| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0061/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0051 |
| Огноо | 2015-02-10 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0061/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.*** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000849 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1 -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанд жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг дэвсгэрт явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3А-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчиж Юнитель ХХК-ийн цахилгааны шонгийн модыг мөргөж унаган тус байгууллагад 835.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5В-д зааснаар “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтаныг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай найз машин бариад Шарын гол руу хүргэж өгөөд буцаад машин аваад яваач гэж хэлсэн. Бид Шарын гол явах гээд Номин дэлгүүр дээр Хүрлээтэй таарсан. Шарын гол явах замдаа ***, *** нар архи уусан. Бид Хайрхан уул дээр гарч байж байгаад харанхуй болохоор нь доошоо уруудаж явахдаа машиныхаа сидиг янзлаж байгаад шон мөргөсөн. *** төв рүү явъя, маргааш цагдаа оръё гэсэн. Би *** буудал руу нь оруулж өгөөд Дархан руу явсан. Маргааш орой 5 цагийн үед над руу залгасан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шарын голд өдрийн 12 цагийн орчим бид нар орж ирээд *** нөгөө машинд суугаад яваад өгсөн, тэгээд би гэр хорооллын замын хажууд дэлгүүрээс 1 шил болор архи, 4 жижиг ус, арц, хүж, сүү, чихэр аваад Хайрхан уулын дээр гараад нөгөө дэлгүүрээс авсан зүйлээрээ өргөж залбирсан.Тэгээд *** ах нөгөө архиныхаа талыг уугаад тасраад унтаад өгсөн. Сэрэхийг нь хүлээгээд *** бид 2 машины зурагтаар кино үзээд сууж байсан. Тэгээд харанхуй болоод буцаад Шарын гол сум руу анх очсон дэлгүүрээс тамхи авах гээд явж байх замдаа кинотой дискээ гацаад байхаар нь янзлах үед гэнэт шонгийн мод гарч ирэхээр нь тоормослосон боловч машин бөгсөө шидэх үед би хөлнөөсөө тормозоо аваад шидсэн тал руу руль хариулж дараад дахин тоормоз гишгэх үед шогийн мод мөргөөд унагаасан. Буцаж ухраад машинаа асаалттай орхиод буусан араас *** бууж ирээд чи шон мөргөчихлөө гэж хэлээд намайг загнасан, тэгээд *** ах надад хэлэхдээ би их согтсон байна, маргааш хүнтэй уулзах ажилтай, намайг Шарын голын буудал хүргэж өг, тэнд хэдүүлээ хоноод өглөө цагдаа дээр очъё гэж хэлэхээр нь би гэртээ очихгүй бол ээж гэртээ ганцаараа санаа нь зовж байгаа, даралт нь ихсэнэ гэж хэлсэн, тэгсэн чинь *** ах за тэгвэл намайг та 2 буудалд хүргэж өгчихөөд машинаа үлдээгээд машин олоод яв, би маргааш архиа гарахаар цагдаа дээр очоод ямар учиртай шон болохыг нь асуугаад чамд хэлье гэж хэлсэн. Тэгээд бид нар буудлын гадаа ирэхэд *** ахын таньдаг нэг залуу ирээд бид 4 буудал руу ороод *** ахыг оруулж өгөөд түрийвч, утас, машины түлхүүр болон өрөөний тооцоо 30.000 төгрөгийг буудлын үйлчлэгч эмэгтэйд өгөөд нөгөө залуугаас такси хаанаас явдаг юм бэ гэж асуухад бид 2-т зааж өгөөд нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд таксинд уугаад Дархан-Уул аймагт шөнө 00 цагийн үед ирээд ***г найзынх нь гадаа нь буулгаад би гэртээ харьсан. Маргааш өглөө нь *** ах руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ярихгүй болохоор нь ач холбогдолгүй шон юм болов уу гэж бодоод тайвшраад өөрийг нь ярихыг хүлээгээд байж байсан юм. Тэгсэн орой 17 цагийн орчимд *** ах залгаад чи Юнителийн шон мөргөсөн байна, яаралтай Шарын голын цагдаагийн хэлтэст ир гэж хэлсэн, тэгээд би шууд ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед Юнителийн сүлжээ тасарсан байсан, тэгээд би гэртээ байж байхад манай салбарын ажилтан Цолмон эгч над руу залгаад Юнителийн сүлжээ тасарсан байна, чи очоод станцыг шалгаадах гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цахилгаанчин дагуулаад Хайрхан уулын хажууд байдаг манай станц байрласан уулан дээр гараад станцыг харахад тог байхгүй байсан. Тэгэхээр нь би сүлжээ орж ирэхгүй болохоор нь цахилгаан мотор залгаад сүлжээ оруулж ирээд Цолмон эгч рүү утсаар мэдэгдсэн. Цахилгаан тасарсан утас байна уу гэж шонгуудаар явж үзсэн. Би хамт явж үзэж байтал наадамын талбайн цаана байдаг шонгийн мод унасан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би архи ууж байснаа санаж байгаа юм. Ингээд нэг мэдэхэд машин дотроо унтаж байхад *** чанга дуугаар юм мөргөчихлөө шүү дээ гэж орилсон. Би сандраад машинаас маш хурдан буусан. Машинаас буугаад харахад машин дээр шонгийн мод дэрлээд унасан байсан. Тэгэхээр нь би ***д уурлаад чи согтуу байгаа юм уу, яаж явахаар шонгийн мод мөргөдөг юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд *** би архи уугаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи эрүүл юм бол яагаад шонгийн мод мөргөсөн юм бэ гээд намайг уурлаад байсан чинь *** тиймээ би архи уучихсан юм гэж хэлсэн. Тэгээд би нэг мэдэхэд маргааш нь Шарын голын 12 дугаар байрны урд машинаа хараад ухаан орсон. Архи уухаар маргааш нь миний архи гардаггүй юм, би хаана хоносон гэдгээ мэдэхгүй байсан. ***аас асуухад намайг буудалд хонуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 95 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** ах машин бариад би машины арын суудал дээр суугаад жолоочийн хажуугийн сандал дээр *** ах унтаад уулнаас доошоо уруудсан юм. Уруудаад явж байхад *** ах хөгжимнөөс сиди-г гаргах гээд анхаарлаа хөгжим руу хандуулаад явж байхад урд нь гэнэт шонгийн мод гарч ирээд чигээрээ очоод мөргөсөн. *** ах машинаас буугаад машинаа эргүүлж, тойруулж харж байсан. *** ах сэрээд бас машинаас гарсан юм, би машинаас буугаагүй. Тэгээд тэр 2 буцаж машинд орж ирээд Шарын голын төв рүү машинаа хөдөлгөөд явсан. Мартин буудлын гадаа машинаа тавиад буудалд *** ахыг оруулж өгч байхад нэг танихгүй эрэгтэй хүн тааралдаад *** ахыг буудал руу оруулж өгөөд цуг гарч ирсэн юм. Тэр хүн *** ахын таньдаг хүн байсан. Ингээд *** бид 2 буцаад замын машинд суугаад Дархан явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 96 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-6 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-21 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-31 дүгээр хуудас/,
2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 9.2-т “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5В-д зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг ирэх хүртэл хүлээнэ гэх заалтууд, мөн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, А.тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийг үнэмлэхтэй явна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт,
Шарын гол сумын цагдаагийн хэсгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад ***ын гаргасан зам тээврийн ослын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлт /хэргийн 102 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг дэвсгэрт явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3А-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй явна” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчиж Юнитель ХХК-ийн цахилгааны шонгийн модыг мөргөж унаган тус байгууллагад 835.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5В-д зааснаар “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтаныг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж жолоочийн үүргээ биелүүлэлгүйгээр ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 45-46 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 95 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 96 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-21 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч ***ыг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 835.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***ыг 1 жил 3 сарын /нэг жил гурван сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2, 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины гэрлийн болон эд ангийн хэлтэрхий 7 ширхэг, гэрлийн шилний хагархай 17 ширхэг, автомашины лого 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2582 тоот мөрдөн байцаагч О.Эрхэмзаяагийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ***д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Мөнхтуяа