Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0153/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч Н.Ц***
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч бөгөөд хохирогч М.Б*** өмгөөлөгч Д.О***
Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Ц*** өмгөөлөгч Ж.Э***, С.С***,
Шинжээч эмч Д.Т***, С.Б***,
Гэрч Б.Э***, М.Б***, Д.О***,
Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Ц***, М.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийв.  

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт М.Б***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэрэгт А.Ц***д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Ц*** 1966 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй   ам бүл 3 эхнэр  хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл  сумын, ** дүгээр баг Б*** гэдэг газар  оршин суух хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай,

 Монгол Улсын иргэн, М.Б*** 1965 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Дархан сумын Өргөө баг “А***” ХХК-ийн хашаанд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх, **** регистрийн дугаартай. Урьд:
-2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
-2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан.

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б*** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “А***” ХХК-ийн аж ахуйн байшинд оршин сууж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Ц***тэй үл ялих урианаас шалтгаалан маргалдан улмаар А.Ц***ийн хэвлийн зүүн хэсэгт хутгаар хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Ц*** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “А***” ХХК-ийн аж ахуйн байшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэсэн үедээ М.Б***той маргалдан улмаар М.Б***ын бие мах бодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/                                            
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч бөгөөд хохирогч М.Б***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 1984-1987 Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт байрлах хуучнаар их бууны 120 дугаар ангид цэргийн алба хааж байсан юм аа. Тэр үед би цэргийн алба хааж байхдаа жагсаалын дарга албан тушаалтай, ахлах түрүүч цолтой цэргийн алба хааж байсан. Би Э*** гэдэг хүнтэй нэг салаанд 3 жил цэргийн алба хааж байсан. Харин А.Ц***ийн хувьд миний дараа орж ирсэн, 1985 оны байлдагч байсан. Ингээд би цэргийн алба хааснаас хойш одоог хүртэл нийт 30 жил болсон байна. Тэгээд би цэргийн албанаас халагдаснаас хойш надтай хамт цэргийн алба хааж байсан Э***тэй холбоогүй байж байгаад одооноос 2 сарын өмнө миний таньдаг А*** гэж залуу надтай таараад - тантай хамт цэргийн алба хааж байсан Э*** гэж залуу таныг таньдаг юм байна тэгээд би түүнд утсыг чинь асуугаад байхаар нь таны дугаарыг чинь өгчихлөө гэж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Э*** над руу утсаар залгаад би түүнтэй анх холбогдож байсан. Түүнээс хойш би Эрдэнбилэгтэй холбоогүй байж байгаад Э*** саяхан над руу утсаар залгаад - энэ тэндхийн сонин сайхан ярьж байгаад А.Ц*** Төв аймагт байдаг гэж хэлж байсан. Түүнээс хойш А.Ц*** Э*** миний гар утасны дугаарыг аваад би түүнтэй холбогдсон. Тэгээд би түүнтэй энэ тэндхийн сонин ярьж байгаад би түүнд надад хэдэн зарах автомашин байгаа, чи хөдөө байгаа юм чинь хүн амьтанд хэлж байгаарай гэж байсан. Саяхнаас Э*** над руу утсаар залгаад - аав маань хойно Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдарч байгаад нас барсан юм аа тэгээд би аавынхаа эд хогшлыг авах гэж А.Ц***ийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум явах замдаа уулзаад явъя гэж байсан тэр үедээ би түүнд - тэгье тэгье гэж байсан. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд намайг гэртээ байж байгаад гар утсаа анзаараагүй байхад Э*** миний гар утас руу 2-3 удаа запгасан байсан. Тэгээд би Э*** над руу залгасан байна гэж мэдээд түүн рүү тэр даруй залгахад Э*** надад А.Ц*** бид хоёр 22-ын товчоо өнгөрөөд явж байна гэж байсан. Тэгээд Э***, А.Ц*** хоёр Дарханд ирэх гэж байгааг мэдээд мөн өдрийн 16 цагийн орчимд эхнэрийнхээ хамт авто вокзал дээр Э***, А.Ц*** хоёрыг тосож авсан. Тэгээд бид нар манай гэрт очоод цэргийн алба хааснаас хойш 30-н жилийн дараа уулзлаа гээд баярлаж хөөрөөд манай гэрт хоол, цай идээд Э***, А.Ц*** нарын хамт архи уусан. Тэр үед манай эхнэр О*** бид нартай хамт байж байгаад 19 цагийн орчимд нөгөө гэртээ харилаа гээд яваад өгсөн. Ингээд Э***, А.Ц*** бид гурав манай гэрт үлдээд бид нар дахин архи уусан хэсэг байж байгаад Э***, А.Ц*** нар хоорондоо архи уугаад согтсондоо маргалдаад А.Ц*** Э***т хандаж - чи намайг Сэлэнгэ рүү миний машинтай намайг үнэгүй авч явж байна гэсэн утагтай юм яриад маргалдаад А.Ц*** нь Э***т агсраад байсан мөн А.Ц*** агсрахдаа манай гэрт байсан модон сандлыг над руу шидээд миний биед гэмтэл учруулсан. Тэгээд би уурлаад над руу юм шидлээ, айл хүндлэхгүй ширээн дээр байсан идээ шүүс асгаж цутгалаа манай гэрээс гар зайл гэж хөөсөн. Тэгсэн чинь А.Ц*** надад хандаж чиний цэрэгт жагсаалын дарга байсан чинь хамаагүй шүү гэсэн утагтай юм яриад ширээн дээр байсан архи асгаад махан дээр байсан хутгыг аваад над руу дайрсан. Тэгээд А.Ц*** над руу хутга бариад дайрахаар нь би хутганаас зайлаад түүнийг араас нь тэвэрч авсан чинь шалан дээр асгарсан цай, архи дээр халтирч унасан. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Тэр үед би  А.Ц***тэй хамт шалан дээр халтирч унахад толгойгоороо шал юм уу хана мөргөж унаад ухаан алдсан юм шиг байсан. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна.
Миний хувьд А.Ц***ийг хутгалаагүй харин А.Ц*** над руу хутга бариад дайрахаар нь би түүний араас тэвэрч аваад халтирч унахад тэрээр өөрийн барьж байсан хутга дээрээ унаад өөрийгөө хутгалсан гэж бодож байна. Надад үнэхээр найз нөхдийгөө хутгалъя гэсэн санаа бодол байгаагүй. Би тэр үед хөөрөөд нилээн архи уусан байсан болохоор өөрийн үйлдэл, ухааныг хянах чадвар муутай байсан нэг мэдсэн цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирсэн байсан ухаан орсон чинь өглөө Цагдаагийн газрын Саатуулах байранд сэрсэн. Би тэр үед А.Ц***, Э*** хоёрыг манай гэрт маргалдаад байхаар нь гэр орон хүндэлсэнгүй яв зайл гэсэн чинь А.Ц*** надад хандаж чиний жагсаалын дарга мөн түрүү оны цэрэг байсан чинь хамаагүй шүү гээд ширээн дээр махан дээр байсан хутгыг аваад шууд над руу дайрсан.
Би Э***ийг манай гэрийн унтлагын өрөөнд унтаж байсан гэж хэлэхэд нь итгэхгүй байгаа тэр үед Э*** унтаагүй, бид нартай хамт байсан. Э*** гэрч өөрийгөө энэ хэргээс зайлуулж байна. Би үүнээс болоод сэтгэл санааны дарамтад байна. Гурав дөрвүүлээ ирээд зардал нэхдэг. Би шаналаад сэтгэл санааны дарамтад байна. Улаан цайм хийсэн бол хэргээ хүлээнэ. Ийм асуудал болсон. А.Ц***ийг би эмнэлгийн хагалгаанд орсны дараагаар Дархан-Уул амгийн Нэгдсэн эмнэлэгт А.Ц***ийн эмчилгээний зардал гэж 1.070.000 төгрөг төлсөн байгаа. Сая нэмж 3.700.000 төгрөг өгсөн. Надад сонсгож байгаа ялын зүйл ангийг өөрчилж өгөхийг хүсэж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

Шүүгдэгч бөгөөд хохирогч А.Ц***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 120-р ангид 1985-1988 оны хооронд цэргийн алба хааж халагдаж байсан. М.Б***, Э*** гэж хүмүүс миний дээд оны цэргүүд байдаг байсан. Тэгээд би түүнээс хойш анх М.Б***, Э*** нарыг таньдаг болсон. Тэгээд би цэргээс халагдсанаас хойш М.Б***, Э*** нартай огт холбоогүй байж байгаад 2015 оны 12 дугаар сард байсан санагдаж байна Э*** миний гар утасны дугаар олоод би түүнээс хойш Э***тэй холбоотой байдаг болсон. Тэгээд би Э***тэй холбоотой байдаг болсноос хойш цагаан сарын өмнө Э*** надад манай ээж, аав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдарч байгаад аав маань нас бараад ээж минь Улаанбаатар хотод орж ирээд суурьшсан. Тэгээд аав, ээжийнхээ гэрийн эд хогшлыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас авчрах гэсэн юм гэж ярьж байсан. Тэгээд Э*** намайг машинтайгаа хамт Сэлэнгэ аймаг руу яваад өгөөч гэж хэлж байсан. Тэр үедээ би Э***т хоёулаа тэгвэл цагаан сарын дараагаар Сэлэнгэ аймаг яваад ирье гэж байсан. Ингээд би цагаан сар өнгөрөөгөөд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний портер машинтай Э***ийн хамт Сэлэнгэ аймаг руу явсан. Сэлэнгэ аймаг руу явахаас өмнө нь Э*** надад хамт цэргийн алба хааж байсан М.Б*** Дархан хотод амьдарч байгаа гэсэн. Тэгээд Э*** надад М.Б***ын гар утасны дугаарыг нь өгөхөөр нь би М.Б***той 1 удаа ярьж байсан. Тэгээд би Э***ийн хамт Улаанбаатар хотоос гараад Сэлэнгэ аймаг руу явж байхдаа Э*** М.Б***ын гар утас руу залгасан чинь М.Б***ыг утсаа авахгүй байна гэж байсан. Тэгээд Э*** бид хоёр 22-ын товчоо өнгөрөөд явж байхад М.Б*** Э*** рүү залгасан байна гээд эргүүлээд залгасан. Тэгээд Э*** М.Б***од надтай хамт Сэлэнгэ аймаг руу явж байгаа талаараа хэлэхэд М.Б*** би Дарханд байна манай гэрээр ороод гараараа гэж хэлж байсан. Тэгээд би Э***ийн хамт 16 цагийн орчимд Дархан хотод орж ирээд М.Б*** Дарханы авто вокзал гэх газраас Э*** бид хоёрыг тосож аваад гэртээ аваачсан. Ингээд М.Б*** гэртээ Э*** бид хоёрыг оруулаад гэртээ бууз жигнэж өгөөд мөн хоол, цай хийж өгөөд бид нар хоорондоо 30-н жилийн дараа уулзацгаалаа гээд хөөрөөд архи уусан. Тэр үед М.Б***ын гэрт түүний эхнэр, эхнэрийнх нь найз гэх эмэгтэй хэсэг байж байгаад гаднаас М.Б***ын эхнэрийн найз эмэгтэйн нөхөр нь гэх залуу ирээд М.Б***ын эхнэр, түүний найз эмэгтэй болон нөхөр нар нь хамт гурвуулаа харилаа гээд 19 цагийн орчимд гараад явцгаасан. Тэгээд М.Б***ын гэрт М.Б***, би, Э*** бид гурав үлдээд архи ууж байхдаа цэрэгт байсан үеийн зүйлийг хоорондоо ярьцгаасан. Ингээд хэсэг хугацааны дараа Э*** унтаж амарлаа гээд М.Б***ын гэрийн жижиг өрөө рүү ороод орон дээр нь хэвтэж байсан. Түүний дараа би М.Б***той хамт юм яриад сууж байхдаа урьд өмнө чи, би цэрэгт ийм, тийм байсан гэж гэж ярьцгааж байгаад хоорондоо маргалдаад би М.Б***той нэг нэгнээ заамдаж аваад хоорондоо ноцолдоод бид хоёр хамт газар унасан тэгээд би босоод ирсэн чинь миний зүүн хэвлий хэсгээс цус гоожиж байсан тэгсэн чинь М.Б***ын гарт хүрэн бор өнгийн иштэй том хутга гарт нь харагдсан. Тэгээд би М.Б***ыг намайг хутгалчихлаа гэж бодоод би М.Б***од чи намайг хутгалчиж байгаа юм уу гэж дайрахад М.Б*** надад -би чамайг хутгалаагүй гэж байсан. Тэгэхээр нь би түүнд -чамаас өөр намайг хэн хутгалдаг юм гээд Э***ийг унтаж байхад нь дуудаад -М.Б*** намайг хутгалчихлаа гэж Э***т хэлээд Э***ийн хамт эмнэлэг явсан. Тэгээд би даруйдаа эмнэлэгт очоод яаралтай хагалгаанд орсон. М.Б*** намайг хутгаар хутгалсны дараагаар би М.Б***од хандаж –чи намайг хутгалчиж байгаа юм уу гээд би М.Б***ыг цохисон асуудал байгаа. Гэхдээ би М.Б***ыг яаж хаана нь цохисон талаараа сайн санахгүй байна.
Би Э***тэй маргалдаж, зодолдсон асуудал бол байхгүй. Э*** бид гурав хэсэг юм ярьж сууж байгаад Э*** унтлаа гээд М.Б***ын жижиг өрөө рүү ороод унтаад өгсөн.
Би урьд өмнө М.Б***той өр авлага, өс хонзонгийн асуудалтай бол байгаагүй
Миний зүгээс одоо бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Холбогдогч талаас миний эмчилгээний зардалд бүгдийг төлсөн учир одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 66 дугаар хуудас/

Гэрч Б.Э***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... М.Б***ынд хоол цай идэж уугаад бас ямар архи байсныг одоо санахгүй байна ямарч байсан 1 шил архи гаргаад түүнээс нь М.Б***, А.Ц*** нар мөн М.Б***ын эхнэр нь, эхнэрийнх нь хуурай дүү нь гээд эмэгтэйгийн хамт ууцгаасан. Би бие муутай архи уудаггүй болхоор тэд нар надад пиво авч өгснийг нь би уугаад сууж байсан. Тэгээд бид юм яриад архи, дарс ууж хоол идэж сууж байгаад орой цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байхад М.Б***ын эхнэр нь найз эмэгтэйгийнхээ хамт өөр гэрт очиж хононо, бидний байсан байр зай багатай байсан болохоор М.Б***, А.Ц*** бид нарыг тэндээ унтаж амар гээд үлдээгээд явсан. М.Б***ын эхнэрийг явсны дараа М.Б***, А.Ц*** бид гурав хамт гадагшаа гараад дэлгүүрээс 1 шил архи, 2 ширхэг пиво аваад буцаж очоод М.Б***, А.Ц*** нар архиа уугаад харин би пивоо уугаад юм яриад сууцгаасан. Тэгэхэд би ядрахаараа юм ярьж чадахгүй болчихдог учир нөгөө хоёрт би амарлаа гэж хэлээд хажуугийнх нь өрөөнд ороод унтаж амрахаар хэвтсэн. Тэгэхэд М.Б***, А.Ц*** нар хоёул юм яриад инээлдээд суугаад үлдсэн. Тэр үед М.Б*** нилээд халсан харин А.Ц*** арай бага согтолттой юм шиг байсан. Намайг нөгөө өрөөнд хэвтэж зүүрмэглээд байж байхад гэнэт А.Ц***ийн гэдэс хэвлий орчимд нил цус болчихсон түүнийгээ гараараа дарж орж ирээд намайг дуудан эмнэлэг яаралтай явъя. М.Б*** миний энд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би босоод гутлаа өмсөөд нөгөө өрөөрүү ороход М.Б*** агсраад “Алаад өгнө, хядаад өгнө” гээд л бархираад байсан. Тэгэхэд нь би М.Б***ыг чи найзыгаа хутгалчихсан байна ш дээ гэхэд М.Б*** тоохгүй хашгичаад байхаар нь цагдаа дуудлаа гэхэд “Цагдаа яадаг юм” гээд бархираад хашгичаад А.Ц*** бид хоёрыг хөөгөөд байхаар нь А.Ц***ийг дагуулан гараад урд замаас такси барьж эмнэлэгт очсон. Тэгээд А.Ц***ийг эмнэлэг дээр байхад М.Б***ын гэрт цагдаа нартай хамт очиход М.Б*** согтуу унтаж байгаад сэрээд архи нь гараагүй бас агсраад л байсан. Тэгээд цагдаа нар эрүүлжүүлэх рүү авч явсан. А.Ц*** хэлэхдээ л М.Б*** намайг хутгалчихлаа эмнэлэг явъя гээд ирсэн. Би унтах гээд зүүрмэглэж байсан болохоор яг юу болсныг нь мэдээгүй. М.Б*** тухайн үед согтчихсон алаад өгнөө гээд л цамнаад агсраад байсан. Яг хутгалж байхыг нь би хараагүй. Сүүлд цагдаатай хамт буцаж очоод харж байхад М.Б***, А.Ц*** нарын байсан өрөөний ширээн доороос хүрэндүү бариултай, цагаан сар баяраар айл ууцан дээрээ тавьдаг шиг том хутга гаргаж хураан авч байх шиг байсан. Намайг харж байхад А.Ц***, М.Б***ын өмнөөс хэрүүл маргаан хийж, зодож цохилцсон зүйл болоогүй.
А.Ц***, М.Б*** бид нар 30 гаруй жилийн өмнө хамт цэргийн алба хааж байсан. А.Ц*** 1985 онд, М.Б*** 1984 онд цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хааж байсан юм. Миний мэдэхийн тэдний дунд өс хонзон, маргаан гэхээр зүйл байгаагүй. Цэргийн албанд байснаас хойш уулзалдаагүй. Сар гаруйн өмнөөсл бид бие биеийнхээ утсыг мэдэлцэж, хааяа нэг утсаар ярьдаг байж байгаад уулзаж байгаа нь л тэр байсан юм”   гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Д.О*** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
    Манай нөхөр надад ярихдаа хамт цэргийн алба хааж байсан Э*** гэж хүнтэй холбогддог болсон. 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн өглөөний 07 цаг өнгрөөгөөд миний гар утас руу Э*** залгасан байсан. Тэр үед би Э***ийг миний утас руу залгасан байсаныг нь би мэдээгүй тэгээд би мөн өдрийн өглөөний 10 цагийн орчимд гар утасаа анзаарч харсан чинь Э*** миний гар утас руу залгасан байна гэхэд М.Б*** Э***рүү тэр даруй залгасан тэгсэн чинь Э*** М.Б***од – Улаанбаатар хотоос гараад 22-ын товчоо өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд би М.Б***ын хамт Э***ийг манай гэрт ирэх гэж байгааг мэдсэн. Тэгээд би М.Б***ын хамт Э***, А.Ц*** гэж хүмүүсийг авто вокзал дээр тосож авсан. Тэгээд бид нар манай гэрт ирээд би тухайн хүмүүст хоол, цай хийж өгөөд 1 шил архи гаргаж өгсөн тэгээд би гэртээ Э***, М.Б***, А.Ц*** нартай хэсэг байж байгаад 19 цагийн орчимд охинийхоо гэрт очих гээд яваад өгсөн тэр үед Э***, М.Б***, А.Ц*** нар манай гэрийн гал тогоонд архи уугаад үлдсэн. Миний хувьд Э***, А.Ц*** гэх хүмүүсийг огт танихгүй 2016 оны 02 сарын 16-ны өдөр Дарханд ирэх үед нь л тухайн хүмүүсийг харсан.
    Э***, А.Ц*** нар манай гэрт ирээд М.Б***той намайг гэртээ байх үе хүртэл маргаж муудсан асуудал бол байхгүй тэр үед А.Ц*** манай гэрт орж ирээд би Э***ийн төлөө Төв аймгаас Улаанбаатар хот очоод Улаанбаатар хотоосоо Сэлэнгэ хүртэл үнэгүй энэ нөхрийн төлөө явж байна гээд Э***т үг хаяаад байсан. Түүнээс манай нөхөртэй маргаж муудсан асуудлыг би лав мэдэхгүй.
    Би М.Б*** гэж хүнтэй анх 1984 онд гэр бүл болж байсан юм түүнээс хойш бид 2 өөрийн төрсөн 2 хүүхэдтэй болсон хүүхдүүд маань том болж нас биед гүйцсэн хүмүүс байдаг гэхдээ хүүхдүүд маань бид 2 той хамт амьдардаг. Миний нөхөр 1982-1994 он хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уурхайд хүнд машин механизмын жолооч хийж байсан түүнээс хойш дандаа хувиараа ажил хийж амьдрах болсон. Миний нөхөр өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай гэр бүлийг миний нөхөр л авч явдаг манай гэр бүлийн дундаж түвшний амьдралтай айл байдаг. Нөхөрийн минь зан байдлын хувьд гэвэл төлөв даруу зантай, баяр ёслолын үеэр хааяаал нэг архи ууна харин тамхи татдаггүй.
    Миний нөхрийн өөрийн эзэмшилд нь цагаан өнгийн Хонда маркийн ** ДАР улсын дугаартай суудалын автомашин байдаг өөр түүнд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Мөн манай хашаан дотор эвдэрхий Хюьндай аксент маркийн суудлын авто машин байдаг. Дээрхи авто машинууд бүгд банкны барьцаанд байдаг автомашинууд байгаа.
    Миний хувьд би нөхрийгөө хүн хутгалсан гэх үйлдэлд итгэхгүй байгаа яагаад гэвэл би түүнийг хүн хутгалах зориг зүрхтэй хүн гэж бодохгүй байна. Мөн А.Ц***ийг хутгалсан гэх хутгаар М.Б*** яагаад ч хүн хутгалахгүй яагаад гэвэл тухайн хутга М.Б***ын аав Мягмар гэж хүнээс хүүдээ өвлүүлж үлдээсэн хутга байдаг юм аа. М.Б*** тухайн хутгандаа маш их хайртай манайх ганцхан тухайн хутгыг цагаан сараар л гаргаж тавьдаг бусад үед манай тухайн хутгыг далд хийдэг гэх мэдүүлэг /ХХ-н 26 дахь тал/
    
    А.Ц***, Э*** 2016 оны 02-р сарын 16-ны өдөр манай гэрт ирэхэд манай нөхрийн биед дээрхи гэмтлүүд бол байгаагүй маргааш өдөр нь 2016 оны 02-р сарын 17-ны өдөр би нөхрийнгөө Цагдаагийн газрын саатуулах байрнаас гаргаж авахад нүд нь хөхрөөд, хүзүү ам нь илт зулгарсан байдалтай байсан гэх мэдүүлэг нь /хэргийн 27 дугаар хуудас/

Гэрч М.Г*** мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд байсан санагдаж байна. Намайг Улаанбаатар хотод ажил дээрээ байж байхад А.Ц***, Э*** нар Сэлэнгэ аймаг руу явж байна тэгээд А.Ц*** намайг Сэлэнгэ аймаг хамт явах уу гэхээр нь би завгүй байна гээд үлдэж байсан юм. Тэгээд А.Ц***, Э*** хоёр манай ажлаар хальт орчоод Сэлэнгэ явлаа гээд яваад өгсөн. Ингээд мөн өдрийн үдээс хойш нь байсан санагдаж байна А.Ц*** над руу залгаад Дарханд ирчихлээ тэгээд цэргийн он жав М.Б*** гэж найзтайгаа уулзаад гэрт нь хонохоор боллоо гэж байсан. Ингээд мөн өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд байсан санагдаж байна намайг гэртээ байж байхад А.Ц*** над руу залгаад - чи намайг Дарханаас ирээд ав болохоо байлаа гэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад - М.Б*** намайг хутгалчихлаа би үхлээ гэхээр нь А.Ц***ийн над руу ярьсан яриаг нь би утсан дээрээ бичиж авч байсан. Тэгээд А.Ц***ийн цаана нь М.Б*** согтуу гэмээр цагдаа надад хамаагүй би нэг удаа шаачдаг хүн гээд орилж чарлаад байгаа нь надад сонсогдож байсан. А.Ц***ийн над руу ярьсан ярианы бичлэг миний утсан дээр хадгалаастай байгаа.
    Би А.Ц***, Э***, М.Б*** нартай хамт цэргийн алба хааж байсан тэгээд би түүнээс хойш А.Ц***тэй найз нөхдийн харилцаа холбоотой байх болсон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/

Гэрч М.Б*** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт харуулын цагдаа хийдэг юм аа. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байсан санагдаж байна. Би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тэр өдөр 00 цагийн орчим Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах А*** ХХК-ийн аж ахуйн байшин дотор хутгатай хүн агсам согтуу тавиад байна гэх мэдээллийн дагуу хэргийн газарт очсон. Ингээд намайг хэргийн газар очиход 40-50 орчим насны М.Б*** гэж эрэгтэй хүн агсам согтуу тавиад орилж чарлаад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд би тухайн этгээдийг цагдаагийн газрын саатуулах байранд хүргэн өгч саатуулсан. Би хэрэг болсон газрын дотогш бол ороогүй. М.Б*** гэж хүнтэй гэрийн үүдэнд нь таараад цааш цагдаагийн газрын саатуулах байранд хүргэж өгсөн. Тэр үед удаагүй миний араас бүрэлдэхүүн ирсэн. М.Б***ын биед гэмтэл учирсан байсан эсэхийг тухайн үед анзаараагүй. Ямарч байсан 2 гар нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх 138 дугаар хуудас/

Гэрч Б.Б*** мөрдөн байцаалтад өгсөн: Би М.Б*** гэж хүний том охин нь байгаа юм. Би эхээс хоёулаа миний доод талд Төрболд гэж эрэгтэй дүү байдаг. Намайг бага байхад аав маань Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нүүрсний уурхайд хүнд машин механизмын жолооч хийдэг байж байгаад ажлаасаа гараад намайг 2 дугаар ангид байхад манайх Дархан-Уул аймагт нүүж ирж байсан. Ингээд түүнээс хойш аав маань хувиараа жижиг дунд бизнес хийдэг байсан. Миний эцгийн хувьд гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг мөн аав намайг нэг ч удаа загнаж үзээгүй, төлөв даруу зантай, хөдөлмөрч хүн байдаг. Миний эцэгт ямар нэгэн хорт зуршил байхгүй. Миний сонсож байснаар эцэг минь намайг төрж байхад цэргийн албанд яваад албаа 3 жил хаагаад ирж байсан гэсэн. Өөр би аавынхаа талаар мэдэх зүйл байхгүй. Аавд миний мэдэхийн хөдлөх үл хөдлөх ямар нэгэн эд хөрөнгө байхгүй.
    Миний зүгээс хохирогч талын хүмүүсийг маш сайн шалгаж өгөхийг хүсэж байна. Би аавыгаа хүн хутгалсан гэхэд нь итгэхгүй байгаа мөн би аавийгаа ямар нэгэн муухай авир зан гаргаж байхыг огт харж байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дахь тал/

Гэрч Б. Т*** мөрдөн байцаалтад өгсөн:  Би аавынхаа хамгийн бага хүү нь байгаа юм миний дээд талд Б*** гэж эгч минь байдаг. Миний мэдэхийн аав минь Шарын гол сумын уурхайд ажиллаж байгаад ажлаасаа гараад Дархан хотод нүүж ирж байсан гэж сонсож байсан түүнээс хойш аав минь Дархан зах дээр гутлын лангуу дээр гутал зарж байгаад түүнийгээ болиод одоо Оросын холбооны улсаас хүнсний бараа бүтээгдэхүүн авчирч Дархандаа зарж борлуулж байгаа. Миний аавын хувьд хэр барагтаа уурлаад байдаггүй, цэвэрч нямбай гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг. Аав минь тамхи татдаггүй жаахан архи уух гээд байдаг. Манайх гэр бүлээрээ одоохондоо гэрт түр амьдарч байгаа. Гэхдээ би аавийгаа тэр болгон архи уугаад байгааг нь харж байгаагүй. Гэр бүлээ гэсэн сэтгэлтэй хүн байдаг. Би аавыгаа хүн хутгалсан гэхэд нь огт итгэхгүй байгаа гэх мэдүүлэг нь /хэргийн 30 дугаар хуудас/

Шинжээчийн эмч С.Б*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмтэл нь тухайн үед үзэхэд шинэ гэмтэл байсан. Байрлал нь болохоор хүзүү бугалга, зовхи, шилбэ гээд олон газар гэмтсэн байсан. ...Нэг удаагийн үйлдлээр олон давтамжтайгаар үүсэх боломжтой. ...Өмсөж явсан хувцасны мөрөөр үүсгэгдсэн боолт байсан гэв. ...Гэмтэл нь их бага хэмжээгээр ялгагдана. Сараас дээш хоногт эдгэнэ. ...Одоо бүрэн эдгэрсэн” гэх мэдүүлэг,

    Шинжээчийн эмч Д.Т*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэж болно. Цээжний хөндий дээрээс доошоо, гаднаас дотогшоо гэсэн шарх байгаа. ...Хутга нь ямар байдалтай байснаас шалтгаалаад хүний гараар үүсгэгдэж болно. Цээж хэвлийн хөндийг заагласан эрхтэн өрц байдаг. Цээжний хөндийгөөр ороод өрцийг нэвтрээд цаашаа бүдүүн гэдэс рүү нэвтэрсэн тийм шарх байгаа. ...Доороос хутгалагдсан бол шархны нүхээр нарийн бүдүүн гэдэс, сэмж цухуйдаг. Анх үзэхэд эрхтэн цухуйсан зүйл байхгүй. Хэвлийн хөндийд цусан хураа үүссэн байсан гэв. ...Гэмтлийн зэрэг тогтоох заавар дээр заасан байдаг. Хэрвээ яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол амь насаа алдах боломжтой байсан гэсэн үг” гэх мэдүүлэг

Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 04-ний “Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хутган дээрээс 1 гарын цусан мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын цусан мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын цусан мөр М.Б***ын гарын хээний дардастай тохирохгүй” гэх 2227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 18-ний “Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх хутганы ажлын хэсэг болон бариулын хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. ДНХ-ийн тогтоц тогтоосон тул бүлгийн харъяалал тогтоогдоогүй болно. Хэргийн газраас хураан авсан гэх хутганы ажлын хэсэгт болон бариулын хэсэгт D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA, гэсэн локусын аллелиар хохирогч А.Ц***ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 2903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/

Өвчтөний түүх /хавтаст хэргийн 69-93 дугаар хуудас тал/

Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 20-ний “Хэргийн газрын үзлэгээс хурааж авсан хутган дээрээс илэрсэн 1 ширхэг гарын

цусан мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул А.Ц***ийн гарын дардастай адилтгах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/

Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд А.Ц***ийн биед цээж хэвлийн хөндийд нэвтэрч өрц болон бүдүүн гэдэс гэмтсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын дараахи хурц цус багадалт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 ба 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. А.Ц***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хх 32 дугаар хуудас/,

Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд М.Б***ын биед хүзүүнд зулгаралт, зовхи, бугалга, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 32 дугаар хуудас/,

Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд /хх 37, 42 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хх 89, 111 дүгээр хуудас/ зэрэг болно.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч бөгөөд хохирогч М.Б***, А.Ц*** нарын өгсөн мэдүүлгээр А.Ц*** нь М.Б***оос өөрийгөө хамгаалахын тулд М.Б***од хутгалагдсаны дараа ноцолдож байгаад М.Б***ын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Харин шүүгдэгч М.Б*** нь А.Ц***ийг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэрч Б.Э***ийн өгсөн “...Намайг нөгөө өрөөнд хэвтэж зүүрмэглээд байж байхад гэнэт А.Ц***ийн гэдэс хэвлий орчимд нил цус болчихсон түүнийгээ гараараа дарж орж ирээд намайг дуудан эмнэлэг яаралтай явъя. М.Б*** миний энд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би босоод гутлаа өмсөөд нөгөө өрөө рүү ороход М.Б*** агсраад “Алаад өгнө, хядаад өгнө” гээд л бархираад байсан. Тэгэхэд нь би М.Б***ыг чи найзыгаа хутгалчихсан байна шүү дээ гэхэд М.Б*** тоохгүй хашгичаад байхаар нь цагдаа дуудлаа гэхэд “Цагдаа яадаг юм” гээд бархираад хашгичаад А.Ц*** бид хоёрыг хөөгөөд байхаар нь А.Ц***ийг дагуулан гараад урд замаас такси барьж эмнэлэгт очсон. Тэгээд А.Ц***ийг эмнэлэг дээр байхад М.Б***ын гэрт цагдаа нартай хамт очиход М.Б*** согтуу унтаж байгаад сэрээд архи нь гараагүй бас агсраад л байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шилжилгээний Үндэсний хүрээлэнгийн “А.Ц***ийн биед цээж хэвлийн хөндийд нэвтэрч өрц болон бүдүүн гэдэс гэмтсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын дараахи хурц цус багадалт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 ба 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б*** нь А.Ц***ийг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл  санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ц***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, шүүгдэгч М.Б***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Ц***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч М.Б***ын бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ц*** нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ц*** нь эмчилгээний зардал гэм хорын хохиролд 4.770.000 төгрөгийг шүүгдэгч М.Б***оос хүлээн авч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шүүгдэгч М.Б***ыг төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгч М.Б***од ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эмчилгээний зардал хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Б***од ял оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд хэргийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хэрэг үйлдэлд хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
 
Шүүгдэгч М.Б***ын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч А.Ц*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 15 см урттай, хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.М.Б***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, А.Ц***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ц***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч А.Ц***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч М.Б***ыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.Б***од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар М.Б***ын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар А.Ц*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Б***, А.Ц*** нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ажлын хэсэг нь 15 см урттай, хар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар М.Б***од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, А.Ц***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б***од авсан цагдан хорих, А.Ц*** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  


                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   П.БАТТУЛГА
    

                                                        ШҮҮГЧ                   Т.ЭНХЖАРГАЛ

                     
                                                                                       Т.БАТЖАРГАЛ