Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 32

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Золбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 23:30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Осеan бааранд Ц.Чойжамцаас түүний эх Ч.Энхжаргалын ХААН банкны 5094181820 дугаартай виза картыг Ц.Чойжамцад өгөлгүй өөр карт өгч улмаар АТМ машинд уншуулж 1.150.000 төгрөгийг хулгайлан авсан.

2016 оны 10 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Осеan бааранд Б.Гэрэлсайханы ХААН банкны 5019554384 дугаартай виза картыг авч уг картнаас 320.000 төгрөгийг АТМ машинд уншуулж хулгайлан авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Ч.Энхжаргалын “Манай хүү Чойжамц 9 дүгээр сарын 4-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Би Чойжамцыг хот руу явахад нь өөрийнх нь виза картыг өгөх гэж байгаад андуураад өөрийнхөө виза картыг өгөөд явуулчихсан байсан. 9 дүгээр сарын 5-ны өдөр би найзуудтайгаа хоолонд орчих уу гэж Чойжамц надаас асуухаар нь би тэг тэг гэсэн. Тэгээд 5-ны өдрийнхөө орой нь миний данснаас Чойжамц 42000 төгрөгөөр гүйлгээ хийсэн байсан. Тэгсэн шөнө унтаж байтал 01 цаг өнгөрч байхад 1150000 төгрөгийн зарлага гарсан тэгээд би хүүхэд рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь Чойжамц над руу 11 цагийн үед залгаад “та картныхаа кодыг сольсон юм уу” гэж асуусан. Би “чи шөнө мөнгө авсан байна ш дээ” гэсэн. Тэгсэн би шөнө мөнгө аваагүй ш дээ гээд өө энэ чинь өөр карт байна ш дээ би баар луугаа явлаа гээд утсаа тасалсан. Тэгсэн бармен нь алга байна гэхлээр нь би цагдаад хандаа гэж хэлсэн. Тэгээд Чойжамц цагдаад өргөдөл бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Чойжамцын “2016 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр би Орхон аймгаас Улаабаатар хотод дипломоо авах гэж ирсэн. Тэгээд 9 сарын 5-ны өдөр дипломоо авчихаад найзуудтайгаа уулзаад хорооллын эцсийн Осеan бааранд ороод  эхлээд 54800 төгрөгний тооцоо гарсан. Тэгээд тэрийгээ төлчихөөд дахиад архи, пиво авчихаад 42.000 төгрөгийн тооцоо гарахаар нь би эхлээд 28.000 төгрөг эхэлж уншуулсан, дараа нь 7.000 төгрөгөөр 2 удаа банкны виза картаар төлөхөөр зөөгчийн хажууд пин кодоо би өөрөө хийсэн тэгж байхад зөөгч залуу нь хараад зогсож байсан. ... Тэгээд маргааш нь өглөө 11 цаг өнгөрч байхад ээжийн картыг уншуулаад мөнгө авах гэтэл пин код буруу байсан тэгэхээр нь ээж рүү утасдаад “та пин кодоо сольчихсон юм уу” гэтэл “үгүй” гэж хэлсэн. Тэгээд картаа дахиад хартал шал өөр карт байсан. Тэгээд тэр өдөртөө Осеan бааранд очоод өчигдөр танайхаар үйлчлүүлсэн миний картыг өөр хүний картаар солиод өгчихсөн байна гэж хэлсэн. Өчигдөр надад бааранд мөрөн дээрээ шивээстэй залуу зөөгчөөр үйлчилсэн тэгээд тэр залууг асуухад өнөөдөр ирээгүй гэж хэлсэн. Тэгэнгүүтээ би цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр өргөдөл бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Чадраа Энхжаргал нэртэй, 5094181820 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “ ...  зарлага 1.150.000... “ гэсэн баримт, /хэргийн 8 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Гэрэлсайханы “2016 оны 10 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Осеan бааранд найз Ургамал, Мягмардорж нарын хамт орж цаг гаруй сууж байгаад тооцоогоо хийх гэхэд зөөгч нь өөрөө ирсэн манай ангийн залуу Мягмардоржоос зөөгч залуу нь тооцоогоо өгчих 10.500 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгээд 10.000 төгрөг өгсөн, 500 төгрөг аваад ирье гээд Мягмардорж цаашаа явах хооронд нөгөө зөөгч залуу над дээр ирж тооцоо хий гээд надаас 10500 төгрөг виза карт уншуулж авсан. Тэгээд картаа надад буцааж өгөөгүй тооцооны баримт өгсөн. Би тухайн үед баарны текэн дээр зөөгчид картаа өгөөд намайг  нууц кодоо хийхийг харсан. Би тэгээд тооцооны баримтаа түрийвчиндээ хийгээд гараад явсан. Гараад ойрхон хоолны газар ороод картаар тооцоогоо хийх гэтэл карт байгаагүй би буцаад Өүшин бааранд очоод карт байхгүй байна карт үлдээчихсэн байна гэсэн тэгээд камер шалгуулж үзэхэд би л нэг юм аваад түрийвч рүүгээ хийж байгаа бичлэг байсан. Бичлэг дээр карт тооцооны хуудас хоёрын аль нь гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би халамцуу байсан болохоороо за за гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь миний утсанд мессеж ирсэн чинь 300000 төгрөгөөр нэг удаа дараа нь 20000 төгрөгөөр нэг удаа уншуулж нийт картнаас 320000 төгрөг үүрээр 06 цагийн үед уншуулсан байсан. Тэгээд би цагдаагийн газарт өргөдөл өгсөн. ... Нэрийг нь мэдэхгүй туранхай шөвгөр царайтай 20 гаран насны залуу байсан. Тэр зөөгч нь цагдаа дээр ирээд миний мөнгийг байцаагчид өгсөн байсан. ... Байцаагчаас мөнгөө авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Золбаярын яллагдагчаар өгсөн “Чойжамц гэдэг хүн Өүшин бааранд хоёр найзтайгаа орж ирсэн би үүднээс тосож авч хоёуланг нь суулгаад захиалгыг нь аваад захиалсан зүйлийг нь аваачиж өгсөн тэгээд тооцоогоо хйичихээд дахиад юм авахад нь картыг нь сольж өгөөд тэгээд сольсоныхоо дараа Чойжамц гараад явсаны дараа би 30 минутын дараа гарч Номингийн хажуу талын Хаан банкны АТМ-ээс очиж 1150000 төгрөг уншуулж авсан. ... Дараа нь 10 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нэг эгч нэг ахтай сууж байгаад намайг дуудаад захилга өгсөн би заиалгыг нь авчирч өгөхөд тэр хоёр босоод бүжиглэж байсайн би тооцоогоо хийх үү гэхэд гарахдаа хийнэ гэсэн. Тэгээд гарахдаа ар нь  бэлнээр тооцоогоо хийх гэж байхад эгч нь би хийчихье гээд картаар тооцоогоо хийсэн текэн дээр картаа мартчихсан байсан тэгээд өөрсдөө гарч явсан. Гэрч явчихаад 30 минутын дараа буцаж ирээд картаа асуусан. Би та картаа авсан гэж худлаа хэлсэн. Тэгээр тэр эгч би хаячихсан юм байлгүй гээд буцаад гарсан. Би цаг гаруй хугацааны дараа модны 2-т байдаг экспресс банкнаас очиж тэр эгчийн картнаас эхлээд 300.000 төгрөг дараа нь 20.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Золбаяр нь шунахай сэдэлтээр, нууц далд аргаар шууд санаатайгаар бусдын виза картыг авч улмаар дансанд нь байсан мөнгийг удаа дараа хулгайлан авч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

хохирогч Б.Гэрэлсайханы  “... хохирлоо барагдуулсан тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн хүсэлт /хэргийн 34 дүгээр хуудас/, хохирогч Ч.Энхжаргалын “5094181820 дугаартай дансанд нийт 1.150.000 төгрөгийг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Золбаярыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Ж.Золбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм хор арилсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Хоолт овогт Энхбаатарын Золбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Золбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Золбаярт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Золбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Золбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.          

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар Э.Золбаяр нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Золбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Золбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ