Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

Б.Б, У.А нарт  холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Прокурор                                                         Т.Ууганбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Г.Б

Өмгөөлөгч                                                       М.Энхтуяа

Яллагдагч нарын өмгөөлөгч                      З.Нямсүрэн,

  Ө.Батболд,

  Т.Энхболд

Яллагдагч                                                       Б.Б

   У.А  нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр Б.Б, У.А нарт холбогдох эрүүгийн ............................. дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2000 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, У овогт Б.Б,

- Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, У овогт У.А. 

Яллагдагч Б.Б, У.А нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг ..................... гэх газарт Х.А-г зодож, онц харгис, хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн яллагдагч Б.Б, У.А нарыг Х.А-г бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжаар:

- Яллагдагч Б.Б, У.А нарт холбогдох ..................... дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж,

- Хэргийг прокурорт очтол яллагдагч У.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгөтэй аяганы хагархай, тамхины иш 1 ширхэг, аяган дээрээс бэхжүүлж авсан үс 8 ширхэг, эрээн өнгийн ажлын цамц, улаан өнгийн канттай хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал 2 хос, саарал өнгийн дээл, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн оймс, цагаан өнгийн футболка, хар өнгийн дотоож, улбар шар өнгийн куртка, баримт бичгээр ирсэн яллагдагч Б.Б, У.А нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “... Дээд шатны прокурорын зүгээс шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Учир нь:

1. Яллагдагч Б.Б, У.А нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, ............... гэх газарт амь хохирогч Х.А-г онц харгис хэрцгий аргаар зодож алсан гэх хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр прокурорын хяналтанд ирүүлснийг хяналтын прокурор Ц.Лхамсүрэн хүлээн авч хяналт тавин ажиллаж байх хугацаанд өмгөөлөгч Ө.Батболдоос хэрэгт дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд хяналтын прокурор Ц.Лхамсүрэн нь хүсэлтийг хангахаас татгалзаж хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолыг өмгөөлөгч Ө.Батболд эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасныг аймгийн ерөнхий прокурор хүлээн авч хянаад хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг бүх талаас нь шинжлэн судалж үзэхэд яллагдагч Б.Б, У.А нар нь амь хохирогч Х.Анхбаярыг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр алсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөс хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/20 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн улмаар гомдлыг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээд шатны прокуророос гомдлыг хянаж шийдвэрлэх явцад хяналтын прокуророос эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дээд шатны прокурорын шийдвэр гарах үед прокурорын яллах дүгнэлтийн дугаар авч, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Мөн яллагдагч Б.Бын өмгөөлөгч Ө.Батболд нь тус аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын гомдлыг хангахаас татгалзсан тогтоолыг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байх ба  Улсын Ерөнхий прокурорын туслах Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэх заалтыг үндэслэн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл прокуророос хэргийн оролцогч болох өмгөөлөгч Ө.Батболдын дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хангаж, тус аймгийн прокурорын газрын дээд шатны прокуророос өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газар нь өмгөөлөгч Ө.Батболдоос гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэх заалтыг үндэслэн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4/2039 дугаартай албан бичгээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь өмгөөлөгч Ө.Батболдын гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Улсын Ерөнхий прокурорын газар нь Монгол Улсын прокурорын тухай хуульд зааснаар улсын хэмжээнд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн прокурорын газруудыг нэгдсэн бодлого чиглэлээр удирдан зохион байгуулах, прокурорын шатанд эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, материалыг хэргийн оролцогч нарын гомдлоор хянаж, прокурорын хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, улмаар нэмэлт ажиллагааг хийлгүүлэн зөвтгүүлдэг дээд шатны байгууллага юм. Эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокуророос Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хараат бусаар өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан яллах дүгнэлт үйлдэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа үйл ажиллагаа биш бөгөөд прокуророос яллагдагч нарыг яллах санал, дүгнэлт гаргаж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлж буй хуульд заасан үйл ажиллагаа юм. Прокурорын энэхүү шийдвэр үйл ажиллагааг хэргийн оролцогч нараас эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаар тухайн нэгжийн дээд шатны прокуророос хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэгтэй танилцаж, доод шатны прокурорын шийдвэрийг хянаж шийдвэрлэдэг бөгөөд дээд шатны прокуророос гомдлоор хэрэг хянах ажиллагаа нь доод шатны прокуророос эрүүгийн хэргийг бие даасан хараат бус байдлаар шийдвэрлэх үйл ажиллагааг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд дээд шатны прокуророос хэргийн оролцогчийн гомдлыг хянаж шийдвэрлэх хугацаанд доод шатны прокурорын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зогсоох зохицуулалт байхгүй бөгөөд харин доод шатны прокуророос албан ёсны шийдвэр гаргасан байсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болохоор хуульчилсан байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын прокуророос хэргийг хянаж байх хугацаанд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг гаргасан бөгөөд дээд шатны прокуророос хяналтын прокурорын хүсэлтийг хянаж шийдвэрлэсэн тогтоолыг хянаж, хэргийн материалтай танилцаж өмгөөлөгчийн гомдлыг хянаж шийдвэрлэсэн. Дээд шатны прокурорын гомдлыг хянаж шийдвэрлэсний дараа хяналтын прокуророос хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэх шийдвэр гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Мөн эрүүгийн хэргийг прокуророос хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд яллах дүгнэлтийг үйлдэж буй эрүүгийн хэргүүдийг Улсын Ерөнхий прокуророос хянаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд энэ талаар хуульчилсан тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй, харин эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад гаргаж буй доод шатны прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хуульд заасан үндэслэл, журмыг хянаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай юм.

Түүнчлэн төв орон нутгийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч болох яллагдагч, өмгөөлөгч нараас прокурорын яллах дүгнэлт үйлдэх шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэг нэг бүр дээр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулах, хяналтын ажлын ачаалал үүсгэж, хуулийн зохицуулалтыг өөрсдийнхөөрөө тайлбарлах хууль хэрэглээний маргааныг үүсгэсэн тул Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд шинээр нэмэлт өөрчлөлт оруулан, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэх заалт тусгаж өгч, энэхүү хуулийн зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн ............................. дугаартай хэргийн яллагдагч Б.Бын өмгөөлөгч Ө.Батболдоос прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокурор, дээд шатны прокуророос хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газраас өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцаад хуульд заасны дагуу харъяалах шүүхэд албан бичгээр хүргүүлж шийдвэрлэсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлтийг шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хувьд аймгийн прокурорын эсэргүүцлийг үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ хууль зүйн үндэслэлүүдийг маш тодорхой бичсэн байна. Иймд мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Б, У.А нарын өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа:  Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд прокуророос хянавал зохих асуудлууд гэсэн зохицуулалт байгаа. Энэ асуудлууд 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийнхээ шаардлагыг хангасан эсэх асуудал яригдана. Мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-д “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх” гэсэн заалт байгаа. Гэтэл зохицуулалт байхгүй гэж болохгүй шүү дээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зөв гарсан. Хэргийн материалтай танилцаж санал, гомдлоо гаргамаар байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Бын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний бие анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр 4 үндэслэлээр хүсэлт гаргасан. Шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан оролцогчийн эрхийг хязгаарласан...” гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. ...Хяналтын прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргасан. Үүнийг дээд шатны прокурор хүлээж аваагүй учир Улсын Ерөнхий Прокурорын газарт хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргаж байгаа үйл баримтыг зөвхөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдэг асуудлаар хязгаарлаж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн анхан шатны шүүх энэ шийдвэрийг гаргахдаа миний урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан 4 үндэслэл бүхий хүсэлтийг нэмж зааж өгөөгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа орхигдуулсан асуудлыг тогтоолдоо зааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч У.Агийн өмгөөлөгч Т.Энхболд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний зүгээс анхан шатны шүүхэд “...Б.Быг гэрчээр байцаахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн...” гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх “...эдгээр заалтыг хангах нь зүйтэй...” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Б гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч У.А гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгч нарынхаа хэлсэн үгийг дэмжиж байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан...” гэдэг үндэслэлээр л шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Энэ асуудал дээр прокурор дүгнэлт хийн эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байна. Тийм байхад өнөөдөр хэргийн бусад процессын асуудлыг яриад байх нь илүүц юм. Түүнчлэн “...бүрэн нотлогдоогүй хэрэг оруулж ирсэн...” гэж байгаа нь энд яригдах ёсгүй асуудал гэж үзэж байна. Прокурор бүрэн тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд эсэргүүцлээ дэмжиж байна гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Б, У.А нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Прокуророос Б.Б, У.А нарыг бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “...............” гэх газарт амь хохирогч Х.А-г зодож “хамар ясны цөмөрсөн хугарал хоншоор ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, 5 шүдний сулрал, духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихэнд шарх, хүзүүний эргэн тойрон олон тооны зулгаралт, цус хуралт, цээж, хэвлий, баруун сарвуу, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий шинэ гэмтэл” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...өмгөөлөгч Ө.Батболд нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах болон яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж ял сонсгосон хяналтын прокурорын тогтоолыг эс зөвшөөрсөн” гомдлыг Аймгийн Ерөнхий прокурор Т.Ууганбаатарт гаргасан байх бөгөөд Аймгийн Ерөнхий прокурор Т.Ууганбаатарын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/50 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдэж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн, хэрвээ гомдол гаргагч нь түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болох хуулийн хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно” хэмээн дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар “...Б.Бын өмгөөлөгч Ө.Батболдоос прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокурор, дээд шатны прокуророос хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газраас өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцаад хуульд заасны дагуу харъяалах шүүхэд албан бичгээр хүргүүлж шийдвэрлэсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нараас гаргасан гомдол, хүсэлтийг шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэж эсэргүүцэл бичжээ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэсэн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, хуулийн бусад хэм хэмжээнүүдтэй уялдаа холбоотой ойлгоогүйгээс буруу хэрэглэсэн гэж дүгнэв.

Прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өмгөөлөгч Ө.Батболд хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн гаргасан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, дээд шатны прокурор улмаар Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байх боловч, тухайн цаг хугацаанд яллах дүгнэлт үйлдэх ажиллагааг зогсоохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх заалт шаардаж байгаа мэтээр ойлгож тайлбарласан нь буруу юм. Ингэж ойлгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан зорилт болон мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэсэн заалттай тус тус нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийн зүйлчлэлийг эцэслэн тогтоож шийдвэрлэх тул уг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газрын шийдвэр гараагүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох учиргүй.

Иймд дээрх үндэслэлээр Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.3, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Б.Бт авсан цагдан хорих, яллагдагч У.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ 

                                             Ж.ДОЛГОРМАА