Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/918

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас Б овогт М-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325001030298 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 2 дүү, охины хамт Баянгол дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23/102 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Б овогт М-ын Б.

 

Шүүгдэгч М.Б нь фэйсбүүк цахим орчинд Б.Э, М.Б гэх нэртэй хаягаараа “цэнхэр тасалбар шалгаж, мэдээлэл өгнө” гэж хуурамч зар байршуулан 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.С-тай фэйсбүүк мессенжерээр холбогдон Булган-Ундрага ХК, Атар-Өргөө ХК, Талх чихэр ХК-уудын хувьцаа өмчилж байна, тус хувьцааг худалдан борлуулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 2,508,200 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн фэйсбүүк цахим орчинд Б.Э, М.Б гэх нэртэй хаягаараа “цэнхэр тасалбар шалгаж, мэдээлэл өгнө” гэж хуурамч зар байршуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *** тоотод оршин суух Б.О-тэй фэйсбүүк мессенжерээр холбогдон Атар-Өргөө ХК-ны 195 ширхэг хувьцаа өмчилж байна, тус хувьцааг худалдан борлуулж өгнө гэж хуурч цахим хэрэгсэл ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1,106,600 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Х.С-гийн “... 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс фэйсбүүкийн зараар цэнхэр, ягаан тасалбар шалгаж, мэдээлэл өгнө гэсэн зарын дагуу Батболдын Энхтүвшин, М.Б гэх хүмүүийн хаягтай холбогдон өөрийн төрсөн эгч Х.Н-, Н.Ганзориг, хадам эх Д.П-ын иргэний үнэмлэхийн зургийг явуулж шалгуулахад Н-д Талх чихэр ХК-ны 334 ширхэг хувьцаа байна, Н.Ганзоригийн нэр Булган-Ундрага ХК-ны 93 ширхэг хувьцаа, Д.П-ын нэр дээр Атар-Өргөө ХК-ны 657 ширхэг хувьцаа байна гэсэн мэдээлэл өгч хувьцаа шалгуулсаны мөнгө гэж тус бүр 10,000 төгрөг *** дугаартай М.Б гэсэн хүний дансанд хийсэн. Фэйсбүүкийн М.Б гэсэн хаягаас дээрх хувьцаа нь хамтын санд байгаа гэж тайлбарлан зарж борлуулах нь ашигтай гэж хэлээд хүн тус бүрээр өргөдөл бичүүлэн авсан. М.Б нь *** гэсэн дугаараар холбогдож байсан. Хувьцааг зарахаар болоод 8 удаагийн гүйлгээгээр Хаан банкны *** дугаартай Билгүүн гэсэн дансанд 2,125,700 төгрөгийг өөрийн 5090514264 гэсэн дансанд шилжүүлсэн.

М.Б гэх этгээд миний цахим хаяг руу хувьцаа зарах хүсэлтийн маягт явуулж дээрх хүмүүсийн өргөдлийг бичүүлж, иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Бат-Оюун гэсэн хүнтэй ярьж хувьцааг хурдан борлуулна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Хохирогч Б.О-гийн “ ... Батболдын Энхтүвшин, М.Б гэсэн хүмүүсийн хаягтай холбогдон иргэний үнэмлэхийн зургаа явуулан шалгуулахад танд Атар-Өргөө ХК-ны 195 ширхэг хувьцаа байна, энэ бүх хувьцаа хамтын сан руу орсон. Одоогийн ханшаар шилжүүлбэл 13,552,000 төгрөг байна гэж тайлбарлан цааш зарж борлуулах талаар асууж надаар заруулах юм бол өндөр үнэ хүрнэ гэж хэлээд хувьцааны шимтгэл авна гэж хэлээд удаа дараагийн гүйлгээгээр Хаан банкны *** дугаартай М.Б гэсэн данс руу 1,125,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй өөрийгөө залилуулсан болохоо мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 128-129 дэх тал/

“... Би М.Б гэх эрэгтэйтэй *** дугаарын утсаар холбогдож олон удаа ярьж байсан. Надтай М.Б утсаар ярихдаа би үнэт цаасны мэдээллийн төвд ажилладаг, би ээлжийн амралтаа авахаас өмнө таны асуудлыг шийдэж өгнө, таны хувьцааг авч өгнө гэж хэлж байсан. Мөн фэйсбүүкийн Б.Э гэдэг хаягтай хүн миний доор ажилладаг, миний туслах ажилтан байгаа юм, би удахгүй гадаад улс руу явах гэж байгаа, би Б.Э рүү залгаад таны материалыг хурдан бүрдүүл, бүх хувьцааг цэгцэлж бусдад худалдахад бэлэн болго гэж үүрэг өгнө, би хариуцсан дарга нь гэж хэлж байсан.

... Сүүлд 396,000 төгрөг М.Бий данс руу шилжүүлж залилуулаад М.Б гэх эрэгтэйтэй *** дугаарын утсаар ярьсан ярианы бичлэг болон Б.Э гэх фэйсбүүк хаягтай эрэгтэйтэй дуу хоолойгоор нь харилцан ярьсан бичлэгийг харьцуулж сонсоход Б.Э, М.Б нь нэг хүн болохыг мэдсэн. Яагаад гэвэл Б.Э, М.Б хоёрын ярьж байгаа дуу авиа яг нэг хүн шиг сонсогдож байсан. М.Б өөрийнхөө данс руу хамгийн сүүлийн мөнгийг шилжүүлж аваад удаа ч үгүй Б.Э гэсэн фэйсбүүк хаягаа устгачихсан. Бас өөрийнхөө *** дугаарын утсыг авахаа больж сүүлдээ ашиглалтад байхгүй болсон.

1,106,600 төгрөгөө М.Б гэх эрэгтэйгээс буцаан авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 131 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 90-93, 123 дахь тал/

 

М.Бий яллагдагчаар өгсөн “... Иймд хүмүүсээс утсаар ярьж мөнгө авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би нэгэнт хүмүүсийн мөнгийг аваад захиран зарцуулсан учраас би хүмүүсийн хохирлыг барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.Б нь хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авах хуулийн этгээдийн зөвшөөрөлгүй мөртлөө фэйсбүүк цахим орчинд Б.Э, М.Б гэх нэртэй хаягаараа “цэнхэр тасалбар шалгаж, мэдээлэл өгнө” гэж хуурамч зар байршуулан түүнд хандсан Х.С-, Б.О- нарт өөрийгөө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ажилтан мэтээр итгүүлэн үнэмшүүлсэний дараа тэдгээрийн нэр дээр болон төрөл садангийнх нь нэр дээр Талх чихэр, Атар-Өргөө, Булган-Ундрага ХК-уудын хувьцаа байна, худалдан борлуулах нь илүү ашигтай, худалдан борлуулж өгнө, худалдан борлуулсаны шимтгэл авна гэж хэлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Х.С-гаас 2,508,200 төгрөгийг шилжүүлэн авсан, Б.О-гээс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1,106,600 төгрөгийг шилжүүлэн тус тус авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг бөгөөд М.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрнгийг шилжүүлэн авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О-д 1,106,600 төгрөгийн, хохирогч Х.С-д 2,508,200 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Б.Чинбат нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ээс 1,106,600 төгрөг гаргуулж Б.О-д, 2,508,200 төгрөг гаргуулж Х.С-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ