Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­115

 

 

 

      2023            08                 15                                2023/ШЦТ/­­­­115                                               

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г /томилолт/,

Шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г-ийн С холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ө аймгийн Х суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, У ХХК-д ачаа тээшийн туслах ажилтай, ам бүл 7 ээж, аав, дүү нарын хамт Ө аймаг, Х сум, Ж 3 дугаар баг, Ш *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн С /РД:********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Х-ийн өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 05-ны 03 цагийн орчимд Ханбогд сумын наадмын талбай дээр Ц гэдэг эмэгтэйтэй юм яриад сууж байхад машинтай танихгүй залуучууд ирж зогсоод машинаасаа 3 залуу бууж ирээд намайг нааш ир гээд дуудсан би яасан бэ гэсэн чинь яасан гэсэн үү гээд намайг өндөр нэг биетэй залуу нь шууд цохисон намайг анх цохиход хажууд нь 2 залуу байсан тэр 2 залуу араас нь орж ирээд намайг 2-уулаа цохисон би зодох шинжтэй байхаар нь зугтаасан тухайн үед яасныг мэдээгүй эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь уруул сэтэрцэн зүүн талын хацар хавдаад хөхөрсөн цусаа угааж арилгаж байгаад оёдол тавиулсан эмнэлгээс гараад компанийн амралтын байранд очиж амарсан. ... Би 2 лааз пиво уусан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Хохирогчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 05-ны 03 цагийн орчим Ханбогд сумын наадмын талбай дээр Цогзолмаа гэдэг эмэгтэйтэй юм яриад сууж байхад машинтай танихгүй залуучууд ирж зогсоод машинаасаа 3 залуу бууж ирээд намайг нааш ир гээд дуудсан би яасан бэ гэсэн чинь яасан гэсэн үү гээд намайг нэг залуу нь шууд цохисон намайг анх цохиход хажууд нь 2 залуу байсан нөгөө залуу дахиад цохисон би зодох шинжтэй байхаар нь зугтсан тухайн үед яасныг мэдээгүй эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь уруул сэтэрцэн зүүн талын хацар хавдаад хөхөрсөн цусаа угааж арилгаж байгаад оёдол тавиулсан эмнэлгээс гараад компанийн амралтын байранд очиж амарсан би эхний мэдүүлэг дээр 2, 3 лаа цохисон гэж мэдүүлсэн тэр шөнө харанхуй байсан учраас би царайг нь сайн хараагүй одоо бодоход Сосорбурам ганцаараа намайг цохисон юм шиг байна лээ хамт явсан залуучууд нь гар хүрээгүй шиг санагдаж байна. ... Би хэнд нь ч гар хүрээгүй ... би 2 лааз пиво уусан... Надад гомдол санал байхгүй надад эмчилгээ эм тарианы гээд 1,000,000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл байхгүй энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Хунцэнгэлийн өргөдөл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Цогзолмаагийн өгсөн: “... би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа Өгөөмөр караокед ороод явж байгаад Хунцэнгэл гэдэг хүнтэй танилцсан тэр өдрөөс хойш Фейсбүүк мессенжерээр чаталж байгаад 2023 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад Хунцэнгэл рүү уулзах уу чат бичсэн чинь Хунцэнгэл уулзий Ханбогд сумын хойно наадмын талбай дээр хүрээд ир гэж надад хэлэхээр нь би наадмын талбай дээр очсон би замаараа Гүүд маркет дэлгүүр ороод 2 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво аваад Хунцэнгэл дээр очсон тэнд авч очсон лаазтай 2 ширхэг пивоо ууж дуусгаад Хунцэнгэл ажлынхаа байрладаг байр луу орж амрах гээд байж байсан чинь бид 2 дээр нэг машин ирж зогссон тэр машинаас хоёр танихгүй залуу гарч ирээд Хунцэнгэлийг чи нааш ир гээд дуудсан Хунцэнгэл яваад очсон чинь юм хэлээгүй шууд цохисон тэгэхээр нь би машинаасаа буугаад очсон чинь нөгөө ирсэн машинаасаа Сосорбурам гэдэг надтай өмнө нь уулзаж байсан зүс таних залуу бууж ирж байсан Сосорбурам зодох гээд дайраад байхаар нь би Сосорбурамыг болиулсан тэгсэн чинь нөгөө хоёр залуу нь Хунцэнгэлийг зодоод байсан хэсэг хугацааны дараа Хунцэнгэлийг зодохоо больсон чинь Хунцэнгэл ажлынхаа байр луу зугтаад гүйгээд явцан тэгээд нөгөө залуучууд бас яваад өгсөн тэгээд би Хунцэнгэл дээр буцаад ажлын байрны гадаа яваад очсон чинь Хунцэнгэл цагдаад дуудлага өгсөн тэгээд эмнэлэг бид хоёр цуг явсан эмнэлэг дээр Хунцэнгэлийг хүргэж өгчхөөд би гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Даваадоржийн өгсөн “... Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 02 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ байж байсан чинь манай ажлын найз Сосорбурам Мөнхбаатарынд хэдэн юм уугаад дуусч байна Мөнхбаатарынд байна хүрээд ирээч гээд жолоо бариад өгөөч гээд дуудсан би Сайханчулуутай хамт яваад очсон тэгээд Сосорбурамтай уулзаад байж байсан чинь Сайханчулуугийн найз охин гэртээ ганцаараа байна Сайханчулуунд ирж ав гэсэн тэгээд бид нар очиж авсан Сайханчулууны машинд пиво байсан чинь Сосорбурам наадмын талбайн хойно очиж юм ярьж суунгаа ууя гэсэн тэгэхээр нь наадмын талбай дээр очиход нэг цагаан өнгийн кровн зогсож байсан наадмын талбайгаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн гараад машин руу сууж байсан санаандгүй гэрлээ тусгасан чинь Сосорбурам миний өмнө нь уулздаг байсан охин машин дотор сууж байна гээд машинаа зогсоо гэж хэлсэн эхлээд Сайханчулуун машинаас буугаад тэр залуутай нь уулзаад юу байна гээд мэндлээд байж байсан чинь Сосорбурам машинаас буугаад ирсэн Сосорбурам бууж очоод толгойгоороо нэг удаа мөргөөд нэг удаа гараараа цохисон тэгэхээр нь би машин дотроос бууж очоод Сосорбурамыг салгасан чинь нөгөө залуу урагшаа гүйгээд явцан тэгээд бид нар машиндаа суугаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Сайханчулуунын өгсөн: “... би 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 02 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ байж байсан чинь манай ажлын найз Сосорбурам Мөнхбаатарынд хэдэн юм уугаад дуусч байна Мөнхбаатарынд байна ирээч гээд Даваадорж бид 2-руу залгаад жолоо бариад өгөөч гээд дуудсан би Даваадорж хамт яваад очсон тэгээд Сосорбурамтай уулзаад байж байсан чинь миний найз охин гэртээ ганцаараа байна ирж ав гэсэн тэгээд бид нар очиж авсан би найз охинтойгоо хамт амьдардаг юм манайд 4 ширхэг cass нэртэй пиво байсан тэрийг аваад гэрээсээ гарсан Сосорбурам наадмын талбайн хойно очиж юм ярьж суунгаа ууяа гэсэн тэхээр нь наадмын талбай дээр очиход нэг цагаан өнгийн корвн зогсож байсан наадмын талбайгаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн гараад машин руу сууж байсан санаандгүй гэрлээ тусгасан чинь Сосорбурам миний өмнө нь уулздаг байсан охин машин дотор сууж байна гээд машинаа зогсоо гэж хэлсэн эхлээд машинаас буугаад тэр залуутай нь уулзаад юу байна гээд мэндлээд байж байсан чинь Сосорбурам бууж ирээд шууд тэр залууг хоёр удаа гараараа цохисон машин дотроос манай найз охин Билгүүн, Даваадорж нар бууж ирээд салгасан чинь нөгөө залуу урагшаа гүйгээд явцан тэгээд бид нар машиндаа суугаад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Б.Хунцэнгэлийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын язарсан шарх, салстын язрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.С-ын “... эмчилгээний зардал мөнгө гээд 1,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

  Шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Г.С-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Г.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/-н төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 25-27, 84 дэх тал/

             Хохирогч Б.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Г.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/  

   Иймд шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Б.Х-ийн эмчилгээний зардал төлбөрт 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ