| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 71/2015/0036/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0030 |
| Огноо | 2015-01-16 |
| Зүйл хэсэг | 153.1., 181.2.1, 181.2.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0036/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000720 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, Оюутолгой баяжуулах үйлдвэрт засварчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журам ноцтой зөрчин Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны 29 тоот иргэн ***гийн гэрийн цонхыг санаатайгаар хагалж гэмтээн танхайрсан, иргэн ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Suzuki swift маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү сандал шидэн хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээн танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн ***г эсэргүүцэж догшин авирлаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан үргэлжилсэн үйлдлээр танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгойн үйлдвэрээс ажлаасаа буугаад Улаанбаатар хотод 10 цаг орчим онгоцоор ирээд 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу 12 цагийн орчим замын машинд суугаад явсан юм. Дархан явж байхдаа замдаа хажууд сууж явсан танихгүй залуутай Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 4 шил пиво авч уусан. Дарханд ирэхэд манай найз *** намайг тосож аваад намайг гэрийн гадаа буулгасан. Тэгээд би гэрлүүгээ орох гээд явж байгаад 4 давхарын айл руу орж уулзъя гээд хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь уурандаа гараад цонх руу нь чулуу шидээд гал тогооны цонхыг нь хагалсан юм. Тэгээд байрны урд хэдэн залуучууд машинтай зогсож байхаар нь сагсны шийдний хажуугийн сандлыг аваад машин руу шидсэн юм. Жолооч нь бууж ирээд намайг заамдаад бариад авахаар нь гарыг тавиулах гээд гаран дээр нь цохиж тавиулсан юм. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгойн үйлдвэрээс ажлаасаа буугаад Улаанбаатар хотод 10 цаг орчим онгоцоор ирээд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу 12 цагийн орчим замын машинд суугаад явсан юм. Дархан явж байхдаа замдаа хажууд сууж явсан танихгүй залуутай 4 шил пиво уусан бөгөөд замаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас нэг шил 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи аваад замдаа хоёулаа уугаад Дархан-Уул аймагт ирсэн юм. Дарханд ирэхэд манай найз *** намайг тосож аваад намайг гэрлүү явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би согтуу юм чинь гэрт буугаад яах вэ, намайг 6 дугаар байрны урд буулгаад өг гэж хэлсэн. Ингээд *** намайг шинэ хорооллын 6 дугаар байрны урд буулгаад ажилдаа явсан юм. Би 6 дугаар байрны урд буугаад 5 дугаар байр руу гэрлүүгээ орох гээд явж байгаад 4 давхарын айл руу орж уулзъя гээд хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь уурандаа гараад цонх руу нь чулуу шидээд гал тогооны цонхыг нь хагалсан юм. Тэгээд байрны урд хэдэн залуучууд машинтай зогсож байхаар нь сагсны шийдний хажуугийн сандлыг аваад машин руу шидсэн юм. Жолооч нь бууж ирээд намайг заамдаад бариад авахаар нь гарыг тавиулах гээд гаран дээр нь цохиж тавиулсан юм. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цаг 20 минутын орчим би өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай автомашинтай шинэ хорооллын 5 дугаар байрны гадаа найз ***, ***, *** нарын хамт ***ын хүүхдийг салхилуулж байсан юм. Машин дотор ***, ***, *** бид 4, ***ын хүүхэд гадаа тоглож байсан юм. Тэгэхэд 5 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд нэг согтуу танихгүй залуу дээшээ чулуу авч шидээд байсан. Тэгэхээр нь ***ын хүүхдийг машинд суулгаад дөнгөж хөдлөхөд дээшээ чулуу авч шидээд байсан залуу сагсны талбайн хажуугийн сандлыг аваад миний машины салхины шил рүү шидээд миний машины салхины шилийг хагалаад арын цонхоор ***ыг цохиод авсан юм. Тэгэхээр нь би машинаас бууж ирээд “болиочээ та машин эвдэлчихлээ шүү дээ гэж хэлээд би заамдаад бариад авахад миний гарыг мушгиад дарсан. Тэгэхэд миний гар нэг л эвгүй болсон. Тэр үед *** цагдаа дуудаад цагдаа ирээд машиныг эвдэлсэн залууг аваад явсан юм. Миний баруун гарын 5 хурууны яс цуурсан юм. Миний машины урд шил хагарсан, хаалганы дээд талын багана нь хонхойсон, мөн копут хонхойсон байсан. Нийт 443.500 төгрөгний хохирол учирсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчимд би гэртээ байж байхад манай гэрийн гал тогооны өрөөний цонх хагарах чимээ гарсан юм тэгэхээр нь би очоод харахад манай гэрийн гал тогооны өрөөний порчикны цонх нь хагарсан байсан. Цонхоор доошоо харахад манай байрны 5 давхарын *** гэгч залуу уучлаарай эгчээ гэж хэлээд зогсож байсан юм. Маргааш нь манай цонхыг шиллэж өгөөд уучлаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим гэртээ байж байхад манай байрны гадаа хүмүүс бужигнаад байхаар нь гараад харахад манай байрны оршин суугч *** согтуу байсан. Сагсны шийдний хажуугийн сандал сууринаасаа татагдсан байдалтай нэг саарал өнгийн машины урд шил хагарсан байсан юм. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж Мөнхтуяагаас асуухад “энэ *** манай гэрийн цонхыг чулуугаар цохиж хагалаад энд байсан сандалыг суга татаж аваад машин руу шидсэн” гэж хэлсэн юм. Маргааш нь Байгалиа надруу миний гар утсаар залгаад сандалаа янзалсан шүү гэж хэлсэн би очоод үзэхэд сандалыг хэвийн байдалд оруулсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр найз ***аа, ***, *** нарын хамт ***аагийн хүүхдийн шүдийг үзүүлэх гээд эмнэлэг ороход эмнэлэг хаалттай байсан. Тэгэхээр нь би шинэ хорооллын 5 дугаар байрны урд талын хүүхдийн талбай дээр сууж байхад нэг танихгүй залуу байрны урд согтуу орилоод байсан. Тэгэхээр нь ***аа, ***, *** бид 4 явъя гээд ***гийн машинд суугаад дөнгөж хөдлөхөд гадаа орилоод байсан танихгүй залуу сагсны шийдний хажуугийн сандлыг татаж аваад ***гийн машины урд талын салхины шил рүү шидээд ***ааг арын цонхоор цохисон. Тэгэхэд ***аа, ***, *** бид 4 машинаас буугаад *** “та яаж байгаа юм бэ, машин эвдчихлээ шүү дээ гэсэн. Тэгэхэд тэр залуу ***г бариад авсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч Г.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим шинэ хорооллын 5 дугаар байрны гадаа ***гийн машинд Б.***, Б.***, *** бид 4 сууж байхад танихгүй залуу 5 дугаар байрны цонх руу чулуу шидээд согтуу орилоод байсан. Тэгэхээр нь бид 4 за энэ ер нь эвгүйтлээ эндээс хол очиж зогсоё гээд дөнгөж хөдлөхөд нөгөө согтуу залуу сагсны шийдний хажуугийн сандлыг суга татаж салгаж ирээд машины урд цонх руу сандлаа шидсэн бөгөөд би машины ард суугаад цонхоо онгойлгоод сууж байхад нөгөө залуу цонхоор гараа оруулаад намайг цохих үйлдэл хийсэн. Би гарнаас нь бултаад цохиулаагүй юм. Тэгээд ***, ***, *** бид 4 машинаас буугаад *** “та яаж байгаа юм бэ гээд нөгөө согтуу залууг заамдаад бариад авахад нөгөө залуу ***гийн гаран дээр нь цохиод тавиулж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчимд 11 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга *** миний гар утас руу залгаад 5 дугаар байрны урд хүрээд ир, энд согтуу хүн агсам тавиад байрны урд талын сандал эвдэлсэн байна гэж хэлсэн юм. Ингээд би 5 дугаар байрны урд очиход 5 дугаар байрны урд талын сагсны шийдний хажуугийн 4 савхтай төмөр хөлтэй бор хүрэн өнгийн сандлыг сууринаас нь татаж авсан байдалтай байсан бөгөөд сагсны шийдний хажууд 4 залуу зогсож байсан бөгөөд хажууд нь 5 дугаар байрны 37 тоотын *** нилээн согтуу, цагдаа нар ирсэн байдалтай байсан юм. Тэгээд удалгүй ***г цагдаа нар аваад явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Suzuki swift маркийн тээврийн хэрэгсэлд гаргасан Вендо даатгалын компанийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31/014 тоот хохирлын үнэлгээ /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн биед үзлэг хийсэн шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1120 тоот дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.
*** нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журам ноцтой зөрчин Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ***гийн гэрийн цонх руу чулуу шидэж хагалсан, иргэн ***гийн эзэмшлийн ***улсын дугаартай Suzuki swift маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү сандал шидэн хагалж бусдын эд хөрөнгийн санаатайгаар гэмтээн танхайрсан, танхайн үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн ***г эсэргүүцэж догшин авирлаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан зэрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар, Үүнд:
-шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***гийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/, гэрч Б.***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Г.***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч ***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31/014 тоот хохирлын үнэлгээ /хэргийн 21-22 дугаар хуудас/, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1120 тоот дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул хохирол арилгасан гэж үзэх үндэстэй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жил /нэг жил/ хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***д оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг нь 3 жил 10 хоногийн /гурван жил арав хоног/ хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 3 жил 10 хоногийн жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан ***д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2355 дугаарын эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА