Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­114

 

 

 

 

 

      2023            08                14                                2023/ШЦТ/­­­­114                                               

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г /томилолт/,

Шүүгдэгч: Ч.А,

Хохирогч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Ч-ийн А холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ө аймгийн Д суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 нөхөр хүүхдийн хамт Ө аймаг, Д сум, * дугаар баг, Х *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Чи-ийн А /РД:*******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н өгсөн “... би 2022 оны 01 дүгээр сард фейсбүүкээс “Америкийн нэгдсэн улсын фиэрс коллежид 1 жилийн хугацаатайгаар сургана” гэх зарын дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байх Галакси төвд англи хэлний сургалтад 6 сарын хугацаанд суралцсан. Уг сургалтад сурч байхад зохион байгуулж байсан багш Ч-ийн А гэх хүн 2022 оны 09 дүгээр сард Америк руу явуулна. Фиэрс коллежид суралцахаар явахад 2 хүний замын зардал, очоод сургалтын төлбөрт нийтдээ 25,000,000 төгрөг шаардлагатай гэхээр нь би найз залуутайгаа ярилцаж байгаад хамт явахаар болоод хамгийн анх 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ээж Болормаагийн 5595081848 тоот данснаас 5608155461 Гэрэлт үсэг гэх данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа Алтанчимэгтэй холбогдоход одоо онгоцны тийз захиалах шаардлагатай гэхээр нь 2 хүний онгоцны тийз 5,798,400 төгрөг мөн ***** тоот данс руу шилжүүлчхээд мөнгөө хийсэн тухайн Алтанчимэгт хэлэхэд одоо сургуульдаа бүртгүүлэхийн тулд хураамж төлөх ёстой гэхээр нь 08 дугаар сарын 28-ны өдөр 1,119,000 /нэг сая нэг зуун арван есөн мянга/ төгрөгийг Ч.А-ийн зааснаар us.traveldox.mn сайт руу хандаж төлбөр төлөх хэсэгт нь очиж өөрийн худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн, үүнээс хойш 08 дугаар сарын 30-ны өдөр мөн энэ аргаар 1,120,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед олон улсын ямар данс руу шилжүүлснээ одоо мэдэхгүй байна. Тэгээд хураамжаа төлчхөөд Ч.Алтанчимэгт төлсөн тухайгаа хэлсэн чинь одоо элчин сайдын ярилцлагад орно гэхээр нь 2022 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод очоод Америкийн элчин сайдын яаман дээр очиж ярилцлагад орсон чинь манай найз залуу бид 2 тэнцээгүй. Тэгээд буцаад Ханбогд суманд ирээд манай найз залуу явах боломжгүй болоод буцаалтаа хийж болох уу гэж Алтанчимэгээс асуусан чинь “Сургалтын бүртгэл явагдаж байгаа болохоор дундаас нь буцаахаар жаахан хугацаа хэрэгтэй, нэг сар хүлээчих” гэхээр нь бид 2 нэг сар хүлээгээд дахин холбогдоход”манай ээж нас бараад ар гэрийн гачигдалтай байна, би өөрөө эмнэлэгт хэвтэж байна” гэх мэт шалтгаан хэлээд мөнгө буцааж өгөхгүй байсан. Тэгээд сүүлийн үед залгахаар утсаа бүр авахаа больчихсон учраас би залилуулсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. ... би огт танихгүй, 2022 оны 01 сард Даланзадгад англи хэлний сургалтад суухад тэр сургалтыг зохион байгуулж байсан багш байсан. Тэр сургалтад сууснаас хойш Ч.Алтанчимэгийг таньдаг болсон. ... Надад ямар ч мөнгө буцааж өгөөгүй. ... би шилжүүлж залилуулсан 28,031,700 төгрөгийг Ч.Алтанчимэг гэх хүнээс нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Болормаагийн өгсөн “Би уг хүнийг танихгүй. Манай охин надад хэлэхдээ манай англи хэлний багш гэж хэлж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. ... Тэр гүйлгээг манай охин Даланзадгад суманд англи хэлний сургалтад хамрагдаж байгаад цаашаа АНУ-ын Фиэрс коллежид явах зорилгоор “Гэрэлт үг” ТББ-ын данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед манай охины багш Алтанчимэг гэх хүн надтай утсаар ярихдаа “хүүхдээ Америк явуулж Фиэрс коллежид 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар бол 10,000,000 /арван сая/ төгрөг, 20 хувийн тэтгэлэгтэй бол 2,000,000 /хоёр сая/ төгрөг яаралтай шилжүүл, 07 дугаар сарын 20-ны орчимд явуулж өгнө “ гэж ярихаар нь би зөвшөөрөөд би 100 хувийн тэтгэлэгтэй явуулах зорилгоор 10,000,000 /арван сая/ төгрөгийг тухайн өдөр шилжүүлсэн юм. Тэрнээс хойш манай охин сургалтдаа сурч байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр найз залуу Нямбаярыг нь хамт явуулахаар болоод тэр өдөр мөн Гэрэлт үг ХХК-ийн эзэмшлийн хаан банкны 5608155461 тоот данс руу өөрийнхөө данснаас 10,000,000 /арван сая/ төгрөгийг “E.Nyambayar” гэх утгаар шилжүүлсэн. ... Уг шилжүүлгийг манай охин Б.Нандинцэцэг багштайгаа утсаар яриад “онгоцны тийз захиалга” гэж байна гэж надад хэлээд Гэрэлт үг ТББ-ын данс руу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Нямбаярын өгсөн: “... манай эхнэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд “Гэрэлт үг” ТББ-аас зохион байгуулсан Англи хэлний сургалтад 2022 оны 06 дугаар сард хамрагдаж байгаад суралцах хугацаанд нь сургалт явуулсан багш нь АНУ-ын Фиэрс коллежид тэтгэлэгтэй суралцуулна гэхээр нь манай эхнэр тэр тэтгэлэгтэй сургалтад хамрагдахаар болсон юм. Тэгээд 2022 оны 07 сард тэтгэлэгт хамрагдах хүмүүсийн нэг нь хамрагдахгүй гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад хамт явахаар болоод 2022 07 дугаар сард манай эхнэр Нандинцэцэг “Гэрэлт үг” ТББ-ын данс руу эхлээд 10,000,000 /арван сая/ төгрөг шилжүүлээд дараа нь дахиж 10,000,000 /арван сая/ төгрөг шилжүүлээд дараа нь 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлээд нийтдээ 25 гаруй сая төгрөг шилжүүлсэн байсан. Би тухайн үед хөдөө ажилтай явж байсан учраас яг ямар данснаас хэзээ яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Хаан банкны 5608155461 тоот Гэрэлт үг ТББ-ын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-53 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл 5608155461 тоот дансанд үзлэг хийсэн /хавтаст хэргийн 54-60 дахь тал/,

Хаанбанкны ******2 тоот Ч.А-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 63-68 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл ******* тоот дансанд үзлэг хийсэн /хавтаст хэргийн 69-74 дэх тал/,

Хаанбанкны ********* тоот Ч.А-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл ******** тоот дансанд үзлэг хийсэн /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

Голомт банкны ******* тоот Ч.А-ийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 119-129 дэх тал/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл 5245101899 тоот дансанд үзлэг хийсэн /хавтаст хэргийн 130-134 дэх тал/,

Хохирогч Б.Н, шүүгдэгч Ч.А нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ /хохирол нөхөн төлөх/ /хавтаст хэргийн 196 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.А-н “... Б.Н-ийн мэдүүлсэн мөнгөн дүнтэй маргах зүйлгүй бүрэн төлж барагдуулахаа өөрт нь болон ээжид нь удаа дараа мессежээр мэдэгдэж байсан бөгөөд энэ удаад ч илэрхийлж байна. Хэрхэн ямар хуваариар төлөхөө тохиролцоод дараагийн шатны байгууллага руу шилжиж хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186-189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

  Шүүгдэгч Ч.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ч.Алтанчимэгийн бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдэл байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

              Шүүгдэгч Ч.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Хохирогч Б.Н, шүүгдэгч Ч.Ал нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирол нөхөн төлөх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н олгохоор шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Ч.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Ч.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 141 дэх тал/  

   Иймд, шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Ч-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н олгосугай.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ