| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/ 0255/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0003 |
| Огноо | 2014-12-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2014/ 0255/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000872 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, , Дархан-Уул аймгийн Дархан суманд 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,
-Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 12 дугаар баг, 16 дугаар байрны 09 тоотод ***тай архидан согтуурч улмаар хоорондоо маргалдаж ***ын биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр *** гэх манай найз манай гэрт ирээд шар тайлаад өг гэж гуйсан юм. Надад мөнгө байхгүй байна миний гар утсыг зараад нэг шил архи аваад ир гэж хэлээд ***т өөрийнхөө Нокио 1200 маркийн гар утсыг өгөөд гаргасан. Удалгүй *** орж ирээд бид 2 архи ууж байгаад хоорондоо маргалдаж бие биенийгээ нэг цохисон. *** намайг эхлэж заамдсан юм. Би ***ын хацар руу цохих үед босч ирээд намайг мөргөсөн” гэв.
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 14 цагийн үед *** Эрхэмээ гэх залуутай хамт Дархан сумын 12 дугаар баг, 16-09 тоотод ирсэн. Тухайн үед би тэр байрыг түрээслэж байсан юм. Манайд ***, Эрхэмээ 2 орж ирэх үед архи уусан, үнэртэж байсан. *** би өчигдөр архи уусан, сая микрт хүмүүс тааралдаж нэг шил архи уучихаад ирлээ гэхээр нь надад мөнгө байхгүй байна миний гар утсыг зараад нэг шил архи аваад ир гэж хэлээд ***т өөрийнхөө Нокио 1200 маркийн гар утсыг өгөөд гаргасан. ***, Эрхэмээ 2 манай гэрээс гараад 20-30 минут болсон байсан тэр үед би унтчихсан байсан, хажуу өрөөний хүүхэд гэрийн хаалга онгойлгож өгч, манайх руу оруулсан байсан. Тэгээд бид гурав 0,75 литрийн архи хувааж уучихаад манай гэрээс гарсан, би араас нь гарсан чинь орцонд Мийгаа гэх залуутай тааралдсан ба нэг шил архи авхуулахаар болоод Мийгаа архинд явсан байсан. Тэр архиа аваад манай гэрт орж уусан. Мийгаа ажилтай байна гэж хэлээд яваад өгсөн. Эрхэмээ, *** бид гурав ууж байгаад *** бид 2 хүүхэд байх үеэ яриад тэрнээс болж маргалдсан. Тэгээд би ***ын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 14 цагийн үед *** надруу утсаар яриад зар мэдээ сонин аваад манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би Эрхэмсайханы хамт зар сонин аваад Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны 9 тоотод очсон. *** уулзаагүй удсан байна, ганц шил архи ууя гэхээр нь Эрхэмсайхан бид 2 дэлгүүрээс 0,75 литрийн архи авч гэрт нь орж уусан. Тэгээд бид 3 дахин архи авч уух гээд ***ын гэрээс гарсан чинь үүдэн дээр ***ын найз нь тааралдсан юм. Тэгээд 0,75 литрийн архи авч өгсөн. Тэрийг нь 4 лээ хувааж уусан. Би архи уугаад нилээн муудсан байсан. *** сургуульд сурч байсан үеийнхээ юмыг ярьж байгаад маргалдсан. *** миний нүд рүү цохиод хөмсөг язалсан байсан. Тухайн үед яг юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Бид 2 танилцаад 3 жил болж байгаа юм. Бие биенээ сайн мэднэ” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн дүгнэлт: “***ын биед баруун нүдэнд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг болно.
2014 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 12 дугаар баг, 16 дугаар байрны 09 тоотод шүүгдэгч *** хохирогч *** нар нь архи ууцгааж байхдаа *** нь сургуульд сурч байсан талаар ярилцаж байгаад маргалдаж ***ын баруун нүд рүү нь цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдэж судлагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***од ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** урьд нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэсэн талаар тэмдэглэсэн тухай баримтаар /хэргийн 22 дугаар хуудас/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***ыг бусдын бие махбодид хөнгөн
гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***од хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр /есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА