| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0261/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0017 |
| Огноо | 2015-01-13 |
| Зүйл хэсэг | 271.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0261/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолоор ирүүлсэн эрүүгийн 201409000836 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух, ухаан санаа эрүүл, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд заалт нэмж, завсар оруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...: Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгор сумын засаг даргын тамгын газрын даргаар томилогдон шилжиж ажиллах болсон. Тэгээд Хонгор сумын засаг дарга ***гийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжаар сумын цаг үеийн ажлын мэдээ тайлан хангалтгүй, тамгын газрын ажилчдын ёс зүй ажлын цаг ашиглалтанд тавих хяналт сул, санаачлаггүй, ажлын уялдаа холбоо муу, зарим ажилчдын хариуцлаггүй үйлдэлд дүгнэлт хийдэггүй гэх шалтаг шалтгаанаар миний үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хоёр сарын дараа дахиад засаг дарга *** 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамж гаргаж хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, сумын хөдөлмөрийн дотоод журам биелүүлж ажилаагүй, засаг дарга, иргэдтэй уулзах, иргэдийг хүлээн авах журам боловсруулаагүй, ажлын цагийн ашиглалт муу, ажилчидтайгаа уялдаа холбоогүй ажилладаг гэх шалтаг шалтгаанаар надад сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр нь би 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед өөрийнхөө өрөөндөө Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийг хагас жилээс буюу 2 дугаар хавтастай захирамжуудыг архив бичиг хэргийн эрхлэгч ***аас авч зөвхөн 196 дугаар захирамжинд “захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 169 дүгээр захирамжийг хүчингүй тооцсугай гэсэн 3 дахь заалтыг өөрийнхөө принтерээр нэмж засвар хийж хэвлэсэн юм. Энэ засвар хийх болсон шалтгаан нь миний цалингаас 330.000 гаран төгрөг суутгах гээд байсан юм. Тухайн үед би нягтлан бодогчтойгоо ярилцаад цалингаасаа суутгуулаагүй байсан болохоор Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийн 3 дахь заалтанд Хонгор сумын засаг дарга ***гийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай гэж нэмж бичсэн нь миний буруу. Энэ хэргийг хийсэн минь үнэн” гэх мэдүүлэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...*** нь Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийн 3 дахь заалтанд Хонгор сумын засаг дарга ***гийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай гэж өөрчлөлт оруулсан нь буруу гэхдээ гуравдагч этгээдэд хохирол учраагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгор сумын засаг даргын тамгын газрын даргаар томилогдон шилжиж ажиллах болсон. Тэгээд Хонгор сумын засаг дарга ***гийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжаар сумын цаг үеийн ажлын мэдээ тайлан хангалтгүй, тамгын газрын ажилчдын ёс зүй ажлын цаг ашиглалтанд тавих хяналт сул, санаачлаггүй, ажлын уялдаа холбоо муу, зарим ажилчдын хариуцлаггүй үйлдэлд дүгнэлт хийдэггүй гэх шалтаг шалтгаанаар миний үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр нь би 7 хоногийн дараа тухайн асуудлаар засаг дарга ***тэй уулзаж ямар үндэслэлээр арга хэмжээ авч байгаа, яагаад авч байгаа үндэслэлгүй шийдвэр байна, шийдвэрээ эргэж хараач гэж ярилцсан. Тэгтэл *** “чамайг хурцалж байгаа, цаашдын ажлыг чинь харна, тэгэж байж шийдвэрээ эргэж харна” гэсэн. Тэгтэл засаг дарга *** 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамж гаргаж хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, сумын хөдөлмөрийн дотоод журам биелүүлж ажилаагүй, засаг дарга, иргэдтэй уулзах, иргэдийг хүлээн авах журам боловсруулаагүй, ажлын цагийн ашиглалт муу, ажилчидтайгаа уялдаа холбоогүй ажилладаг гэх шалтаг шалтгаанаар надад сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр нь би 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед өөрийнхөө өрөөндөө Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийг хагас жилээс буюу 2 дугаар хавтастай захирамжуудыг архив бичиг хэргийн эрхлэгч ***аас авч зөвхөн 196 дугаар захирамжинд “захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 169 дүгээр захирамжийг хүчингүй тооцсугай гэсэн 3 дахь заалтыг өөрийнхөө принтерээр нэмж засвар хийж хэвлэсэн юм. Би эхлээд захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 169 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэж компьютерт шивээд түүнийгээ зайг нь тааруулж хоосон цаас нь дээр хэвлэсэн. Хэвлэсэн цаасаа засаг даргын 2014 оны 196 дугаар захирамжийн эх хувь давхарлан барин тааруулж үзсэн. Тэгээд засаг даргын 2014 оны 196 дугаар захирамжийг хэвлэгчинд хийж байгаад нэмж 3 дахь заалтыг нэмж засварласан” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Хадгалагддаг захирамжуудыг тухайн үед тамгын газрын дарга ажилтай байсан ***, дотоод асуудал хариуцсан ажилтай байсан *** нар эх хувиар нь бүх захирамжуудыг авч ашиглаж буцааж өгдөг байсан. Гэхдээ захирамжуудыг эх хувиар нь хүлээлгэн өгч, хүлээж авсан талаар бүртгэл байдаггүй юм. Хонгор сумын засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаар захирамж нь тамгын дарга ***ын цалинг 3 сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай байсан. Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд нэмэгдсэн 3 дахь заалт нь 169 дугаар захирамжийг хүчингүй болгосон утгатай байсан. Тийм болохоор тухайн заалтыг нэмсэн нь ***т өөрт нь ашигтай байсан учраас *** Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд заалт нэмж засвар хийсэн гэж бодож байна. Надад тухайн захирамжийг өөрчлөх шаардлага байхгүй, тийм эрх ч байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийн Захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 169 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн 3 дахь заалтыг хэн нэмж засварласан талаар мэдэхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын дундуур засаг дарга *** намайг өрөөндөө дуудаж “Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжийг үзүүлээд 3 дахь заалт нэмэгдэж засварлагдсан байна, чамд энэ захирамж очсон уу гэсэн тэгэхээр нь би тухайн захирамж ирээгүй гэдгийг хэлж тайлбар бичиж өгсөн. Гэхдээ тамгын газрын дарга *** 2014 оны 08 дугаар сарын сүүлээр би яг сайн санахгүй байна надад миний цалинг 3 сараар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулах тухай Хонгор сумын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамж хүчингүй болгох шийдвэр гаргуулна, миний цалинг суутгал хийлгүй түр хойшлуулж өгөөч гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Хонгор сумын засаг дарга *** намайг өрөөндөө дуудаж надад Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамж засагдсан байна. Энэ миний гаргасан захирамж биш байна, 3 дахь заалт нэмэгдсэн байна, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй гэж хэлсэн. Тэгээд намайг тайлбараа бичиж өг гэсэн. Тэгэхээр нь би тухайн захирамж 2 заалттай байсан, захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 169 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн 3 дахь заалт байгаагүй гэж тайлбараа гаргасан. Тухайн 3 дахь заалтыг *** нэмж засвар оруулсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Хонгор сумын тамгын газрын дарга ***ыг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болохоор нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 169 тоот захирамж гаргаж үндсэн цалинг нь 3 сар 20 хувь хасах, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамж гаргаж сануулах хэлбэрийн сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан юм. Тэгтэл *** өмнөх өгсөн үүрэг даалгаваруудыг дахиж биелүүлээгүй. Тиймээс 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр би ***т өмнө нь өгсөн сахилгын шийтгэлүүдийг харах гээд архив, бичиг хэргийн эрхлэгч ***аас захирамжуудыг нь авч үзсэн. Тэгтэл 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд “Захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2014 оны 196 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн 3 дахь заалт нэмэгдэж засварлагдан өөрчлөгдсөн байсан. Тэгэхээр нь би архив бичиг хэргийн эрхлэгч ***, хууль эрх зүйн дотоод ажилтан ***, нягтлан бодогч *** нарыг өрөөндөө дуудаж миний гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд заалт талаар тайлбар бичүүлж авсан. Тэгтэл тэд нар тухайн захирамжинд засвар орсон байна гэж хүлээн зөвшөөрч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 196 тоот захирамжинд заалт нэмж, завсар оруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч ***, гэрч ***, гэрч *** нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг албан тушаалтан баримт бичигт засвар оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***тай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг албан тушаалтан баримт бичигт засвар оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***т холбогдох 201409000836 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т нь оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА