| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0047/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0039 |
| Огноо | 2015-01-22 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0047/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000917 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, Дархан-Уул аймгийн Дархан суманд **ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Стайл салонд үсчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа эрүүл,
Урьд:
-2007 оны **ий өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил тэнссэн,
-2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 148 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,
-2010 оны 06 дугаар сарын **ы өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ***тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, *** тоотод иргэн ***г хувийн таарамжгүй маргааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагчтайгаа маргалдаад гэрээсээ гарч ***ийн гэрт байж байхад хаалга нүдэхээр нь *** очиж онгойлгосон. Тэгэхэд гаднаас *** нарын хамт орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2-уулаа угаасаа таарч тохирохгүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн *** хашгираад намайг тэлээгээр ороолгож, би чамаас авах ёстой юмаа авна гэж хэлэхээр нь уурандаа цохисон” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найзынхаа утаснаас дуу татаж авсан чинь манай хүн уурлаад гэрээс гараад явсан. Тэр өдөр гэртээ ирж, манай нэг дүү охин залгаад танай нөхөр чинь манай найзтай хамт байна нь би найз нартайгаа хамт очсон. Тэгээд би яахаараа өөр эмэгтэй хүнтэй байдаг юм бэ гээд уур хүрээд хардаж хэл амаар доромжилсон юм” гэв
Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз охин ***ийн гэр болох Дархан сумын 8 дугаар баг, микрийн 14-30 тоотод байж байсан юм. Орой 18 цагийн үед *** гаднаас ***, Зулаа, Ойдоо нарын хамт орж ирсэн. Гэрт орж ирэнгүүтээ *** намайг хэл амаар доромжилсон. Би ***г гар, яв гэж хэлсэн. Тэгсэн чинь *** надруу дөхөж ирээд намайг хумсаараа маажиж, алгадсан. Мөн өмдний тэлээгээр цохисон. Хажууд байсан хүмүүс ***г салгасан. Тэгтэл дахиж надруу хүрч ирээд надаас зуурчихаад намайг алаад өг гээд орилж, хашгираад байсан. Дахиж ***г хажууд байсан хүмүүс салгасан. Нилээн хэдэн удаа *** ийм үйлдэл гаргахаар нь би тэсэхгүй ***гийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Хажууд байсан хүмүүс дахиад *** бид 2-ыг салгасан. Тэгээд байж байгаад *** орилж хашгираад надруу сандал авч шидээд болж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би ***г барьж аваад гэрээс гаргах гэхэд хүзүүнд байсан гинж, өмсөж байсан футболкыг нь урж тасдсан. *** тэгэж орилж хашгирч байгаад өөрөө татаж унасан. Тэгэхээр нь бид нар сэргээх гэж байхад би ***тай хамт ирсэн найзуудтай нь юм ярьж байхад *** босч ирээд та нарын яриаг сонсох гэж худлаа татаж унасан юм. Хэн ч миний талд орохгүй байна гэх зүйл ярьсан. *** бүр орилж хашгираад болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим би дүү Оюукатай утсаар ярьсан юм. Оюука танай нөхөр чинь манай найзын гэрт хамтдаа байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч ***, найз ***, *** нартай хамт нөхөр ***ийн байгаа газар очсон юм. Би байгаа газрыг нь мэдэж байсан. Микрийн 14-30 тоот. Гэрт нь яваад ороход *** хаалга тайлж өгсөн. Манай нөхөр *** орон дээр хэвтэж байсан. *** өмнө нь 3 хоногийн өмнө ***тэй утсаар ярьж би чамд хайргүй бид 2-ыг тайван байлга элдэвээр хэл амаар доромжилж миний хажууд утсаар ярьсан. Тэгээд маргааш нь надаас хувцас авахуулж өмссөн. Тэгсэнээ тухайн өдөр *** ***тэй хамт байсанд миний уур хүрсэн юм. Тэгээд би ***той маргалдсан юм. Авч өгсөн юмаа авъя гэсэн чинь *** орон дээрээс гэнэт босч ирээд би чамаас юу ч аваагүй гичий минь гэж босч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Би урдаас нь орилж чи яахаараа намайг зоддог юм бэ авч өгсөн юмаа авъя гэхэд үсдэж доошоо дарж нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Нуруу руу цохиход би 10 минут орчим ухаан алдаж унасан. Тэгсэнээ би ***ийн хүзүүнд байсан гинжийг би авч өгсөн миний гинж гэж тасдаж авсан юм. Тэгсэн чинь тасарсан гинжээр нүүр рүү шавхуурдсан. Би ***ийн өмдөнд байсан бүсийг нь авч ***ийг цохих гэсэн боловч бүсийг булаан авч намайг шавхуурдсан. Тэгээд би өөдөөс нь орилоход надруу дөхөж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би чи намайг ингэж байхаар алчих гэж орилсон. *** чамайг алнаа гэхдээ арай болоогүй гэж хэлсэн. Ингэж би 30 гаран минут зодуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/,
Гэрч Б.*** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би *** тоот гэртээ найз *** болон дүү Анука /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт байж байхад 17 цаг 30 минутын үед гаднаас ***, *** нарын хамт орж ирсэн. Орж ирэнгүүтээ *** гэрт байсан хүн болгон руу дайрч хэл амаар доромжилж эд зүйл авч шидсэн. *** өмнө нь ***той найзалдаг байсан юм шиг байсан. Тэгээд манай гэрт *** байгааг мэдчихээд гэрт орж ирээд ***ид уураа гаргасан байх. *** надтай үерхдэг миний найз залуу байгаа юм. *** бүс авч ***ийг цохисон. Тэгсэн чинь *** ***г үсдээд доош нь дарсан. *** намайг зодоод алаад өг гээд орилоод байсан. Тэр үед гэрт байсан хүмүүс тэр 2-ыг салгасан. Тэгсэн чинь *** сандал авч шидээд орилоод байсан. Тэгэхэд *** ***г нэг удаа цохиж байх шиг харагдсан. Тэр цохилт нь нүүрийг нь оносон байх. Бид нар дахиж салгахад *** үсний индүү авч ***ийг цохиод байсан. Тэгэхэд *** үсдээд доош нь дарсан. Тэгээд ***гийн нуруун дээр нэг хоёр удаа гараараа цохисон. Удалгүй гэрт цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ***гийн гэрт *** бид нар байж байхад *** нэг хүнтэй утсаар ярсанаа манай найз залуу *** өөр охинтой хамт байна гэнэ гэж хэлээд хамт явъя гэсэн. Тэгээд бид дөрө микрийн 14 дүгээр байрны 8 давхарт нэг айлд орсон. Гэрт нь ороход ***, ***, Бүжээ, Анука 4 байсан. Гэрт оронгуутаа Анука ***той хэрэлдсэн. ***ийг өөр охинтой хамт байна гэж хэрүүл хийсэн. Тэгсэн чинь *** орон дээр хэвтэж байснаа босч ирээд ***гийн нүд рүү цохисон. *** бас ***ийн урдаас дайраад тэр 2 маргалдсан. Тэгээд *** ***г зодсон. ***г гинжээр ороолгосон. Тэгээд тэр 2 зодолдоод байсан. *** өөрөө цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 1414 тоот: “***гийн биед 2 нүд, хацар, бугалга, тохой, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 14 дүгээр байр 30 тоотод иргэн ***г хувийн таарамжгүй маргааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***, хохирогч *** нарын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч *** /хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Б.*** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 1414 тоот дүгнэлт /хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***ид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5, 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** урьд нь 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 120 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэсэн талаар тэмдэглэсэн тухай баримтаар /хэргийн 27 дугаар хуудас/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдох хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***ийг бусдын бие махбодид хөнгөн
гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***ид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр /есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***ид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА