Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЗЮ  регистрийн дугаартай,  Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Тайж нар овогт Т н Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЦГ  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух  Монгол овогт Цэ  Лд холбогдох,

Гэм хорын хохиролд 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Ц.Л, гэрч А.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Ичинхорлоо нар оролцов.                                                            

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О миний бие ЭХ-ийн тусгай ангийн 11.4.2.2-т заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон уг хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Лд гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан юм. Харин хэргийг эрүүгийн шугамаар хянан шийдвэрлэж байх хугацаанд миний бие эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтыг бүрэн барагдуулан өгч чадаагүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн юм. Энэ хэрэг хааснаас хойш өнөөдрийг хүртэл сэтгэл санаа айдастай байнга даралт ихэсдэг, өдөр бүр зүрх өвдөг, маш их гомдолтой байна. Энэ хүн өөрийн буруутай зэрлэг балмад үйлдлээс болж хүний биед гэмтэл учруул эрүүл мэндийн хувьд хохироосон хохирлоо нэхэмжилсний төлөө хаяг нь дээр байсаар байж олдохгүй цагдаа шүүхийн байгууллагын ажилд их хүндрэл учруулдаг. Миний биед хохирол учруулсан хугацааг зөвхөн 6 сар буюу хагас жилийн хугацаанд учирсан хохирлоо бодсон юм. Эм тариа эмнэлэгт хэвтсэн зардалд 1,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого өдрийн 10,000 төгрөгөөр тооцон 600,000 төгрөг, машины шатахууны зардалд 500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг, нийт 2,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ хэрэг 2016 оны 6 сарын 12-ны өдөр болсон. Үйл явдал 2017 оны 7 сарын 8-ны үеэр би эрүүгийн хэргийн хохирол гаргасан гэж намайг 1 жилийн тэнсэн өгч энэ хүний хохирол 1 сая долоон зуун тавин мянгаар хохирлыг шүүх хурлын дууссаны дараа энэ хүнд бэлнээр өгсөн. Би жилийн тэнсэн харгалзах ялыг эдэлж дуусаад нэлээдгүй хугацаа орсны дараа О өр барагдуулах албаны хүнтэй бас нэг цагдаатай манай гэр орноор орж ирж бусад улсын амгалан тайван амьдрах тух тавыг алдагдуулж бидний хооронд хэрүүл маргаан гаргасан. Учир нь би хэзээ хойно хүнтэй суусан миний 2 дахь амьдрал надад өөрийн гэх өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй. Энэ хүн надаас одоо 2,400,000 төгрөг нэхэмжилсэн. Би энэ хүнд энэ мөнгийг өгч чадахгүй. Энэ хэргийг анхнаасаа хийгээгүй. Гэнэн цайлган сэтгэлийг муугаар ашигладаг шунал ховдгийн сэтгэлтэй өт хорхой шиг хүнийг шулж амьдардаг гэхэд гайхдаг. Би энэ хэрэг дээр ямар ч  гэрч байгаагүй. О гэрч гээд байгаа хүн бидний тэнд амьдардаггүй хүмүүсээр гэрч гаргасан. О өөрөө дуудлага өгсөн машинтай 2 цагдаа шүүх хурал гэрчээр оруулаагүй, тэр цагдаа нарыг нэг ажилтай, нөгөө ажлаас гарсан. Би үүнд гомдолтой байдаг. Учир нь О тэр цагдаа нарыг өөрөө дуудсан ирсэн. Би хажууд нь зогсож байлаа. Тэгэхэд О өөрөө машинаа манай том хаалгыг онгойлгоод оруулж ирсэн. Машинаа гарга манай авгай хүүхдүүд ирвэл муухай юм гэж хэлээд түлхүүр чинь хаана байна гэхэд түлхүүр байхгүй гэсэн. Энэ биш юм уу гээд гар дахь түлхүүр рүү заахад нүүр рүү цохиод авсан би тэгэхээр нь түлхээд гаргасан. О тэр цагдаа нарт Огийн яриагаар тэр сайхан боломж байна. Надыг зодсон хүчиндэх гэж оролдсон гээд ярихгүй яасан бэ машинаа авлаа өөр яриа байхгүй гэж цагдаа нарт хэлээд явсан улс. Түүнээс хойш хориод хонгийн дараа ирэхэд өчнөө юм бичээд цагдаад өгсөн байсан. Энэ хүн нөхөртэйгөө цаг үргэлж архи уудаг тэгээд хоорондоо зодоон цохион хийдэг. Энэ явдлын өмнөхөн 2 нүд нь хөх болчихсон нөхөр нь явж байсан. Тэгэхдээ хоорондоо нэлээд юм болсон байна лээ хүнийг гүжирддэг худал хэлж болохгүй эмнэлэгт хэвтсэн карт дээр нь он сар өдөр өвчний оношилгоо түүх зураг гээд олон юм байдаг. Худал хэлж болохгүй хүнийг гүжирдэж болохгүй. Одоо надад гэрч байгаа. О нөхөртэйгөө энэ хэргийн өмнө 5-р сард хоорондоо зодоон хийсэн нь үнэн байсан. Би шүүх хуралд 2 өмгөөлөгчтэй орсон нэг маань Лхагва чи 2,5 гэснийг 6 сар гэж заасан байна гээд байсан. Шүүх авч хэлэлцээгүй миний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу дутмаг хайхрамжгүй явагдсан гэж үзсэн. Би урд өмнө ял эдэлж явсныг хараад энэ хийсэн гэж дүгнэсэн байх, ер цагдаагийн байгууллагын алдаа дутмаг байгаа. Би энэ хүнд архи нэхэхээр нь авч өгч хамт уусан буруутай. Би түүнийгээ хүлээгээд тэнсэн ялаа эдлээд гарсан. 1-т Энэ хүний биед огт хүрээгүй, манай хашаанд ямар ч зөвшөөрөлгүй машинаа бариад манай хашаанд орж ирсэн. Би бодохдоо дээрээс 3 хуруу уусан архиныхаа төлөө орж ирсэн юм ойлгосон. Цагдаа нарыг өөрөө дуудсан. Цагдаа О эгчээ гэж тэр цагаад дуудаад танд гомдол санал байна уу гэхэд байхгүй машинаа авсан гээд яваад өгсөн. Тэр хоёр цагдаа таны согтуу гайгүй байна. Та өрөөнд унтаж амарч чадах уу гэсэн би чадна гээд ийм л юм болсон. Өглөө нь машинаа бариад явж байсан. Би тэр өдөр Дорнод аймаг руу авгай хүүхэдтэйгээ явсан. 3-рт би хэдий хүртэл явахаа мэдэхгүй нас дээр явсан улс үхэх нас ойртсон. Энэ үед хүнд элдэв гай үүрээд хэрэггүй шүү дээ залуу улс биш. Байгаа юм даа ханамжтай хоёр идэхгүй хоосон хонохгүй явах зөв гэж ах нь үздэг. Үнэн зөвийг хүүхдүүд минь тар нар гаргаад өгөөрэй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Ц.Лд холбогдуулан гэм хорын хохиролд 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.Л нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны арын задгай тоотод хохирогч Т.Ог архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохуурхан доромжилж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зохигчдын тайлбар болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 9-14 дэх талд/

Уг шийтгэх тогтоолоор хариуцагч Ц.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Т.Огийн биед зүүн эгэмний далд хугарал, зүүн шуу, баруун бугалаг, баруун, зүүн мөрний ар гадаргуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

 Дурдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эм, эмчилгээ, эмнэлэгт хэвтэхэд гарсан зардалд 1,250,000 төгрөг, машины түлш шатахуун 500,000 төгрөг, олох ёстой байсан орлого 600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,000 төгрөг нийт 2,420,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Филошийп” эмнэлэгт “эмчилгээний ор хоногийн төлбөр”-т 392,000 төгрөг, мөн “Энэрэлийн тэнгэр” эмийн сангаас 561,800 төгрөгийн эм худалдан авсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбоотойгоор зардал гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 10-11 дэх талд/

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл буюу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан цаг хугацаа болон эгэмний далд хугаралтай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас ёстой байсан орлогод 600,000 төгрөг гаргуулахаар “Өдрийн тооцоо” гэх гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч тус баримтаар нэхэмжлэгчийг ийнхүү 6 сард 600,000 төгрөгийн орлого олж байсныг шууд нотлохгүй, уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитой гэж үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй.

  Нэхэмжлэгч энэ талаар орлого, татварын болон үйл ажиллагаа явуулж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

  Нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргасан бусад эм тарианы болон шатахууны баримтуудын огноо, бичилт зарим арилж, бүдгэрч унших боломжгүй улмаас тус баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /х.х-ийн 21-155 дахь талд/

  Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн 2,350,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин, нэхэмжлэгчээс хариуцагчийн оршин суух хаягийг тогтоох зорилгоор зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 70,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /х.х-ийн 6 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Лгээс 70,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 4550 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                             Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                          Б.УНДРАА