Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/02586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****, тоот хаягт байрлах, ХХБ ХХК /УБД:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,****** дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Ө******* овогт Д*******ийн Б /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10.224.385.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ,

Хариуцагч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Шүүх хура

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Б нь тус банктай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №2018/000388/0297 тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар авсан.

Зээлдэгч Д.Б нь №201/000388/0297 тоот Цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч Д.Б нь Цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Д.Бд зээл төлөх мэдэгдэл гардуулан өгч байснаас гадна тэр өөрөө зээл төлөх боломжгүй талаарх хүсэлтээ өгч байсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Д.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийг төлөөгүй учир гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний үүрэгт Д.Б нь үндсэн зээлд 1.691.908,28 төгрөг, үндсэн хүүд 1.248.415,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18.514,05 төгрөг, нийт 2.958.837,96 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.

Тэрээр гэрээний дагуу тохиролцсон өмнөх төлөлтийг хийгээгүй учир гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй юм.

Иймд Д.Бтай байгуулсан №2018/000388/0297 тоот Цалингийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцалж, хариуцагч Д.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 8.308.091.72 төгрөг, үндсэн хүү 1.901.753.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.039.93 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.224.385.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д******* овогтой Б би Худалдаа хөгжлийн банк-аас сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 2018 оны 10 дугаар сард авсан. Зээлийн эргэн төлөлтийг цалин тавьсан тухай бүр нь цалингаас шууд төлж байсан ба 11 сар орчмын дараагаас компанийн үйл ажиллагаа доголдож цалингаа өгөхөө больсон.

Тус банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээний талаар маргах зүйлгүй.

Миний бие одоо харуулын ажил хийж байгаа ба сарын 15 өдөр, 1 өдрийн 40.000 төгрөгийн цалинтай тул өөрийн цалингаас сар бүр 400.000 төгрөгийг тус банкинд графикийн дагуу төлөх боломжтой. Учир нас маань 50 гарсан, мэргэшсэн байдал зэргээс шалтгаалан өндөр цалинтай ажил олдохгүй байна.

Банкны зүгээс гэрээний хугацаа дуусаагүй байхад ингэж бүх мөнгийг шаардаж байгааг ойлгохгүй байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Байгуулсан гэрээнийхээ дагуу 2021 оны 10 сар хүртэл 36 сарын хугацаанд зээлээ хувааж төлөх саналтай байна. Зээлийн гэрээний үүрэгт 2.958.837,96 төгрөг төлөгдсөнтэй маргахгүй, гэхдээ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийсэн.

Иймд Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэл болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 10.224.385.21 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.308.091.72 төгрөг, үндсэн хүү 1.901.753.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.039.93 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.224.385.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зээлдүүлэгч ХХБ ХХК, зээлдэгч Д.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №2018/000388/0297 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 10.000.000 төгрөгийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд үндсэн хүү /үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацаа/-ийн хамт нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

/хх-ийн 13-14,19-20 тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зээлдэгч нь зээл, түүний хүүний төлбөрийг эргүүлэн төлөх хуваарийн дагуу банкин дахь ...тоот цалингийн картын дансанд төлөхөөр тохиролцсон байх ба мөн өдөр байгуулагдсан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээгээр ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, түүний үр шимийг барьцаалжээ. /хх-ийн 15-18 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан байдлаас үзэхэд ХХБ ХХК болон Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хувааж төлөх хүсэлтэй тул банкны санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 10.224.385.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар, тодруулбал 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

Зээлдэгч Д.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 8.2.2-т :Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэжээ.

Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1.691.908,28 төгрөг, хүү 1.248.415,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.514,05 төгрөг, нийт 2.958.837,96 төгрөг төлсөн байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй.

/хх-ийн 19-20 тал/

Зээлдэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Бд хүргүүлсэн, ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш төлөлт хийгдээгүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Зээлдэгч Д.Б нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.308.091.72 төгрөг, хүү 1.901.753.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.039.93 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг нэхэмжилсэн 10.244.385.21 төгрөг байх боловч 10.224.385.21 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр хэргийг шийдвэрлэв.

Иймд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Баас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.308.091.72 төгрөг, хүү 1.901.753.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.039.93 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.224.385.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 8.308.091.72 төгрөг, хүү 1.901.753.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.039.93 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.224.385.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 248.740.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248.740.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ