| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2018/02357/И |
| Дугаар | 101/ШШ2020/2994 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/2994
| 2020 09 02 | 101/ШШ2020/02994 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Олимп виллаж, 00-р байр, 6 тоот хаягт оршин суух, Данжин овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Олимп виллаж, 00-р байр, 2-р орц, 13 давхар хаягт байрлах, Г ХХК /рд:/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп виллаж, 200-р байр, 1-р орц, 13F давхарт хаягт байрлах, О в СӨХ-д холбогдох
2,804,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч О в СӨХ-ийн төлөөлөгч Л.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Должинням, М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Б БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “О” 200-р байрны 6 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 30- ны доод пудволд бохирын босоо шугам бөглөрснөөс болж гал тогооны өрөөний угаалтуурын цоргоноос айлын цорго халж хөлний шагайгаар татсан бохир гарч их хэмжээний хохирол учруулсан. Гэрээр муухай үнэртэй, паркетан шал хөндийрч салсан, блинтус нь хананаас хөндийрсөн, ханын обой хуурсан, гал тогооны тавилга усанд дэвтэж цууралт үүсэж салсан. Өмнө нь 2019 оны 11 дугаар сарын 16-нд бохир халж байсан сануулаад өнгөрсөн. Ингээд контор буюу ОСНАА “Г’ ХХК-д хандахад “О ”СӨХ-доо ханд гээд бие биерүүгээ түлхээд байна. Цэвэр бохир усны төлбөр цаг бүрт нь төлдөг учир гомдолтой байна.
Иймд бохирын ус алдалтын улмаас учирсан хохирол болон хохирлыг арилгахад зарцуулах 2,668,550 төгрөг мөн хохиролын үнэлгээний төлбөр болох 136,363 төгрөгийг ОСНАА “Г”- ХХК болон О в СӨХ-оос гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимп виллаже хотхоны 200, 201 дүгээр байрны орон сууцны ашиглалтыг хариуцан ажилладаг юм. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 45 минутад 200 дугаар байрны 6 тоотоос Н.Наранбаатар энэ дуудлагыг хүлээн аваад завсарчин ДГ-д үүрэг өгч босоо шугам бөглөрч 1 дүгээр давхарын айл болох 200-6 тоотын Таширын 12 айлын халуун хүйтэн усыг хааж, дээд айлуудыг ус ирэхгүй болгож, бохир усны шугаманд тросс гүйлгэж 12 цаг 05 минутад бөглөөг гаргасан байна. Шугамнаас цайны шаар, хоолны тос гарсаныг авч, шугамыг халуун усаар буудуулж цэвэрлэж бүрэн ашиглалтад оруулж ирсэн гомдлыг барагдуулсан байна. Манай компанийн зүгээр авах ёстой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авсан. Иймд СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдахх зангилааны анхны хаалт, ,цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхарын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зриулалттай машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж эд хөрөнгө. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Гэсэн заалтыг үндэслэн бохир бөглөрсөн шугам нь босоо шугам бөгөөд дундын өмчлөлийг хуулийн дагуу СӨХ-ны мэдлийн шугам бөгөөд шугам сүлжээг цэвэрлүүлэх угаалгах асуудлыг Олимп виллаже СӨХ хариуцаж засвар үйлчилгээ хийлгүүлэх талаар албан ёсоор манайд хандах ёстой. Шугам хоолойн засвар, угаалга, халаалт винтель, шугам хоолойг хэсэгчлэн солих талаар албан ёсоор хүсэлт, шаардлага хүргүүлдэг боловч албан ёсоор хариу өгөөгүй. Мөн 200-р байрны 6 тоот дээр техникийн комиссын актын 2020 оны 4 сарын 07-ны өдөр гаргаж өгсөн боловч тухайн айл ямар нэгэн даатгалд хамрагдаагүй учраас энэ асуудлыг шийдэх бололцоогүй бөгөөд шугам хоолойн өмчлөл нь дундын өмчлөлд багтаж байгаа учраас Олимп виллаже СӨХ хариуцах ёстой гэв.
Хариуцагч О в СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Олимп виллаж хотхоны 200 дугаар байр 2 дугаар орц 06 тоотын оршин суугч Б.Бын нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна.
ОСНАА-н мэргэжлийн байгууллага нь Сууц өмчлөгчдин холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1.2-д зааснаар цэвэр ус дулааныг хүргэх хэрэгцээнээс гарсан бохир усыг зайлуулахдаа тухайн хуулийн 15.1.1-д заагдсан нийтийн эд хөрөнгө тоноглолыг ашиглан хэрэглэгч хүртэл хариуцаж засвар үйлчилгээ хийж төлбөрийг хураан авахаар зохицуулагдсан байдаг. Оршин суугч Б.Б бохирын бөглөрөл гаргуулах гэсэн чинь ОСНАА Г-ийн инженер Б бид хариуцахгүй СӨХ-дөө хэл гээд байна гэхээр нь хамт граж руу ороход уг бөглөрөл нь шалнаас +0,00 тэмдэгтээс доор ОСНАА-н өөрийн нь хариуцдаг гаражийн бохирын хоолойн хэсэгт бөглөрсөн нийтийн тоног хэрэгсэлд гэмтэл гараагүй гээд инженер нь сантехникчийн хамт ухаж байсан.
Мөн хуулийн 19.1.3-т зааснаар мэргэжлийн байгууллага дундын өмчлөлийн эд хөрөнгөд байнгын хяналт тавьж хэвийн ажиллагааг хангасан үйлчилгээг хийж төлбөрийг оршин суугчдаас авдаг учир оршин суугчдад хүндрэл учруулалгүй нааш цааш явуулаад байлгүй үүргээ биелүүлж хохирлыг барагдуулж байх талаар сануулж хэлсэн. Инженер нь бид СӨХ цэвэрлэх ёстой гэж хэлээгүй өөрсдөө цэвэрлэж байна гэсэн. Хуулиар гараж нь СӨХ-ны мэдэлд байхаар хуулинд зохицуулагдсан боловч барилга ашиглалтад ороход Г компани мэдэлдээ одоо болтол авч шилжүүлээгүй уг бөглөрөл нь өөрсдийн нь хариуцсан гаражийн таазны хэсэгт бөглөрдөг юм байна лээ. Энэ бөглөрлийн талаар манай албан ёсоор урьд өмнө мэдэгдэж байсан удаагүй билээ. СӨХ нь оршин суугчдаас халуун хүйтэн ус дамжуулсан болон бохир усыг зайлуулсны төлбөр авдаггүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын гаргасан актыг үндэслэн нийтийн эд хөрөнгө тоног төхөөрөмжийн хэрэгсэл материал сэлбэгийн үнэ ажлын хөлсийг байгууллага хоорондын тооцоо хийдэг учраас иргэн Б.Бын нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй байна. Аливаа байрны доод болон дээд давхрууд эрсдэл ихтэй байдаг учраас үйлчилгээний байгууллагын буруу гэж үзэж байгаа бол чухам аль буруутай болохыг хууль дүрэм судалж байж яг оноосон нэхэмжлэл гаргах нь цаг хугацаа алдахгүй, буруугүй бусдын ажилд саад тотгор болохгүйгээр шийдэгдэнэ. Эрсдэлд олон удаа орж байгаа бол цаашид даатгалын байгууллагад даатгуулах нь та хохирлоо нөхөн авах хамгийн энгийн бөгөөд найдвартай арга юм. Дундын өмчлөлийн шугам хагарч гэмтээгүй, бөглөрөл үүссэн шугам нь гражид байрладаг Г ХХК-ийн мэдэлд байдаг тул СӨХ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Г” ХХК болон “О” СӨХ-нд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцанд бохир усны шугамнаас бохир ус хальсны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 2,668,550 төгрөг, үнэлгээний хөлс 136,363 төгрөг, нийт 2,804,913 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг бөглөрсөн шугамын эзэмшлийн асуудлаар маргаж хохирлыг барагдуулахгүй байгаа хариуцагч Г ХХК, О в СӨХ-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Г ХХК нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар ус хальсан хоолой сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул О в СӨХ хохирлыг хариуцна гэж,
Хариуцагч О в СӨХ нь бөглөрөл үүссэн шугам хоолой гражид байрладаг Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г ХХК-иас гэм хорын хохирлыг гаргуулж, хариуцагч О в СӨХ-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311, Хүннүгийн гудамж, 200 байранд бохир усны босоо шугам граж 1 давхарын хооронд бөглөрсний улмаас нэхэмжлэгч Б.Бын өмчлөлийн тус байрны 6 тоот орон сууцны гал тогооны бохирын шугамын угаалтуурын хэсгээс бохир ус хальсан болох нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Г ХХК-ийн гаргасан Техникийн комиссын №03 тоот актаар тогтоогдож байна. /хх-40 тал/
Нэхэмжлэгч нь өмнө 2019 оны 01 дүгээр сарын 29, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд босоо шугам бөглөрч бохир хальж байсан гэснийг хариуцагч талууд үгүйсгээгүй болно.
Хариуцагч Г ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага ба бохир ус хальсан орон сууцны ус, дулаан, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцдаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн нэхэмжлэх, тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 9-10, 26 тал/
Хариуцагч О в СӨХ-д Баянзүрх дүүрэг, 200 дугаар байр хамаардаг болох нь зохигчийн тайлбар, О в СӨХ-ийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах боловч бөглөрөл үүссэн гэх бохирын шугам нь орон сууцыг ашиглалтад орсноос хойш Г ХХК-ийн эзэмшилд байдаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бохир ус хальж гарсан хэсэг нь айлын бохирын шугамны угаалтуурын хэсгээс гарсан тул шалны +0.00 тэмдэгтээс дээшхи шугам сүлжээнд хамаарна гэж тайлбарлаж байх боловч бөглөрөл үүссэн бохирын шугам орон сууцны гражийн хэсэгт байрладаг ба хариуцагч Г ХХК-ийн эзэмшилд байгааг тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байна.
Бохир ус хальсны улмаас нэхэмжлэгч Б.Бын өмчлөлийн орон сууцны паркетан шал нь ус нэвтэрсний улмаас хөндийрч салсан, зочны өрөө болон үүдний өрөөнд ус нэвтэрсний улмаас блинтус нь хананаас хөндийрч эхэлсэн, ханын обой хуурсан, гал тогооны тавилга усанд дэвтэж цууралт үүсэж салсан ба уг эвдрэлийг засварлахад 2,668,550 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 136,363.64 төгрөг /НӨАТ-гүй үнэ/ гарсан болох нь Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан, Итгэлт Эстимэйт ХХК-иас олгосон НӨАТ-ын баримтаар тогтоогдож байна. /хх-7, 13-22 тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Г ХХК-иас 2,804,913 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч О в СӨХ-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас 2,804,913 /хоёр сая найман зуун дөрвөн мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч О в СӨХ-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 59,829 /тавин есөн мянга найман зуун хорин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР