| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2018/01138/И |
| Дугаар | 101/ШШ2020/1886 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2020/1886
| 2020 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2020/01886 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У-Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.А би 2015 оны 01 сарын 26-нд тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орж үндсэн бүлгийн багшаар тасралтгүй 5 жил ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын амжилт, бүлгийн хүүхдүүдийн хөгжилд гаргасан ололт амжилт их. Мөн тогтвор суурьшилтай, ажлын цаг ашиглалт, ажлын байрандаа өөрийгөө сайн хөгжүүлж ирсэн. Гэтэл 2019 оны 12 сарын 27-нд ня-бо Ж.Д надад мэдэгдэх хуудас өгсөн ба эрхлэгч Д.Ц-тай уулзаж тодруулах гэсэн боловч ажилдаа 3 хоног ирээгүй. Ингээд эрхлэгчтэй уулзаад би ажлаа хийх сонирхолтой байгаагаа хэлэхэд “Тэтгэмж чинь 01 сард орох учир, ажиллуулах үндэслэлгүй, ажлаа 2020 оны 01 сарын 27-нд өг гэж хэлсэн. Би тэтгэврээ тогтоолгох гэхээр 2020 оны 01 сарын 01-нээс нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орж “... сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс...”-заалтаар миний тэтгэвэр авах эрх маань зөрчигдөж байна. Би ажилдаа гаргасан алдаа дутагдал байхгүй. Үүнийг хамт олон, эцэг эхчүүд маань мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Б.А миний бие Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 тоот тушаалын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн булгийн багшийн ажпаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Ажиллаж байх хугацаандаа сард дунджаар 1,540,000 төгрөгийн цалин авдаг байсан ба ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй, нэхэмжлэгч миний эрх ашиг зөрчигдсөөр байна.
Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардпагаа ихэсгэж байна. Иймд нэхэмжлэгч Б.А намайг Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгүүлэхийг Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.А 2015.01.26-ны өдөр бүлгийн багшаар ажилд орохдоо би танайд 3 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгоно гэж амаар хэлээд ажилд орсон байдаг. Тэрээр ажил үүрэг гүйцэтгэх явцдаа ёс зүйн зөрчил байнга гаргаж хамт олноо хэл амаар доромжилдог, хамт олонтойгоо баг болж ажиллаж чаддаггүй бөгөөд ангийнх нь хүүхдийн эцэг, эхчүүдээс энэ байдлуудаас болоод багшаа солих шаардлага удаа дараалан гаргаж байсан. Миний бие энэ үе болгонд өөрт нь хэлж сануулаад алдаагаа засах үүргийг дандаа амаар хэлээд өнгөрдөг байсан. Учир нь тэрээр манай нэг хүү орон шоронгоор яваад намайг өрөнд оруулаад байна уучлаарай гээд байдаг болохоор өрөвдсөн. Гэтэл энэхүү байдал минь түүнийг өөгшүүлж байсан байна. Хамгийн сүүлд манай арга зүйч Б.О ажлын шаардлага тавьсаны төлөө түүнийг эсэргүүцээд зодсон бөгөөд үүнийг ахлах тогооч Б.Г харсан тул хамт олны хурал хийж сахилгын сануулах арга хэмжээ авсан болно. Гэхдээ миний бие энэ асуудлаар нь түүнийг ажлаас халаагүй бөгөөд түүний өөрийн хүсэлтийн дагуу л ажлаас халсан болно. Тэрээр 2018.09.17-ны өдөр 2020/01/26-ны өдөр өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна гээд тэтгэмжид хамруулж өгөөч гэсэн өргөдлийг өгсөнөөр энэхүү өргөдлөөр нь түүний тэтгэмжийг 2019 оны 06 сард материалыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд 2020 оны төсөвт суулгасан. Ингээд түүний тэтгэмж төсөвт суугдаж ирсэн тул 2019/12/26-ны өдөр мэдэгдэл гаргаад 27-ны өдөр танилцуулсан болно. Үүнээс хойш 2020.01.13-ний өдөр Б/03 тоот тушаал гаргаад түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас халсан. Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн байдлаар надад тэтгэвэртээ гарахгүй гэж мэдэгдэл, хүсэлт бичгээр гаргаж байгаагүй мөртлөө өөр хүмүүст болохоор тэтгэвэртээ гарахгүй гээд амаар уурлаад л яваад байсан гэсэн. Мөн тэрээр Нийслэлийн боловсролын газарт 2020.01.23-ны өдөр 01 сард тэтгэврээ тогтоолгож байгаа тул тэтгэмж олгож өгөөч гэсэн өргөдлөө шинэ журмаар өгөх ёстой учир өгсөн байдаг. Хэрвээ өндөр насны тэтгэвэртээ гарахгүй байсан юм бол яах гэж ийм өргөдлүүдийг удаа дараалан бичгээр гаргаад өгөөд яваад байсан болж байна вэ. Үүнийг миний бие ойлгохгүй байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагадаа би огт тэтгэвэрт гарах хүсэлгүй байна гээгүй ганцхан тэтгэвэрт гарах гэхээр 84 сараар тэтгэврээ бодуулах гэхээр зөрчигдөөд байна гэсэн байгаагаас үзэхэд тэтгэвэрт гарах хүсэлтээ өөрөө өгөөгүй биш өгсөн байгаа нь харагдана. Тэрээр тэтгэврээ тогтоолгох гээд тушаал гарснаас хойш ямар нэгэн хүсэлт гаргаагүй мөртлөө, БЗД-ийн ЗД-ын дэргэдэх ёс зүйн зөвлөлд 2020.02.03-ны өдөр “надад тэтгэвэрээ тогтоолгох гэхээр тасраагүй 84 сар байхгүй учир, тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэхгүй байгаа, эргээд ажилдаа орох хүсэлтэй “гэсэн гомдол гаргасан. Хэрвээ тэрээр надад хууль ёсны дагуу ахиад хүсэлтээ тушаал гарахаас өмнө өгсөн бол миний бие өөрөөр авч үзэж болох л байсан. Гэтэл тэгээгүй мөртлөө өнөөдөр шүүхэд өгсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие муу ч гэсэн улсын ажил хийж байгаа бөгөөд хэн нэгний хүссэн хүсэлтээр тушаал шийдвэрээ өөрчлөх ёсгүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бол улсын байгууллага гэж бодож байна. Би түүний тушаал шийдвэрийг ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор гаргаагүй. Ганцхан түүний хүсэлтээр л тушаал шийдвэрээ хуулийн дагуу гаргасан тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие 2014 онд 202-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож тус цэцэрлэг 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ үед Нийслэлийн Боловсролын хэлтэс дээр багшийн орон тооны сонгон шалгаруулалт зарлаж шалгалт авахад А шалгалтандаа тэнцээгүй боловч багшийн орон тоо дутуу байсан тул ажилд авсан. Тухайн үед А 2-3 жил ажиллаад л тэтгэвэртээ гарна гэж хэлж байсан. Би нэг ч удаа А-д дарамт шахалт үзүүлж байгаагүй. 2017 онд ажлын байран дээр архи уусан, багшлах эрхийн үнэмлэхгүй тул ажлаас чөлөөлөх талаар хэлсний дараа Нийслэлийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Болормаа гэх хүн намайг дуудаж уулзаж А багшийг хоёрхон жил ажиллуулчих гэж хэлсэн. Би А-ын нөхцөлийг ойлгож хүлээж авсан. Гэтэл 2019.12.26-ны өдөр А арга зүйч О-ийн гар руу цохисон асуудал гарсан. Тухайн үед миний бие 12 дугаар сарын 27-30-ны өдрийн хооронд БНСУ-руу эмчилгээнд явахаар чөлөө авсан байсан ч хамт олны хурлыг 2019.12.26-ны өдөр зарлаж хуралдуулсан ба А хурлыг хаяж гарсан. Хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар хэрэгт өгсөн. 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө нягтлан бодогчид А багшид өгөөрэй гэж хэлээд тушаал өгсөн. Манай цэцэрлэг төвийн шугамд холбогдоогүй тул галлаж халаадаг ба А багшийн ангид хоолой хөлдсөн асуудлыг олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. А-ыг өөрийн хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн. 2020.01.13-ны өдөр нягтлан бодогчтой хамт тушаалаа А-д танилцуулсан. А нэг ч удаа эргэж ажиллах талаар хүсэлт надад гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Аыг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас ямар нэгэн сахилгын шийтгэлээр ажлаас халж, чөлөөлөөгүй ба түүний өөрийнх нь 2018.09.17-ны өдрийн гараараа бичиж өгсөн “...өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна гээд тэтгэмжид хамруулж өгөөч гэсэн өргөдөл”-ийг үндэслэн 2020.01.13-ны өдөр Б/03 тоот тушаал гарган түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн түүний тэтгэмжийг 2019 оны 06 дугаар сард материалыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд 2020 оны төсөвт суулгуулсан, уг тэтгэмжээ ч хуулийн дагуу бүрэн авсан. Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн байдлаар надад тэтгэвэртээ гарахгүй гэж мэдэгдэл, хүсэлт бичгээр гаргаж байгаагүй. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасны дагуу ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ хугацааны цалин, олговрыг ч мөн адил олгох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгүүлэхийг Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт даалгах шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахаар гаргасан өргөдөл хүсэлтийг үндэслэн тус цэцэрлэгийн бүлгийн багш Б.Аыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна. /хх-4 тал/
Нэхэмжлэгч нь надад ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхөд би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч ажлаас чөлөөлсөн, Нийгмийн даатгалын тухай хуулиар миний дараалсан 7 жил ажилласан байдал тасарч, тэтгэвэр авах эрх зөрчигдөж байгаа тул би гомдолтой байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,
Хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгийн төлөөлөгч нь өөрийнх нь хүсэлтээр тэтгэвэрт гарах нас болсон тул ажлаас чөлөөлсөн, тушаал гаргахаас өмнө ажлаа хийх талаар хүсэлтээ бичгээр гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд;
Нэхэмжлэгч Б.А нь 2020.01.26-нд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул намайг 2020.01.26-нд тэтгэврийн тэтгэмжид хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянзүрх дүүргийн 0-р цэцэрлэгийн эрхлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гаргасан байна. /хх-19 тал/
Уг хүсэлтийг үндэслэн тус цэцэрлэгийн 2020-2022 оны дунд хугацааны төсвийн төсөөлөлд Б.Аыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж авах ажилтны тоонд хамруулж, төсвийг батлуулсан, батлагдсан төсвийн дагуу Б.А нь тэтгэмжийн мөнгө авсан болох нь хэрэгт авагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчид өргөн барих төсвийн төсөл, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн боловсролын газарт гаргасан Б.Аын өргөдлийн хуулбар, тус цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, гэрч Ж.Д-ийн өгсөн “...Алтантуул багш 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орох үедээ л 2-3 жил болоод тэтгэвэртээ гарна гэж ярьдаг байсан. 2019 оны дунд шатны төсвийг 2018 оны 7 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст гаргаж өгдөг. 2019 оны төсөв хийж байхад нэхэмжлэгч хугацаандаа материалаа өгөөгүй, 9 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл өгсөн. Би 2020 оны төсвийг 2019 онд гаргахдаа нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу нэгтгээд боловсролын хэлтэст өгсөн. Боловсролын хэлтсийн мэргэжилтнээс 2018 оны өргөдлөөр 2020 оны төсөвт тусгаж болох уу гэж асуухад тэтгэвэрт гарах хугацаа заасан тул болно гэж хэлсэн. Миний төсвийг хянаж үзээд Нийслэлийн боловсролын газар руу явуулдаг тул нэхэмжлэгчээс дахин өргөдөл, дансны тодорхойлолт зэрэг материал авч төрийн байгууллагад ажилласан хугацааны тэтгэмж 15 сая орчим төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх-26-33, 118-120 тал/
Хариуцагч нь Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг үндэслэн гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Б.Аын өргөдөлд ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн үг өгүүлбэр байхгүй, захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 2 сарын сүүлээр шүүхэд хандсаны дараа гэрт нь хүнээр өгүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэл сонирхлын эсрэг тушаал гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан өргөдлөөсөө татгалзаж, тэтгэвэрт гарахгүй гэж ажил олгогчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэрэндулам нь ах дүү, хамаатан саднаа тус байгууллагад ажиллуулдаг гэх байдал нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд болон тухайн маргаанд хамааралгүй юм.
Нэхэмжлэгч Б.А нь ажлаас чөлөөлөгдөх хугацааг зааж тэтгэмжид хамруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн өргөдлийг ажил олгогчийн зүгээс үзүүлсэн дарамт шахалтын улмаас бичсэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт холбогдох нэхэмжлэгч Б.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дугаар цэцэрлэгт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ