| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0033/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0027 |
| Огноо | 2015-01-15 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0033/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000866 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, Тэспетролиум шатахуун түгээх станцын урд зам дээр Т/марк-2 маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч ***ыг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим Дархан сумын 9 дүгээр багийн теспетролиум шатахуун түгээх станцын ойролцоо ээжийгээ очиж авах гээд нэг дүгээр эгнээгээр явж байсан, тэгээд иргэн ***ыг анзаараагүй мөргөсөн. Зогсоох арга хэмжээ авах тал дээр сандраад хаазаа гишгэж санаандгүй зүйл болсон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад Дархан сумын 9 дүгээр баг 17 дугаар сургууль руу чиглээд Тэспетролиум шатахуун түгээх станцын ойролцоо 1 дүгээр эгнээгээр явж байтал ШТС-аас соната-5 маркийн машин туслах замаас орж ирээд 1 дүгээр эгнээг хаагаад зогсчихсон байсан. Тэгээд тэр машин намайг өнгөрүүлэх гээд хүлээгээд хүлээгээд зогсоод байсан. Тэгэхээр нь би хурдаа хасаж 2 дугаар эгнээ рүүгээ дохиогоо өгч шилжээд цаашаа явсан. Тэгэхэд миний баруун гар талаас нэг хүн зам хөндлөн гарах гэж байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүнд хандаж дуут дохио өгсөн. Гэтэл би баруун гар талаас ирж байсан хүнийг харалгүй мөргөчихсөн юм. Тэр хүн миний машины зүүн урд хэсгээр мөргүүлээд копутан дээр гарч ирэхэд би сандарсандаа тормозоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэчихсэн юм. Би тэр явган зорчигчийг хараагүй учраас машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй юм” гэх мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 19 цаг 30 минутын үед би шинэ хорооллын ***нд түүний хувцасыг хүргэж өгөөд буцаж явахдаа Самданчойлон хийдийн замын эсрэг талаас зам хөндлөн гарч байгаад Дархан зочид буудал талаас ирж байсан машинд мөргүүлсэн. Тухайн үед ямар машинд мөргүүлснээ анзаараагүй. Би осол гарах үед замын голын цагаан зураасан дээр зогсож байсан юм, нэг мэдэхэд хөл маш их өвдөөд түргэний машин руу намайг өргөөд оруулж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1299 дугаар шинжээчийн: “...***ын биед толгойн хуйханд, хөмсөг, шилбэ, тавхайнд шарха, шанаа, хацар, хуруу, өгзөг, өвдгөнд зулгаралт, баруун шаатны булуунд, зүүн дунд чөмөг ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдсэн болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь биеийн эрүүл мэнд, эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/,
2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-07-025-083 дугаар шинжээчийн: “...техникийн хувьд бүрэн бүтэн, эд ангийн эвдэрэл гэмтэлгүй байсан. Автомашины хөдөлгүүрийн хаалт /копут/ дотогшоо тахийсан, салхины шил хагарсан зэрэг нь ослын дараа гэмтэл байна, осол үйлдэгдэхэд техникийн хувьд бүрэн бус байдлаас шалтгаалаагүй” гэх дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/,
2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаар шинжээчийн: “...Т/марк 2 маркийн ***улсын дугаартай автомашины жолооч Баясгалангийн Ууганбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахмад З.Ганбатын гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
*** нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, Тэспетролиум шатахуун түгээх станцын урд зам дээр Т/марк-2 маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-т заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч ***ыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10 дугаар хуудас/, хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1299 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-07-025-083 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т нь холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***ыг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эмчилгээний төлбөрт 1.300.000 төгрөг төлсөн, хохирогчийн нэхэмжилсэн тэргэнцэр, таяг, 100.000 төгрөг зэргийг сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 3 жилийн цалин нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, нотлогдсон хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж иргэн ***ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ***т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан шүүгдэгч ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн /нэг/ хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан ***улсын дугаартай Марк-2 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгч байцаагч И.Чимэддоржийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2458 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА