Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0023

 


                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хэргийн индекс: 171/2015/0030/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000687 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

    Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт Портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 2 дугаар бүлгийн 2.7а, 2.5а, 2.5б, 2.5г, 2.5в, 6 дугаар бүлгийн 6.3 заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч ***ийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
  
                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагт Дархан телевизээс өвс ачих гэж явсан, тэгээд өвсөө ачаад орой харанхуй байхад орж ирсэн. Батальон ороод гэрлүүгээ өгсөж явахдаа ангийнхаа залуутай таарсан, манай ангийн залуу согтуу явж байсан тэгээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад Дарханд орж ирсэн. Тэгээд би ***тай утсаар яриад гадаа тамхи татаж сууж байгаад Даваатай таарч архи уусан, тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Анагаахын уулзвараар гараад явж байхад хүн хэвтэж байх шиг байсан. Одоо бодоход тухайн үед тэр хүнийг хараад айж сандраад эмнэлгийн түргэн тусламж дуудах гээд 103 дугаар руу залгасан, буцаж эмнэлэгт очоод хэлсэн. Тэгээд өвсөө ачих гээд байж байхад цагдаа ирээд аваад явсан. Өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***гийн өгсөн: “...Би 5 хүүхэдтэй, 4 охин, 1 хүүтэй. Гурван охин маань их сургууль төгсөөд ажиллаж байна. Миний хүү Төмөр замын дээд сургуулийн авто механикийн ангийг төгссөн. 2014 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө энэ хүн миний хүүг дайраад эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй хэргийн газрыг орхиод явсан. Энэ хүний унаж явсан  машин нь улсын үзлэг оношлогоонд ороогүй, гэрэл дутуу, тормос байхгүй ийм машин унаж яваад архи ууж хүн алсан. *** нь бид нартай ганц ч ирж уулзаагүй, би ганц хүүгээ алдсандаа сэтгэл санаа, эд материалын маш их хохиролтой байна. Одоо тэгээд тэнэг хүн шиг юм яриад цагдаа дээр өгсөн мэдүүлэг нь зөрөөд, их гомдолтой байна. Машины дугуйн дээр цус болсон, хүү маань хувцастай байсан. Дээрээс нь л машин гарсан юм шиг байсан. Миний хүү эхнэртэй, хүүхдэд нь тэтгэлэг тогтоолгож, оршуулгын зардал 12.100.000 төгрөг болсон. Шүүх энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө байх гэж бодож байна гэв. Монгол хүний хүн чанар яасан юм. Би маш их гомдолтой байна. Хүүхэддээ байр авч өгмөөр байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 194-201 дугаар хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 73-74 дүгээр хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 75-76 дугаар хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд гэрч **ын өгсөн мэдүүлэг /хэргийн 80-82 дугаар хуудас/,
            Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 88-89 дүгээр хуудас/,

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өвс худалдаж авахаар тохиролцсон.  Чулуун карьерт амьдардаг *** гэх залуу 12 цагийн орчимд хөх өнгийн портер маркийн машинтай ирсэн. Тэр надаас 10 тэвш өвс худалдаж авахаар анх тохиролцож байсан. Тэр залуу 0,5 литрийн сархад архи гаргаж ирээд тэр архийг нь бид 2 хувааж уугаад өвсөө бухалдаж тэдний болон манай машины тэвш нь дээр ачаад 19 цагийн орчим гэр гэр лүүгээ салж явцгаасан” гэх мэдүүлэг /хэргийн 92-93 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байхад эхнэр Золзаяагийн хамт гэр лүүгээ орж явсан. Манайх шинэ хорооллын 1 дүгээр байранд байдаг юм. Тэгэхэд манай байрны ертөнцийн зүгээр урд талд хөндлөн байрлалтай байх 13 дугаар байрны зогсоол дээр тэвш нь дээрээ өвс ачсан хөх өнгийн портер машин зогсож байхыг би анзаарч харсан. Гэртээ ороод кино үзээд хэвтэж байхад 23 цагийн орчим *** миний 9918-9874 гэсэн дугаар руу өөрийнхөө 9924-0327 гэсэн дугаараас залгаад “Жамбаа байна, сонин сайхан юутай байна би танай гадаа байна” гэж хэлсэн. Би түүнээс архи уучихсан юм уу гэсэн чинь өдөр хөгшин нь айраг уучихсан гэсэн. Түүнд архи уучихсан байж яагаад төв рүү орж ирж байгаа юм бэ гэхэд ажил гараад орж ирлээ гэсэн. ***ыг эвтэйхэн хариад амарч чадах уу гэхэд тэр би чадна гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /хэргийн 95-96 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би нөхөр ***гийн хамт гэр лүүгэ орж явахад 13 дугаар байрны зогсоол дээр өвс ачсан портер байхыг би харсан. *** бид 2 зурагт үзээд хэвтэж байтал 23 цагийн үед ***гийн гар утас дуугарч тэр утсаа аваад нэг хүнтэй яриад одоо харь гээд байх шиг байсан. Би яриаг нь анзаарч сонсоогүй. ***г утсаа тасалсаных нь дараа хэн бэ гэж асуухад түрүүний өвс ачсан портер зогсож байсан тэр Жаамаа байсан байна. Над руу ярьж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 97 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цагийг нь нарийн санахгүй байна. 20 цагаас 21 цагийн орчим байх гэж бодож байна. Би үеэл Чимгээгийн нөхөр ***ыг мангиртын 8 дугаар хэсэг буюу Ховдын хороололд байх гэрт нь хүргэж өгөхөд ***ын өвс ачсан портер машин хашааных нь үүдэнд зогсож байсан. Намайг дөхөж очиход *** машиныхаа кабинаас бууж ирсэн. Түүнээс юу хийж байгаа юм бэ гэхэд тэр өвсөө аччихаад явж байна. Архи уучихсан юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Түүнээс архи үнэртэж байхаар нь чи уучихсан байна шүү дээ гэхэд бага зэрэг уусан гэж хэлсэн. *** бид 2 ***ын гэрт орж цай уусан. Би ***ыг эртхэн харь юу хийгээд байгаа юм бэ, болгоомжтой яваарай гэхэд тэр гараад явчихсан. Би ***ын гэрээс удалгүй гарахад *** явчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 98-99 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд ***ийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 17-ны өглөөний 05 цагийн орчим найз ***эр Хонгор сумаас Дархан руу хүргүүлж байсан. Үйлдвэрийн районы замыг давж гарч ирээд уруудаад явж байхад бид 2-ын явж байгаа зүгийн баруун гар талд замын хажууд шороон дээр хэвтэж байсан. *** харчихаад цагдаа дуудах шаардлагтай юм байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр цагдаа нар иртэл байж байя гээд хүлээгээд зогсож байсан. Удалгүй цагдаагийн албан хаагчид бидэнтэй уулзаж тэр газарт нь үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хэргийн 111 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын дүгнэлт /хэргийн 114 дүгээр хуудас/,
            Шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8384 тоот дүгнэлт: ***ын гэх цусанд 1,6 промилли спирт илэрсэн, согтолтын дунд зэрэгт хамаарна /хэргийн 126 дугаар хуудас/,
            Шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8386 тоот дүгнэлт:  /хэргийн 131 дугаар хуудас/,
            Шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 81 тоот дүгнэлт /хэргийн 139-145 дугаар хуудас/,
            Шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 77 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 152-156 дугаар хуудас/,
            Шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 78 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 160-165 дугаар хуудас/,
            Шүүх сэтгэц гэм судлалын 62/14 тоот магадлагаа /хэргийн 169 дүгээр хуудас/,
            Хөдөө аж ахуйн шинжээчийн дүгнэлт /хэргийн 173 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10.07.025. 075 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 176-178 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Талийгаачийн биед 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 50 минутад үзлэг хийсэн. Талийгаач нь үзлэг хийхээс 10-12 цагийн орчим нас барсан байх боломжтой... талийгаачид учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан... талийгаачид учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 149-150 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч *** нь согтуугаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт Портер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 2 дугаар бүлгийн 2.7а, 2.5а, 2.5б, 2.5г, 2.5в, 6 дугаар бүлгийн 6.3 заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч ***ийг дайрч амь насыг нь хохироосон, мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдэж судлагдсан дараах нотлох баримтуудаар         
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн: “...би 2014 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчим 7 дугаар бригадаас Малчин багийн Чулуун карьерт байх гэр лүүгээ төрсөн дүү ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Портер маркийн машиныг согтуу жолоодоод ганцаараа явж байсан. Би явж байгаад төөрөөд мангиртын зам руу орж явсаар Дархан-Уул аймгийн Дархан сумын төв рүү буюу 16-н давхарын уулзвараар /шунхлай клонк/ орж ирээд зүүн гар тийш эргэж үйлчилгээний төвийг чиглэж яваад үйлдвэрийн районы замаар өгсөж явсан. Миний явсан чиглэлийн замын баруун гар талаас нэг хүн гараад ирэх шиг болсон. Би тэр хүнийг ачиж явсан өвсөөрөө шүргэсэн. Би зогсоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүнийг татаж босгоод кабиндаа суулгасан. Би тухайн үед их цочирдож сандарсан байсан, нэгдсэн эмнэлэг дээр очоод тэр хүнийг оруулж өгсөн санагдаж байна. Эмнэлгээс гарч ирээд машинаас унасан өвсөө машиндаа ачих гээд зогсож байтал цагдаагийн алба хаагч нар ирээд драйгер үлээлгээд эрүүлжүүлэх баривчлах байр луу хүргүүлсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 195-196 дугаар хуудас/,  

Мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өмгөөлөгч И.Атарбямба оролцсон, шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн: ...би тэр хүнийг машиныхаа баруун хойд талаар шүргэсэн. Тэр хүн газар хэвтэж байсан. Би өргөөд кабиндаа хийгээд эмнэлэг дээр хүргэсэн. Биед нь ямар нэгэн гэмтэл шарх үүссэн байсныг санахгүй байна. Би машинаа эмнэлгийн төв хаалга нь дээр зогсоогоод машинаа унтраагаад хүлээн авах руу ороод туслаарай гэж хэлээд буцаад гараад иртэл кабинд байсан хүн байхгүй болсон байсан. Бодвол тэр хүнийг эмч нар аваад орсон байх. Би их согтолттой байсан. Тэр хүн миний явж байгаа чиглэлийн баруун гар талаас гараад ирэхээр нь би жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дараад хажуугаар нь өнгөрөөд гарахад өвсөнд шүрэгдчих шиг болсон. Би тэр үед нилээн согтуу байсан. Тэгээд машинаасаа бууж миний машинд мөргүүлсэн хүнийг татаж машиндаа суулгасан шиг санагдаад байгаа юм. Гэтэл миний машины кабинд болон өмсөж явсан хувцсанд ямар нэгэн байдлаар цусан толбо байхгүй байгаа юм.Тэгэхээр миний машинд мөргүүлсэн хүнийг машиндаа суулгаагүй, ямар ч байсан машинаас бууж харчихаад түргэн тусламж үзүүлэх ёстой гэсэн бодлоор эмнэлэг орсон  юм шиг байгаа юм. Тэгээд эмнэлэг дээр очоод туслаарай гэж хэлж байснаа санаж байна. Мөн эмнэлгийн хамгаалагчтай хэрэлдэж байсан. Хамгаалагч намайг эмнэлгийн хашаанд өвс асгалаа гэж загнаж байсан. Би эмнэлгийн хашаа руу орох үедээ эмнэлгийн хашааны үүдэнд манаачийн байрны эсрэг талд ачиж явсан өвснөөсөө асгасан байсан.Тэгээд намайг асгасан өвсөө ачих гээд зогсож байхад цагдаа ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг /хэргийн 198-199 дугаар хуудас/, 

Мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгч И.Атарбямба оролцон, шүүгдэгч ***ын яллагдагчаар өгсөн: “...Би урд нь 2 удаа сэжигтэнээр мэдүүлэг өгсөн надад энэ мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 201 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***гийн өгсөн: “...Миний хүү *** 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагаас 19 цагийн орчим гэртээ орж ирээд гарсан. Гэтэл осолд орсон байсан. Ажил явдлын үеэр хүүгээ харахад дээгүүр нь машин гарсан гэдгийг мэдсэн. Амьд байхад нь дээгүүр нь машин гарсан байгаа. Энэ хүн миний хүүг дайрсан гэдэг нь тодорхой, олон зүйлээр нотлогдсон гэж үзэж байна. Манайх ганц хүү, охидуудтай айл. *** өмнө нь бидэнтэй уулзаагүй, өнөөдөр хүртэл хохирол төлж барагдуулаагүй тул их гомдолтой” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 17-ны өглөөний 05 цагийн орчимд Хонгор сумаас Соната-5 маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодоод найз ***ийг хүргэж өгөхөөр Дархан руу яваад үйлдвэрийн замаар төв рүү орох гээд явж байхад зам дээр өвс асгарч тарсан байдалтай байсан. Хажуугаар нь зөрж өнгөрөөд явж байхад замын баруун гар талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд замын хажуу талд бор цамцтай эрэгтэй хүн ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байдалтай хажуу талаараа хэвтэж толгойгоо ертөнцийн зүгээр урд зүг рүү хандуулсан байдалтай хэвтэж харагдсан юм. Замын хажуу талд хэвтэж байсан хүний толгойны зүүн хэсэг цус болсон харагдсан, мөн зам дээр цус гоожсон байдалтай харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 75-76 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдөр шилжих шөнө ээлжтэй хоносон. Тэгтэл 04 цаг 08 минутад хүлээн авахын сувилагч 9444-1919 дугаарын утсаар залгаад “хүлээн авах дотор согтуу хүн ирчихсэн байна” гэхээр нь байрнаасаа гартал хашааны үүдний орчмоор өвс тарж бутарч унасан цэнхэр өнгийн портер машин үүдний шат орчим тулж зогссон хажууд нь сувилагч ***той нэг согтуу хүн хамт зогсож байсан. Намайг тэр хүнээс “юу болсон бэ” гэж асуухад “миний машинд замаас жирэмсэн хүн суугаад энд ирээд алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргүүлийн цагдаа ирээд тэр хүнийг согтуу байна гээд аваад явсан. гэх мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оюунтуяагийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 04 цагийн орчим хүлээн авах тасгийн амралтын байрандаа байж байтал 30-40 орчим насны бараан царайтай согтуу эрэгтэй хүн орж ирээд хүн авч ирлээ гэсэн. “ямар хүн юм бэ оруулаад ир” гэхэд “осолд орсон, дайрагдсан хүн” гэснээ насилк аваад гараад явсан. Араас нь асрагч Эрдэнэчимэг, сувилагч *** нар гарсан. Би хамгаалагч руу утасдаад осолд орсон хүн машинаас бууж байна уу, согтуу хүн насилк аваад гарлаа гэж хэлсэн. ***, Эрдэнэчимэг 2 буцаж орж ирээд гадаа өвс ачсан Портер байна, осолд орсон хүн алга гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/,

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.***ын өгсөн: “... Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч ажилтай бөгөөд 16-наас 17-ны өдөр шилжих шөнө ээлжийн ажилтай хоносон. Шөнийн 04 цагийн орчим  ажилтай байхад  согтуу залуу орж ирээд хүн авч ирлээ, цус алдаад байна, хурдлаач гэж хэлэхээр нь одоо гарлаа гэхэд өөрөө түрүүлээд үүдэнд байсан насилк түрч авч яваад гарахаар нь араас нь хартал гадаа үүдэнд өвстэй өвс нь нурчихсан портер машин зэрэгцүүлээд тавьчихсан, хажууд нь насилк тавьчихсан байхаар нь би машиныг нь тойрч үзэхэд дотор нь болон гадна талд ямар ч хүн байхгүй болохоор нь “та юу яриад байгаа юм бэ” гэхэд “замаас хүн суулгасан, хүн гар өргөсөн жирэмсэн хүн цус алдаад байсан, тэгээд наашаа маш хурдан ирсэн” гээд учир нь олдохгүй зүйл яриад байсан.  гэх мэдүүлэг /хэргийн 80-82 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Сүнжидмаагийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдөр шилжих шөнө ах *** шөнө 01 цаг 30 минутад залгаад “ах нь тахиа захиалж идэх гэсэн юм, дугаар нь хэд билээ гэж байсан” Дараа нь 04 цаг 15 минутын орчим ах нь харьж байна гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 88-89 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сүрэнжав /хэргийн 92-93 дугаар хуудас/, *** /хэргийн 95-96 дугаар хуудас/, *** /хэргийн 97 дугаар хуудас/, *** /хэргийн 98-99 дүгээр хуудас/, *** /хэргийн 111 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлэг,

Зам тээврийн ослын дүгнэлт /хэргийн 114 дүгээр хуудас/, шинжээчийн 8384 тоот дүгнэлт /хэргийн 126 дугаар хуудас/, шинжээчийн 8386 тоот дүгнэлт /хэргийн 131 дугаар хуудас/, шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 81 тоот дүгнэлт /хэргийн 139-145 дугаар хуудас/, шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн 77 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 152-156 дугаар хуудас/, шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн  78 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 160-165 дугаар хуудас/, шүүх сэтгэц гэм судлалын 62/14 тоот магадлагаа /хэргийн 169 дүгээр хуудас/, хөдөө аж ахуйн шинжээчийн дүгнэлт /хэргийн 173 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан 10.07.025. 075 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 176-178 дугаар хуудас/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн дүгнэлт /хэргийн 149-150 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулсан байх бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлудыг нотолсон гэж шүүх дүгнэв.
 
Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв тул түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, ***ийн амь насыг хохироосон, мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
  
Хохирогч *** нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 12.915.050 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
 
Харин хохирогч *** нь шүүгдэгчээс гэм хор учруулсны төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нас барагчийн авч байсан цалин хөлсний дундажийг тооцох боломжгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдаагүй тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
      
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд би гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний өмгөөлөгч мөрдөн байцаалтийн ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд хэргийг буцаах санал тавьж байгааг шүүх хүлээн авах боломжгүй, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийг дутуу шалгасан, нэг талыг барьж шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Харин энэ гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн болох нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож гэртээ харихаар явж байсан цаг хугацаа, зам, газартай осол гарсан зам, газар, цаг хугацаа тохирч байгаа бөгөөд дээр судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
           
           1 Шүүгдэгч ***ыг согтуугаар тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон, мөн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хасч, 3 жил /гурван жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил /нэг жил/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***т эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг нэмж биечлэх эдлэх ялыг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,  4 жилийн /дөрвөн жил/ хорих ялаар тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***т оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг журамлан ***ын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тооцсугай.  

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ***аас хохиролд 12.915.050 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух *** олгож, хохирогч *** гэм хор учруулсны төлбөрийг /тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү/ нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилэх эрхтэйг дурьдусгай. 

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины дугай 5 ширхэг, баруун энгэртээ рүүт гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хажуу талдаа ил халаастай бор өнгийн тэлээгээр тэлээлсэн өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 хос зэргийг ***т, талийгаачийн өмсөж явсан улаан хүрэн өнгийн цахилгаантай куртик 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн ноосон материалтай цамц  1 ширхэг, цагаан өнгийн даавуун материалтай футболк 1 ширхэг, ногоон өнгийн даавуун материалтай дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ажлын өмд 1 ширхэг, хар өнгийн түрийгүй үдээстэй зуны ботинк 1 хос,  500 төгрөг, 2 ширхэг бэлгэвч, худалдаа хөгжлийн банкны карт 1 ширхэг, юнителийн дугаарын үүр 1 ширхэг, 5000 төгрөг 1 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 3 ширхэг, супермаркетаар үйлчлүүлсэн тасалбар 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, 100 төгрөг 3 зэргийг хохирогч ***д олгож, боодол өвс 3 ширхэгийг устгасугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
             
              9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
        
 
                      
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА