Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/2864

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,******тоот хаягт байрлах, “Б групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** тоотод байрлах, “А г т” ХХ-д холбогдох,

67,027,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Б групп” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус “А******* *******” ХХК-тай Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулж дараах механизмыг ажиллуулахаар тохиролцсон. Үүнд:

1. Ковш /3м3/-1 ширхэг, Грейдер-1 ширхэг, Индүү /20тн/-2 ширхэг, Усны машин /10тн/-1 ширхэг,

2. 1 сарын түрээс Ковш 7,000,000 төгрөг, Индүү 1 ширхэг 7,000,000 төгрөгөөр 2 ширхэгийг, Грейдер 14,000,000 төгрөг, Усны машин 6,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

3. Түрээсийн урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 38 хувийг гэрээ байгуулахдаа 12 хувийг 15 хоногийн дараа, үлдсэн 50 хувийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор багтаан төлнө.

4. Түрээсийн хугацаа 3 сар

5. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар төлөх, 3.2-т заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн 0.3 хувиар тооцож түрээслүүлэгчид алданги төлнө. Дээрх нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр талууд Тооцоо нийлэн акт үйлдэж гэрээг дахин 1 сараар сунгаж шинэ гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр машин техникүүдийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгснөөр гэрээний хугацааг дуусгавар болгосон байдаг.

“А г т” ХХК нь анх түрээсийн гэрээ байгуулагдах үед урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид өгсөнөөс хойш түрээсийн төлбөрөө графикт цаг хугацаандаа төлөхгүй хоцроон дутуу төлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж явсаар эхний гэрээний үлдэгдэл түрээсийн төлбөр, мөн сүүлийн гэрээний түрээсийн төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй манай байгууллагыг хохироож байна.

Иймд талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 3.1, 3.2, 3.4, 5.16 дахь заалтууд мөн 2017 оны 09 дүгээр сарын 058-ны өдрийн №17/119 тоот Тооцоо нийлсэн акт, Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 3.1, 3.2 дахь заалтууд, Иргэний хуулийн холбогдох бусад зүйл заалтыг үндэслэн нэхэмжлэлдээ дараах шаардлагыг гаргаж байна.

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Машин механизм түрээслэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх түрээсийн үлдэгдэл төлбөр 13,018,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6,509,000 төгрөг нийт 19,527,100 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Машин механизм түрээслэх гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 25 хоногийн түрээсийн төлөөгүй төлбөр 31,666,700 төгрөг, түүний алданги 15,833,300 төгрөг нийт 47,500,000 төгрөг бүгд 67,027,100 төгрөгийг “А г т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.М, Х.А бид А т ХХК-ийн 50 хувийн хувыдаа эзэмшигч Б.А, 50 хувийн хувьцаа эзэмшигч Н.Д нартай “А г т” ХХК -ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Х.М нь Б.А-ийн 40 хувийн хувьцааг 14,000,000 төгрөгөөр, нэхэмжлэгч Х.А нь Б.А-гийн үлдсэн 10 хувийн хувьцаан дээр Н.Д-ы 50 хувийн хувьцаа, нийт 60 хувийн хувьцааг 21,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч, нийт 100 хувийн хувьцааны үнэ 35,000,000 төгрөгийг төлөх, Б.А, Н.Д нар нь А************** ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг тусгай зөвшөөрлийг сунгуулж, сунгалтын хамт хүлээлгэж өгөх үүргийг харилцан хүлээж, худалдагч нарт хэлэлцэн тохирсон 35,000,000 төгрөгийг бүрэн төлсөн.

Дээрх гэрээг байгуулах үед хувьцаа эзэмшигч Б.А, Н.Д нар нь “А г т” ХХК -ийг өөр бусад аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, тусгай зөвшөөрөл нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болно гэхдээ бид замын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ компанийн гэрчилгээний хамт холбогдох баримтаа бүрдүүлээд Монголын Авто замчдын холбоонд өгчихсөн, 2019 оны нэг сардаа багтаагаад тусгай зөвшөөрлийг нь сунгаад гэрчилгээний хамт та нарт ямар нэгэн эрхийн зөрчилгүй, замын үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хүлээлгэж өгнө, бид авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй бас компанитай, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, та нарыг замын туслан гүйцэтгэх ажлаар хангана гэж хэлсний дагуу тохиролцон. Учир нь замын ажил нь улирлын чанартай хийгддэг ажил тул гэрээ байгуулах үед өвлийн улирал таарч, тусгай зөвшөөрлийн хугацаа замын ажил эхлэх үе буюу 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болж таарсан. Гэрээний дагуу тохирсон гол зүйл нь тусгай зөвшөөрлийг сунгаж өгөх, замын туслан гүйцэтгэх ажил олгох явдал байсан.

Улмаар тохирсон хугацаандаа компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг сунгуулж сунгалтын хамт хүлээлгэж өгөхгүй байсан тул бидний зүгээс холбогдох байгууллагад хүсэлт гаргаж шалгуулахад Монголын Авто замчдын холбоонд Б.А, Н.Д нар нь “А г т” ХХК -ийн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар холбогдох материалаа бүрдүүлэн өгөөгүй, бидэнд худлаа ярьж итгүүлэн эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан болох нь баримтаар тогтоогдсон.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд тусгай зөвшөөрлийг сунгуулж өгөх талаар нарийвчлан заагаагүй боловч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр замын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг худалдах талаар тохиролцоо хийгдсэн. Уг тохиролцооны дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой компанийг шилжүүлж өгөх үүргээ зөрчсөнөөс бид гэрээний дагуу тодорхой үр дүнд хүрэх боломжгүй болж маш их хохирч байна.

Өөрөөр хэлбэл, Б.А, Н.Д нар нь Х.М, Х.А нартай “А г т” ХХК -ийн эрх болон хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ хууран мэхлэх зорилго агуулсан эсвэл хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар зориуд нуун дарагдуулсан зэргээс шалтгаалахгүйгээр тэрээр мэдэгдэх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй учир нуун дарагдуулсан гэж үзэж байна.

Түүнчлэн, Б.А, Н.Д нар нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ буюу гэрээний 4.2-т зааснаар худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.6-д зааснаар энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчиж, үүргээ биелүүлээгүйгээс “Б групп” ХХК нь “А г т” ХХК -д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны  09 дүгээр сарын 08-ны өдрүүдийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт 67,027,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаар, хувьцаа эзэмшигч нар гэрээ байгуулах үедээ бусдад ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй гэж худал ярьж бусдад төлөх өртэй компанийг зориудаар нуун дарагдуулж худалдсан байсныг олж мэдсэн. Б.А нар нь анхнаасаа “А г т” ХХК -ийн талаар үнэн бодитой мэдээллүүдийг өгөлгүй, хууран мэхэлсэн.

Мөн дээрх нөхцөл байдлыг Б. түүний нөхөр Х.Г нартай холбогдож хэлж мэдэгдэхэд “Б групп” ХХК-д төлбөр тооцооны үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, худалдахаас өмнөх өр төлбөрийг бид хариуцна, энэ асуудал та нарт хамаагүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр биш, бид дээрх компанитай уулзаж асуудлаа өөрсдөө шийднэ гэж хэлж ирсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэлгүй биднийг хохироосоор байсан тул удаа дараа холбогдон дээрх байдлыг ахин дахин мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлж компани худалдахаас өмнөх өр төлбөрийн асуудлаа хариуцаж, шийдвэрлэж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээнээс татгалзаж байгаагаа утсаар болон биечлэн мэдэгдсэн боловч ямарч үр дүнд хүрээгүй.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Б.А, түүний нөхөр Х.Г, Н.Д нар нь “Б групп ХХК-д 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүргээ биелүүлээгүй байсныг худалдах үедээ хэлээгүй, ямар нэгэн аж ахуй нэгжид өр төлбөргүй, бусдын өмнө хүлээх үүрэггүй гэж худал хэлсэн, хэрвээ энэ талаар хэлж мэдэгдсэн бол худалдах-худалдан авах гэрээг байгуулахгүй, “А г т” ХХК -ийн хувьцаа болон эрхийг худалдаж авахгүй байсан.

Иймд “Б групп” ХХК нь дээрх асуудлыг өмнөх компанийн удирдлага болох хувьцаа эзэмшигч Б.А, Н.Д нарт мэдэгдэж, дээрх этгээдүүд хохирлыг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Бид дээрх этгээдүүдэд 35,000,000 төгрөгөө залилуулж, мөн дээрээс нь бусдад төлөх өр төлбөрийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б групп” ХХК нь хариуцагч “А г т” ХХК -д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 67,027,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “А г т” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.М, Х.А нар нь “А г т” ХХК -ийн хувьцааг Б.А, Н.Д нартай хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авсан, “А г т” ХХК  нь өөр бусад аж ахуйн нэгж байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй гэсэн тул худалдаж авсан, дээрх асуудлыг компанийн өмнөх удирдлага, хувьцаа эзэмшигч нар төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ. 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Б групп” ХХК, “А г т” ХХК -ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус тус Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан байна.

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр;

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд замын ажил гүйцэтгэх зориулалтаар, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд, Ковш 1 ширхэг-7,000,000 төгрөг, Индүү 1 ширхэг-7,000,000 төгрөг, Усны машин 1 ширхэг-6,000,000 төгрөг, Грейдер 1 ширхэг-14,000,000 төгрөг, Самосвал 3 ширхэг-24,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгөөр түрээслүүлэгч “Б групп” ХХК нь түрээслэгч “А г т” ХХК -д түрээслүүлэхээр тохиролцжээ. /хх-6-8 тал/

Талууд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр уг гэрээг дүгнэж, тооцооны үлдэгдлийг 23,018,100 төгрөг болохыг Тооцоо нийлсэн акт баримтаар баталгаажуулсан байна. /хх-13 тал/

Талууд мөн өдрөө буюу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17/118 дугаартай Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, ковш 1 ширхэг-10,000,000 төгрөг, индүү 1 ширхэг-7,000,000 төгрөг, грейдер 1 ширхэг 14,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгөөр түрээслэх, өмнөх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 23,018,100 төгрөг төлөх хуваарийг тусгаж тус тус тохиролцжээ. /хх-10-12 тал/

Зохигч талуудын хооронд байгуулсан Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан Түрээсийн гэрээ байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил,ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх тул хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 25 хоногоор тооцож нэхэмжилсэн боловч машин механизмыг хүлээлцсэн, эсхүл хүлээн авсан акт баримт байхгүй, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тул талуудыг тооцооны талаар маргаагүй гэж дүгнэлт хийх боломжгүй тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд гэрээний төлбөрийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 3.4-т гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд сарын 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа тул алданги тооцох үндэслэлтэй ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй нийцүүлж алдангийг тооцох нь зүйтэй байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах- худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “А г т” ХХК -ийн хувьцааг Б.А, Н.Д нараас Х.М, Х.А нар шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх ба компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь компанийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй түүнчлэн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд заасан компани худалдахтай холбоотой өр төлбөрийг мэдэгдэх, хариуцах талаарх талуудын тохиролцоо нь түрээсийн гэрээний үүрэгт хамаарахгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь “А г т” ХХК -г 35,000,000 төгрөгөөр худалдан авч залилуулсан гэх гомдол гаргаж цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг шүүхэд нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Хариуцагч нь компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа тусад нь шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17/119 дугаартай “Тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл 23,018,100 төгрөгийг, алданги 11,509,050 төгрөг, нийт 34,527,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 32,499,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “А г т” ХХК -иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 23,018,100 /хорин гурван сая арван найман мянга нэг зуу/ төгрөг, алданги 11,509,050 /арван нэгэн сая таван зуун есөн мянга тавь/ төгрөг, нийт 34,527,150 /гучин дөрвөн сая таван зуун хорин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б групп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 32,499,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 330,585.75 /гурван зуун гучин мянга таван зуун наян таван төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ