Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0032

 

                                          
                                             
                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       Хэргийн индекс: 171/2015/0043/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000945 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***, 1964 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн *** тоотод оршин суудаг, одоогоор Дархан-Уул аймгийн *** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн,
Урьд: 
-2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн, 
-2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, төмөр замын 17-22 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 21 цагийн үед эмэгтэй, эрэгтэй 2 хүн ***ын гэрт ирсэн. Тэр хоёр 0.75 граммын шилтэй архитай ирсэн. Тэр архийг 4-лээ хувааж уусан. Дахиад 0.5 граммын шилтэй архи гаднаас гарч авч ирсэн. Түүнийг уугаад дуусаж байтал *** гаднаас дахиад нэг 0.75 грамм шилтэй архи авч ирээд түүнийг ууж байгаад дуусаагүй байхад нь би унтсан байсан. Янз бүрийн зодоон болоогүй. Тухайн үед ***г дуулахаар нь гоё дуулж байна гэхэд *** уурлан босож ирээд миний өмнө зогсоод намайг дээрэлхээд байхаар нь уурандаа тэсэлгүй гараараа цохисон” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***гийн өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 12-ны 20 цаг 30 минутын үед найз ***ын гэрт байж байхад хаалга хүн нүдээд тэгтэл *** хаалгаа онгойлгож өгөхөд гаднаас ***, *** гэх хүнтэй хамт орж ирээд *** төрсөн өдрийн мэнд энэ тэр гээд гар бариад ойр зуурийн юм яриад сууж байхдаа 1 шил 0.75 грамм архи 4 лээ хувааж уугаад дуустал ***, ***, *** нар гарч 0.5 литрийн архи дахиж авч ирж уугаад байж байтал *** янз бүрийн юм яриад баярхаад байсан. Тэгэж байтал дахин *** 0.75 литрийн архи аваад ороод ирсэн байсан. Тэгээд тэр архиа ууж байгаад хэд тойроод дуу дуулахад нь би ***г ямар гоё дуулдаг юм бэ ***, ***тай хардаад байсан. Нэг мэдсэн *** миний урд зогссон намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа цохитол *** шал нь дээр унасан. *** боль гээд тэгээд бид 4 ***ынд унтаад өглөө сэрээд байж байтал *** нүд хавдаад юм харахгүй байна гээд гарч яваад *** эргэж орж ирээд машинаа гражид тавиад ирлээ гээд хоол идээд энэ тэр гээд яахав 1 дэх өдөр уулзъя гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,  

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***ын өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 12-ны оройн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, төмөр замын 17 дугаар байранд найз ***ын гэрт ***гийн хамт гаднаас нэг шил архи аваад ороход *** гэх хүн цуг байсан. Тэгээд авч орсон 1 шил архи ууж дуусаад дахин нэг шил архи ***, *** нарын хамт гарч авчираад ууж дууссан. Тэгээд би нилээн согтсон байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч ***ын өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цаг өнгөрч байхад *** согтуу гаднаас 1 шил архи 1 ширхэг талх барьчихсан ***гийн хамт манайд орж ирсэн. Тэгээд тэр авч ирсэн архийг бид 4 хувааж ууж дуусаад байж байтал ***, *** бид 3 гаднаас дахиад 0.5 граммтай 1 шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр авч ирсэн архиа ууж байхдаа бид хэд дуу дуулаад архиа ууж дууссан. Тэгтэл *** ***гоос дахиад нэг шил архи аваад ирэх үү гээд, тэгээд *** гаднаас дахиж нэг шил 0.75 граммтай архи авч ирсэн. Тэр үед нь миний бие өвдөөд байсан болохоор тэр архийг уухгүй чихээ бөглөөд хэвтэж байхад тэр гурав сүүлд авчирсан архиа ууж дуусахад тэр гуравт би орж засаж өгөхөд *** унтаад өгсөн. Тэгээд хэвтэж байхдаа *** муухай орилоод байсан. Тэгээд *** гэнэт босч ирээд ***гийн урд зогсоод хэлэх хэлэхгүй үг хэлээд агсам тавиад байсан. Тэгтэл *** ***г нэг удаа цохиод авсан. Би тэгээд ***г тэвэрч аваад цааш ор руу нь хэвтүүлсэн. Тэр үед *** бас босч ирээд ***г цааш нь оронд нь хэвтүүлсэн. Үүрээр *** босчихсон явж байхад нь харахад ***гийн нүүр нь цус болсон байсан. Угаалгын өрөөнд оруулж нүүр, гарыг нь угааж тэгээд унтсан. Өглөө бид хэд 9 цагийн үед сэрээд байж байтал ***, *** 2 гаднаас 0.33 граммтай архи авч ирээд нөгөө архиа уугаад миний шүд хөдөлсөн байна, би цагдаад хэлнэ гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн: “...***ын биед хуйханд зүсэгдсэн шарх, зовхинд цус хурсан, шүд хугарч унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, төмөр замын 17-22 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/, гэрч Р.***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
 
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөрт сайн дураараа 150.000 төгрөг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
 Шүүгдэгч *** урьд нь 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэсэн талаар тэмдэглэсэн тухай баримтаар /хэргийн 33 дугаар хуудас/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай 
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***г 2 сар / хоёр сар/ баривчлах ялаар шийтгэсүгэй.
           
                 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
      
                  4.Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ***г нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

                  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                   6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
    
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА