Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­120

 

 

 

 

        2023           08                   28                             2023/ШЦТ/­­­­120                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Б-ийн Т холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ө аймгийн Ц суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “А” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Ө аймгийн Ц сумын С 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Б-ийн Т /Регистрийн дугаар: *******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.Тэгшжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мандахнарангийн өгсөн “... 2023 оны 08 сарын 20-ны өдрийн 02 цаг үед би баарны гадаа тамхи татахаар гарсан тухайн үед баарны гадаа хүмүүс маргалдаад байх шиг байсан юуны талаар маргалдсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд би нэг ширхэг тамхи ганцаараа татаж дуусаад буцаад баар руу орсон. Би тухайн үед бааранд дижий хийж байсан бөгөөд 02 цаг өнгөрч байхад хөгжмөө зогсоож баар хаахаар болсон. Хөгжим зогсож тухайн үед бааранд байсан хүмүүс баарнаас гарсан. ... би 03 цагийн үед баарнаас гарч гадаа салхилах гээд гарсан бөгөөд баарны гадаа гарч ирээд зогсоод удаагүй байхад баарны зүүн талаас нэг согтуу залуу гуйваад ирж байх шиг болсон гэнэт л шууд миний баруун гарын дотор талын шуу хэсгийг пивоны шилээр зүссэн тэгээд би “чи яаж байна” гэхэд тэр залуу “та нарыг ална шүү” гэсэн. Тухайн үед би баарны гадаа ганцаараа байсан тэр танихгүй залуугийн гарт пивоны хагархай шил байсныг би анзаарч хараагүй. Тэгээд миний баруун гарын шуунаас их хэмжээний цус гарсан. ... би тухайн үед Тэгшжаргал гэдэг залуутай маргалдсан зүйл байхгүй. ... Тэгшжаргалаас маргааш эрүүл болсон хойно нь уулзаад та яагаад миний гарыг пивоны шилээр зүссэн талаар асуусан Тэгшжаргал тухайн үед би өөр хүмүүстэй маргалдаад тэгээд андуураад таны гарыг зүссэн байсан гэж надад ярьсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Төрболдын өгсөн: “... би 2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед Аврора баарны дотор тооллого хийгээд тооцоо нийлээд сууж байхад үл таних залуу орж ирээд танай баарны үүдний дотор талын шатан дээр хүмүүс муудалцаад байна гэсэн. Тэгээд би яваад очиход манай ажилтан Мандахнарангийн гарыг пивоны шилээр үл таних залуу зүссэн байсан ба Мандахнаран чи намайг яаж байгаа юм бээ гэхэд үл таних залуу та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод хашхичаад байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ... Мандахнаран болон үл таних залуу хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. харин тэр үл таних залуу нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай “1. Б.Мандахнарангийн биед баруун шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Б.Мандахнарангийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Мандахнарангийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,   

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Тэгшжаргалын өгсөн: “... би хараа нэртэй архийг 2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00:00 цагийн үед гэрийнхээ гадаа ганцаараа ууж байгаад нэлээн халамцуухан Аврора баар луу шөнө ганцаараа орсон ... тэгээд баарнаас гараад баарны гадаа зодолдож байгаад намайг зодож байсан хүмүүс яваад өгсөн. Тэгээд би баарны гадаа нэг залуу байхаар тэр залуугийн баруун гарын дотор шуу хэсгийг пивоны шилээр зүссэн ... намайг зодсон залуутай андуураад танихгүй залуугийн биед гэмтэл учруулсан байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

  Шүүгдэгч Б.Т өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Б.Т-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн бие эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.М-ийн бие эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/-н төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 82-83 дахь тал/

 

               Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 36 дахь тал/  

   Иймд шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.М-ийн эмчилгээний хохирол төлбөрт 435,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ