Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 01237

 

         Г.Д-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэртэй, Г.Д-ын нэхэмжлэлтэй, Н-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н-т 2013 онд дүн бүртгэлийн ажилтнаар ороод, 2015 оны 04 дүгээр сарын 15-наас уг албан тушаалын нэршил нь өөрчлөгдөж техникч болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Миний бие жирэмсний амралтаа авч, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин Б.А-ыг төрүүлсэн. Хүүхдээ төрүүлсний дараа хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажилдаа орох тухай өргөдлөө өгөхөд 2017 оны 11 дүгээр  сарын 15-нд утсаар “Сул орон тоо байхгүй тул хүлээнэ үү“ гэсэн хариу өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 14-нд дахин өргөдөл өгөхөд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/22 тоот албан бичгээр ажилдаа орох хугацааг хойшлуулах шийдвэр гарсан тухай мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үүргээ ажил олгогч биелүүлэхгүй байна.

 Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Г.Д тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэст техникчийн албан тушаалд томилогдсон. 2016 оны 07 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Н-ын бүтэц, орон тооны хязгаар 138 байсныг 90 хүртэлх ажилтнаар багасган баталж орон тоог цөөрүүлсэн. Тус газар дээрх захирамжийн дагуу шинэчилсэн бүтцээ батлах шаардлагатай болсон бөгөөд газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо баталж, ажилд томилох тухай” А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоог баталгаажуулахад Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн техникчийн ажил, албан тушаал бүтэц, орон тоогоор хасагдсан.

          Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газарт ажилд орох өргөдлөө өгөхөд ажилтны тоо цөөрсөн, сул орон тоо байхгүй байсан тул холбогдох хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-тай тохиролцож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Н-т үүрэг болгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 995 192 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгож,

  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос Г.Д-ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Н-т үүрэг болгож

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н-аас 62 873 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Н-ын бүтэц орон тооны хязгаарыг 138 байсныг 90 хүртэлх ажилтнаар баталж орон тоог цөөрүүлсэн. Ингэснээр тус газар дээрх захирамжийн дагуу шинэчилсэн бүтцээ батлах шаардлагатай болсон бөгөөд газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоог баталгаажуулан Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн техникчийн ажил, албан тушаал бүтэц, орон тоогоор хасагдсан болно. Г.Д 2016 оны 07 дугаар сард жирэмсний амралтаа, ээлжийн амралттайгаа хамтатган авсан хэдий ч албан ёсоор ажлаас чөлөөлөх, халах зэрэг шийдвэр гаргаагүй байхад "...Г.Даваадуламын ажилдаа эргэж орохоор гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байсныг ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай адилтган үзэж шийдвэрлэх нь зүйтэй..." гэж үзсэн нь үндэслэлгүй.

    Мөн нэхэмжлэгч Г.Д-тай тохиролцож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг тус газарт үүрэг болгосон. Н-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/76 дугаар тушаалаар албан тушаалын орон тоонд Г.Д-ын мэргэжилд тохирсон ажил, албан тушаал байхгүй тул уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч Г.Д  нь хариуцагч Н-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Н-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэст техникчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралтаа авч, 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин Б.А-ыг төрүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна. Харин хариуцагч байгууллага Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Н-ийн газрын бүтэц, орон тоо 138 байсныг 90 болгон баталсаны улмаас Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн техникчийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж маргасан байна.

Хэргийн 19 дэх талд авагдсан Н-ын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/122 тоот албан бичиг болон зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч Г.Д-аас 2017 оны 10 дугаар сарын 25, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч байгууллагад гаргасан өргөдөлд “...Тус газрын даргын 2016 оны А/76 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж,  техникчийн орон тоо хасагдсан” гэсэн хариу өгч, хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл  ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон, ажил олгогч нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байна.

  Ийм учраас нэхэмжлэгч Г.Д-ыг ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн мэргэжилд тохирсон ажил, албан тушаал байхгүй тул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж хариуцагч гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. 

    Анхан шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргаан бүхий хэргийн нөхцөл байдал үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.Д-тай тохиролцож өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 995 192 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                              Д.БАЙГАЛМАА