Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00951

 

 

                                  “Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлалтай,

“Х г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвд холбогдох

Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.”Х г” ХХК-аас хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн санхүүгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”Х г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.2, 15.8.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн хариуцагч Б сумын Э м-ийн төвд холбогдуулан гаргасан Б сумын Э м-ийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч”Х г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч компани нь Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн даргатай 2018.12.28-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г 2019.01.02-ны өдрөөс 2022.01.22-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээг зөрчөөгүй, үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Б сумын Э м-ийн төвийн дарга Г.Д нь 2020.02.20-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” Б/03 дугаартай тушаалаар уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүхээс нэг талыг барьсан, хууль зүйн алдаатай магадлал гаргасан. Магадлалын үндэслэлдээ “... “Х г” ХХК-д дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл байгаагүй” гэжээ. Гэтэл иргэний хэрэгт “Х г” ХХК нь аймгийн төвийг дулаан халаалтаар хангаж буй “Эрчим баян” ХХК-тай хамтран ажиллаж байгаа талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй.

4.3. Нөгөө талаас хоёр талт гэрээнд талууд тусгай болзол шаардлага тавиагүй. Тухайлбал, уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэрээний үйлчлэх хугацаа 2019.01.02-ны өдрөөс 2022.01.02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав.”, 5.2-т “Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна.”, 5.3-т “Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.” гэж тус тус заасныг хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцалж, дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

4.4. Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Х г” ХХК-аас хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2020.02.20-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

7. Нэхэмжлэгчээс “... “Х г” ХХК нь хариуцагчтай 2018.12.28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын Э м-ийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг байгуулж, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хариуцагч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн тус гэрээний заалтуудыг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцалсан.

Тухайн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцлах бол хуульд заасан үндэслэл, журмыг заавал баримтлах үүрэгтэй. Г.Д нь тухайн албан тушаалд ажиллах шаардлагыг хангахгүй байгаа тул тэрээр гэрээг цуцлах эрхгүй этгээд...” гэж маргасныг,

хариуцагч эс зөвшөөрч, “... 2019 оны 9 сараас эхлэн Бугат сумын Засаг даргаас болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад “Х г” ХХК нь халаалтын тусгай зөвшөөрөлгүй учраас гэрээг цуцалж, “Ахниет” ХХК-тай гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан. Мөн Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-т төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосноор сумын бүх төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад 2018 оны 1 сараас эхлэн холбогдсон. “Х г” ХХК-ийн дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон. Халаалтын зөвшөөрөлгүй байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна” гэж зөв тодорхойлсон боловч “нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

9. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч үндэслэл нь буруу, мөн хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс маргааны үндэслэлд хамааралгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ. Тодруулбал, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болоогүй.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын хооронд 2018.12.07-ны өдөр 01 дугаартай “Б сумын Э м-ийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тухайн гэрээ цуцлагдах хүртэл буюу 2020.02.20-ны өдөр хүртэл хэрэгжсэн байна.

Уг гэрээгээр гүйцэтгэх ажлын нэгд нь “нүүрс, түлээ, дулааны талаар үзүүлэх ажил үйлчилгээ” гэж заасан ба үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг дулаанаар хангах үйлчилгээ үзүүлж байжээ. Гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь маргаан бүхий 2020.02.20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар холбогдох захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүднээс (тухайлбал, тушаалд заасан сумын Засаг даргын орлогч А.Ж-ын 2019.09.09-ний өдрийн “...тусгай зөвшөөрөлгүй”Х г” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах...” тухай албан бичиг зэрэг) талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасантай нийцсэн байна.

11. Учир нь, эрчим хүч (цахилгаан, дулаан) үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, борлуулах зэрэг үйл ажиллагааг эрх бүхий захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр холбогдох хуульд заасан, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байсан нь илэрхий буюу маргаангүй тул энэ үндэслэлээр цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй, энэ тохиолдолд гэрээний 5.3-ыг зөрчсөн гэж үзэхгүй.

 12. Иймд “гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч байгууллагын дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн гэрээг цуцалсан, гэрээнд ямар нэгэн болзол шаардлага тавиагүй” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.3-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Түүнчлэн “... “Х г” ХХК нь аймгийн төвийг дулаан халаалтаар хангаж буй “Эрчим баян” ХХК-тай хамтран ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.2-т) гомдлын тухайд, ийнхүү хамтран ажиллах нь нэхэмжлэгч байгууллагыг хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.2, 15.8.3-д тус тус...” гэснийг “...Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ...” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРМАА

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН