Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0013

 

       
                                        
                                             
                                            
                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0021/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар . 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000754 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын  операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***, 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт Тоёото Надиа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 8 дугаар бүлгийн 8.1, 2 дугаар бүлгийн 2.1а, 2.7а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс иргэн ***ын жолоодож явсан Т/Хайландер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн ***ийн жолоодож явсан Т/Прадо маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас бусдад үлэмж хэмжээний буюу 17.923.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ***ийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найз бүсгүйтэйгээ маргалдаад буруугаар ойлгосон зүйлийг ойлгуулж чадахгүй байсан. Маргааш нь ажилгүй болохоор архи уусан. Тэгээд өглөө Орхон аймгаас хүн тосоорой гэж хэлж байсан болохоор шинэ Дарханаас Эрдэнэтийн гүүр лүү явж байгаад Дархан  2 өртөөний призрийн тэнд зам тээврийн осол гаргасан. Уг нь машинаа өөр газар тавьсан байсан. Яаж явсан гэдгээ санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь цагдаагийн машинд суучихсан явж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн жаахан үл ойлголцол гараад гэртээ нэг шил 0,5 литрийн хараа архи, 3 баавгай нэртэй том савтай пивоны тал байсныг уусан.Тэгээд байж байтал манай эхнэр ***ийн найз *** Хөвсгөл аймгаас ирж байна, Орхон аймгийн замаас тосож аваач гэж ***тэй ярьсан. Тэгээд гадаа гараад эхнэр *** машины түлхүүр орхисон байна гэхээр нь би гэрээс түлхүүрийг нь аваад гарсан. Тэгээд би согтсон байсан, нэг мэдэхэд би машин барьчихсан шороон замаар явж байсан санагдаад байгаа юм, тэгээд юу болсныг нь мэдэхгүй, нэг ухаан ороход цагдаагийн машинд суугаад явсан бөгөөд зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдсэн. Би 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр жолоо барих эрхээ хасуулсан. Согтуугаар жолоо барьж болохгүй гэдгийг мэднэ. Би тэр үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 88-91 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Т/Хайландер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу гарсан юм. Дархан-Уул аймгийн төврүү орохоор 20 цаг 50 минут орчим болж байсан. Дархан-2-ын төмөр замын гармаар гараад явж байтал урдаас нилээн хэдэн машин хажуугаар зөрсөн бөгөөд машинуудын араас нэг машин зам голлоод гэнэт гарч ирэхээр нь би машинхаа үрүүлийг баруун тийш дарсан боловч машины зөв талд тас хийх чимээ гарч машин ямар жолоодлоггүй болж замын хажуу тал руу гарч зогссон. Машинаасаа буухад төмөр замын торны хажууд ногоон өнгийн жийп автомашин зогсож байхаар нь жолоочтой нь очиж уулзахад таныг мөргөсөн миний машин миний машиныг мөргөөд би замын хажуу руу орчихлоо гэж хэлсэн. Бид 2 мөргөсөн автомашин дээр очиход жолооч нь согтуу хажууд нь нэг эмэгтэй байсан.... би хохирлоо төлүүлсэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хэргийн 29-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ийн өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 30 минутын үед Т/Прадо маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод Дархан-2-ын төмөр замын гарам өнгөрөөд Т/Хайландер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард явж байсан. Энэ үед миний урд нэг машин урсгал сөрөөд орж ирээд урд талын машиныг мөргөөд юу гэхийн завдалгүй миний машин зүүн урд талаас мөргөхөд машины үрүүл удирдлаггүй болж машин төмөр замын тор мөргөж зогссон. Тэгээд бууж ирээд харахад миний машины зүүн тал тэр чигтээ  маш их эвдэрэлтэй байгаа харагдсан. Миний машиныг мөргөсөн саарал өнгийн автомашин замын голд буцаад эргэсэн байдалтай зогсож байсан. Т/Хайландер маркийн *** улсын дугаартай автомашины жолоочтой очиж уулзахад осол гаргасан Надиа маркийн *** автомашины жолоочтой уулзахад жолооч нь согтуу залуу байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн...миний хувьд учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, гомдол саналгүй, манай эхнэр Сумъяа Герман улс руу явсан биед нь учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 25-28 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Т/Хайландер маркийн *** улсын дугаартай автомашиныг *** ах жолоодож Дархан-Уул аймаг руу орж ирэх үед жолооч бид 2 унтаагүй сэрүүн байсан. Тэгтэл урдаас нэг машин хурдтай ирээд машины хажуугаас мөргөсөн. Тэгээд манай машинаас утаа гараад зогссон. *** эгч хүү хоёроо сэрээгээд буугаарай гэж хэлсэн. Буугаад харахад жолооч талын машины дугуй хагарсан, обуд нь чихэгдээд орсон байсан. Замын хажуу талд хар хөх өнгийн машин төмөр замын өргөстэй тор луу тулж зогссон байсан. Тэр машины жолооч ирээд танай, манай 2-ын машиныг мөргөсөн машин тэнд зогсож байна гэхээр нь хартал замын голд жижиг машин зогсож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Т/Хайландер маркийн *** улсын дугаартай автомашиныг манай нөхөр *** жолоодож урд талын суудалд би сууж, хойд талын суудалд дүү Мөнхцэцэг, ач хүү Өнөбилэг, миний хүү Түвдэндорж нарын хамт сууж явсан. Дархан-Уул аймаг руу орж ирэхэд би унтаж байсан бөгөөд түсхийх чимээ гарахаар нь сэрэхэд машин дотор их муухай үнэр үнэртэж байсан. Дүү Мөнхцэцэг машин шатлаа буугаарай гэхээр нь машинаас хурдан буугаад хартал замын хажуу талд төмөр замын торон хашаа мөргөсөн нэг машин байсан, түүний жолооч нь ирээд танай манай 2-ын машиныг мөргөсөн машин тэнд зогсож байна гэхээр нь хартал замын голд жижиг машин Дархан тал руу хараад зогсож байсан. Өөр бусад зүйлийг хараагүй болохоор надад мэдэх зүйл алга, бэртэж гэмтээгүй, миний биед учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн: “...би машин дотор унтаж байсан явсан бөгөөд гэнэт түс хийх чимээ гарахаар нь сэрэхэд утаа гарахаар нь би айгаад машинаас гарсан. Машиныг тойроод  харахад жолооч талын дугуй шалчийгаад орчихсон байсан... би унтаж байсан болохоор гэмтэж бэртээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.***ийн өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим ***тай гэртээ байж байхад *** дэлгүүр орж Хараа нэртэй 0,5 литрийн архи авч ирж ганцаараа уусан. 19 цагийн үед унтаж байхад гар утас дуугарахаар нь авахад манай найз *** Эрдэнэтийн гүүрнээс тосоод ав гэхээр нь за гэсэн. Энэ үед ***ын ууж байсан архи тал байхаар нь ээж Эрдэнэчимэгт өгөөд машины түлхүүрийг нь авах гэтэл *** өгөхгүй өөрөө машинаа барина гээд машинаа унаад замаараа Хабитатаас найз Урнааг суулгаад Дархан-2 –ын хавьцаа явж байхад *** хурдтай яваад байхаар нь жаахан зөөлөн яв гэж хэлсэн. Тэгээд урдаас ирсэн машинтай мөргөлдсөн, үүнээс хойш юу болсныг нь санахгүй байна... надад гэмтсэн зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгаас манай найз *** ирж байгаа гээд тосч авах гээд *** машинаа бариад *** хажууд нь суугаад би арын суудал дээр 3 настай хүүхдийнхээ хамтаар сууж явсан.Би халуун савтай цайгаа унагачих байх гээд хөлөндөө хавчуулсан байсан. Тэгээд ***, *** 2 хоорондоо маргаад нэг мэдэхэд урдаас гэрэл тусаад мөргөлдсөн. Яг яаж хэн мөргөсөнг би мэдэхгүй байна. Би зүүн хөлөндөө 2 оёдол тавиулсан, миний бие зүгээр, манай хүүхэд бас гэмтээгүй зүгээр байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

Тоёото Прадо маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ /хэргийн 42 дугаар хуудас/,

Тоёото Хайландер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ /хэргийн 51 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 1145 тоот: “...***ийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 58 дугаар хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн: “...жолооч *** овогтой *** нь Т/Надиа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн бүлгийн 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 8 дугаар бүлгийн 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчидог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 2 дугаар бүлгийн 2.1а-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолооны үнэмлэхтэй явна. 2.7а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс *** овогтой ***ын жолоодож явсан Т/Хайландер маркийн ***, ***т овогтой ***ийн жолоодож явсан Т/Прадо маркийн *** улсын дугаартай автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт гаргав” гэх дүгнэлт /хэргийн 77 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт Тоёото Надиа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 8 дугаар бүлгийн 8.1, 2 дугаар бүлгийн 2.1а, 2.7а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс иргэн ***ын жолоодож явсан Т/Хайландер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн ***ийн жолоодож явсан Т/Прадо маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаж бусдад үлэмж хэмжээний буюу 17.923.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ***ийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
 Мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***ын мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/, хохирогч ***ийн мэдүүлэг /хэргийн 25-28 дугаар хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/, гэрч ***ийн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/, гэрч Н.***ийн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/, гэрч Ч.***ийн мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас, тээврийн хэрэгслийн хохиролын үнэлгээ /хэргийн 42, 51 дүгээр хуудас/, 1145 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 58 дугаар хуудас/, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 77 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч ***ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.. 
 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ***ийг согтуугаар  тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин бусдад үлэмж  хэмжээний  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 жилийн /хоёр жил/  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 17.923.000 /арван долоон сая есөн зуун хорин гурван мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан Samsung galaxy маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөгч байцаагч ***ын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2272 дугаартай тогтоолыг хүчингүй болгож ***д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
 
            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
            
     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           
                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА