| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/01944/и |
| Дугаар | 101/ШШ2020/02337 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/02337
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, тоот хаягт байрлах,ХХБ ХХК /УБД:9016001006, РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг ****** тоот хаягт оршин суух, Боржгин овогт Энхбаярын О /РД:ЦВ81030265/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 41.280.330,95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт,
Хариуцагч Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
Шүүх ху
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус банк нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Э.Отай №ЗГ/ВСС190405037-3-н тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС190405037-3-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 34.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлдэгч Э.О нь №ЗГ/ВСС190405037-3-н тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ***** тоот, 16 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.
Тэрээр №ЗГ/ВСС190405037-3-н тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон дээрх зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний үүрэгт Э.О нь үндсэн зээлээс эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 2019.04.09-ний өдрөөс 2019.06.30-ны өдрийн хугацаанд үндсэн хүүд 734.787,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.439,64 төгрөг, нийт 740.227,54 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.
Зээлдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34.000.000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 7.017.212,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 171.918,85 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан наториатын зардал 21.000 төгрөг, нийт 41.280.330,95 төгрөгийн төлбөртэй байна.
Э.Оаас зээлийн гэрээний үүрэг шаардаж, түүний иргэний үнэмлэхийн хаяг буюу зээлийн гэрээ байгуулсан хаягийн дагуу 2019 онд шүүхэд хандсан боловч оршин суух хаяг тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллагын олж тогтоож өгсөн хаягийн дагуу дахин шүүхэд хандаж байна.
Э.Отай утсаар холбогдохыг оролдож байсан ч түүний утас холбогдохгүй байсан тул гэр бүлийн хүн н.Насантогтохтой утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардахад тэрээр эхнэртэйгээ ярилцаад түүнийг эргээд бидэнтэй яриулна гэх хариу өгч байсан боловч эргэж холбогдож байгаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр харилцсан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа тул 2022.04.09-ний өдөр хүртэлх хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан.
Э.Од эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл олгосон байтал тэрээр хоолны газарт хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь тогтоогдож байна. Тэрээр гэрээгээр тохиролцсоны дагуу зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа байдал нь хүртэл шүүхийн ажиллагаанд хүндрэл учруулж, цагдаагийн байгууллагаар шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувь гардуулсан зэргээс харагдаж байх ба үүнээс үзэхэд тэрээр зээл төлөхөөс зайлсхийж байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна.
Түүнээс гадна Ковид 19 өвчний улмаас 2020 оны 02 сараас хил хаагдсан нь түүний 2019.04.09-ний өдрийн зээлийн эргэн төлөлттэй огт хамааралгүй, өөрөөр хэлбэл энэ нь түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Иймд иргэн Э.Отай байгуулсан №/ВСС190405037-3-н тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү, эрэн сурвалжлуулах зардал, наториатын зардал 41.280.330,95 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 434.552 төгрөгийн хамт гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж 19 дүгээр байрны 31 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Э.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Э.О миний бие нь Худалдаа хөгжлийн банк-тай 2017 оноос харилцаж эхэлсэн харилцагч бөгөөд анх 25.000.000 төгрөгийн зээл авч, хугацаанд нь зээл болон зээлийн хүүг буцаан төлж байсан.
Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 34.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын буюу 2022.04.09-ний өдөр эргүүлж төлөхөөр зээлж авсан.
Миний бие 4 хүүхдийнхээ хамт амьдардаг, гэр бүл болон бизнест маань доголдол гарч, зээлээ хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй байдалд хүрсэн. Мөн Ковид-19 нөхцлөөс болж дэлгүүрийн түрээс нэмэгдсэнээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч Чингэлтэй дүүргийн Pease Mall худалдааны төвд ажиллуулж байсан дэлгүүрээ татан буулгасан.
Тухайн үед гутлын худалдаанаас олсон орлогоо эгчтэйгээ хамтарч Сансарт байрлалтай халуун тогооны рестораны засварын ажилд зарцуулсан, гэвч засварын зардал нь төсөвлөснөөс маш өндөр гарсан. Ингээд өвчний улмаас хөл хорио тогтоосноос рестораны үйл ажиллагаа доголдсон, харин одооноос үйл ажиллагаа хэвийн болж зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжтой болсон.
Эдгээр байдлаас болоод зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй болсон боловч одоо үйл ажиллагаа маань жигдэрч байгаа тул зээлийг эргүүлэн төлөх боломжтой болж байгаа учир зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй. Би гэр бүлийнхээ хүнээс салсан учир банкнаас зээл төлөхийг шаардаж байсан гэдгийг надад мэдэгдээгүй.
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүд 734.787,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.439,64 төгрөг, нийт 740.227,54 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй.
Миний бие иргэний үнэмлэх дээрх хаяг өөр байдгийг мэддэг боловч гэрээ хийх үедээ үүнийг анзаарсангүй. Барьцаанд тавьсан байр нь хүргэн ах Д.Аын өмчлөлийнх, тэрээр гадаадад амьдардаг, барьцаанд тавих итгэмжлэлийг элчингээр дамжуулан надад өгсөн учраас зээлээ төлөхгүй бол уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.
Шүүхээс 4 сард дуудсаныг тухайн үед Худалдаа хөгжлийн банк-тай уулзаагүйгээс ямар процесс явагдаж байгаа болохыг мэдээгүй, хамтарч зээл авсан хүнтэйгээ холбогдож чадаагүй учир дуудсан хугацаанд ирж чадаагүй, 5 дугаар сард дахин дуудсаныг мэдээгүй өнгөрсөн байна.
Иймд ХХБ ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, наториатын зардал 21.000 төгрөгийг төлж болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Э.Од холбогдуулан талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 34.000.000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 7.017.212,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 171.918,85 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан наториатын зардал 21.000 төгрөг, нийт 41.280.330,95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв
Зээлдүүлэгч ХХБ ХХК болон зээлдэгч Э.О нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр № ЗГ/ВВС190405037-3 тоот зээлийн гэрээ байгуулан, 34.000.000 төгрөгийг, жилийн 22.8 хувь, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалттай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 10-11, 13, 16 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/ВСС190405037-3-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр Гонгор овгийн Дашнамжилын Аын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж 19 байр, 31 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ.
/хх-ийн 11-12,14 тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.
Дээр дурдсан байдлаас үзэхэд ХХБ ХХК, Э.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Хариуцагч Э.О нь Ковид-19 шалтгаалан дэлгүүрийн түрээс нэмэгдэж, үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн, гутлын худалдаанаас олсон орлогыг халуун тогооны рестораны засварын ажилд зарцуулсан, хөл хорионы улмаас үйл ажиллагаа доголдож байсан нь хэвийн болж, зээлийг эргүүлэн төлөх боломжтой болсон тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар, тодруулбал 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаатай, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч Э.О нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 10.2.1-т :Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, 10.2.2-т:Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг зохицуулжээ.
Хариуцагч Э.О нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүүд 734.787,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.439,64 төгрөг, нийт 740.227,54 төгрөг төлсөн байх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй. /хх-ийн 16 тал/
Зээлдэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчсөн, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түүнд мэдэгдэл хүргүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандаж байснаас үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т зааснаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Зээлдэгч Э.О нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2019/20482 дугаартай захирамжаар хариуцагч Э.Оын оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00262 дугаартай шийдвэрээр Э.Оыг эрэн сурвалжилж олох, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Э.Оын оршин суух газрын хаягийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад тогтоосон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 19-20, 23 тал/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д :Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааны явцад гарсан зардал болох 70.200 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т:Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангахын тулд нэхэмжлэгчийн наториатын зардалд төлсөн 21.000 төгрөгийг хариуцагч хариуцан арилгах үүрэггүй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Оаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 34.000.000 төгрөг, зээлийн хүү 7.017.212,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.918,85 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 41.259.330,95 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №ЗБ/ВСС190405037-3-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Э.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/ВСС190405037-3-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан Гонгор овгийн Дашнамжилын Аын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн**** тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 34.000.000 төгрөг, зээлийн хүү 7.017.212,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171.918,85 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 41.259.330,95 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/ВСС190405037-3-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээ барьцаалсан Гонгор овогт Дашнамжилын Аын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005611 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ****, ***** тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 434.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ