Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­127

 

 

 

 

        2023            09                  15                                           2023/ШЦТ/­­­­127                                               

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Г,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Вандуй овогт Г-ын Н-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 , эхнэр дөрвөн хүүхэд, нэг зээгийн хамт Ө аймгийн Ц сумын 3 дугаар баг, Ц **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, В овогт Г-ын Н /регистрийн дугаар: ********/. 

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О өгсөн: “... энэ асуудал 2023 оны 07 сарын 23-ны орой үдэш болсон ба намайг ажлаар яваад ирэхэд манай нөхөр гэртээ архи ууж байсан.... манай нөхөр намайг эхлээд хэл амаар доромжлоод дараа нь сүүлдээ намайг зодож эхэлсэн. Намайг яаж зодсон бэ гэхээр зогсож заамдаж аваад өмсөж байсан хувцсаар хоолой боож, газар унагасан ба газар унагаад дээрээс хоолой боосон, би нэг юм ноцолдож байгаад салаад ... охин Номин-Эрдэнэ рүү ярьж утсаар дуудсан. Намайг хүүхдээ дуудаж утсаар ярихад намайг тайван байлгаж байгаад хүүхэд ирсэн цагаас хойш намайг гэрээс гаргаж байгаад гэрийн гадаа намайг зогсож байхад гараа атгаж байгаад нүүрэн тус газар, баруун нүд рүү нэг удаа цохисон, гэрийн гадаа бас боосон би эсэргүүцэж ноцолдсон. ... одоо биеийн байдал зүгээр ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Номин-Эрдэнийн өгсөн: “... ээж над руу залгаад миний охин хурдан хүрээд ирээ намайг боогоод, зодоод байна гэсэн. Тэгээд би гэрт яваад очсон чинь гэрийн гадаа хадам аав Г.Насанжаргал нь хадам ээж Н.Отгонтөгсийн хоолойг боочихсон “муу янхан минь чи 5 хоног янхандаж байгаад ирлээ” гээд байсан. Тэгээд хойш нь түлхээд ээжийн баруун нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохисон тэгсэн ээжийн хамраас цус гоожсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ангирмаагийн өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ буюу Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар баг Цагаан-Овоо гэх хороолол 1 дүгээр гудамж 12 тоотод байж байхад Нармандах гээд хүүхэд Насаа ах Отгоо эгчийг зодоод байна аа гэхээр би Насанжаргалынд буюу Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар баг, Цагаан-Овоо гэх хороолол 7 дугаар гудамж 755 тоотод очиход хашаан дотроо буюу гэрийнхээ гадаа Г.Насанжаргал ах Н.Отгонтөгс эгчийг боосон байдалтай байж байсан тэгээд Г.Насанжаргал ах Н.Отгонтөгс эгчийг боож аваад цохиод байсан би яг хаана нь яаж цохисон талаар бол сайн хараагүй харанхуй болсон болохоор сайн харагдаагүй. ... Г.Насанжаргал гэх хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дугаартай “1. Н.Отгонтөгсийн биед тархины доргилт, дух, эрүү, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Насанжаргалын өгсөн: “... Н.Отгонтөгс хүүхдээ өмөөрөөд надтай хэрэлдээд байсан ... нэг мэдсэн чинь Н.Отгонтөгс яа яа өвдөөд байна, цагдаа дууд гээд байсныг санаад байна ... тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул эхнэр Н.Отгонтөгсийн биед би гэмтэл учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.  

  Шүүгдэгч Г.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Г.Н-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.О-ийн бие эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Г.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Хохирогч Н.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

              Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Г.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 70 дахь тал/  

 

   Иймд шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. В овогт Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хохирогч Н.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.БАТМӨНХ