Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 277

 

“Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ц.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0336 дугаар магадлалтай, “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х х б” ХХК-ийн “Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0336 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0336 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь:

1. Шүүх хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн дагуу “сонсох ажиллагаа явуулалгүй” хууль зөрчиж, шийтгэвэр оногдуулсан үйлдэл болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “сонсох ажиллагаа явуулаагүй”, “зөрчлийн тэмдэглэлд “Х х б”-ны төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй” тухай үндэслэл, давж заалдах гомдлын үндэслэлийг тус тус огт дүгнээгүй болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Н нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулалгүй, мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн дагуу “зөрчлийн тэмдэглэл”-ийг хуульд заасны дагуу үйлдэлгүйгээр “Х х б”-д шийтгэвэр оногдуулсан болно.

Хариуцагч нь “Х х б”-д шийтгэвэр оногдуулахаасаа өмнө “12,572,364.6 төгрөгөөр торгох гэж байгаа тухай болон ямар үндэслэлээр торгох тухай” тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулах гэж байгаатай холбоотой мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөгүй буюу сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч нь хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан тухай нотлох баримт болон тайлбар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай 25 дугаартай бичгийг хүргүүлсэн боловч хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан эсэх тухай баримт, тайлбарыг шүүхэд хүргүүлээгүй.

Хариуцагч баримт, тайлбараа шүүхэд гаргаж өгөхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа явуулсантай холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргасан боловч уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй, мөн өмнөх хүсэлтийн дагуу нотлох баримтыг гаргуулалгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болсон. Хариуцагч шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбартаа “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4, 27.4.5-д зааснаар утсаар болон цахим хэлбэрээр санал авч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан болно” гэж хэлсэн боловч хэрэгт “Сонсох ажиллагаа явуулсан тухай баримт” хэрэгт байхгүй төдийгүй, “Х х б”-д шийтгэвэр оногдуулах гэж байгаа тухай “сонсох ажиллагаа явуулж байна” гэж утсаар болон цахимаар тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй болно.

Хариуцагч дээрх байдлаар бодит үнэнд нийцэхгүй тайлбарыг шүүхэд өгснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч ... бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасныг зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулаагүй тохиолдолд тухай захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актад тооцогдон, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв шүүх нотлох баримтыг зөв үнэлж буюу сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн үйлдлийг дүгнэсэн бол хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх сонсох ажиллагаа явуулсан эсэх тухай факт, баримтыг үнэлээгүй, мөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон энэ фактын талаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлдээ энэ талаар маш тодорхой дурдаж, шүүх хуралдааны явцад тайлбарласаар байтал давж заалдах шатны шүүхээс мөн адил сонсох ажиллагаа явуулсан эсэх, явуулах ёстой байсан эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

2. Зөрчлийн тэмдэглэлд “Х х б”-ны төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн тухай.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-12.5-д заасны дагуу зөрчлийн тэмдэглэлд “зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна, зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана” гэж хуульчилсан байна. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Н-ын тус банкинд ногдуулсан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэвэрт хавсаргасан зөрчлийн тэмдэглэлд эрх бүхий төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй болох нь тодорхой байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зөрчлийн тэмдэглэлд “Х х б”-аар гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт өгөөгүй болно.

3. Шийтгэвэр оногдуулах үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчин төгөлдөр бус гүйцэтгэх хуудаст үндэслэн явуулсан тухай.

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 142/шз2016/03224 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар “Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 336 дугаар шийдвэр”-ийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан бөгөөд “142/ШШ2016/00336” дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжлаагүй байна.

Ийнхүү 142/ШШ2016/00336 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гараагүй байхад буюу 336 дугаар шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон ... тэдгээрийн үндэсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Гүйцэтгэх хуудсанд дараахь зүйл заавал тусгагдсан байна” гээд 187.1.2-т “шийдвэр гаргасан огноо болон шийдвэрийн дугаар”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “шүүх, бусад байгууллагаас шийдвэр гаргасан огноо, дугаарыг заана” гэж тус тус хуульчилсныг зөрчсөн болно.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянахдаа анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэх ёстой байсан боловч дүгнээгүй хариуцагчийн дээрх үйлдлүүдийг дүгнээгүй, түүнчлэн хэрэглэх ёстой хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 27.7, 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг хэрэглээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн магадлал болон Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудалд дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй гэсэн байна.

Хэргийн үйл баримтын тухайд; Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 336 дугаар шийдвэрээр “Э ү” ХХК-иас 519,358,031 төгрөгийг гаргуулж “ЮС” ХХК-д олгохоор шийдвэрлэсэний дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 03224 дүгээр захирамж, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 54/33 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч “Х х б” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу “Э ү” ХХК-ийн данснаас төлбөрийн хасалт хийхийг удаа дараа мэдэгдэж, сануулсан /2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2041, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/2115, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/2156 дугаар албан бичгээр, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр утсаар/ боловч тус банк түүний тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Иймээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д “Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллага төлбөл зохих төлбөрийн биелүүгээгүй үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна” гэсний дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 006128 дугаар шийтгэврээр 12,572,365.00 төгрөгийн торгууль оногдуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Х х б нь энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй, иймд маргаан бүхий шийтгэвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд хамаарна” гэсний дагуу шийтгэвэрийг уг хуулийн дагуу гаргах ёстой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүйн улмаас хариуцагч хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхээс эхлээд хариуцлага хүлээлгэх хүртэл харилцаа нь бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар цогц байдлаар зохицуулагдсан байх бөгөөд хариуцлагын зорилго нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхэд чиглэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг байх тул түүнийг салган Захиргааны ерөнхий хуулиар зохицуулах үндэслэлгүй юм.

Ийнхүү уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байтал анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэхүү тогтоол нь нэхэмжлэгчээс харьяаллын дагуу бусад шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0336 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х х б” ХХК-ийн “Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч “Х х б” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ