Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1154

 

 

 

 

 

 

 

 

  2023     11            17                                2023/ШЦТ/1154            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

Улсын яллагч: Ш.Анужин /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 22020070***** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** ресторанд бартендер ажилтай, ам бүл 3, эцэг, өвөө нарын хамт *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин сууж байгаа,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож Б.Б-д 1 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ** овогт Б.Б /РД:*********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр Мэлхий хад орчмоос өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн улмаар, 2022 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 100 айлын автобусны буудлын орчимд *** улсын дугаартай Тоёота приус альфа-41 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 47,0 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Б нь “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр Мэлхий хад орчмоос өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн улмаар, 2022 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 100 айлын автобусны буудлын орчимд *** улсын дугаартай Тоёота приус альфа-41 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 47,0 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/,

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 03 цаг 50 минут орчим манай ажил тарсан. Би ажлынхаа охин Мядагмааг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Б.Б найз охинтойгоо намайг МУИС-ийн 5 дугаар байрнаас ирж аван гэр рүү хүргэж өгч байхад 100 айлын гүүрэнд замын цагдаа зогсоогоод Б.Б драгер үлээж бид 3-ыг цагдаагийн газар авчирсан. Би одоогоос 4 хоногийн өмнө Б.Б найзаас өвс гуйж аваад хэрэглэсэн байсан. Би өвсийг цаасанд ороож байгаад татаж хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл Б.Б, Б.Т /хх-ийн 18-19х/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Б.Т, Б.Б /хх-ийн 21, 26х/,

 Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 30х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32х/,

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...машиныг ачлагын машинаар ачуулан Сүхбаатар Дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авч ирсэн. Ингээд цагдаагийн газрын гадаа машинд үзлэг хийх үеэр машины арын багажны хэсгээс хар өнгийн цүнхэн дээр гялгар ууттай өвс мэт зүйлийг гаргасан байсан. Тухайн үед машинд үзлэг хийгээд гарч ирсэн өвс ургамлыг Б.Б минийх байгаа юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 5415 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. Гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 47,0 грамм байсан" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5416 дугаартай " Б.Б УХ981202** шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. тетрагидроканнабинол НYБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1179 дугаартай Б.Б-д сэтгэцийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71х/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын тархацын судалгаа /хх-81-82/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө болсон зүйлийн талаар мэдүүлсэн... гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Тухайн хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр Мэлхий хад орчмоос өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн улмаар, 2022 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 100 айлын автобусны буудлын орчимд *** улсын дугаартай Тоёота приус альфа-41 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 47,0 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Нөгөө талаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой.

Иймд шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б-д оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй. Гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 47 гр жинтэй өвс гэх нэршилтэй бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Өмнө нь шийтгүүлсэн хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусд нь эдлүүлэх саналтай байна гэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйчлэлтэй маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах саналыг хэлье. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй оролцсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад нуун дарагдуулаагүй, бүх зүйлийг үнэнээр мэдүүлсэн нийгэмд аюулгүй гэдэг нь харагдаж байна. Сэтгэл санаа нь хэцүү байсан учраас сургалтад сууж амьдрах арга ухаанд суралцаж, хичээж байгаа. 2017 онд хууль тогтоогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр заалтуудыг оруулж ирэхдээ “хорих ялаас татгалзаж, эрүүгийн  хэрэгт олон төрлийн сонгох санкци оруулж өгсөн” байдаг. Зорчих эрх хязгаарлах, хязгаарлалт тогтоох, зарим нэгэн үйлдэл хийхгүй байхыг даалгах гэх мэт ялуудыг сонгох эрхтэй байгаа. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна, хуульд заагаагүй хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хүүхдэд авагдсан. Давж заалдах шатны магадлалаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 4.5 жилийн хугацаатай өгөөд, одоогоор 3.1 жилийн эдлээгүй ял үлдсэн байгаа. Улсын яллагчаас 2 жилийн хугацаагаар хорих ял, зорчих эрх хязгаарлах ялыг тусд нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулиийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонголттой санкци байгаа. Хорих ялаас өөрөөр зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар сунгаж болно. 2023 оны 6 дугаар сард зорчих эрхийг хязгаарлах ял авагдсан. Энэ хугацаанд ямар ч таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй. 6 сараас хойш зорчих эрх хязгаарлах ялаа зөрчөөгүй. Энэ эрүүгийн хуульд өмнөх эрүүгийн хариуцлага тусдаа учраас өмнө ял эдэлж байсан гэдгээ давхар яллах асуудлыг огт оруулаагүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал авагдсан байна. Хүндрүүлэх нөхцөл байдал авагдаагүй байна. Гэрч Н-н мэдүүлгээр “бага насанд нь аав ээж нь салсан, эмээ өвөө дээрээ өссөн” гэсэн байна. Гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь эцэг эхийн хараа хяналтгүй, эцэг эхийн сэтгэл зүйн байдлаас болж ганцаардсан үедээ гэмт хэрэгт холбогдсон байна. Одоогоор миний үйлчлүүлэгч сургалтад хамрагдсан, ялаа эдлээд зөрчил гаргаагүй гэдгийг харгалзаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2 шийтгэх тогтоолыг нэмж нэгтгээд хуульд заасан хамгийн өндөр буюу 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2023/ДШМ/673 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдснээ биелүүлж дуусаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2023/ДШМ/673 дугаартай магадлалаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайнэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй, 47,0 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис”-г зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор 1 / нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 673 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайнэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй, 47,0 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис”-г зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС