Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0635/з |
Дугаар | 221/МА2017/0010 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0010
“**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасныг тус тус баримтлан “**************” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-027053 дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““**************” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-027053 дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлээр тодорхойлж байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасан ажиллагааг хийгээд, мөн хуулийн 19.2-т заасны дагуу хариу өгсөн нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь хэт явцуу, хуулийн шаардлагаас хальсан дүгнэлт гэж бидний зүгээс үзэж байна.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна” гээд 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, мөн хуулийн 17.3-т “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-д заасан давхцал гаргахгүй тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 17.3.1-д “Улсын хил”, 17.3.2-т “Нөөцөд авсан талбай”, 17.3.3-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар” гэж тус тус заасан байна.
Энэ хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд манай компани бусдын эзэмшил газартай давхцуулахгүйн тулд олон өнцөгт үүсгэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн юм.
2. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...70 метрийн зайтай хоосон талбай үлдээсэн ...” гэжээ.
Гэтэл ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар Кадастрын хэлтэс нь “Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж ...” шийдвэрлэх учиртай. Гэтэл хариуцагч Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагаас гадна “талбайн хил хооронд хоосон зай үлдээсэн” гэсэн хууль заагаагүй шаардлагаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч “**************” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тогтоож, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин гаргах боломж байсан байна” гэж зөвхөн захиргааны байгууллагын тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, ингэснээрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “**************”-ийн ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батноров, Хэрлэн сумын нутаг дахь “Урт” нэртэй 1462 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-027053 дугаар өргөдөл гаргасныг хариуцагчаас “...хүсэлтэд дурдсан талбай хуулийн шаардлага хангаагүй, мөн усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэсэн үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэр гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9575 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нэхэмжлэгч “**************” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/16 дугаартай хүсэлтийг хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй мөн усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай гэж хүлээн авалгүй, энэхүү үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байхаар заасан байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн “...улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар...”-тай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болох”-ыг дээрх хуулийн 17.3-т тодорхойлжээ.
Дээрх хуулийн гол үзэл санаа нь “...давхцал үүсгэхгүй...” байхад чиглэгдсэн, давхцал байвал хиллэж байгаа хэсгээрээ шулуун биш шугамаар хүрээлэгдэж болохыг хуулиар зөвшөөрчээ.
“**************” ХХК-ийн давхцал үүсгэхгүйн тулд тодорхой цэгүүдээр шулуун биш шугамаар хүрээлүүлсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.
2. Ашигт малтмалын тухай хууль болон уг хуулийн 17, 18, 19 дүгээр зүйл, заалтууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэхүү Ашигт малтмалын тухай хуульд “цахимаар өргөдөл гаргах дугаар авах”, авсан дугаарынхаа дарааллын дагуу бичгээр өргөдөл гаргах зохицуулалт агуулагдаагүй байна. Гэхдээ нэхэмжлэгч компани хариуцагч төрийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлж Ашигт малтмалын газраас зарласан бүс нутагт, уг байгууллагын тодорхойлсон талбарт 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цахим өргөдлөө гаргаж амжилттай бүртгүүлж эхний 120 компанид багтсан байна.
Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 250.000 төгрөг тушааж, кадастрын зураг хэвлүүлэн авч маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 08 цаг 44 минутад ХА-020099-001-NE /NE-027053/ дугаартай өргөдөлд холбогдох материалуудаа хүлээлгэн өгсөн нь тогтоогджээ. Ийнхүү өргөдөл гаргах дугаар авахын тулд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрүүдэд тус бүр 500.000 төгрөг тушааж байсан болох нь мөн тогтоогджээ.
Гэтэл тухайн үед уг талбайд өргөдөл авахаар зарлахдаа, нэхэмжлэгч компанид кадастрын зураг хэвлэн өгөхдөө, түүнчлэн өргөдлийг хүлээн авахдаа ч олгох боломжгүй талбай болох талаар огт мэдэгдээгүй, нийтэд зарлаж улмаар өргөдлийг хүлээн авсан нь захиргааны байгууллагын өөрийн буруу юм.
3. Өнөөдрийн байдлаар Монгол орны Баруун болон Зүүн хэсэгт тус бүр цахимаар өргөдлөө авсан, дахин авахгүй байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна. Иймд бодит байдал дээр хэрвээ нэхэмжлэгч “**************” ХХК өргөдлөө буцаан авлаа /эсхүл өргөдлийг буцаалаа/ гэж үзэхэд дахин гаргах ямар ч боломжгүй байна. Иймд уг компанийн тухайд гаргасан өргөдлийн дугаараа хадгалж дахин өргөдлөө гаргах л боломж байна. Нэхэмжлэгч компанийн энэхүү боломжийг шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэв.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан хэдий боловч нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргасан газар нь усан сан бүхий газартай хэсэгчлэн давхцах болсон нь хариуцагч байгууллагаас өөрөөс нь шалтгаалсан тул түүний өргөдлийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасантай адилтган үзэж “...давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.
“**************” ХХК өөрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гагцхүү өргөдлийг дахин хянуулах агуулгаар “...манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин хянаж, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. Дээрх агуулга бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.5-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “**************” ХХК-ийн NE-027053 дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР