Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0018

 


                                      


                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                Хэргийн индекс: 171/2015/0027/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
         Хохирогч ***, 
                  Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолоор ирүүлсэн эрүүгийн 201409000880 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***, 1966 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “***” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, ухаан санаа эрүүл, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Зах” дотор иргэн ***ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр лангууг охиндоо нээж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би бараандаа явж ирээд хувцасаа өлгөж дуусч байхад *** орж ирээд мэндэлсэн. Би лангууныхаа хог шүүрдчихээд эдний лангууны урдуур явахад намайг маниканаа ав гэхээр нь байрандаа л байна шүү дээ гэж хэлэхэд юу гэсэн үг юм бэ гээд надруу хашигчаад байхаар нь би юу ч дугараагүй лангууруугаа орсон. Гэтэл манай охин та одоо дуугүй байгаач толгой өвдөж байхад гэж байсан. Манай охин зүрх муутай. Нэг харсан чинь охин зүрхээ дарчихсан уйлж байсан. *** ерөөсөө дуугүй болохгүй байхаар нь би гүйж очоод түүнийг хувцас өлгөж байсан төмөр гараараа цохиход тэр ахруугаа та ороод ирдээ энэ нэг балай авгай балайраад байна гэж ярьж байсан. Охиноо уйлж байхыг хараад, мөн ***ийг хурдан дуугүй болоосой гэж бодоод би ийм үйлдэл хийсэн. Би цохисноо хүлээж байна. Миний буруу, намайг уучлаарай” гэх мэдүүлэг,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** эгч бид хоёр маниканы асуудлаас маргалдаж, муудалцсан юм. *** эгч бараандаа явж ирээд манай гарцыг хааж манекенаа тавьсан байсан. Тэгэхээр нь манекенаа холдуулчих гэж хэлэхэд *** эгч уурлаж миний урдаас орилж, миний лангууг доромжилсон. Бид хоёрыг муудалцахад охин нь над руу дайрсан. Охин руу нь би чимээгүй бай гээд нэлээн хэдэн үг хэлсэн. Охин нь уйлсны дараа, би лангууныхаа ширээн дээр шигтгээ наагаад зогсож байтал намайг *** эгч хувцас өлгөдөг гараараа зодож, дахиж миний охиныг уйлуулах юм бол чамайг ална гэж хэлсэн. Би тэр маргаанаас хойш лангуун дээрээ очихоос, энэ хүн тааралдчихвий дээ гэж айдаг болсон. Намайг янз бүрээр доромжилсон. Хувцас өлгөдөг төмөр гараар миний нүүр рүү цохих гэснийг би гараараа хаасан. Тухайн үед миний гар шалбарч хавдсан. Эмчилгээ хийлгэсэн, одоо хохирол, гомдол саналгүй. Одоо *** эгчтэй эвлэрч байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Дархан өртөөний тээшнээс хүргэн ***гийн хамт бараагаа аваад Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын бэлэн хувцасны 15 дугаар лангуун дээр ирээд бараагаа өлгөж дуусч байтал 16 дугаар лангууны эзэн *** та маниканаа холдуулаач гэж хэлэхэд нь би өөрийнхөө лангуу руу татсан, тэгээд нээх ороогүй байна шүү дээ гэж хэлсэн чинь үсэрч ирээд элдэв янзаар орлого орохгүй байхад ядаргаатай юм гэж хэлээд байсан. Чи цаашаа сандал дээрээ суу гэж хэлээд би лангууруугаа ороод дуугүй болсон. Тэгтэл *** зах дотор орилоод хүний лангуу түрээслэж сууж байж дуугай бай, зайлаач гэж намайг хэлсэн. Тэгэж байтал миний охин *** та яасан ядаргаатай юм бэ, дуугай болооч дээ толгой өвдөөд байна гэж хэлтэл *** чамд ямар хамаатай юм бэ гээд бид 3-луу орилоод байсан. Би охин руугаа харсан чинь манай охин зүрхээ дараад ихэр татаад уйлчихсан сууж байсан. Тэгээд би сандраад чи дуугай байгаач гээд барьж байсан наймаачид хэрэглэдэг төмөр цагаан гараар тоншоод авсан, би багш хүн яаж хүн цохихоо мэднэ. Энэ явдал болохоос өмнө ахаа та ороод ир Нараа ахын лангууг түрээслэж байгаа балай авгай хуцаад байх юм гэж хүнтэй утсаар яриад зогсож байсан. Надлуу элдэв юм авч шидсэн. Тэгээд удаагүй би хүргэн, охин 2-оо дагуулаад салхинд гарсан. 14 цаг 10 минут өнгөрч байхад тэр хавьд байдаг хүмүүс цагдаа дууд гэж хэлсэн. Охин ийм жоохон юм дээр цагдаа дуудаж яах юм гэж хэлсэн. Охин, хүргэн 2-оо гэрлүүгээ явуулчихаад буцаад ортол *** манай маниканыг түлхээд унагсан, урд лангууны Мөрөн миний маниканыг босгоод зогсож байсан. *** дуугай болоогүй байхад цуг зогсдог 2 залуу болиулсан. Тэгээд удаагүй цагдаа орж ирсэн. Ахаа энэ Нараа ахын лангуу нь дээр суудаг хүн цохиод балайраад байна гэж хэлсэн. Тэр цагдаа над дээр ирээд та хувцасаа өмс, гараад ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Дархан зах дээр өөрийн эзэмшлийн бэлэн хувцасны 16 дугаар лангуун дээр хувцасаа зараад зогсож байсан чинь манай хажуу талын буюу 15 дугаар лангууны түрээслэгч эгч манай лангууруу өөрийн хувцас өлгөдөг маникан буюу хиймэл хүнээ оруулаад тавьчихаар нь би та маниканаа цаашлуулаад тавьчих гэсэн чинь урдаас чамд ямар гай болоод байгаа юм, танай энэ лангууг тоож хүн орохгүй, энэ баганы хажуу талын нүхээр хэн багтаж ордог юм гэхээр нь би хүн багтаад ордог юмаа гэсэн чинь урдаас нөгөө эгч дуугай бай новш минь буландаа очиж суу гэхээр нь би танайд байнга л хэлдэг биз дээ гээд жоохон уурласан чинь охин нь чи дуугай бай, цаашаа зайл гэхээр нь чамд хамаагүй, чи дуугай бай гээд жоохон чанга хэлсэн чинь охин нь уйлсан. Тэгэхээр нь би жирэмсэн эмэгтэйг айлгачих шиг боллоо гэж бодоод цаана очоод лангуун дээр очоод суусан чинь нөгөө эгч хүрч ирээд миний охиныг уйлууллаа гээд гартаа барьчихсан төмөр өлгүүрээр намайг цохихоор нь би баруун гараараа хаасан чинь миний гар нь дээр 2 удаа хүчтэй цохисон, тэгээд намайг орилоод уйлсан чинь яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ ирээд сууж байгаад хэсэг зуур унтсан хойно чимээ гараад сэрээд хартал *** эгч, *** нар хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэр үер Төрөө манай лангуу нь дээр ирээд хоол идэх үү гэж хэлэхэд нь арын лангуу руу очиж Мөрөнд манай лангууг харж байгаарай гэж хэлээд тэгээд явах гэж байхад тэр 2 орилолдоод байхад нь би очсон чинь *** эгч ***ийн гар руу цохисон байсан. Тэгээд *** *** эгч рүү дайраад орилоод байхаар нь би боль гэж салгасан. Тэр үеэр би ***ийг тайвшруулаад байж байтал *** утас, лаа шидэж байсан. Гэхдээ хаашаа шидсэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд Төрөө бид 2 хоол идэх гээд гараад явсан. Тэгээд буцаад ирэхэд тэр 2-ыг цагдаа аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би тэр өдөр лангуу нь дээрээ байж байтал тэр 2 маниканаас болоод хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Би тэр үед ар талын эгнээ ороод хэсэг байж байгаад буцаад ирсэн чинь *** эгч охиноо гаргаж өгөхөөр явсан хойно *** *** эгчийн хиймэл хүн буюу маниканыг өшиглөөд газар унагахаар нь би босгож тавьсан, тэгээд байж байтал гаднаас *** эгч орж ирээд удалгүй байж байхад цагдаа ирээд *** эгч, *** 2-ыг аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

Гэрч ***н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 13-ны 11 цагийн үед ажилдаа ирээд сууж байтал *** *** эгчийн маниканаа аваач гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад *** их дуу чимээ чанга ихтэй чанга чанга дуугарч хэрэлдэж байсан. *** уурандаа лаа, утсаа шидэж байсан. Би тэр үед арын эгнээ рүү яваад хэсэг зогсож байгаад бие засах гээд гараад явсан. *** *** эгч миний гар руу төмөр гараар цохисон гэж хэлээд надад үзүүлээд хот явлаа гээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би тэр өдөр лангуугаа онгойлгоод зогсож хажуу талын Төрөө гэх залуутай цайны газар орох гээд лангуугаа орхиод тойроод ирсэн чинь тэр 2 эмэгтэй хоорондоо муудалцаад байж байхад нь Төрөө түрүүлж очоод намайг ирэхэд салгасан зогсож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэр өдөр тээшээр манайд шинэ бараа ирсэн байсан. Тэгээд 14 цагийн орчим бараагаа өлгөж дуусаад хог шороогоо шүүрдээд сууж байтал хажуу талын 16 дугаар лангууны эзэн *** маниканаа холдуулаач манай лангууг хаагаад байна гэж хэлсэн. Манай ээж маникан хаагаагүй байна гэж хэлтэл *** бид нарыг хэл амаар доромжлоод тэр хавиар орилоод байсан. Тэнд байсан лангуу түрээслэгч нар ***ийг чи дандаа хүнтэй муудах юм болиоч гэж хэлсэн. Тэгтэл та нарын амаар хэлээгүй. Бид нарыг хүний лангуу түрээслэж суудаг муусайн түрээслэгч гээд байсан. Ээжийг янз бүрээр хэлээд тэр үед нь миний бие тааруу болоод би дуугай болооч  гэж хэлэхэд чи дуугай бай чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхэд нь миний зүрх өвдөөд хамаг бие салганаад уйлаад байж байхад ээж хувцас өлгөдөг өлгүүрээр ***ийг очоод цохисон байсан. Би цохисон байсан гэдгийг нь мэдээгүй миний зүрх өвдөөд байж байтал тэр хавьд байдаг хүмүүс гарч агаар амьсгал гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт харих гээд явж байхад ээж хүрээд ир цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч *** нь нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Зах” дотор иргэн ***ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч,  хохирогч  нарын өгсөн мэдүүлэг, гэрч ***, ***, ***, ***, *** нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1366 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  
             
             Шүүгдэгч *** урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан баримтаар /хэргийн 31 дүгээр хуудас/ тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэв. 
             
             Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***тэй сайн дураараа эвлэрсэн, эрүүл мэнд сайн болсон, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй  гэж  мэдүүлсэн бөгөөд  эвлэрсэн талаар хүсэлт саналаа  шүүхэд бичгээр ирүүлсэн болно.  
             
             Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна.
             
             Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөнгөн цагаан төмрөөр хийсэн 80,5 см урттай өлгүүрийг ***д буцаан олгохоор шийдвэрлэв.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201409000880 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан төмрөөр хийсэн 80,5 см урттай өлгүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ***д буцаан олгосугай. 

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.МӨНХТУЯА