| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0055/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0046 |
| Огноо | 2015-02-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0055/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ***од холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000794 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***,1*-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын *** тоотод оршин суудаг, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Урьд:
-2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн * дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн * дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
*** нь тэнсэнтэй байх хугацаандаа 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08-09 цагийн үед Санжаа манайд ирээд бид 2 хамт найзтайгаа уулзах гээд гарсан. Гараад явж байх замдаа ***ыг машинтайгаа явж байхтай таараад машинын грашинд тавиулсан. Бид нар төмөр тушаагаад 1 шил архи авсан. Авсан архиа уух гээд 20.4 дүгээр байрны хажуугийн грашны тэнд очоод архиа уусан. Гэтэл *** манай дүү энд байдаг намайг харвал гараад ирнэ өөр газар очиж ууя гэж хэлэхээр нь би танай дүү ямар хамаатай юм? бэ гэж би хэлсэн. Үүнээс болж бид 2 маргалдсан. Бид 2 хамтдаа газар унаад би Цогоогийн хөлнөөс нь татсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Тэгээд Ихэр могойн урдаас машинд суулгаад явуулсан” гэв.
Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 8 цагт манай гэрт манай найз *** ирээд намайг аваад төмөр зам орж хүнтэй уулзана гээд бид хоёр хамт явсан. 9 цагийн үед 18-ын автобусны буудлын ойролцоо явж байгаад ***тай тааралдсан. Тэгээд ***, *** бид 3 хамт архи уух гээд хамт явж ***ын машиныг гражид тавьчихаад ***т байсан машины сэлбэгийг төмрөнд тушаагаад 50.000 төгрөг аваад Дархан зах орж *** гэх найзынхаа машинд бид 3 суугаад 0.5 граммын архи 1-ийг хувааж уугаад ***ын машинтай Арбатын гудамж руу уруудаад 20-ийн 4 дүгээр байрны урд гражуудын дэргэд очсон. Тэгээд байж байтал *** гэнэт “манай дүү явж байна, бүгдээрээ нуугдаарай, наадах чинь ирэх юм бол бид нарыг ална шүү” гээд байсан. Тэгэхээр нь би “дүү чинь чамайг л алдаг юм байгаа биз, бид нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл *** бид 3-ыг бууцгаа гээд машинаас буулгачихаад явсан. Тэгээд *** бид 2 маргалдаад ноцолдож байгаад 2-уулаа газар унасан. Тэгээд бид 2-ыг *** салгаад би босож ирээд хувцасаа шороог нь арилгаад зогсож байтал *** намайг гэндүүлээд шүдрүү 2 мөргөсөн. Тэгтэл *** дахиад салгаад ***ыг аваад таксинд суулгаад гэрлүү нь явуулах гээд аваад Ихэр могой төв рүү явсан. Тэгээд би 20-4-ийн буланд сууж байсан чинь *** ***ыг суулгаж өглөө гээд ирсэн. Тэгээд бид 2 гэрлүүгээ харьсан. Би ***ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй гараараа л цохисон. Зодоон маргааны дараа ***ын амнаас нь цус гарсан, хөл нь доглосон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/,
Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах 20-4 дүгээр байрны харалдаа гражууд орчим найз нар болох Санжаа, Улаанаа /***/ нартай архи хэрэглэсэн байхдаа ***той хувийн маргаан болж улмаар *** нь хавсарч унагаагаад дээр сууж байгаад зодсон ба зодохдоо нүүр лүү цохиж хоолой боож улмаар босохдоо цээжин дээр дэвсээд зүүн хөлийг гараараа мушгиж намайг гэмтээсэн. Би манай дүү энд байдаг юм барьчихвал ална эндээс явъя гэсэн ба *** нь танай дүү яахаараа бид нарыг алдаг юм бэ гээд улмаар маргалдсан. Тухайн үед би нилээн согтолттой байсан. Тухайн үед миний хөл болон нүүр хэсэг гэмтсэн байсан одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Би 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ээж Тунгалагтай уулзахаар ирсэн. Маргааш нь буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр багын найз Улаанаа /***/ -ын гэрт 08-09 цагийн үед хамт гараад хуучин Дарханд *** гэх найзтайгаа уулзахаар 18-н автобусны буудал дээр Улаанаатай хүлээгээд зогсож байтал багын найз *** том машинтайгаа урдуур өнгөрсөн. Тэгээд Улаанаа бид 2 араас нь гүйцэж очоод ***тай уулзаад хамт явж машиныг нь гражид тавьчихаад хамт зах руу явж төмөр тушаагаад архи авч ***ын машин дотор уусан. Тэгээд захын доод талын 20-4 дүгээр байрны урд талын гражийн урд ***ын машинтай очиж зогсоод архиа уусан. Тэгтэл ***, Улаанаа 2 муудалцаж ***, Улаанаагийн нүүр рүү 2 мөргөсөн. Тэгтэл Улаанаа ***тай барьцалдаад 1-уулаа унасан. Тэгэхээр нь би тэр 1-ыг салгасан. *** босож ирэхдээ хөл нь доглоод байсан. *** ***ын дээр нь гарчихсан цохиж байсан ба хөлийг нь мушгиж байхыг би хараагүй. Тэгэхээр нь би ***ыг аваад захын урдаас таксинд суулгах гэтэл *** би дүүтэйгээ уулзана гээд яваад өгсөн. Улаанаа гражуудын урд үлдсэн. Улаанаа ***ыг хавсарч унагаад нүүр рүү нь гараараа цохиод, цээж нь дээр нь хөлөөрөө дэвсээд, зүүн хөлийнх нь шагайгаар нь мушгиж зодсон тийм зүйл болоогүй. ***ын шүдийг миний бодлоор *** өөрөө Улаанааг мөргөхдөө шүдээ гэмтээсэн байх гэж бодож байна. ***, Улаанаа нар ямар учраас маргалдаж зодолдсон нь *** хамт архи ууж байснаа энд манай дүү байдаг юм бид нарыг харах юм бол ална даа гэж ярьсан. Түүнийг нь Улаанаа сонсоод уурандаа ***тай маргалдаад зодолдсон юм. ***ын хөл нь Улаанаатай ноцолдоод хамт унахдаа хөлөө гэмтээсэн байх. *** Улаанаа 2 нилээн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1251 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн: “...***ын биед зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт, баруун дээд 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх акт /хэргийн 12 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь тэнсэж, хянан харгалзсан хугацаанд байхдаа 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар ***ын зүүн хөлийг нь татаж мушгиж, нүүр хэсэг рүү нь мөргөсний улмаас түүний биед зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт, баруун дээд 2 шүдний сулрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/, хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1251 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах /хэргийн 29 дүгээр хуудас/ хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***ыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаандаа ялтайд тооцогдох үедээ гэмт хэрэг шинээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч *** нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ***ын зүүн хөлний гэмтлийг харуулсан гэрэл зургийг хэрэгт хавсарган хадгалахыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид
хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***ыг 2 сар /хоёр сар/ баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-т заасныг баримтлан шүүгдэгч ***од энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр өмнөх 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас зарим буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ын биечлэн эдлэх ялыг 8 сар /найман сар/ хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 8 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ***ын зүүн хөлний гэмтлийг харуулсан гэрэл зургийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***од урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА