийг автобусны араар дагуулан аваачсан ба өөрөө  нэг удаа цохиулсаны дараа талийгаач Б.Болдбаатарыг толгой тус газар нь олон удаа санаатайгаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоноос шалтгаалж түүнд хүнд гэмтэл учирч улмаар уг гэмтлийн улмаас нас барсан тул хэргийн зүйлчлэл тохирсон тул өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Гантөрийн биеэс авсан шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох диазепам илэрсэн тул түүнийг сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хууль бусаар олж авсан хэрэгт шалгах шаардлагатай” гэжээ.

          Прокуророос И.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх энэ хэргийн хэмжээ хязгаар дотор хэргийг хэлэлцэх ажиллагаа явуулах тул өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлийг хэлэлцэх боломжгүй юм.     

 

Шүүгдэгч И.Гантөр нь урьд 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 60.000 төгрөгөөр торгох ял шийтгүүл байсан боловч түүний ялтайд тооцох хугацаа дууссан байна.

          Иймд шүүгдэгч И.Гантөрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Талийгаач Б.Болдбаатарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Цэцэгсүрэн “оршуулгын зардлаа төлүүлж авсан одоо хашаа, байшин авах 10.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Шүүгдэгч И.Гантөрийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэнд талийгаачийн оршуулгын зардалд нийт 9.805.000 төгрөг төлсөн бөгөөд одоо нэмж гаргуулах төлбөргүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

          1. Боржигоно овогт Ичинхорлоогийн Гантөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар И.Гантөрийг 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар И.Гантөрд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

              

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар И.Гантөрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 218 /хоёр зуун арван найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, И.Гантөр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол И.Гантөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Гантөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ

 

                                ШҮҮГЧИД                                                Ч.ОТГОНБАЯР

 

                                                                                       Л.ОЮУН