| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0264/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0006 |
| Огноо | 2015-01-05 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0264/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000782 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1953 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух хаягтай, 2009 онд Монгол Улсын Онц тээвэрчин, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, Малчин баг, Цагааны үнээний ферм орчим Хондо маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин морьтой зорчигч ***ыг мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 09 дүгээр сарын 28-ны орой өөрийн эзэмшилийн *** улсын дугаартай авто машинаараа Дархан орох гэж яваад 3 шарын ойролцоо явж байсан тухайн үед үзэгдэх орчин муу, хурц гэрэлтэй машинууд өнгөрсөн гэтэл гэнэт морьтой хүн гарч ирээд мөргүүлсэн байсан. Ахмадын баяр болоод жаахан архи уусан байсан учир тухайн үед их сандарч айгаад ослын газрыг орхисон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 18 цагийн орчимд Эрхэт өртөөнд байх гэрээс өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай автомашинтай гарсан юм. Ингээд Дархан руу орж яваад 3 шарын ойролцоо явж байхад урдаас их хурц гэрэлтэй гурван машин өнгөрөөд явсан. Тэгтэл замын зүүн талаас морьтой хүн гэнэт гарч ирээд мөргүүлсэн. Тухайн үед би сандарсан байсан болохоор хаазаа гишгээд явсан. Араас 2-3 машин тулаад ирсэн тэгэхээр нь шууд ослын газрыг орхиод явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 28-ний орой 19 цагийн орчим Дархан сумын Малчин баг, 3 шарын ертөнцийн зүгээр хойд хэсэгт хар замаар тугалаа туугаад морьтой баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарч байхад урд зүгээс хойд зүгийн чиглэлд явж байхад машин намайг морьтой мөргөж унагаагаад чигээрээ явсан ба би араас нь ямар машин байсныг харах гээд чадаагүй юм” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд маргааш нь 1 дэх өдөр байсан болохоор би 2 дугаар ангийн хүүхэдээ сургуульд хүргэж өгөх гээд Цэвээн ахыг гуйгаад Дархан руу яваад өгөөч гээд 18 цагийн орчим явсан. Ингээд Дархан руу орж ирж байсан бөгөөд яг хаана явж байсныг мэдэхгүй байна гэнэт л тас няс гэсэн чимээ гарсан, тэгэхэд л би 2 хүүхдээ тэврээд доошоо болсон. Цэвээн ах сандраад зогсоогүй шууд явсан бөгөөд Дархан руу орж ирээд үйлчилгээний төвийн орчим явж байхад цагдаа зогсоосон юм” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
Хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-14 дүгээр тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 34-35 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 19 дүгээр тал/,
Шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч *** 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, Малчин баг, Цагааны үнээний ферм орчим Хондо маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин морьтой зорчигч ***ыг мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***ийг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 2 /хоёр жил/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт *** цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсан болон хураасан зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА