| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0400/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.3.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 41
Н.Т-, А.Т- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхтуяа
Шүүгдэгч Н.Т-
Өсвөр насны шүүгдэгч А.Т-
Өсвөр насны шүүгдэгчийн
хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б-
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шүүхийн тогтоолтой Н-ын Т-, А-гийн Т- нарт холбогдох, 201626010242 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
-Монгол Улсын иргэн, урьд:
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1., 2., 4.т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан ял оногдуулахыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хараа хяналтандаа байлгахыг түүний эцэг Д.Н-ад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдахыг үүрэг болгосон, ********** регистрийн дугаартай, Б- овгийн Н-ын Т-,
-Монгол Улсын иргэн, урьд:
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 633 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, уг ялаас 98 цаг нийтэд тустай ажил хийх ял биелэгдээгүй. ********** регистрийн дугаартай, Б- овгийн А-гийн Т-.
Шүүгдэгч Н.Т- нь ганцаараа 3 удаагийн үйлдлээр:
-2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгоны төвд иргэн Б.Ц-ын түрээсээр ажиллуулж байсан дэлгүүрийн лангуунаас HP-dual core i5 маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг гар утасны холбогч, компьютерийн хулгана зэрэг эд зүйлс хулгайлж 428.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Лабораторийн автобусны буудал дээр байрлах иргэн Т.Ч-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 320.000 төгрөг хулгайлж, нийт 619.755 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шөлөндөө” цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.С-гийн Iphonе-6 маркийн гар утсыг хулгайлж 392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Т- нь бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр:
-М.Д-, С.Т-, Л- нартай бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-143 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баянхишиг” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Ч.Ц-д 766.515 төгрөгийн хохирол учруулсан,
-А.П-той бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 03-24 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ-Хайрхан” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 670.000 төгрөг, виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт хулгайлж, иргэн Т.Т-эд нийт 829.700 төгрөгийн хохирол учруулсан.,
-А.П-той бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны За тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улаан-Уул” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Н.М-ад 1.190.076 төгрөгийн хохирол учруулсан.,
-А.П-той бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 10 дугаар байрны арын “Алтай” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, иргэн А.Б-д нийт 459.290 төгрөгийн хохирол учруулсан,
-А.Т-тэй бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханнильан” Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Д-ийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 223.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:
-2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй цайны газрын үүдэнд иргэн Г.Э-гийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Г.Э-д 143.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 09 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Калл цөнтр” төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дээрээс “Ай фон-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Г.Э-т 344.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь бусадтай бүлэглэн, 9 удаагийн үйлдлээр:
-Н.Т-тэй бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханнильан Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Д-ийн “Самсунг” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 223.300 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.М-, Н.М- нартай бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “1000 нэрийн бараа” худалдааны төвд байрлах “Смайл шоп” дэлгүүрийн 204 дүгээр лангууны худалдагч Л.Мөнхцэцэгийн хувцасны халааснаас “Самсунг Жи-7” маркийн гар утас хулгайлж, 726.700 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.Д-той бүлэглэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс 89” төв дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дотроос “Самсунг Жи-3” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн З.У-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
-М.Д-, Э.Д- нартай бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 50 дугаар гудамжны 583 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран хишиг” нэртэй хүнсний дэлгүүрт орж орлогын бэлэн 1.340.000 төгрөг, цүнх, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, иргэн Э.Т-т 1.364.820 төгрөгийн хохирол учруулсан.,
-Т.О-, М.Д- нартай бүлэглэн, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жулиа” нэртэй дэлгүүрийн гар утасны лангуун дээрээс 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн С.Т-өд 1.633.333 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Б-тай бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их-Орд” төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Д-гийн Скайтелын нэгж борлуулах лангуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлэн 360.600 төгрөгийг хулгайлсан,
-Г.А-, Б.Б- нартай бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Элбэг” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс “Самсунг Нөте-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Б.Н-д 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
-М.Д-, Г.А- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төвийн 5 дугаар лангуун дээрээс иргэн Б.Э-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 6.175.753 төгрөгийн хохирол учруулсан,
-Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь Т.О-той бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Ц-гийн /12 настай/ “Самсунг Гапакси Эс-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж 133.340 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шүүхийн тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт А.Т-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт Н.Т- нарт холбогдох эрүүгийн 201626010242 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж,
-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Т-, өсвөр насны шүүгдэгч А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор бичсэн эсэргүүцэлдээ:
... Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2020/ШТ/01 дугаартай шүүхийн тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Дээрх зүйл хэсгийн агуулгаас үзэхэд хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай үндэслэл бүхий мэдээлэл байгаа тохиолдолд уг хэргийг нэг мөр шалгаж хэргийг нэгтгэн нэг тогтоолоор ял оногдуулахаар заажээ.
Хэд хэдэн шийтгэх тогтоолоор гагцхүү хэргийг шийдвэрлэхээс өмнө илрээгүй байсан эсвэл шийдвэрлэсний дараа илэрсэн хэрэгт нэгтгэн ял оногдуулахаар зохицуулсан байна.
Шүүгдэгч А.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлж байх ба холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2.т “ Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх нь шүүгдэгчид ашигтай байна.
Өөрөөр хэлбэл тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнээд өсвөр насны шүүгдэгч А.Т-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоол нь шүүгдэгч А.Т-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөр гэмт хэрэг үйлдсэн...” гэх дан ганц шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг прокурорт буцаасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн талаарх бусад бичгийн нотлох баримт буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн ямар ч нотлох баримтууд байхгүй байтал энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэл болгон хэргийг прокурорт буцаасан нь “Хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай үндэслэл бүхий мэдээлэл байгаа “ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т заасан заалтыг баримтлах тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.
Яллагдагч, шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эрх бүхий субьект биш бөгөөд шүүгдэгч А.Т-гийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдэж, судлагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу шүүгдэгч А.Т-, Н.Т- нарын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоолын Үндэслэх хэсэгт ”... Хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай үндэслэл бүхий мэдээлэл байгаа тохиолдолд уг хэргийг нэг мөр шалгаж хэргийг нэгтгэн нэг тогтоолоор ял оногдуулахаар заажээ...” гэж дүгнэсэн нь тухайн анхан шатны тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу тухайн анхан шатны шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШТ/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг үндэслэн улсын яллагч эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч А.Т- давж заалдах гомдолдоо:
Надад холбогдох хэргийг прокурорт буцаасан учир миний бие нь 2019.10.08-нд Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст байрлах “Bozollo” төвийн урд явж байсан 2 иргэний нэгийх нь халааснаас I phone X маркийн гар утас хулгайлсан гэдэг үндэслэлээр буцсан бөгөөд хэргийн дугаар нь 190503985 дугаартай хэрэг юм. Мөн цагдан хоригдож байхад Баянгол дүүргийн тоотоор гэрчийн мэдүүлэг авна гэж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Гэрэлтцогт гэсэн хүн ирж байцаалт авсан бас 2019.09 сарын үеэр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст байрлах “Тэнгис” кино театрын автобусны буудлын орчим явж байсан иргэний халааснаас I Phone XS маркийн гар утас хулгайлан авсан, хохирлын үнэлгээ 2.400.000 төгрөг болсон гэсэн миний хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч хохирлоо нэхэмжилж байна гэсэн. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс лүү буцсан гэсэн, мөрдөн байцаах албан дээр хэрэг байхад миний хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нь очиж уулзаж байхад өмнөх мөрдөн байцаагч ахлах дэслэгч Батмөнх нь ял аваад явсныхаа дараа дуудлагаар дуудаж ялыг нь нэмж өгч явуулаарай, одоо тоот явуулж болохгүй гэсэн гэж миний хууль ёсны төлөөлөгч сууж байхад Чингэлтэй дүүргийн хэргийг хүлээн авсан байцаагчид хэлсэн гэсэн. Энэ нь миний эрх зүйн байдлыг дэндүү дордуулж байна. Миний эдлэх эрхийг эрх мэдэн шийдэх гэж байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч Улаанбаатар хотод байгаа хэргүүдээ өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлмээр байна. Хэрвээ би байхгүй хэргийг байгаа гэж худал ярьж байна гэж бодож байвал байцаагч нартай ярьж үзнэ үү. Хэрэв хэрэг байхгүй энэ чигээр нь шийднэ гэвэл Улаанбаатар хотын Цагдаагийн газруудаас А- овогтой Т-д холбогдох эрүүгийн хэрэг буюу яллагдагчаар татсан, сэжигтнээр байцаасан хэрэг байхгүй гэсэн тоот авмаар байна. Иймд надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх ганцхан шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай. Хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой байсан. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Т- тайлбартаа:
Чингэлтэй болон Баянгол дүүрэг дээр би хулгай хийсэн үнэн. н.Батмөнх гээд ахлах дэслэгч надаас байцаалт авч байхдаа урдны хэргүүдийг нь шийдвэрлүүлсний дараа энэ хэргүүдийг нь шийдвэрлүүлэхгүй бол хэрэг нь задарч гай болно гэж хэлж байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б- тайлбартаа:
Миний бие тухайн дүүргүүдэд албан ёсоор хүсэлт явуулахад. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа тул танд тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нэг хэрэг нь камерийн бичлэгээр нотлогдсон гэдгийг мөрдөн байцаагч нь надад мэдэгдсэн. Мөн нэг хэрэг нь хамт үйлдсэн хүн нь олдохгүй байгаа гэдгийг мэдэгдсэн. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хугацааг харгалзан үзэж түүний цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Т-:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа:
Байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч А.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокуророос шүүгдэгч Н-ын Т-ийг ганцаараа болон А.Т-, С.Т-, А.П-, М.Д-, Л- нартай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 4.903.636 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт.,
Өсвөр насны шүүгдэгч А-гийн Т-г ганцаараа болон Н.Т-, Э.М-, Н.М-, Э.Д-, М.Д-, Т.О-, Г.А-, Б.Б- нартай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 6.175.753 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.т заасан гэмт хэрэгт,
Мөн өсвөр насны шүүгдэгч А.Т-г Т.О-той бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Ц-гийн “Самсунг Гапакси Эс-5” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн довтолж 133.340 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч А.Т- нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул уг хэрэгт нь мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх нь шүүгдэгчид ашигтай гэсэн үндэслэл зааж, шүүгдэгч Н.Т-, А.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь өсвөр насны шүүгдэгч А.Т- нь хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай үндэслэл бүхий мэдээлэл байхгүй, өөр гэмт хэрэг үйлдсэн тухай бичгийн нотлох баримт буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн ямар ч нотлох баримт байхгүй, түүнчлэн хавтаст хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.02.18-ны өдрийн 1/746 дугаар, мөн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020.02.19-ний өдрийн 1/694 дугаар ...А.Т-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэгдээгүй, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан хэрэг байхгүй... гэсэн албан бичгүүд ирүүлсэн байхад эдгээрт ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь буруу.
Мөн А.Т-гийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдэж, судлагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүгдэгч А.Т-, Н.Т- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл харилцан зөрүүтэй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоож чадаагүй бол шүүх нотлогдон тогтоогдож байгаа хэмжээгээр үнэлж, мөн яллах дүгнэлтийг үгүйсгэж, няцааж байгаа бол энэ тухайгаа нотлох баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж, давж заалдах шатны шүүхээс хэрэг нотлогдож тогтоогдсон эсэх, шүүгдэгч нар гэм буруутай эсэх, түүнчлэн А.Т-гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.
Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул түүний энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Н.Т-, А.Т- нарт холбогдох, 201626010242 дугаартай, 8 хавтастай эрүүгийн хэргийг мөн шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
4.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Хэрэг анхан шатны шүүхэд очтол өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч Н.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ