Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 11

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Доржсүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Ц.Батбилэг нь С.Доржсүрэнтэй 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орифлэйм Монгол ХХК-ийн агуулахад түүний машины ар талын ухрахын камер дээр С.Доржсүрэнг скоч наалаа гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар С.Доржсүрэн нь Ц.Батбилэгийг нүүрэн тус газар нь цохиж түүний бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаанай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Батбилэгийн Би “Эс Ти Интернешнл ХХК”-д жолоочоор ажилладаг. 2016 оны 9 дүгээр сарын 23-нд Доржсүрэн машины ухрахын камер дээр скоч наасан байхаар нь даргад хэлсэн. Тэгсэн С.Доржсүрэн чи намайг даргад хэллээ гээд доромжилж эхэлсэн ба улмаар эрүүн тус газар нэг удаа цохьсон. 2 шүд унаж, 3 шүд унахад бэлэн болсон. Эмч 2 шүдний зураг авахуулаад ир гэсэн ба шинжээч эмч 3 шүд нь бас унахад бэлэн болсон байна авахуулаад ир гээд би 3 шүдээ авахуулсан. Эмчилгээний зардал 1.200.000 төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

Гэрч Б.Цэндхорлоогийн “Батбилэг, Доржсүрэн нар машины ухрахын камер дээр скоч наалаа гээд хоорондоо хэрэлдээд байсан. Батбилэг уурлаад Доржсүрэнг түлхсэн тэгсэн Доржсүрэн буцаагаад Батбилэгийг тохойгоороо ёврох шиг болсон. Тэгтэл Батбилэг Доржсүрэнг мангасдаад авсан. Тэгээд хоорондоо барьцалдаад авсан. Тэгтэл Доржсүрэн Батбилэгийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. 2 шүд унасан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 19/

Гэрч Л.Туяагийн “… Доржсүрэн Батбилэгийг 1 удаа шанаадсан. Тэр үед 2 шүд нь унасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

Шинжээч эмч О.Болороогийн “… Батбилэг анх манайд ирж үзүүлэхэд 1, 3-р шүднүүд булгарч унасан, баруун доод 2-р шүднүүд 3 талруугаа ганхаж хөдөлсөн зөөлөн эд дээр тогтож байгаа байдалтай унасан шүд байсан. Батбилэг Хануй Гранд шүдний эмнэлэгт үзүүлээд ганхсан 3 шүдийг авахуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 10 дугаар хуудас/

Шинжээчийн 13274 дугаартай:

“1. Ц.Батбилэгийн биед баруун доод 2-3, зүүн доод 1-2-3-р шүдний булгарал, буйлны цус хуралт, доод уруулын салстын цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Таван шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 15 хувь нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Доржсүрэн нь тодорхой шалтгааны улмаас Ц.Батбилэгтэй харилцан маргалдаж улмаар зодолдож Ц.Батбилэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Батбилэг нь “Хохирогч Цэгмидийн Батбилэг миний бие шүүгдэгч Самдан овогтой Доржсүрэнгээс 1964600 төгрөг хүлээн авсан. Миний бие С.Доржсүрэнд гаргах санал гомдол байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Доржсүрэнгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч С.Доржсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм хор арилсан, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Сант Боржигин овогт Самдангийн Доржсүрэнг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар   С.Доржсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Доржсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар С.Доржсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Доржсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.         

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар С.Доржсүрэн нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Доржсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Доржсүрэнд  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ