| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/02233/и |
| Дугаар | 101/ШШ2020/02367 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/02367
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Д.С.Ө.Х /Баянзүрх дүүрэг, ******* дүгээр байрны п******* байрлах/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б*******ы Э /РД:*******/-т холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
Шүүх
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 1, 2, 45, 48, 48а, 51дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцдаг.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын Т.Д СӨХ-ны харьяа 48 дугаар байрны 33 тоотод оршин сууг Б.Э нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2016 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд төлөөгүй.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь тухайн байрны засвар үйлчилгээ, жижүүр, х******* хамгаалалтын зардалд зарцуулагддаг бөгөөд нэг л айл төлбөрөө төлөөгүй тохиолдолд зардлын доголдол үүсдэг.
Тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь 2006 оноос 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд сарын 6.800 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас сарын 8.300 төгрөг болсон.
Б.Эийн тухайд 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны төлбөрийг сарын 6.800 төгрөгөөр бодож 68.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх 38 сарын хугацааны төлбөрийг сарын 8.400 төгрөгөөр бодож 319.200 төгрөг, 2017 оны 05 дугаар сард шавьжны ариутгал хийсэн төлбөр 2.400 төгрөг, нийт 389.600 төгрөг болж байна.
Уг байр нь хойд урд талдаа машин замтай байхаар 1968 онд баригдсан хуучны барилга юм. Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс өдөр бүр 3 удаа хогийг ачдаг, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэг. Тухайн байранд үйл ажиллагаа явуулж байгаа баар, рестораны үйл ажиллагааг бид зогсоох эрхгүй юм.
2014 болон 2016 онуудад орцны засвар хийсэн, Б.Эийн хүсэлтээр орцных нь шатыг засварлаж өгсөн. Уг нь сар, сард нь төлбөрөө төлөөд байсан бол ингэж хуримтлагдахгүй байсан гэж бодож байна.
Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөрт Б.Эээс 2016 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр 319.200 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын шавьжны ариутгалын төлбөр 2.400 төгрөг, нийт 389.600 төгрөг нэхэмжилсэн, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзаад нэхэмжлэлийн шаардлагынхаа 89.600 төгрөгөөс татгалзаж 300.000 төгрөг болгон багасгаж байна гэв.
Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа :
Б******* овогтой Э /*******/ миний бие нь хөдөлмөрийн чадвар алдалтын 1-5-2-1 заалтаар 1+54 сохор ба хараа муудах оноштойгоор 70 хувиар группт байдаг. Ам бүл 2. Хүү С.С******* 33 дугаар сургуульд сурдаг.
Миний амьдарч буй 1 өрөө /16 м.кв/ байрны 1 давхрууд бүгд ресторан бар, дэлгүүр, цайны газрууд гэх мэт байдгаас маш их бохирдолтой. Эргэн тойрон тамхи, архи, хогон дээр эргэлдэх архичид, гэр оронгүй хүмүүстэй. Манай доор ASIHA ресторан ажилладаг. Үргэлж өндөр чадамжтай өсгөгчөөр дуу тавьж шал, хана доргиотой. Цонхны яг доор агааржуулалт салхивчны сэнсний дуутай. Байнга цагдаа дууддаг. Та бүхэн утасны дугаараар Цагдаагийн 2 дугаар төвд өгсөн дуудлагыг авч болно.
Бар, цэнгээний газрууд нь ус, дулааны хэрэглээг үргэлж тасалдуулж ОСНААГ 3 дугаар төвд дуудлага байнга өгч байрны мөнгөн дээр нэмэгдэл хөлстэй. Орц, явган хүний зам машины зам эрүүл хүн ч эрүүл мэндээрээ хохирохоор. Би хөл гараа бэртээх, дээрх хэцүү байдлаас дарамт ихсэж байнга эмнэлэгт хэвтдэг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээнд 2010 оноос хойш миний амьдарч эхэлсэн үеэс 1 удаа ч засвар хийгдэж байгаагүй. Учир нь дахин төлөвлөлтөд орох сургаар мөнгө л авдаг болсон. Юу ч хийхгүй болсон.
Иймд би энэхүү СӨХ-өөс засвар үйлчилгээ хийдэггүй, бохир заваан эргэн тойрон явах ч боломжгүй. Шат гишгүүр ч үгүй. Хүн амьдрах боломжгүй, архидалт, тамхидалтад дамаар байнга мансууралттай байдаг. Өвчтэй намайг улам өвчтэй болгож хэцүү орчинд байлгачихаад мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй. Харин ч би эрүүл мэндээрээ хохирч байгаадаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Шүүх, Цагдаа, Эрүүл мэнд байгууллагаар баримттайгаар хандах болно гэжээ.
/хх-ийн 15-22 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Х нь хариуцагч Б.Эт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 389.600 төгрөг нэхэмжилсэн ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 89.600 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 300.000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Хг 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 28 тоот гэрчилгээ олгожээ.
Сууц өмчлөгчдийн холбооны №28 тоот гэрчилгээнд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 1, 2, 45, 48, 48А, 51 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, холбогдох материалыг хянан үзсэний үндсэн дээр тус дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн нь тусгагдсан байгаагаас үзэхэд дээрх орон сууцны барилгын сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулсан гэж үзнэ. /хх-ийн 4 тал/
Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх орон сууцанд 2010 оноос хойш амьдарч эхэлсэн үеэс хойш засвар хийж байгаагүй гэж тайлбарласан, уг орон сууцны өмчлөгчийн тухайд зохигч маргаагүй тул түүнийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Х нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1, 2, 45, 48, 48А, 51 дүгээр байрны сууц өмчлөгч нарын бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар байгуулагдсан байх бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэг сууц өмчлөгч өрхийн оролцох хэмжээг 2016 оны 05 сараас 6.800 төгрөг, 2017 оны 03 сараас 8.400 төгрөг байхаар тус тус шийдвэрлэсэн нь Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-13 дугаар зүйлд заасантай нийцжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д: Бүх гишүүдийн 50 иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно,
9.5-д :Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоолын үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б.Э нь 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны зардалд 68.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх 38 сарын хугацааны зардалд 319.200 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын шавьжны ариутгалын төлбөрт 2.400 төгрөг, нийт 389.600 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 5-7, 8 тал/
Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Сууц өмчлөгчдийн холбоог засвар үйлчилгээ хийдэггүй, бохир заваан, эргэн тойрон явах ч боломжгүй, хүн амьдрах боломжгүй, архидалт, тамхидалтад дамаар байнга мансууралттай гэж тайлбарлажээ.
Түүний тайлбарт хавсаргасан дулааны хангамжийн инженер Н.О*******, хэсгийн инженер В.А******* гэх нэр бүхий, хэн гарын үсэг зурсан болон хаана хандаж, уг асуудлыг ямар байгууллага шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, 2019, 2020 онуудад дуудлагын төвд ирүүлсэн гэх баримтаас үзэхэд **** тоотоос ирүүлсэн халуун усгүй, халахгүй, бүх пар халахгүй гэдэг дуудлагын дагуу хийгдсэн ажлын талаарх агуулга тусгагдсан байна. /хх-ийн 16 тал/
Үүнээс үзэхэд Б.Эийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг тус Сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан, ийнхүү хандаж гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн тэрээр Т.Д.С.Ө.Хны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардалд нэхэмжилсэн 389.600 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3-т тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлжээ.
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Б.Э нь Баянзүрх дүүрэг, **** тоот орон сууц өмчлөгчийн хувьд дээрх байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх талаарх хуулиар ногдуулсан үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Б.Эээс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар,үйлчилгээтэй холбоотой зардалд /2016 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны 319.200 төгрөг, 2017 оны 05 сарын шавьжны ариутгалын 2.400 төгрөг, нийт 389.600 төгрөгөөс нэхэмжлэгч 89.600 төгрөгөөс татгалзаж, 300.000 төгрөг болгосон/ 300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Хнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Эээс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Хнд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 9.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д.С.Ө.Хнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ