| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/05400/и |
| Дугаар | 101/ШШ2020/02254 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2020/02254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гийн Н /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Атган овогт Дийн Г. /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа, Г******* овогт Г*******гийн Ү /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 74.400.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Д.Г.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал,
Хариуцагч Д.Г.,
Хариуцагч Д.Г.ын өмгөөлөгч Н.Санчиндорж /*******/,
Хариуцагч Г.Ү,
Гэрч Г.Х*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
Шүүх хурал
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Г. нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай миний аав Ц.Гаас зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож Баянзүрх дүүргийн *** тоотод орших, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний , Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөхгүй байсаар өдий хүрсэн бөгөөд шалтгаанаа зээлийг Г.Үт авч өгсөн тэр хүн төлнө гэсэн тайлбар өгдөг. Г.Ү мөн адил өөрөө төлнө гэдэг боловч төлөөгүй байна.
Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэсэн баримт байхгүй боловч Г.Үийн өмнөх зээлийг хааж гэрээ байгуулсан гэдэг нь талуудын тайлбар, Г.Үийн өөрийнх нь бичсэн тодорхойлолтоор нотлогдоно.
Г.Үийн 2013 оны сүүлчээр ББСБ-аас авсан зээлийнх нь үлдэгдэл 40.000.000 төгрөг байсан гэж сонссон, тэрээр Г*******ад байрлалтай байрыг барьцаанд тавьсан гэж байсан. Д.Г. болон Ц.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаар Г.Үийн дээрх зээл хаагдсан гэж байсан.
Хэрэв Г.Ү зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн бол Д.Г.ын зээлээс хасагдах учиртай боловч энэ талаар сайн мэдэхгүй байна.
Иймд иргэн Д.Г., Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 9.600.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 24.800.000 төгрөг /үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр тооцсон/, нийт 74.400.000 /далан дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүргийн *** тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тоот гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Н.Санчиндоржийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Н болон зээлийн гэрээ байгуулсан Ц.Г нартай нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа харж байгаагүй.
Танил болох Г******* овогт Г*******гийн Ү нь Д.Г. намайг болон миний аав С.Дийг хуурч худал хэлж, 6 сарын хугацаанд гэрчилгээг чөлөөлж өгнө, би мөнгө зээлээд урьд нь хүний байрны гэрчилгээ барьцаанд тавьсан чинь нэхээд байна, чи аавынхаа байрны гэрчилгээг надад түр өгчих, би эргүүлээд буцаагаад өгнө гээд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар байр, Мө ББСБ-ын захирал Ц.Г гэгчид барьцаалан, 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм.
Зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг би бэлнээр болон дансаар огт хүлээж аваагүй. Энэ нь уг мөнгийг Г.Үийн авсан, төлнө гэдэг талаараа бичиж өгсөн тодорхойлолтоор батлагдана.
Г.Ү нь биднийг хуурч миний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж, бусдаас 40.000.000 төгрөг авч залилсан үйлдлийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ү нь С.Д, Д.Г. нарыг залилсан болохыг тогтоож тогтоол гаргасан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.
Тухайн үед гэрчилгээг чинь гэрчилгээгээр солиод, маргааш нь буцаагаад аваад өгнө гэж Г.Ү хэлсэн учраас дүр үзүүлсэн хэлбэр төдий зүйл гэж ойлгоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Ингээд өөрийн эцэг С.Дийн хамт өмчилдөг Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах байрныхаа гэрчилгээг Г.Үт өгсөн.
Миний бие тэр үед Г.Үийн гурилын үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тэрээр ЖДҮ болон Чингис бондоос 270.000.000 төгрөгийн зээл авахад өөрийн нэр дээр ямар нэгэн зээлгүй байх ёстой учир байрны гэрчилгээг чинь ашиглаад, зээл аваад буцаагаад гэрчилгээг чинь аваад өгье, банкнаас авсан зээлнээс 10.000.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлье гэхээр нь барьцаа хөрөнгийг нөгөө хөрөнгөөр солих юм гэж ойлгоод улсын бүртгэлд бүртгэгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан.
Өөрөөр хэлбэл Д.Г. өөрөө зээл авах хүсэл сонирхлоо илэрхийлээд Ц.Гтай биечлэн уулзаж, зээлийн гэрээг бодитойгоор, хуульд нийцсэнээр байгуулаагүй, зөвхөн Г.Үийн Мө ББСБ-тай өмнө байгуулсан зээлийг халхавчилж хийсэн гэрээ юм.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд мөнгийг бодитоор шилжүүлснээр гэрээг байгуулсан гэж үзэхээр заасан байхад уг мөнгөө өгсөн талаарх баримт байхгүй.
Түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Мөн барьцааны гэрээг шаардах эрхийг талийгаач Ц.Гийн өв залгамжлагч Г.Нд олгоогүй учир тэрээр шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч Ц.Г нь 2017.02.16-ны өдөр нас барсан, өв хүлээн авагч Г.Н нь 2018.07.20-ны өдөр буюу Ц.Гийг нас барснаас хойш 1 жил 5 сарын дараа өвлөх эрхийн гэрчилгээг авсан, тэрээр өвийг хүлээж авснаас хойш 1 жил 5 сарын дараа 2020 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзэхэд Г.Н нь өвийг хүлээж авснаас хойш 5 сар 16 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байгаа нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Иймд хариуцагч Д.Г.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 74.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ү шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед Д.Г. манай гурилын үйлдвэрт борлуулагчаар ажилладаг байсан юм. Миний бие Д.Г.ын байрны гэрчилгээг Мө ББСБ-д барьцаанд тавьсан нь үнэн. Ингэхдээ уг ББСБ-ын захирал н.Энхтуяад 9.000.000 гаруй төгрөгийн зээлийг төлж байсан. Ер нь нийтдээ 39.000.000 төгрөг төлсөн гэж үзэж байна.
Миний хувьд Д.Г.тай зээлийн гэрээ байгуулсан Ц.Г гэдэг хүнийг мэдэхгүй, танихгүй бөгөөд түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зөвхөн Мө ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж байсан.
Нэхэмжлэгч Г.Н нь тухайн үед тэр ББСБ-ын эдийн засагчаар ажиллаж байсан.
Миний бие одоо хорих ангид хоригдож байгаа бөгөөд ялын хугацаа дууссаны дараа, эсхүл өөрт үлдсэн ганц үйлдвэрийг бусдад худалдаж байж уг ББСБ-ын зээлийг төлж дуусгах бодолтой байгаа учир Д.Г.ын байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг гуйж байна.
Д.Г.ын байрыг барьцаалсан зээлийн төлбөрт миний зүгээс хэдэн төгрөг төлж байсныг энэ Мө ББСБ мэдэх учиртай. Хас банкнаас жижиг дунд үйлдвэрийн зээл авах гэтэл та ямар нэгэн банк болон банк бус байгууллагад зээлгүй байх ёстой гэхээр нь н.Энхтуяа захиралтай уулзаад энэ талаар хэлэхэд чи барьцаагаа солиод авчих гэж хэлсэн. Ингээд Д.Г.тай тохиролцож барьцаа хөрөнгийг сольсон юм.
Хас банкнаас 275.000.000 төгрөгийн зээл авахын тулд Мө ББСБ-д барьцаалсан байраа Д.Г.ын байраар солиод, Хас банкны барьцаанд өөрийнхөө байрыг тавьсан, банкны зүгээс 14 хоногийн дотор зээл олгоно гэсэн боловч 54 хоногийн дараа олгосон.
Энэ хугацаанд Д.Г.ын байрыг барьцаалсан гэрээний төлбөрийг Мө ББСБ-д миний бие төлөөд явж байсан юм.
Иймд Мө ББСБ-д зээлийн гэрээний үүрэг 40.000.000 төгрөгийн 39.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн учир үлдэх 1.000.000 төгрөгийг, 3 сарын хүү 4.800.000 төгрөг, нийт 44.800.000 төгрөгийг уг ББСБ-д төлөхийг зөвшөөрч байна.
Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Д.Г. болон миний бие уг мөнгийг бэлнээр хүлээж аваагүй, мөн хувь хүн Ц.Гаас зээл авч байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон өмгөөлөгч Н.Санчиндоржийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Гийн өв залгамжлагч Гийн Н нь иргэн Д.Г.ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74.400.000 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүргийн **** тоот хаягт орших орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс хангуулах шаардлага гаргасан.
Д.Г. миний бие иргэн Г.Х*******, Г.Ү нарт мэхлэгдэн өөрийн эцгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмэгдэж, эцэг А.Доос итгэмжлэл аваад 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт дээрх уг орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ-г иргэн Ц.Гтай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
Ц.Гтай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Г. нь 40.000.000 төгрөг хүлээн аваагүй бөгөөд Г.Үийн :Банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа тул өөрийн нэр дээрх барьцаа хөрөнгийг солиод удахгүй буцааж чөлөөлж өгнө гэсэн үгэнд хууран мэхлэгдэж зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан.
Зээлийн гэрээ байгуулсан зээлдүүлэгч Ц.Г гэдэг хүнийг огт хараагүй. Нотариатын газарт талийгаач Ц.Гийн эхнэртэй нь хамт очсон.
Энэ үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад хандахад Г.Үийг бусдын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болохыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2497 тоот тогтоолоор тогтоосон.
Иймд Д.Г. нь бусдад хууран мэхлэгдэж барьцааны гэрээнд гарын үсэг зурсан тул түүний зээлдүүлэгч Ц.Гтай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Д.Г. нь зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож Баянзүрх дүүрэг *** тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй бол түүнд 40.000.000 төгрөгийн зээл өгөхгүй байсан.
Талууд хуульд заасан шаардлага хангасан гэрээг байгуулсан, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Г.Ү нь Д.Г.ын нэр дээр зээл авснаар өөрийнхөө өмнө авсан зээлээ хааж, үүнийхээ хариуд Д.Г.ад 10.000.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэхээр хоорондоо тохирсон талаар тайлбарлаж байна.
Д.Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр хэлцлийг халхавчлах болон хууран мэхлэгдэж хийсэн гэж тайлбарлаж байна гэж ойлгосон.
Тиймээс өөр хэлцлийг халхавчлах болон хууран мэхлэгдсэний улмаас хэлцэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна.
Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчөөгүй бөгөөд хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна. Д.Г. нь тухайн байрыг барьцаалах эрхтэй байсан эсэх, тэдгээр хүмүүсийн хооронд ямар тохиролцоо, харилцаа үүссэн байсан эсэхийг зээл олгож байгаа Ц.Г мэдэх үүрэггүй юм.
Барьцааны гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолын дагуу хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцахад гомдол гаргасан иргэн Л.Нинагаас тайлбар авсан, хариуцагч Г.Үийг байцаасан зүйл байхгүй, өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байдаг.
Тиймээс прокурорын тогтоолын дагуу Д.Г.ыг бусдад хууран мэхлэгдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагч Д.Г., Г.Ү нар хоорондоо тохиролцоод зээл авахаар ирээгүй байсан бол энэ зээлийг өгөхгүй байсан. Д.Г. нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвартай хүн учраас өөрийн гарын үсэг зурж байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна.
Иймд Д.Г.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ү сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Г. намайг Хас банкнаас төслийн зээл авч байгааг бүгдийг нь мэдэж байсан бөгөөд банкны зүгээс 14 хоногт зээлийг шийдвэрлэнэ гэсэн боловч 54 хоног болсон. Гэхдээ банк хүссэн 275.000.000 төгрөгийн биш харин 205.000.000 төгрөгийн зээл олгосон.
Банкнаас зээл олгогдох хүртэлх хугацаанд Д.Г.ын байрыг барьцаалсан зээлийн гэрээний хүүг би төлж байсан.
Д.Г.ын байрны гэрчилгээг хуурч мэхэлж барьцаанд тавиагүй, түүнтэй итгэлцлээр тохиролцсон. Гэхдээ хувь хүн буюу Ц.Гаас зээл аваагүй бөгөөд Мө ББСБ-ын захирал н.Энхтуяатай зээлийн гэрээг өмнө нь байгуулсан байсан.
Д.Г.ад өөрт нь ч гэсэн байрны урьдчилгаанд төлөх 10.000.000 төгрөг шаардлагатай байсан учир Хас банкны олгосон зээлээс уг мөнгийг түүнд хүүгүй зээлдүүлнэ гэж тохиролцсон болохоос түүнийг хууран мэхлээгүй юм.
Иймд Д.Г.ын орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү, би өөрийн ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг өөрөө хариуцан төлж барагдуулах болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Г.Х*******ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Г.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах болгон нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Г.Үийг татаж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 82.700.000 төгрөгийн 8.300.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 9.600.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 24.800.000 төгрөг, нийт 74.400.000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Хариуцагч Д.Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бусдад хууран мэхлэгдсэний улмаас 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Зээлдүүлэгч Ц.Г нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг Д.Г.тай байгуулж, 40.000.000 төгрөгийг, сарын 4.0 хувийн хүүтэй, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх,
зээлдэгч Д.Г. нь зээлийг, хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг эргүүлж төлөхөөр тогтоосон хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээгээр зээлдэгч Д.Г.ын бусадтай хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2204004103 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 5-6 тал/
Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч Ц.Г 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, түүний 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г.тай байгуулсан 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангийн хамт шаардах эрхийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түүний охин Гийн Нд өвлүүлсэн өвлөх эрхийн №42 тоот гэрчилгээг олгожээ. /хх-ийн 7-9 тал/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д: нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу зээлдүүлэгч Ц.Гийн хууль ёсны өвлөгч Г.Н байх ба тэрээр өвлөгчийн хувьд Д.Г.аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ
Хариуцагч Д.Г. нь дээрх зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг хүлээж аваагүй, бусдад хууран мэхлэгдсэний улмаас дүр үзүүлсэн хэлцэл хийсэн, Г.Н нь барьцааны үүргийг шаардах эрхгүй, түүний гэрээний үүрэгт болон өвлөгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж,
Хариуцагч Г.Ү нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г. болон зээлдүүлэгч Ц.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг хүлээж аваагүй гэж тус тус маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг Д.Г.ад хүлээлгэн өгсөн баримт байхгүй боловч Г.Үийн зээлийг төлөх талаар бичсэн тодорхойлолт, хариуцагч нарын тайлбараар тогтоогдоно гэжээ.
2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлдүүлэгч Ц.Г болон зээлдэгч Д.Г. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-т:Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гаргуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэсэн байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.
Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ц.Г нь 40.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Г.ад бодитойгоор хүлээлгэн өгсөн өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцсон гэж үзэхээр байна.
Хэргийн 61 дүгээр талд авагдсан баримтад .Г.Ү миний бие нь 2014.06.26-нд Дийн Г.ын байрыг 40.000.000 /дөчмн ёөя төгрөг/-ийг зээлсэн нь үнэн болно. Энэ байрыг энэ сардаа багтааж ордерийг авч өгнө. 2015.11.30-нд бүх тооцоог төлж барагдуулна гэх агуулга тусгагджээ.
/хх-ийн 61 тал/
Уг баримтаас үзэхэд зээлдүүлэгч Ц.Гийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г.тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг хариуцагч Г.Ү хүлээн авсан, ийнхүү хүлээн авснаар тэрээр уг үүргийг Ц.Гт төлж барагдуулах агуулга тусгагдсан гэж үзэх боломжгүй, харин Г.Ү нь 40.000.000 төгрөгийг түүнтэй гэрээ байгуулсан хэн нэг этгээдийн өмнө хариуцан төлснөөр Д.Г.ын байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн тойргийн 159 дугаартай нотариатч Д.Оюунбилэгийн бүртгэлийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 807 дугаарт бүртгэсэн зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг бүртгэсэн дэвтэрт зээлдүүлэгч Ц.Г гарын үсэг зураагүй болох нь Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/376 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдсон.
/хх-ийн 92-104 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтаар 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.Г нь 40.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Г.ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх, түүнчлэн Г.Үийн бусдын өмнө хүлээсэн үүрэгт тооцож шилжүүлсэн гэж үзэх байдал тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангаж байх тул тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 40.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцно.
Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.
Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 40.000.000 төгрөгийг хариуцагч Д.Г.ын өмчлөлд бодитойгоор шилжүүлэн өгснийг болон Г.Үийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг дээрх зээлийн гэрээ байгуулснаар тооцож сольсон гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэгэнт зээлдүүлэгч Ц.Г нь 40.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Д.Г.ад уг зээлийг түүнд эргүүлэн төлөх, мөн дээрх зээлийн гэрээний дагуу Г.Үийг бусдын хөрөнгийг буюу 40.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Ц.Гаас үндэслэлгүйгээр олж авч, эзэмшсэнээс тэдний хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д:гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д:Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т:Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж зааснаас үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болохоор байна.
Гэтэл зээлдүүлэгч Ц.Г 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барснаар зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн өдрөөр тасалдсан гэж үзэх байх ба дээрх гэрээний үүргийг шаардах эрхийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г.Н өвлөн авснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй бөгөөд тэрээр гэрээний үүргийг мөн хугацаанд буюу 10 сар 16 хоногийн хугацаанд шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Н нь зээлдүүлэгч Ц.Гийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г.тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаас тоолоход тэрээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор шаардах эрхтэй гэж үзэхээр байх ба тэрээр 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь түүнийг хуульд заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 1, 7-9 тал/
Иймд хариуцагч Д.Г., Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 9.600.000 төгрөг, алданги 24.800.000 төгрөг, нийт 74.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн тул уг гэрээний үүргийг хангах арга болгож 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-2204004103 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 91 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Д.Г. нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бусдад хууран мэхлэгдсэний улмаас хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.Нд холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч нь барьцааны гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
Д.Г. нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Гтай байгуулсан 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд С.Дтой хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-2204004103 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020.03.20-ны өдрийн 8/515 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 118-158 тал/
Д.Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Үийн :Банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа тул өөрийн нэр дээрх барьцаа хөрөнгийг солиод удахгүй буцааж чөлөөлж өгнө гэсэн үгэнд хууран мэхлэгдэж, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, ийнхүү хууртсан болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2497 тоот тогтоолоор тогтоогдсон гэжээ.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д:Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заажээ.
Зохигчийн тайлбар, гэрч Г.Х******* нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Г.Ү нь Мө ББСБ ХХК-д барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийн тулд Д.Г.ын үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Гтай байгуулсан гэрээний дагуу барьцаалах, ийнхүү өөрийн хөрөнгийг чөлөөлсний үндсэн дээр Хас банк ХХК-иас олгогдох төслийн зээлээс 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Г.ад хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2497 дугаартай прокурорын тогтоолоор иргэн Л.Нинагийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байгаагаас үзэхэд Д.Г.ыг бусдад буюу хариуцагч Г.Ү, гэрч Г.Х******* нарт хууран мэхлэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 105-117 тал/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т :дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас үзэхэд уг хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэхийг шаардахгүй, талууд тухайн хэлцлийг хийх хүсэл зоригийн илэрхийлэлгүй байхаас гадна зөвхөн хэлцэл хийсэн гэх гадаад илэрхийлэл бий болгох, тодруулбал хэлцэл хийгдсэнээр ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг харилцан хүлээх хүсэл зориггүй байхыг шаардана.
Гэтэл хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар дээрх байдал үгүйсгэгдэж байх ба Г.Үийн банкнаас олгогдох төслийн зээлээс 10.000.000 төгрөгийг Д.Г. хүүгүй зээлдэн авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул Д.Г.ыг бусдад буюу Г.Үт хууран мэхлэгдэж, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Гтай зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Г.Нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г. болон зээлдүүлэгч Ц.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Г.ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г., Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 9.600.000 төгрөг, алданги 24.800.000 төгрөг, нийт 74.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д. Г., Г.Ү нарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г. нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-2204004103 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 91 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г. болон зээлдүүлэгч Ц.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Г.ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тус тус нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.101.400 төгрөг, хариуцагч Д.Г.аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ