Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­121

 

 

     2023           08                28                                 2023/ШЦТ/­­­­121                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт А-ийн Э холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ө аймгийн Ц суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, дүү нарын хамт Ө аймгийн Ц сумын Б баг, Ц уул хорооллын **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Н овогт А-ийн Э-ийн /РД: **********/

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Н өгсөн: “... би 2023 оны 08 дугаар сарын 03-аас 2023 оны 08 дугаар сарын 4-нд шилжих шөнө өөрийн монгол гэртээ бага хүү болох Итгэлтэй унтаж байхад 02 цагийн үед гэнэт манайд согтуу орж ирсэн. Хэн бэ гээд босоод харахад Э хайр нь байна аа гэсэн. Э 2,5 литрийн сэнгүүр нэртэй пиво гартаа барьчихсан нэлээн согтуу ороод ирсэн. Тэгээд би Э унт гэхэд гараад үүдний пингийн үүдний хэсэгт сууснаа намайг 2,5 литрийн сэнгүүр нэртэй пиво хамт ууя гэсэн би үгүй ээ уухгүй гэсэн удалгүй Энх-Амгалан манай гэрт буцаад ороод ирсэн. Тэгээд би Энх-Амгаланг юу хийгээд согтуу яваад байгаа гэхэд тухай үед дуугараагүй тэгээд хүүгээ голдоо аваад хоёр талаар нь унтахаар хэвтсэн. Энх-Амгалан намайг хажуугаар ороод хэвтчих гэсэн тухайн үед Энх-Амгалангийн пивоны үнэр муухай үнэртээд байна гэхэд чи яадаг болцон юм гэснээ Энх-Амгалан гэнэт босоод гэрийн хаалга түгжсэнээ “чи яадаг болчихсон юм” гээд өндөр дуугаар намайг загнаж хашхичаад байхаар нь би айгаад үеэл дүү болох Энхжингийн гар утас руу залгаад ... би хүү Итгэлийн хамт Энхжингийнд очсон. ... Маргааш өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед би гэртээ очиход манай пингийн хаалганы цоожны эргэн тойронд будаг нь ховхорсон бас гэрийн голын араам онгорхой байсан. Би пингийн цоожоо түлхүүрээрээ онгойлгоод хүү Итгэлийн хамт гэртээ ороод ирэхэд Энх-Амгалан согтуу манай гэрийн хойно унтаж байсан. Тэгээд би Энх-Амгаланг манай гэрээс зайл, яасан доромжилсон юм бэ манай гэрийн тооноор орж ирээд гэж загнаж байгаад хурдан явуулахын тулд одоо манай аав ирж байгаа гэсэн... Энх-Амгалан намайг цохих гээд байгаа юм шиг болоод байхаар нь би айлаад гэрээсээ гараад урд хашааны эгчийндээ очих гээд явж байхад Энх-Амгалан намайг явуулахгүй гээд хашхичаад байсан тэгээд намайг үсдээд дарж унагасан. Би Энх-Амгалангаас айгаад хүүхдээ тэврээд хойд хашааны айлдаа очих гэхэд намайг араас цохиж унагаасан тэгээд нэг мэдсэн миний уруул сэтрээд нэлээн цус гараад байсан тэгээд сумын эмнэлэг руу явган яваад анхан шатны тусламж аваад эмнэлэг дээр байж байхад цагдаа нар ирсэн. ... манай салсан нөхөр болох Энх-Амгалан миний биед гэмтэл учруулсан... Энх-Амгалан согтуу гэрийн тооноор орж ирснээс болж хэрүү маргаан үүссэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Дашнямын өгсөн: “... Цогтцэций сумын сум дундын эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 04-ний 11 цаг өнгөрч байхад 26 орчим настай эмэгтэй ирсэн. Нэрийг нь тухайн үед асуухад Нямтуяа гэж байсан байх тэр эмэгтэй уйлсан, сандарсан байдалтай, дээд уруул нь 3 см орчим цохигдсон шархтай ирсэн. ... тухайн үед Нямтуяа гэх эмэгтэйгээс яагаад гэмтэл авсан талаар асуухад манай нөхөр намайг зодсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 319 дугаартай “1. Ш.Нямтуяагийн биед дээд уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Ш.Нямтуяагийн биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4. Ш.Нямтуяагийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ш.Нямтуяагийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.Энх-Амгалангийн өгсөн: “... 2023 оны 08 сарын 04-ний өдөр 11 цагийн үед Нямтуяа хүү Итгэлийн хамт гэртээ ирээд намайг гэрээс зайл, яасан доромжилсон юм бэ манай гэрийн тооноор орж ирээд гэж загнаж байгаад одоо манай аав ирж байгаа гэсэн тэгээд би хувцсаа өмсөөд гэрээс нь гараад явсан. Намайг гадаа тамхи асаагаад байж байхад Нямтуяа зайлаач ээ гээд толгойны ар хэсэгт гараараа цохисон. ... тэгээд бид 2 хоорондоо хэрэлдсэн. Би уурлаад маргалдаж байхдаа Нямтуяаг түлхэхэд гараар нүүр хэсэгт нь цохисон тэгээд уурлаад байж байгаад Нямтуяаг харахад уруул нь сэтэрчихсэн цус гараад уйлаад зогсож байсан. ... би одоо санахад гараараа уруул хэсэг рүү нь цохисон гэж бодож байна. Би хойш нь түлхэх үедээ уруул руу нь цохисон юм шиг байсан. Би тухайн үйл явдал болоход нэлээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.  

  Шүүгдэгч А.Э өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч А.Э-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш.Нямтуяагийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч А.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч А.Э-аас хохирогч Ш.Н бие эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 500,000 /таван зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт болон бусад баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 76 дахь тал/

             Хохирогч Ш.Н нь ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

   Шүүгдэгч А.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч А.Энх-Амгалан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 70 дахь тал/  

   Иймд шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н овогт А-ийн Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч А.Э нь хохирогч Ш.Н-ийн эмчилгээний хохирол төлбөрт 500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй гэсэн болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ