Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 40

 

З.Е-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0064/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, З-ын Е-д холбогдох, 1918008450022 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2., 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан З.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт З-ын Е-.

Шүүгдэгч З.Е- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Мангирт, ** дугаар хэсэг, ** дүгээр гудамжны ** тоотод өөрийн гэртээ иргэн Д.Б-тай маргалдан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  85 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт З-ын Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар З.Е-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Е-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч З.Е-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар З.Е-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар З.Е-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Е-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Е-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5.д заасан үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Е-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т заасан үндэслэл нь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа өмнөх хэрэгт оногдуулсан ялыг сүүлийн үйлдсэн хэрэгт заавал нэмж нэгтгэх ёстой гэсэн санаа биш бөгөөд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан ялыг тусад нь эдлүүлэх боломж, үндэслэл байгаа юм.

Шүүх ялыг нэмж нэгтгэх болсон үндэслэл, шалтгааны талаар хууль зүйн дүгнэлт, хийгээгүй, зөвхөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталж ялыг нэмж нэтгэсэн ба хуулийн энэ зүйл, хэсгийн агуулга нь “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Е-ийн хувьд энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, өмнөх шийтгэх тогтоол болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.т заасан ялын төрлөөс аль ч ялыг оногдуулаагүй, ял эдэлж байгаагүй ба хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байсан тохиолдол үүнд хамаарахгүй ба түүнийг ял эдэлж байсан, улмаар ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хорих ял оногдуулахааргүй гэмт хэрэг үйлдэн шийтгүүлсэн торгох ялыг хорих ялаар солих болсон хууль зүйн үндэслэлийг дурдалгүйгээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялд торгох ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2., 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүх хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулах нь зүйтэй байсан бөгөөд ингэж ял оногдуулаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч З.Е-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19.30 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсэг, ** дүгээр гудамжны ** тоотод өөрийнхөө гэрт иргэн Д.Б-тай маргалдан, нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь духны баруун хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч З.Е-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000   төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны 151 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Е-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч З.Е-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч З.Е-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.Е- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-, гэрч Б.Ү-, Б.И- нарын мэдүүлэг, хохирогч Д.Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-12-11-ний өдрийн 16 дугаар дүгнэлт болон тухайн үед болсон үйл баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д заасан үндэслэлээр шүүгдэгч З.Е-ийн урд шийтгүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн дээрх 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд хорих ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Е-ийн хувьд энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, өмнөх шийтгэх тогтоол болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.т заасан ялын төрлөөс аль нэг ялыг оногдуулаагүй, ял эдэлж байгаагүй ба хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байсан тохиолдол үүнд хамаарахгүй, түүнчлэн шүүгдэгч З.Е- нь урд шүүхээс торгох ял шийтгүүлээд шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй, биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй, торгох ял шийтгүүлж байгаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял болгосон нь хуулийн үндэслэлгүй юм.

Харин шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2., 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүх хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, хэргийн зүйлчлэл, зүйл, хэсэг тус бүрт зааснаар оногдуулсан ялын хэмжээг өөрчлөхгүйгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч З.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Е-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй...гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч    З.Е-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч З.Е-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 90.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч З.Е- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ