| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0050/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0041 |
| Огноо | 2015-01-28 |
| Зүйл хэсэг | 099.1., 181.3., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2015 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0050/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч **,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000740 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1996 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эмээ, ээж, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Урьд:
-2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 212 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлогдсон.
Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Арбатын гудамжинд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “Би 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр найз ***тэй хамт ажил дээр нь очиж архи уугаад дараа нь гэрлүүгээ харих гээд явж байгаад захаас тамхи авах гэж буугаад зүс таних ***тай тааралдахаар нь “сайн байна уу” гээд мэндэлсэн. Тэгсэн нөгөө ах би чиний ах хэзээ болсон юм гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад салсан. Дараа нь *** нэг найзтайгаа таараад томроод байхаар нь зодолдсон. Тэгээд яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Мартаад байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 18-ний орой 20 цагийн орчимд найз Цахиурын хамт шинэ Дархан олон улсын худалдааны төвийн ард архи уучихаад машинд суугаад хуучин Дархан руу явсан. Тэгээд хуучин зах дээр буугаад Цахиурын хамт тамхи олж татах гээд явж байгаад зүс таних нэг хоёр залуутай тааралдаад сайн байна уу гэж мэндлэхэд нөгөө ах надад хандаж би чиний ах чинь юм уу гэж хэлсэн. Тэр үед би тэр ахтай маргалдахад манай найз Цахиур намайг салгаад аваад явсан. Тэгээд Цахиур бид 2 дэлгүүр орж тамхи авчихаад хуучин захын урд талын автомашины зогсоол руу алхаад явж байтал нөгөө 2 ах бас нэг залуугийн хамт өөдөөс ирж байсан. Тэгээд би Цахиурын хамт өөдөөс нь өнгөрөөд явах гэж байхад *** гэх залуу над руу хандаж нөгөө далдгар бацаан чинь явж байна гэж хэлэхэд нь очоод *** ахад би чиний бацаан биш гэж хэлэхэд *** гэх ах миний баруун хөлний булчин руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед *** гэх залууг дийлэхгүй болохоор нь газраас ямар нэгэн юм авч цохих гэтэл миний гарт жижиг хутга б***дсан юм. Тэгээд би тэр хутгаар *** ахын дал хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэр үед цаанаас манай хойд эцэг *** ирээд нөгөө залуучуудаас салгаад байж байхад цагдаа нар ирээд намайг бариад эрүүлжүүлэхэд оруулсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 18-ний орой найз Бат-Эрдэнийн хамт Арбатын гудамжинд явж байтал үл таних 2 залуутай тааралдсан. Тэр үед үл таних 2 залуугийн намхан нуруутай нь манай найз ***д хандан чи Алтансагс-д хамгаалагч хийдэг билүү гэж асуухад би хажуу талаас нь үгүй наадах чинь ажилдаггүй гэж хэлсэн. Тэр үед нөгөө намхан залуу наадах чинь ажилдаг гэж надтай маргасан. Тэр үед өндөр нуруутай залуу надад хандаж чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд над руу салаавч гаргаад 2-уулаа үзчих үү гэж хэлсэн. Тэр үед *** боль боль гээд нөгөө залуучуудыг явуулсан. *** бид 2 буцаж явж байгаад 18-н буудал чиглээд явж байхад нөгөө 2 залуу Кров кафены буланд зогсож байсан. Тэр үед би нөгөө хоёр залуугийн хажуугаар зөрж өнгөрөхдөө ахын хоёр дүү ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь намхан нуруутай залуу нуруутай залуу над руу хутга барьж дайрсан. Тэр үед би нөгөө залуугийн хутгатай гарнаас барьж авахад барьж авахад *** нөгөө залуугийн хойноос барьж түлхэж газар унагаасан. Тэр үед өндөр нуруутай шар царайтай залуу хүрч ирээд миний хоёр хөлийг давхар хамж газар унагаагаад миний нүүрэн тус газар нэг удаа цохичихоод зугтаасан юм. Тэр үед газраас босоход миний хойноос намхан нуруутай залуу ар нуруу руу гараараа цохих шиг болсон, тэр үед *** нөгөө залууг надаас татаж салгахад цаанаас эргүүлийн 2 цагдаа ирээд нөгөө залууг бариад авсан. Тэр үед миний нуруу хэсэг хүйтэн оргиод байхаар нь цамцаа тайлаад үзэхэд миний зүүн дал хэсгээс цус гарч байсан. Тэгээд цагдаа нар хутга барьчихсан нөгөө залууд хандаж чи яахаараа хутга авч явдаг юм бэ гээд эргүүлийн машин дуудаж нөгөө залууг аваад явсан. Тэгээд би цагдаа дээр очсон юм” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...19 цагийн үед ажил тарахаар нь хамтдаа Арбатын гудамж ороод “***” бааранд нэг шил архи уучихаад явж байгаад “Болор-Ерөө” урд *** захын хамгаалагч нэг залуутай юм ярьж байхад хажууд нь байсан нэг залуу өдөөд байсан ба улмаар хэрүүл маргаан болсон. Цаанаас нь цагдаа ирж байхаар нь салгаад аваад явсан. Цаг гаран болсоны дараа “Кров” баарны урд нөгөө 2 муудалцсан залуутай тааралдаад ***той эхлээд муудалцахаар нь би боль гээд болихгүй муудалцаж ***ийг цохиод авсан ба тэр 2 хоорондоо барьцалдаад авсан тэгээд цагдаа нар ирээд ***ийг аваад явсан, дараа нь би ***ийг хүн хутгалсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн: “...тэр үед *** нөгөө залуутай хоорондоо хэрэлдэж маргалдах үед ***ын 2 хөлийг нь хамж газар унагасан. Тэгээд манай найз газар уначихаад босч ирэхэд өндөр нуруутай залуу ***тай зодолдъё гээд тойроод гүйгээд байсан. Тэр үед *** руу намхан нуруутай залуу гартаа хутга барьчихсан чамайг яавал ч ална шүү гэж хэлээд дайрахад нь *** нөгөө намхан нуруутай залуугийн хутгатай гарнаас нь барьчихсан байхаар нь би очоод нөгөө залууг ингэж болохгүй гээд хутгатай гарнаас нь бариад ***аас холдуулж түлхсээр байгаад кров кафены баруун талд гарсан. Тэр үед байшингийн булангаас эргүүлийн хоёр цагдаа энэ хэний хутга вэ гээд хутга барьчихсан гарч ирээд нөгөө намхан нуруутай залууд хандаж чи яахаараа хүйтэн зэвсэг биедээ авч явдаг юм бэ гээд гавлаад аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 18-ний орой ахлах ахлагч ***ын хамт 65 станцтай хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг өнгөрч байхад 20.7 дугаар байрны булан тойроод гарч ирэхэд хэдэн залуучууд орилолдоод хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдоод байх шиг харагдсан. Тэгээд явж очиход *** гэх залуу гартаа хутга барьчихсан далайгаад дайрч байхаар нь очоод хутгатай гарных нь бугуйн дээрээс нь барьж авахад *** гартаа байсан хутгаа шидсэн. Тэр үед ***ийг *** бид хоёр барьж аваад гарыг нь гавласан. Тэр үед ***той хамт явж байсан залуу зугтаагаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1107 тоот шинжээчийн: “...***ын биед нурууны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/,
2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 10170 тоот шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн 9.5 см урттай улаан өнгийн хуванцар бариултай, нийт 18.5 см урттай хутга нь дээрхи цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Арбатын гудамжинд иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт үйлдсэн гэж үзэн шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд танхайн сэдэлтээр гэмт хэргийг үйлдээгүй, танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэргийг үйлдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч *** нь найз ***ийн хамт явж байгаад 2014 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Арбатын гудамжинд иргэн ***, Ч.*** нартай тааралдан мэндэлж ***д хандан чи Алтансагсд хамгаалагч хийдэг билүү гэж асууснаас болж маргалдан салцгаасан ба хэсэг хугацааны дараа таарч ***ыг “нөгөө далдгар бацаан чинь явж байна” гэж хэллээ гэж хоорондын харьцаанаас болж маргалдан муудалцаж улмаар *** зэвсэг хэрэглэн хохирогч ***ын бие махбодид хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийг өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Ч.Бат-Эрдэнийн өгсөн /хэргийн 16 дугаар хуудас/, гэрч ***гын өгсөн /хэргийн 23 дугаар хуудас/, А.***ийн өгсөн /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгүүд, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1107 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 10170 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *** нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 212 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал дууссан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.5 см урттай улаан өнгийн хуванцар бариултай, нийт 18.5 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***т 3 сар /гурван сар/ баривчлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Я.ТУУЛ