Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/782

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ц овогт Д-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305023351451 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** -ны захирал ажилтай, ам бүл 4, хадам эх, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ц овогт Д-ын Б.

 

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч А.Г-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу нүүрэн тус газарт нь алгадах, газарт түлхэж унагах, базах, чимхэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Би алгадаж, цохиж нүдээгүй. Яагаад намайг гүтгээд байгаа юм. Охин аав би хөдөө яваад морь унаад гоё байсан гэсэн. Би хоёр дахь удаагаа гүтгүүлмээргүй байна. Намайг ирэхэд гар дээр нь хоёр хөхрөлт болсон байсан. Тэрийг тодруулах шаардлагатай. Гэр бүлээс гадуур явчихаад намайг гүтгээд байна. Миний охинд намайг муухай гэдэг ойлголт төрүүлсэн. Би яаж алгадсан юм. Өөрөөс нь асуумаар байна. Би охиноо аваад тоглоомын талбай дээр тоглуулсан. Миний охин 5 настай, сэргэлэн цовоо. Миний хайрлаж өсгөсөн охин минь ааваас айж байна гэдэг болгосон” гэв.

 

Хохирогч А.Г-ын “... Би 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 28 дугаар хороо 152 байрны 19 тоотод эх болон охин Б, хамтран амьдрагч Б нарын хамтаар байж байхад 11 цагийн үед би ариун цэврийн өрөөнд орсон хойгуур манай охин Б ээж маань морь унаад жаргалтай инээгээд байсан гэх утгатай зүйлсийг ганцаараа ярьж байсан. Миний бодлоор зүүдэлсэн зүүдээ ярьсан болов уу гэж бодсон. Харин Б охиныг ярихыг сонсоод гар утсаа асааж бичлэг хийж эхлээд охиноос ээж чинь хэнтэй морь унасан, ээж чинь инээгээд байсан уу гэх зэрэг асуултуудыг асуусан чинь манай охин аав нь асуухаар нь баярлаад инээгээд ээж морь унаж жаргалтай байсан гэж хариулахад нь Б өөдөөс нь хөтөлж асуугаад ээж чинь хүнтэй явсан тэ гэж асуугаад хүүхэд юм болохоор өмнөөс нь худал хариулт өгч зохиож ярьж байсан.

Удалгүй би ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн чинь Б гар утсан дээрээ бичлэг эхлүүлчихсэн түүнийгээ унтрааж миний өөдөөс ирээд чи нэг залуутай морь унаж зугаалсан байна, өвчтэй ээжийгээ гэрт нь хаяад охинтойгоо хамт гадуур хонон өнжин зугаалж явсан байна гэж над руу уурлаж орилж нүд нь эргэлдээд эхэлсэн. Хүүхэд худлаа хэлдэггүй юм гэж хэлээд дайраад байхаар нь би өмнөөс нь би юу гэж гадуур хонон өнжин ээжийгээ хаяад явахав дээ гэж хэлсэн чинь миний өмнөөс төсөөллөөрөө хардаж санаанаасаа юм зохиож дайрч байгаад намайг хананд шахаад миний биений бүх хэсгээс базаж чимхэж татаж чангаагаад намайг маш ихээр өвтгөөд байхаар нь орилсон чинь намайг түлхээд би урагшаагаа ээжийн орны хажууд газар унатал өвчтэй ээж маань миний охиныг яагаад байгаа юм бэ гэж орилсон. Манай ээж бол альцгеймерын өвчтэй таталт өгдөг, сонсгол нь муудсан, харааны 70 хувиа алдсан хүн байгаа юм. Би уначхаад босож чадахгүй охин маань уйлаад байж байсан. Намайг босож ирэхэд миний гар утсыг булаагаад авсан. Тэр утсан дээр би яриаг нь бичсэн байсныг мэдээд утаснаас маань устгачихсан. Охин маань аавыгаа болиулах гээд сатааруулаад гадаа тоглоё гэж хэлээд байсан. Би тусламж хүсээд хаалгаа онгойлгоод туслаарай гэж орилсон чинь Б цаад өрөө рүү явснаа удалгүй гэнэт өөр болоод хүрээд ирсэн.

Өөр гэдэг нь ерөөсөө хэрүүл хийгээгүй хүн шиг над руу хандаж би охиноо авч зуслан явлаа, тайвшраад ирье гэж хэлээд охиныхоо хувцсыг аваад гарсан. Гарахаас нь өмнө би гар утсаа авъя гэж хэлэхэд чамайг өнөөх морь унадаг хүнтэй чинь яриулахгүй гэж хэлээд надад өгөлгүй аваад явсан.

1 цаг орчмын дараа охин маань орцоор уйлаад ороод ирсэн. Араас нь Б орж ирээд намайг шууд хананд шахаад чи майханд хоносон байна ш дээ, чи майханд хоноод охиныхоо хажууд өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж төсөөлөөрөө зохиож ярьж байгаад миний зүүн хацар луу баруун гараараа хүчтэй алгадсан. Охиныг уйлаад байхаар нь би очиж тэврээд аргадаж байтал намайг ардаас бүсэлхий хавиар хэд хэдэн удаа чимхээд байсан. Би охиноо айлгаад яахав гэж бодоод огтоосоо дуугараагүй.

Миний цүнхэнд байсан ээжийн золголтоор цугларсан мөнгө, охины хадгалсан байсан мөнгө зэргийг аваад архи ууна гэж хэлээл гараад явсан. 22 цагийн үед манай ах Эрдэнэбилэг гэрт хүрч ирээд ээж, охин бид гурвыг аваад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах эгчийн гэр лүү явсан. 00 цагийн үед Б эгчийнд хүрч ирээд орилж хашхираад байхаар нь манай ах Быг загнасан юм.

Намайг маш олон удаа чимхэж, базаж, 1 удаа алгадсан. Мөн түлхэж унагаасан. Мөн намайг гэртээ байж байхад хүчиндэх гэж оролдсон. Миний өмдийг хүчээр тайлж бэлэг эрхтэн рүү минь гараа хийх гэж оролдсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-11 дэх тал/

“... Хэрэг болох үед цагдаад дуудлага өгөөгүй шалтгаан бол ямар ч харилцаа холбооны хэрэгсэлгүй болгож, миний гар утсыг Б нь аваад явсан учраас л маргааш нь дуудлага өгч цагдаагаар шалгуулах болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8407 дугаартай:

            “...1.2. А.Г-ын биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

            6. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоот гэртээ хамтран амьдрагч А.Г-г бусадтай хардаж маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь алгадах, газарт түлхэж унагах, базах, чимхэх зэрэг үйлдлээ удтал үргэлжлүүлэн баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хамтран амьдрагч болох хохирогч А.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч А.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8407 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч А.Гэрэлт-Ундрам өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Быг гэмт хэргийн учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гэхдээ хохирогч А.Гэрэлт-Ундрам нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргалаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заажээ.

Гэтэл улсын яллагчийн зүгээс хохирогч А.Г-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Быг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ