Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/796

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.П түүний өмгөөлөгч Х.Чинбат, Д.Цэрэнханд,

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Б овогт Д-ын П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, М овогт Б-ын ө холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000500110 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, *** төвийн *** эрхлэгч ажилтай байсан, ам бүл ***, *** хамт *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын П.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл ***, *** хамт *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Б-ын Д.

 

Шүүгдэгч Д.П нь *** төвийн *** эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад “заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг, 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн ослын улмаас гэмтэл авч 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тасагт ирж хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэхдээ ***ийг Монгол Улсад урьж ирүүлсэн *** ХХК-ны менежер Б.Дын 88035219 дугаарын утас руу өөрийн эзэмшлийн 98118995 дугаарын утаснаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд өөрт нь 2000 ам доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй гэх мэтээр хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн орчим байхдаа тухайн өдрөө Б.Д-с Хаан банкан дахь *** дансаар 4,900,000 төгрөгийг шилжүүлэн авч буюу хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Шүүгдэгч Б.Д нь *** ХХК-ны менежерээр ажиллаж байхдаа тус компанийн урилгаар Монгол Улсад аялалаар ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн *** нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу буцах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч *** төвд хүргэгдэн эмчлүүлж байх үед *** төвийн *** эрхлэгч Д.П “өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд өөрт нь 2000 ам доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэж хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, ***д давуу байдал бий болгох зорилгоор Д.П-ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн орчим байхдаа 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг, мөн 3,400,000 төгрөгийг нийт 4,900,000 төгрөгийг Д.П-ийн эзэмшлийн Хаан банкны *** данс руу шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: ***ий эмчлэгч эмч нь би биш харин *** эмч байсан. Тухайн үед аялал жуулчлалын компаниас Бүгд Найрамдах Солонгос Улс руу тээвэрлүүлэх санал тавьсан. Өвчтөн ***д 8 дугаар сарын 18-ны өдөр 2 дунд чөмөг, зүүн шилбэний хагалгаа хийх шийдвэр гаргахад тэрээр татгалзсан. Монгол эмч нарт итгэхгүй байна, Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчлүүлнэ гэсэн. 8 дугаар сарын 19-ний өдөр 4 цаг болоогүй байхад Б эмч өрөөндөө дуудсан. Чи мөнгө нэхсэн байна гэхэд би миний ажил үүрэгт хамаарахгүй гэж энэ хүмүүст хэлж өгч ойлгуулаач гэсэн. Байдал ийм дээрээ байгаа бол би явах боломжгүй гээд гараад явсан. Би явахаа больсон байхад 19 цагийн үед *** эмч яриад та өмнө нь өвчтөн гадаад улсад тээвэрлэж байсан туршлагатай болохоор хамт явъя гэсэн. Тэгээд би гэмтлийн дараах эрсдэл гарч магадгүй гээд Д-д саналаа хэлж, тохиролцсон гэж ойлгосон. Маргааш өглөө 7 цагт нисэх буудал дээр очсон. Тэгээд өвчтөнийг өөр хаалгаар оруулж биднийг зорчигчийн хаалгаар суу гэсэн. Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх онгоцны буудал дээр очоод өвчтөний ухаан санаа, биеийн байдлыг нь шалгаад холбогдох зураг, өвчний баримтуудыг нь өгөөд тэд цааш өөр онгоцоор явсан. Надад өгсөн мөнгөөр нь хоол, буудал, такси гэж зарцуулаад маргааш нь нисэх онгоцны буудал орох 100,000 вонтой үлдсэн. Тэгээд маргааш нь үлдсэн мөнгөөрөө таксидаад мөнгө зарцуулагдаж дууссан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:  Жуулчид 8 дугаар сарын 16-ны өдөр онгоцноос буугаад аялаж байх үедээ *** хүнд гэмтсэн. Жуулчид буцаад *** үлдэж, Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд хагалгаа хийх шаардлагатай гэхэд би энд эмчилгээнд хамрагдахгүй нутаг буцъя гэсэн. 8 дугаар сарын 17-ны өдөр элчин сайдын яаманд хандаж, яамнаас хүмүүс ирээд *** эмчтэй уулзаж, визний асуудлыг нь богино хугацаанд шийдэж өгнө гээд ***ийг хүргэж өгөх талаар саналаа хэлсэн. Тэгэхэд *** эмч эрсдэл гарч магадгүй тул өөр туршлагатай эмч хамт авч явахгүй бол болохгүй гэсэн. Үүний дараа П эмч дуудаад 2000 ам доллар төл гэсэн. Би өвчтөн тээвэрлэж байсан туршлагатай гэж хэлж байсан. *** эмч, 1 сувилагчтай хамт гурвуулаа хүргэж өгнө, агаарт гараад эрсдэл гарвал яах вэ заавал гурвуулаа явна гэсэн. Тухайн үед манайхаас маш их төлбөр гарсан учир 2000 ам доллар гарах ёстой юм болов уу гэж бодсон. Тухайн 3 эмчийн ирж, буцах зардал манай компаниас 1 хүний Монгол мөнгөөр 500,000 төгрөг хангалттай гэж тооцоод 1,500,000 төгрөг төсөвлөсөн байсан. Би 8 дугаар сарын 18-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн даргатай нь орж, П эмчийн нэхсэн мөнгийг өгөх ёстой юу гэж уулзсан. Дарга нь тийм зүйл байхгүй гэсэн. Та нар эмч нарыг авч явж байгаа учир хоол, тийз, байрлах газрын зардлыг хариуцна, өөр мөнгө өгөх ёсгүй гэсэн. Үүний дараа өвчтөнийг хүргэж өгөх *** эмч таг болсон. П эмч 2000 ам доллар өгвөл өг, өгөхгүй бол боль гээд биднийг шахаад байсан. Мөн *** эмч залгаад мөнгөө өгөхгүй бол бид нар явахгүй гэсэн. Бид 2000 ам долларыг нь Монгол мөнгөөр тооцоод П эмчийн дансыг нь аваад шилжүүлсэн”гэв.

 

Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ. /1 дэх хавтаст хэргийн 20-34 дэх тал/

 

Гэрч Н.Т-н “... Би *** ХХК-ны захирлаар ажилладаг. Манай компани аялал жуучлалын зориулалтаар гадаад улсаас жуулчид оруулж ирдэг. Манай компани 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын 6 иргэнийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур руу аялуулахаар яваад буцаж явахдаа Төв аймгийн Лүн сумын ойролцоо 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед осолд орж *** нь хүнд гэмтэж Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *** *** төвд эмчлүүлэхгүй Солонгос улсад очиж эмчлүүлнэ гээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байхад Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайд өөрөө орчуулагчтайгаа ирж эмч П, *** мөн би, манай эхнэр Д, орчуулагч Тамир байсан бөгөөд бидэнтэй уулзаад 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу авч явах болсон бөгөөд визний асуудлыг хурдан хугацаанд гаргаж өгөхөөр болсон. Тэгтэл *** төвөөс 2 эмч, 1 сувилагч хүргэж өгөх шаардлагатай, та нар бидэнд 2000 ам доллар өгөх ёстой гэж П нь хэлсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр *** төвийн даргыг орлож байгаа гэх хүнтэй орж уулзахад 2000 ам доллар өгөх шаардлагагүй, зөвхөн тийзний мөнгө, тээврийн зардал, хоолны мөнгийг л өгөх ёстой гэж хэлж байсан.

Тэгээд байж байтал эмч П нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр утсаар холбогдож Бүгд Найрамдах Солонгос Улс руу иргэн ***ийг хүргэж өгөхийн тулд бид гуравт 2000 ам доллар өг эсвэл хүргэж өгөхөө болилоо гэх мэтээр дарамт үүсгэж мөнгө нэхээд байсан ба бид нар цаашаагаа наад 2000 ам долларыг чинь 30 гаруй ажлынхаа хүмүүст хуваана гээд байсан. Тэгэхээр нь манай компаниас хугацаа хоног тулсан бйасан учраас тухайн өдрийн 20 цагийн үед 1,500,000 төгрөг, 21 цагийн үед 3,400,000 төгрөгийг эмч П-ийн *** тоот данс руу шилжүүлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх онгоцны буудалд буугаад ***ийг Монголоос авч явсан эмч сувилагч нь Солонгос улсын эмнэлгийн ажилчдад хүлээлгэж өгөлгүйгээр шууд явсан байсан.

Манай компанийн зүгээс эдгээр эмч болон сувилагч нарт маш их гомдолтой байна. Биднээс авсан 2000 ам долларыг гарцаагүй байдалд оруулж нэхэж авсад гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал/

 

Гэрч Г.У-ын “... Би эмч болон Солонгосын консулын элчин сайд нартай захирал уулзахад байгаагүй. Харин нэг эрэгтэй эмч Гэмтлийн эмнэлгийн *** үүдэнд Д бид хоёр зогсож байхад хажууд ирээд нөгөө 2000 ам доллар бэлэн үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр юу ч хэлээгүй, чимээгүй байсан. Дараа нь Д-с сонсоход Гэмтлийн эмнэлгийн дарга нь эмч нарын зөвхөн хоол, унаа, зочид буудлын мөнгийг л өгнө гэж хэлсэн гэсэн.

Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш байх тэгж санагдаж байна. Нөгөө эмч залгаад 2000 ам доллар өг, өгөхгүй бол бид нар өвчтөнг хүргэж өгөхгүй гэж Дтай утсаар ярьж байхыг нь би хажууд нь сонсоод зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/

 

Гэрч Ж.А-гийн “... 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байхаа тэр үед *** төвийн *** эрхлэгчээр ажиллаж байсан Д.П багаараа Бүгд Найрамдах Солонгос Улс руу өвчтөн хүргэж өгөх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд наД-с гадна *** эрхлэгчээр ажиллаж байсан Д.П, *** их эмч Т.*** бид гурав өвчтөн ***ийг түүний дүүгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улс руу онгоцоор явсан. Ингээд тухайн өдрийнхөө 13 цагийн орчимд Бүгд Найрамдах Солонгос Улсын онгоцны буудал дээр хамгийн сүүлд өвчтөн ***ийг аваад буух гэтэл онгоцны үйлчлэгч эмнэлгийн хүмүүс ирсэн байна, та нар зорчигчийг буух хаалгаар буучих гэхээр нь бид гурав ***ийг дүүтэй нь хамт орхиод онгоцноос буугаад явсан. Бид гурав Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод нэг хоноод маргааш өглөө нь Монгол руу буцсан.

... Надад ямар нэгэн байдлаар мөнгө өгч байгаагүй. Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод хоол, унааны мөнгийг даагаад яваад байсан. Надаас бол мөнгө гараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/

 

Гэрч Т.***ын “...*** нь хоёр дунд чөмөгний хугаралтай, цээж болон хэвлийн битүү гэмтэлтэй байсан. Тэгээд манай эмнэлгийн эмч нар мэс засалд оруулъя гэтэл ар гэр болон өөрөө Монгол Улсын эмч нараар эмчлүүлэхгүй гэсэн. Тэгээд бид нар үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байсан.

... Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил тарах үед *** эрхлэгчээр ажиллаж байсан Д.П миний гар утас руу залгаад өвчтөн ***ийг багаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөхөөр болсон талаар хэлсэн. Эмчлэгч эмч нь би байсан болохоор зөвшөөрсөн. Ингээд Д.П, Ж.А- бид гурав 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 08 цагийн үед өвчтөн ***ийг аваад Бүгд Найрамдах Солонгос Улс руу онгоцоор явсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 155-156 дахь тал/

 

Гэрч Б.Б-ын “... 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр *** ХХК-ны менежер Д бас нэг эмэгтэйтэй миний өрөөнд орж ирээд өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөхийн тулд Д.П эмч бид нараас 2000 ам доллар нэхээд байна, ийм зүйл байдаг юм уу гэж асуухаар нь би Д-д хандаж зөвхөн эмч нар болон сувилагчийн нислэгийн зардал гаргаж өгнө гэж хэлсэн. Ингээд би *** эрхлэгчээр ажиллаж байсан Д.Пийг өрөөндөө дуудаж хэн, хэн Бүгд Найрамдах Солонгос Улс руу ***ийг хүргэж өгөх гэж байгаа юм бэ гэж асуухад Д.П би өөрөө, эмч Т.***, сувилагч Ж.А- нартай явна гэж хэлэхээр нь би тусламж үзүүлэхэд эрсдэл үүсвэл гар дутна гэж хэлсэн. Тэгээд *** ХХК-ны менежер Д манай эмнэлгээс 2 эмч, 1 сувилагч явахыг зөвшөөрсөн. Би Д.П-оос 2000 ам долларын талаар огт асуугаагүй. Гэхдээ би Д.П-д хандаж өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэхэд юун илүү мөнгө төгрөг нэхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Д.П юм хэлээгүй чимээгүй байсан. Д.П үгэнд ороогүй юм л даа.

Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эмч Д.П, эмч Т.***, сувилагч Ж.А- нар нь өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөөд маргааш өдөр нь буюу 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад ирсэн байсныг дараа нь мэдсэн. Би хэн нь мөнгө авсан талаар бол мэдээгүй.

Би эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөх зөвшөөрөл бол өгөөгүй. Ер нь бол *** ХХК-ны удирдлагуудын гуйлт бас өвчтөн ***ий хүсэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан юм шиг байна лээ. Яг өвчтөн гадаад улс руу хүргэж өгөхийг зохицуулж баталсан журам байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 161-163, 164-166 дахь тал/

 

Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2-4в/500 дугаартай албан бичиг. /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/

 

*** төвийн өвчний 11573 дугаартай түүх. /1 дэх хавтаст хэргийн 171-180 дахь тал/

 

*** төвийн Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/386 дугаартай тушаал. /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/

 

Д.П-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өвчтөн ***ийг эмчийн хяналтад Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэх талаар Солонгосын элчин сайд болон *** ХХК-ны Б.Д нартай ярилцаж тохиролцож байхдаа би бид ажлын хөлсөө авна, 2000 ам доллар өгөөрэй гэж хэлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өвчтөн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу авч явахаар болоод байж байсан чинь 16 цагийн үед Б эмчийн өрөөнд Б эмч, Батзориг эмч *** ХХК-ны Б.Д нар байсан бөгөөд надад өвчтөн ***ийг үнэгүй хүргэж өгнө гэхээр нь бид нар жоохон чанга дуугаар маргалдаж ярилцсан. Тэгээд бүүр явахаа болиод байж байсан.

Тухайн өдрийн орой Б.Д над руу залгаад та нараар хүргүүлье гэхээр нь би хоосон бол явахгүй, 2000 ам доллар миний данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн.

Удалгүй миний Хаан банкны *** дугаартай дансанд 4,900,000 төгрөг орж ирсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөө өвчтөн ***ийг аваад Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмч Т.***, сувилагч Ж.А- нартай явсан.

Би Б.Д-с авсан 4,900,000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан. Яг юунд зарцуулсан талаараа одоо сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 223-225 дахь тал/

 

Б.Д-ын яллагдагчаар өгсөн “ ... 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын 6 иргэнийг манай компани аялуулахаар Хөвсгөл аймаг чиглэлд явсан. Хөвсгөл аймгаас буцаж явахдаа Төв аймгийн Лүн сумын ойролцоо 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед осолд орж *** нь хүнд гэмтэж Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн ирсэн. *** нь нэлээн хүнд гэмтэл байсан. ***ийг мэс засал хийлгэхээр Гэмтэл согог судлалын төвөөс шийдвэр гарсан боловч *** нь би Монгол Улсад ямар нэг эмчилгэ хийлгэхгүй гээд байсан.

 Тэгээд манай компани болон Гэмтлийн эмнэлгээс П эмч, Бүгд Найрамдах Солонгос Улсын консулын газрын элчин сайд гээд хүмүүс байсан бөгөөд бид нар Монголд эмчилгээ хийлгэх үү эсвэл Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах уу гэдэг талаар ярилцсан. Тэгээд ***ийг Гэмтлийн эмнэлгээр эмчлүүлэхгүйгээр зөвхөн эмчийн хяналтад Бүгд Найрамдах Солонгос Улс руу авч явахаар болсон. П эмч гэмтлийн эмнэлгээс 2 эмч, 1 сувилагч явна гэж хэлсэн. Тэгээд П эмч өвчтөн ***ийг хүргэж өгөхөд 2000 ам доллар бидэнд өгөх шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлгийн даргыг орлож байсан эмчтэй орж уулзаад асуусан чинь тийм зардал байхгүй, зөвхөн эмч нар болон сувилагчийн хоол, унаа, зочид буудлын мөнгө л танай компанийн зүгээс гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би данснаасаа хоол, зочид буудал, унааны мөнгө болох 1,500,000 төгрөгийг эмч П-ийн данс руу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.

Тэгээд бид нар 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр явахаар болоод байж байтал 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш 15 цагийн үед П эмч залгаад та нар бид нарт 2000 ам доллар өгвөл явна, өгөхгүй бол явахгүй гэж хэлсэн. Удалгүй байж байтал *** эмч залгаад бид нар явахаа больсон шүү гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ***ий биеийн байдал хүнд байсан учраас бид нарыг аргагүй байдалд оруулсаны улмаас эхлээд 1,500,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу 7 дугаар хороонд байрлах *** төвийн гадаа байхдаа шилжүүлсэн. Удалгүй 3,400,000 төгрөгийг Гэмтлийн эмнэлэг дотор *** үүдэнд байхдаа шилжүүлсэн.

Бидний зүгээс ***ий өвчний байдал хүндрээд амь насанд нь аюултай байдалд хүрвэл асуудал улам л хүндэрнэ гэж айгаад маш хурдан эмчилгээ хийлгэхийн тулд Д.П 2000 ам доллар нэхээд байсан тул аргагүй эрхэнд 4,900,000 төгрөгийг нөхөр Н.Төмөрчөдөр бид хоёр мөнгөгүй учраас хүмүүсээс зээлж аваад өгсөн.

Эмч Д.П, эмч Т.***, Ж.А-, *** болон түүний дүүгийн онгоцны тийзний мөнгө нийт 14,000,000 төгрөг, бас эмч нарын хоол, унаа, зочид буудлын мөнгө гэж 1,500,000 төгрөг гээд их зарлага гарсан байсан нь бидний хувьд эмч Д.П эмчийн нэхсэн 2000 ам долларыг өгнө гэдэг хэцүү байсан.

Бидний зүгээс хэдий хүндрэлтэй байсан ч гэсэн ***ий эрүүл мэндэд санаа зовоод байж сууж чадахгүй байхад *** төвийн эмч нарын бид нарт хандаж байгаа хандлага, хахуулийн мөнгө нэхэж байгаа нь үнэхээр хэцүү байсан бөгөөд *** болон түүний дүүгээс маш их ичиж, санаа зовж байсан. ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 6-7 дахь тал/ зэрэг болно.

Шүүх, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь *** төвийн *** эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тасагт ослын улмаас хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэхдээ ***ийг Монгол Улсад урьж ирүүлсэн *** ХХК-ны менежер Б.Д-с 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 4,900,000 төгрөгийг авсан, шүүгдэгч Б.Д нь *** ХХК-ны менежерээр ажиллаж байхдаа Д.П-д Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргүүлэхийн тулд Д.П-д 4,900,000 төгрөгийг өгсөн үйлдэл тогтоогдсон гэж дүгнэв.

Гэхдээ прокуророос шүүгдэгч Д.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Д-дхолбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан”, “яллах дүгнэлт” үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ... “ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Д.П-ийн хувьд хэдийгээр *** төвийн *** эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан боловч гадаад улс руу өвчтөн зөөвөрлөх үйл ажиллагаа нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч Д.П-ийн Албан тушаалын тодорхойлолтын “албан тушаалын чиг үүрэг” хэсэгт, хөдөлмөрийн гэрээний “3.4 Ажилтны хүлээх үүрэг” хэсэгт /1 дэх хавтаст хэргийн 20-34 дэх тал/ тус тус “өвчтөнийг гадаад улсад онгоцоор тээвэрлэж хүргэхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаа явуулах талаар тусгаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дах хэсэгт “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах ... шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Д.П-ийн “онгоцоор гадаад улс руу өвчтөн тээвэрлэх явцад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх” албаны чиг үүргийг баталгаажуулсан баримт бичиг байхгүй байна.

Харин хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс хойш 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайдын А/220 дугаартай журмаар “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх” журам баталж “албын чиг үүргийг баталгаажуулсан баримт, бичиг” гаргасан нь шүүгдэгч Д.П-ийн үйлдэлтэй цаг хугацааны хувьд хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгч Д.П-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад онгоцоор тээвэрлэх явцад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь түүний албаны чиг үүрэгт хамааралгүй тул шүүгдэгч Д.П-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинж болох “Хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ... “ гэсэн шинж үгүйсгэгдэж байгаа тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Мөн *** ХХК-ны менежерээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Д нь өөрийн ажилладаг компанийн урилгаар Монгол улсад аялахаар ирээд зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл учирсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ***ийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу онгоцоор тээвэрлэж хүргүүлэхдээ *** төвийн *** эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч Д.Поос эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор явуулжээ.

Ингэхдээ шүүгдэгч Д.П-ийн хэлсэн 2000 ам доллар буюу 4,900,000 төгрөгийг түүнд шилжүүлж өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинж болох “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө ... өгсөн ... “ гэмт хэргийн шинжгүй байна.

Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч Б.Д-ын шүүгдэгч Д.П-д 4,900,000 төгрөг шилжүүлсэн нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагаанд зориулж өгсөн ба хувь хүмүүсийн хоорондын тохиролцооны үндсэн дээр уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Д-ын үйлдлийг “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжгүй үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав.

 

Прокуророос  шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийн талаар зүйлчлэхдээ түүнийг  “Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад “заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусД-с шан харамж шаардах” гэснийг, 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Гэмт хэргийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт хэргийн шинжийг зөвхөн хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үзнэ.

Прокурор шүүгдэгч Д.П-ийн үйлдэлд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гаргахдаа, “Яллах дүгнэлт” үйлдэхдээ “Авлигын эсрэг хууль, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” зөрчсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.П, Б.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.П  Авилгатай тэмцэх газрын төрийн сангийн 10090033401 дугаартай дансанд 4,900,000 төгрөг байршуулсан нь ямар зорилгоор уг мөнгийг байршуулсан болох нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч, прокуророос ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх тул шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын П-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч М овогт Б-ын Д-ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.П, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.П, Б.Д нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.П, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ