Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0404

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Харицагч Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр  

Нэхэмжлэгч: Ж.Д

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ж.Д-ыг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0039 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр   

Хэргийн индекс: 123/2025/0088/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч Ж.Д-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан  “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ж.Д-ыг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0039 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж. Д-ыг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Л.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “... нэхэмжлэгч Ж.Д нь 2024  оны 11 дүгээр сард албаны УАЗ-220695-550 маркийн автомашиныг амралтын өдрөөр хувийн зорилгоор өөрөө унаж авч яваад эвдсэн бөгөөд 2024 оны 11 сараас хойш засварлаж, ажиллагаанд оруулалгүйгээр бүтэн жил буюу 2025 оны 11 сар хүртэл хугацаанд авчраагүй. Уг автомашин нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Байгаль орчны газарт ашиглалтад хүлээж авсан хэвийн ажиллагаатай байгаль орчны чиглэлээр хийгдэх шуурхай үйл ажиллагаанд ашигладаг тээврийн хэрэгсэл байсан бөгөөд Ж.Д нь 2024 оны 11 сараас хойш төрийн байгууллагын хэвийн ажиллагаанд саад учруулж, хохирол учруулсан.

Энэ тухай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэр Байгаль орчны газарт ажиллахдаа Байгаль орчны газрын хангалтгүй байсан зарим үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/872 тоот албан бичгээр “Баримт тайлбар ирүүлэх” талаар шаардахад Байгаль орчны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07/276 дугаар албан бичгээр “Тээврийн хэрэгслийг хувийн хөрөнгөөр завсарлаж бүрэн дуусгасан” гэсэн хариуг ирүүлсэн. Ж.Д нь өөрийн буруутай үйл ажиллагааг бүрэн хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн, энэ тухай өөрөө маргаж үгүйсгээгүй байтал нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.   

Ж.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/58 дугаар захирамж гаргах өдөр хүртэл уг тээврийн хэрэгслийг хэвийн ажиллагаанд оруулаагүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Ж.Д төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албаны эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэнээс тухайн тээврийн хэрэгсэл нь одоо болтол ашиглах боломжгүй байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн буруутай үйлдэл мөн тул Ж.Д-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, энэ нь дээр дурдсан баримт бичгүүд, эд хариуцагч, жолоочийн тайлбар зэргээр нотлогдож байгаа гэж үзэж байна.

Мөн Ж.Д-д мэдэгдэх хуудас гардуулан өгч тайлбар санал гаргах боломж олгосон боловч энэ хугацаанд уулзаагүй, гомдол гаргаагүй, ээлжийн амралтаа авсан, эмнэлэгт хэвтсэн шалтгаанаар уулзаагүй болно. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 2 сар хагасын хугацаанд шийдвэр гаргалгүй Ж.Д-д хангалттай хугацаа олгосон бөгөөд энэ хугацаанд Ж.Д нь автомашиныг засаж авчраагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй тул шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Ж.Д-аас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ж.Д-ыг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/872 дугаар “Тайлбар баримт ирүүлэх тухай” албан бичгээр “2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танай байгууллагын үйл ажиллагаатай танилцахад дараах зөрчил, дутагдал илэрсэн. Үүнд: 1. Байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт шалгалт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт удаашралтай, 3. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд тарьж ургуулсан ойжуулалт, мод, бутны тоо, бодит нөхцөл байдалд зөрүүтэй, хийсвэр тоогоор тайлагнасан, 4. Аймаг, сумын төвлөрсөн хогийн цэгийг хумих, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулдаггүй, 5. Албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж, эвдсэн, гараашдаа байгаагүй, 6. Газар дээр нь очиж ажилтай танилцаагүй, хяналт тавиагүй тул холбогдох тайлан, мэдээллээ 05 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү” гэсний дагуу Төв аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Д-аас хүргүүлсэн  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07/276 дугаар албан бичгийг хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байна.

Улмаар хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн байгаа тул аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Д-ыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгье ...” гэж, үүний дараа “... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан Ж.Д нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн нь тогтоогдсон” гээд маргаан бүхий Б/58 дугаар захирамжаар Ж.Д-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтууд тогтоогдож байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “48.1.4.төрийн албанаас халах”, гэж,

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно”, 2.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасан.

5. Тодруулбал, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн бол тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалгалт явуулж, үндэслэлийг баримтаар тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх дүгнэлтийг албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд энэ талаар өөрт нь бичгээр заавал мэдэгдэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийн шинж байдал зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан байна.

6. Гэтэл Төв аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ж.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн боловч энэ талаар хууль журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж, зөрчлийг шалган тогтоогоогүй, мөн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй атлаа юуг үндэслэн өгсөн ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэх үйлдэлтэй холбоотой баримт байхгүй, хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотолж чадаагүй.

7. Мөн маргаан бүхий актад “... албаны тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглаж эвдсэн” гэх боловч шүүхээс нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилоход хариуцагч автомашиныг шинжилгээнд өгөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан эсэх, хувийн зорилгоор ашигласан эсэхийг баримтаар нотлоогүй атлаа Ж.Д-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Хуульд үндэслэх”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй, хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

8. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн “... чухал ямар үүрэг даалгавар хэзээ өгөгдөж, хэрхэн хангалтгүй биелэлттэй болсон, албаны тээврийн хэрэгсэл нь хэзээ хэрхэн ямар байдлаар эвдэрсэн болоод тэрхүү эвдрэл нь хэний ямар буруутай үйлдэлд хамаарах байдлаар тодорхойлогдсон болох нь бодит дүгнэлт, баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэснийг буруутгах  үндэслэлгүй.   

9. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”. 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасан.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/872 дугаар албан бичгээр хариуцагч нь зөрчил, дутагдалтай холбоотой тайлбар, мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч боломжит хугацаа олголгүй нэг хоногийн дараа буюу 05 дугаар сарын 22-ны өдөр хариу ирүүлэхийг шаардсан, 06 дугаар сарын 17-ны өдрийн  мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн боловч сонсох ажиллагааг хэзээ хэрхэн явуулах талаар тусгаагүй, хариу тайлбар гаргах боломж олгоогүй нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Энэ талаар  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй байна.   

11. Дээрх байдлаар маргаан бүхий “Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/58 дугаар захирамж нь дээрх үндэслэлээр хууль бус, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул урьд эрхэлж байсан Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр зөв байна.  

12. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ”, 131.1.2-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан” гэж зааснаар маргааны үйл баримтад дурдагдсан автомашины эвдрэл гэмтэлд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой маргаанд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА

        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН