| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0734/З |
| Дугаар | 221/МА2026/0400 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0400
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номингэрэл
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: Сангийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай”, мөн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0734/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай” шийдвэр, мөн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаартай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай”, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан олгох шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Сангийн яамны 02/7110 тоот албан бичгийг захиргааны акт гэж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг нэгэн зэрэг хангаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаар зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах” харилцаанд хамаарахгүй байхад захиргааны хууль бус актыг тогтоох гэсэн шаардлагыг хангасан нь хуульд нийцээгүй. Сангийн яамны 02/7110 тоот “Х” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд хамаарах захиргааны акт гаргаагүй бөгөөд захиалагч тус компанийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байгааг тодруулсан.
“Х” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан атал тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан. Өөрөөр хэлбэл, анхдагч захиргааны актад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, маргаагүй байхад тус яамны 02/7110 тоот захиргааны акт гэж үзэж, хууль бус болохыг тогтоосон нь уг тоот гаргах болсон шалтгаант нөхцөл, үндэслэлийг огт авч үзэлгүй хянан шийдвэрлэсэн нь шүүх эрх зүйн харилцаа байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүй алдаатай шийдвэр гаргасан.
Сангийн яамны 02/7110 тоотод “Х” ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан болон “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх гомдлыг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад “Х” ХХК-ийн тус яамны 02/7110 тоот захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК-д холбогдох гомдлын 1 дэх хэсэг буюу Ц.Т-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээтэй холбоотой хэсгийг хууль бус болгохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 02/7110 тоот албан бичигт дурдсан бусад хэсэгт хамаарах нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт 02/7110 тоот албан бичгийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.
“Х” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай нэхэмжлэлээр Сангийн яаманд холбогдох бие даасан шаардлага гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Хэрэв шүүх 02/7110 тоот албан бичгийг хэрэгжиж дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авсан гэж үзэж байгаа бол энэ агуулгад Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7185 тоот тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоох, тендерийн баталгааг буцаан олгох нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй бөгөөд хуульд заасан хугацаа өнгөрсөн, түүнчлэн “үүрэг хүлээлгэх” нэхэмжлэлийн бие даасан шаардлага байгаад дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
Сангийн яам хэрэгжүүлж буй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол шийдвэрлэлтэд гомдолд дурдсан асуудлын хүрээнд захиалагчийн ирүүлсэн
баримт бичиг, оролцогчийн ирүүлсэн тендер зэрэгт үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэдэг. “Х” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 тоот гомдлын “М” ХХК-д хамаарах гомдлын 1-д дурдсан “Ц.Т-ын гэрчилгээ мэдээллийн санд бүртгэлгүй, төгссөн гэх “Чухал амжилт” сургалтын төвд бүртгэлгүй байгаа нь хуурамч гэрчилгээ” гэж дурдсанаас хуурамч гэдгийг нотлох баримт бичиг ирүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасанд хамаарах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сан байхгүй. Иймээс ч захиалагч гэрчилгээний хуулбарыг тендерт ирүүлэх, тэр дагуу хянан үзэх ажиллагаа хийхээр тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ын 1 г-д заасан байна. Энэ дагуу тус яам гомдлыг хянан шийдвэрлэхэд удирдлага болгосон. Нөгөө талаар Сангийн яаманд хуурамч баримт бичгийг тогтоох эрх хуулиар олгоогүй бөгөөд оролцогчдоос ирүүлсэн хуурамч гэж дурдсан, үндэслэл тодорхойгүй, нотлох баримт ирүүлээгүй асуудал нь тендерийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагад нийцдэггүй болно. Гэтэл шүүхээс тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийг зөрүүтэй тайлбарласан байна. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрчилгээ ирүүлэхээр заасны дагуу “М” ХХК Ц.Т-ын 2020 оны 20200344 дугаартай гэрчилгээг тендерт ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт нийцсэн, өөрөөр хэлбэл тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хамаарахгүй байхад тодруулга авах байсан гэж тус яамыг хуульд заасан сонгох боломжийг хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад шүүх зөрүүтэй дүгнэлт гаргасан нь тендерийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. “Х” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай”, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах” шаардлага
бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ИНҮТ/20250101001 дугаартай тендерийг зарласан бөгөөд тендер шалгаруулалтад “Х” ХХК оролцсон байна.
4. Тус тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлаар “М” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч гэж үзээд гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид, мөн өдрийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын А-1/4525 дугаар албан бичгээр “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
5. “Х” ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандаж, өөрийн тендерийг шаардлагад нийцэж буй үндэслэлээ “... 2024 онд Чингис хаан-Үндэсний музейн үзүүллэг дэглэлт, тохижилт засварын ажлын гэрээ акт захиалагчийн тодорхойлолт илгээсэн, мөн 2023 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд баригдсан 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг “Өдрийн аз” ХХК-ийн захиалгаар гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгэж 2024 онд хүлээлгэн өгсөн” гэж, харин “М” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй үндэслэлийг “... 1. Хүний нөөцийн мэдээллийн санал болгосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 20200344 дугаартай Ц.Т-ын гэрчилгээний мэдээлэл цахим санд бүртгэлгүй, төгссөн гэх “Чухал амжилт” сургалтын төвд бүртгэлгүй байгаа нь хуурамч гэрчилгээ байна, 2. Машин механизм мэдээлэлд илгээсэн 79-16 УНВ тээврийн хэрэгсэл нь 2023 оноос хойш татвар оношилгоонд ороогүй, 3. “М” ХХК-ийн 2024 оны борлуулалтын орлого нь 1,157,941,657 төгрөг байхад борлуулалтын орлогоос давсан 2,300,000,000 төгрөгийн Ховд аймаг дахь Төрийн банкны зээлийн санхүүжилт авах боломжтой тодорхойлолт ирүүлсэн, 4. Хэрэгжүүлж байгаа гэрээний мэдээлэл илгээсэн 2024 оны 2 ажил нь 70 хувь 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг нотлох баримт бичиг буюу ажил гүйцэтгэх гэрээ, ажлын явцын мэдээлэл захиалагчийн тодорхойлолт байхгүй” гэж тус тус тайлбарлан гомдол гаргажээ.
6. Сангийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдлыг хянасан тухай” албан бичгээр “Х” ХХК-ийн дээрх гомдлын бүх үндэслэлийг хянаад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар хариу хүргүүлж, улмаар тус яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаар албан бичгээр “... гомдол гаргагчийн цахим тендерийн баталгааны 20 сая төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлэх”-ийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “...Сангийн яам гомдол шийдвэрлэлтэд гомдолд дурдсан асуудлын хүрээнд захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, оролцогчийн ирүүлсэн тендер зэрэгт үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэдэг... Сангийн яаманд хуурамч баримт бичгийг тогтоох эрх хуулиар олгоогүй бөгөөд оролцогчдоос ирүүлсэн хуурамч гэж дурдсан үндэслэл тодорхойгүй” гэж, нэхэмжлэгчээс “... “М” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ц.Т-ын гэрчилгээ хуурамч, бүртгэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
8. Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг, өгөгдлийн хүснэгтийн 19.1-д “1. Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана” хүснэгтийн 6-д “Албан тушаал -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, Боловсрол, мэргэжлийн ур чадвар - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээтэй байна” гэж, 19.2-т “г. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасан.
9. “М” ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зарласан ИНҮТ/20250101001 дугаартай тендер шалгаруулалтад Ц.Т-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд зааснаар уг баримт бичгийн үнэн зөвийг оролцогч өөрөө хариуцахаар, харин хариуцагч гомдлыг хянан үзэхдээ баримт бичгийн үнэн зөвийг шалган тогтоох чиг үүрэг хүлээсэн эрх бүхий этгээд биш тул маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй, энэ талаарх гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс Сангийн яаманд хандан тендер шалгаруулалтын 4 үндэслэлээр гомдол гаргасан боловч шүүхэд зөвхөн хүний нөөцийн баримт бичигтэй холбоотой нэг үндэслэлээр гомдол гаргасан нь дээрх хуульд нийцэхгүй, 02/7110 дугаар албан бичиг болон түүнийг үндэслэн гарсан 02/7185 дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоохоор маргаж буй энэ тохиолдолд актын үндэслэлийг бүхэлд нь хянан үзэхээс бус зөвхөн нэг үндэслэлээр уг актуудыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоох боломжгүй.
11. Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх “Х” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын ИНҮТ/20250101001 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/4525 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ИНҮТ/20250101001 дугаартай “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай”, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7185 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгож, улсын орлого болгосон нэхэмжлэгчийн тендерийн баталгааг буцаан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд холбогдох хэргийг Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргээс тусгаарласан байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус зааснаар “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
13. Учир нь Сангийн яамнаас “Х” ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянаад, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар албан бичгээр хариуг Төрийн худалдан авах ажиллагааны газарт, хувийг “Х” ХХК-д хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт холбогдуулан нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... уг албан бичгийг шүүхэд маргаж байх үед мэдсэн гэх” тайлбарыг хүлээн авах боломжгүй.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж зааснаар Сангийн яамны 2025 оны 2/7110 дугаартай маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд түүнийг үндэслэн гарсан “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 2/7185 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох, түүнчлэн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 26 дугаар зүйлийн 26.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/7185 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “Х” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7110 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН